| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн О-ийн Б-д холбогдох 2128000030009 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ............... тоотод хойд эцэг С.Э-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Быг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой хөдөө явах гээд эхийг машинаа өгчих гээд гуйсан өгөөгүй. Хойд эцэг намайг сандлаар цохисон, би зөрүүлээд цохисон, эх цагдаа дуудсан. Намайг цагдаа авч яваад эрүүлжүүлсэн. Архи уусан нь миний буруу. Би архинаас гарсан. Хэрэг гарснаас хойш дахиж архи уугаагүй байгаа. Хөдөө мал маллаж амьдардаг. Эх хөдөө ганцаараа байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.Б миний дагавар хүү байгаа юм. Намайг ээжтэй нь гэр бүл болоход Б 7 билүү 8 настай байсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой ажлаасаа тарж хариад хоол ундаа хийж идчихээд мэдээ харах санаатай сууж байхад 19 цагийн үед эхнэр О-ийн утас дуугарахад утсаа авсан. Хэсэг ярьчихаад утсаа салгахаар нь хэн бэ гэж эхнэрээсээ асуухад хүү Б машинаа өгчих хөдөө хүнсэнд яваад ирье гэж хэлж байна, би өгөхгүй гэж хэллээ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа хүү Б гэрт согтуу ороод ирсэн. Эх рүүгээ машинаа өгсөнгүй гээд олон юм яриад байхаар нь надад архи олдохгүй байхад чамд хаанаас олдов одоо унтаж амар гэж хэлсэн чинь над руу хандаад чи юу гээд байгаа юм гэж босож ирээд намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд бариад авсан чинь Б миний баруун хөмсөг, дух хэсэгт 2 удаа цохиж авсан. Гарнаас нь мултраад би гэрээс гарч зугтаасан. Гадуур хэсэг явж байгаад эхнэр Оюунсүрэн рүү залгаад юу болж байна гэсэн чинь цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. Би гэртээ харьж амарсан, ийм зүйл болсон... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт мал маллаж амьдардаг бөгөөд манай нөхөр С.Э Даланзадгад суманд Нөөцийн газарт харуул хийгээд Даланзадгад суманд оршин суудаг. Хүү О.Б Даланзадгад сум болон хөдөө ирж очоод байдаг бөгөөд би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөдөөнөөс ирсэн байсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой гэрт нөхөр бид хоёр хоол ундаа идчихээд байж байхад манай хүү Б над руу залгаад машинаа өгчих хөдөө хүнсэнд яваад ирье гэж хэлсэн. Тухайн үед ярихдаа согтуу байх шиг байхаар нь машин өгөхгүй гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Удаагүй Б гэрт согтуу хүрээд ирсэн. Би хүүхдээ согтуу ирэхээр нь загнасан чинь миний өмнөөс юм хэлээд байсан чинь Э хажуунаас чи эхийнхээ үгэнд ороход яадаг юм бэ гэсэн чинь та нар муусайн машинаа харамлалаа гээд Э рүү эргээд агсарсан. Яах ийхийн зуургүй барилцаж аваад Эийн нүүр рүү нь Б цохиод авсан. Би дундуур нь орсон. Цагдаад дуудлага өгсөн. Энэ үед Э гараад явсан. Удалгүй цагдаа ирээд Быг бариад аваад явсан, ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1996 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын сургуульд 2004 онд 1 дүгээр ангид ороод 2013 онд 7 дугаар анги төгсөөд сургуулиас гараад хөдөө мал дээр мал маллаж байгаа. 2014 онд эхнэр О.Хажидмаатай танилцаж улмаар гэр бүл болж амьдарч байгаа. Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байсан. Монгол архийг ганцаараа уучихаад өөрийн төрсөн эх Оюунсүрэн рүү залгаад машинаа өгчих би хөдөө хүнсэнд яваад ирье гэсэн чинь эх машинаа өгөхгүй гэж хэлсэн. Гэрт байж байгаад эхтэй очиж уулзаж гуйя гэсэн бодолтой гэрээсээ гараад Малчны хороололд байх эхийн гэр рүү таксигаар явсан. Эхийн гэрт очиход хойд эцэг С.Э, эх, миний бага дүү нар байсан. Би эхийн гэрт очоод эхээс машиныг гуйсан чинь хажуунаас нь манай хойд эцэг машин эвдчихнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь та дугуй бай гэх мэт зүйл яриад бид хоёр муудалцаад би эцгийг заамдаад авсан чинь эцэг намайг зөрүүлээд бариад авсан. Би уурандаа эцгийн нүүр рүү нэг удаа гараараа цохиж авсан. Тэр үед манай эх бид хоёрыг салгаад цагдаад дуудлага өгсөн. Тэр үед эцэг гэрээс гараад явсан. Намайг гэрт сууж байхад цагдаагийн машин ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн.” /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Б-ы биед баруун нүд, хамрын нуруу, угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. О.Б-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Э-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүд, хүзүү, зүүн эгмэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. С.Э-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 31, 34-36, 44-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ............... тоотод хойд эцэг С.Э-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас С.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч О.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлийг тууштай хүлээн мэдүүлсэн байдаг. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа өгчих гэсэн шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Архи согтууруулах ундааны зүйлээс болж 2 дахь удаагаа асуудалд холбогдлоо. Архи гэдэг зүйлийг зүй зохистой хэрэглэж чадахгүй юм байна гэж 2 дахь удаагаа дүгнэлт хийсэн. Иймээс гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч О.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ............... тоотод хойд эцэг С.Эийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Эийн “...Б гэрт согтуу ороод ирсэн. Эх рүүгээ машинаа өгсөнгүй гээд олон юм яриад байхаар нь надад архи олдохгүй байхад чамд хаанаас олдов одоо унтаж амар гэж хэлсэн чинь над руу хандаад чи юу гээд байгаа юм гэж босч ирээд намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд бариад авсан чинь Б миний баруун хөмсөг, дух хэсэгт 2 удаа цохиж авсан. Гарнаас нь мултраад би гэрээс гарч зугтаасан. /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
гэрч Г.О-ийн “...2020 оны 12 дугаар сарын 14-ний орой гэрт нөхөр бид хоёр хоол ундаа идчихээд байж байхад манай хүү Б над руу залгаад машинаа өгчих хөдөө хүнсэнд яваад ирье гэж хэлсэн. Тухайн үед ярихдаа согтуу байх шиг байхаар нь машин өгөхгүй гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Удаагүй Б гэрт согтуу хүрээд ирсэн. Би хүүхдээ согтуу ирэхээр нь загнасан чинь миний өмнөөс юм хэлээд байсан чинь Э хажуунаас чи эхийнхээ үгэнд ороход яадаг юм бэ гэсэн чинь та нар муусайн машинаа харамлалаа гээд Э рүү эргээд агсарсан. Яах ийхийн зуургүй барилцаж аваад Эийн нүүр рүү нь Б цохиод авсан. Би дундуур нь орсон. Цагдаад дуудлага өгсөн. Энэ үед Э гараад явсан. Удалгүй цагдаа ирээд Б-ыг бариад аваад явсан, ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай С.Э-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүд, хүзүү, зүүн эгмэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч О.Б нь хохирогч С.Э-ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч О.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч О.Б-ы үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Хохирогч С.Э нь шүүгдэгчийн хойд эцэг хэдий ч, түүнийг 10 настай байхаас нь эхлэн одоог хүртэл эхтэй нь нэг гэрт амьдарч байгаа, түүнтэй эцэг, хүүгийн харилцаатай болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Иймд О.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч О.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч О.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О.Б нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж энэ ялын биелэлт өнөөдрийн байдлаар 120,000 төгрөгийн торгох ялыг биелүүлж, 380,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй байна. Шүүгдэгчид нэгэнт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулж байсан тул улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял буюу хүндрүүлсэн хэлбэрийн ялын санкцыг сонгох санал гаргаж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад эдлүүлж шийдвэрлэж болохоор зохицуулж заасан байгаа тул шүүгдэгч О.Б-д оногдуулсан өмнөх торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруутай үйлдлээ тууштай хүлээн мэдүүлдэг. Шүүхээс бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзсэн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн удаа дараагийн мэдүүлгийг шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү? гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд ам бүл 3, ихэвчлэн хөдөө мал дээрээ байдаг. Эхнэр нь аймгийн төв дээр ажил хөдөлмөр эрхэлдэг залуу хүмүүсийн хувьд амьдралын эрхээр тусдаа ихэвчлэн амьдардаг байгаа. О.Б-ы хувьд архи таарч тохирохгүй юм байна гэдэг зүйлийг ярьж хэлж ухаарч байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хэдийгээр хэргийн зүйлчлэл хүндэрч орж ирсэн ч гэсэн улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн тогтоож өгөхийг хүсч байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн хувьд малчин хавар цаг болж байна. Дээрх байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч О.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгч О.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг торгох ялаас 120,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 380,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй болох нь Өмнөговь аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/151 дугаартай тодорхойлолт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 380,000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн О-ийн Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 380,000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ