Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

 

 

       2021          01          22                                        2021/ШЦТ/90

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

            улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

   шүүгдэгч Э.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001445 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Говь хангай” ХХКомпанид мужаанаар ажиллаж байсан гэх, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, 12 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөх баандай овогт Энхболдын Гантулга, (РД:),

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.Гантулга нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Шинэ авто” худалдааны төвд Э.Мөнхтүвшинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гантулга: “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Э.Мөнхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би эхнэрийнхээ утсыг аваад Гантулгад хандан “бид 2 жаахан ажилтай явж байна. Удахгүй очлоо” гэсэн чинь “хурдан ир би ажилтай байна” гэх мэт зүйл хэлээд уурлаад байсан. Эхнэр бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Шинэ авто худалдааны төв“ рүү яваад очсон чинь Гантулга “хоёулаа уулзъя” гэхээр нь би хамт явсан...Гантулга миний зүүн нүд рүү гараараа 1-2 удаа цохисон...би эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн төлбөр 250.000 төгрөг төлсөн. Энэ хохирлоо барагдуулж авах юм бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11159 дугаартай: “хэсэг газрын үзлэгт зүүн нүдний дээд, доод зовхинд тархмалд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар нарийссан, баруун тохойд 1,4х0.7см, 1.5х0.8см хүрэн ягаан өнгийн арьсны түвшинээс дээш байрласан зулгаралттай. 

1. Э.Мөнхтүвшингийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

 

  • Шүүгдэгч Э.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...би Долгорын 94148717 гэсэн дугаарт залгаад “ирж байгаа юм болов уу” гэж асуусан чинь Долгорын утсыг Мөнхтүвшин аваад надтай утасны цаанаас маргалдаад, доромжлоод байхаар нь би олон зүйл яриагүй утсаа салгаад хүлээж байсан. Мөнхтүвшин, Долгор нар ирсэн. Би Мөнхтүвшинтэй уулзаж ярилцах гэсэн чинь хэл үгээ ололцохгүй маргалдаад, би түүний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Гэтэл Мөнхтүвшин намайг барьж аваад бид хоёр зууралдаж байгаад Мөнхтүвшин газарт унасан. Мөнхтүвшин газарт унахаар нь би гараараа нүүр рүү цохисон...тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...Мөнхтүвшин намайг цохиогүй. Хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Мөнхтүвшинд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)

 

- Шүүгдэгч Э.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Гантулга нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Шинэ авто” худалдааны төвд Э.Мөнхтүвшинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, улмаар хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Э.Мөнхтүвшингийн мэдүүлэг (хх-7),  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11159 дугаартай дүгнэлт (хх15-16) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.Гантулга нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн Э.Мөнхтүвшингийн эрүүл мэндэд халдаж зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Э.Гантулгыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Э.Гантулга нь гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Гантулга нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Э.Мөнхтүвшин нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх 178.000 төгрөгийн баримт (хх37-39)-ийг хэрэгт ирүүлсэн, шүүгдэгчээс баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Гантулгаас 178.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мөнхтүвшинд олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “шүүгдэгч Э.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус танилцуулсан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хэдий боловч хохирогчид учирсан хохирол, хор уршгийн төлж барагдуулаагүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй /“Говь хангай” ХХКомпанид мужаанаар ажиллахгүй байгаа/, тогтсон орлого, өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөгүй байх тул шүүгдэгч Э.Гантулгад торгох ял оногдуулах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Э.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гантулгыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Гантулга нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008000001445 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөх баандай овогт Энхболдын Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гантулгыг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гантулга нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Гантулгаас 178.000 (нэг зуун далан найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Мөнхтүвшинд олгосугай.

 

5. Эрүүгийн 2008000001445 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР