| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
2020 01 12 2021/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Хөлөгбаатар, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат (үнэмлэхийн дугаар-0204) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Хөлөгбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003005160463 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Стимо” ХХКомпанид жолооч ажилтай, ам бүл-2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Мандал 3 дугаар гудамжны 53 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул Алтай хотхон 108 дугаар байрны 35 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Батсуурийн Хөлөгбаатар (РД:27).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хөлөгбаатар мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас),
- Насанд хүрээгүй хохирогч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр сургуулиас хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан... явган хүний гарц дээр машин ирж байхыг анзааралгүй зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэл авч ГССҮ төвд хүргэгдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би осол болох үед ажил дээрээ байсан. Манай хүүхэд хичээлээ тараад гэртээ харихаар ангийнхаа хүүхдүүдийн хамт зам хөндлөн гарах гэж байгаад осолд өртсөн...охины биеийн байдал сайн байгаа. Эмчилгээ эм, тарианы зардалд 1.600.000 төгрөг бэлнээр авсан. Эмчилгээний зардал баримтын дагуу 652.000 төгрөг төлүүлж авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас)
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12642 дугаартай: ”...Хэсэг газрын үзлэгт Зүүн чамархай, зүүн шанаагаар нэлэнхийдээ хавдсан, зүүн шанаанд 5х1.2 см зулгаралт, цус хуралттай, метилен хөх түрхсэн, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн шилбэний дунд хэсгээс хурууны үзүүр хүртэл аравч гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
1. Г.Аззаяагийн биед гавлын зүүн талын чихний гадна сувгаас суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, зүүн шаант, тахилзуур, шагай ясны далд хугарал, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн: “2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12:09 минутад осол үйлдэгдсэн газрын ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд харуулсан хяналтын камерын бичлэг харагдана..., явган зорчигч Г.Аззаяа нь зам дагуу алхаж байгаа дүрс бичлэг..., явган зорчигч Г.Аззаяа нь явган хүний гарцын харалдаа ирж зогсох үед Киа бонго маркийн 43-04 УБН улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байгаа байдал..., осол болох үеийг харуулсан дүрс бичлэг /явган зорчигч мөргөгдөх хэсэгт гэрлийн шон хаасан тул харагдахгүй байгаа байдал/,” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 665 тоот техникийн шинжээчийн:
1. Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Киа маркийн Бонго загварын 4307 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна.
2. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд нүүр баруун талдаа хонхойсон, урд буфер зүүн буландаа будаг нь халцарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв. Мөн хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,3 кН, баруун талдаа 0,3кН, зөрүү 0% /стандарт 30%/ буюу хойд талын тоормос ажилладаггүй, стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормосны хүч зүүн талдаа 0,3кН, баруун талдаа 0,3кН ажиллахгүй байна.
3. Тээврийн хэрэгслийн ...эвдрэл гэмтэл нь энэхүү зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй болно.
4. Энэхүү тээврийн хэрэгслийн хойд тоормос стандартын шаардлага хангахгүй байгаа зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлж болно.
5. Энэхүү тээврийн хэрэгсэл нь хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй.
6. Уг тээврийн хэрэгслийн хойд тоормос эвдрэлтэй, стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас)
- Шүүгдэгч Б.Хөлөгбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дугаар тал), “Стимо” ХХКомпанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр тал), хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 97-98 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дугаар тал) зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хөлөгбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Хөлөгбаатар нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны замд Киа Бонго маркийн 43-04 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Г.Аззаяаг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх8-14), хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан бичлэг бүхий сиди, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-35-36),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12642 дугаартай “Г.Аззаяагийн биед гавлын зүүн талын чихний гадна сувгаас суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, зүүн шаант, тахилзуур, шагай ясны далд хугарал, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх66-67),
- “Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 665 тоот техникийн шинжээчийн дүгнэлт (хх77-78) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Хөлөгбаатар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.
Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой.
Шүүгдэгч Б.Хөлөгбаатарын хувьд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ.
Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Хөлөгбаатарыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнд дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганзоригоос “эмчилгээний зардалд баримтаар 652.000 төгрөг зарцуулсан, Б.Хөлөгбаатараас эмчилгээ, эм тарианы зардалд 1.600.000 төгрөгийг бэлнээр авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-107)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Хөлөгбаатарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...прокурорын саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулсан.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Хөлөгбаатар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-102) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Хөлөгбаатар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-108) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж (хх-110,115-116) эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Хөлөгбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн ялын зорилгыг хангах, тухайн төрлийн гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр тогтоож, түүний хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрвээ шүүгдэгч Б.Хөлөгбаатар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2003005160463 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Хөлөгбаатарын “В” ангиллын, 1311706 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Хөлөгбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батсуурийн Хөлөгбаатарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Хөлөгбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 4, 9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хөлөгбаатарт “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Хөлөгбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Б.Хөлөгбаатарын “В” ангиллын 1311706 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн 2003005160463 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Хөлөгбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганзориг нь хохирогч Г.Аззаяагийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хөлөгбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР