| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
хан амарсан уу
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001473 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр __ төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “__” дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ____ тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,__ овогт А-н Г /РД:____/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч А.Г нь 2020 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт __ улсын дугаартай “Toyota Prius-20” автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Оийг “худлаа хэлсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, дугуйн “дорцов”-оор толгойн орой хэсэгт 2-3 удаа цохиж, дагз, зүүн талын шанаа, баруун мөрний дээд хэсэг, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү тус тус цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй. Тухайн үеийн үйл явдлыг огт санахгүй байна. Тэр үед найзуудтайгаа архи, уусан байсан. Хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахиж ийм зүйл болохгүй. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2008000001473 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Оийн: “...А.Г бид хоёр 2015 оны 01 дүгээр сард танилцаж, хамтран амьдарч байгаад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. А.Г архидан согтуурч, гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан болохоор нь 2019 оны 02 дугаар сард салсан. Сарын өмнөөс А.Гийн ээж нь гуйгаад “миний охин хүүхдээ бодоод А.Гийг уучлаад хамт байгаач, одоо дахиж янз бүрийн ааш зан гаргахгүй” гээд байхаар нь би өөрчлөгдсөн юм болов уу гэж бодоод хүүхдээ А.Гтэй байлгаж байсан. 2020 оны 10 дугаар сарын 07- 08-ны шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад А.Г миний амьдардаг байранд ирсэн. А.Г “би хүн зодчихлоо, автомашинаа яаж хөдөлгөх вэ чи хамт гараад өгөөч” гэж намайг дагуулж гараад өөрийн 26-91 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн саарал өнгийн автомашины урд талын суудалд суулган явсан. Худлаа хэлж намайг авч гарсан байсан. Тэгээд “чи гэртээ хичээлээ хийнэ гэсэн, яагаад хэвлэх дотроо Заяа эгчтэй хамт хичээлээ хийж байгаа юм бэ, надад худлаа хэлсэн байна” гэж уурлаад үснээс зулгааж доош дарж байгаад гудамжинд очиж зогсоод автомашины дугуй тайлдаг “дорцов”-ыг гаргаж ирээд баруун гартаа бариад толгойн орой хэсэгт 2-3 удаа цохиж хагалаад биеийн бусад хэсэг болох зүүн талын шанаанд, баруун мөрний дээд хэсэгт, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд “миний уурыг хүргэхээр юу болдог гэдгийг мэдэх үү, би чамайг Толгойтод байдаг бүх залуучуудаар хүчиндүүлнэ” гэж хэлж байсан. Мөн “Нарангийн оршуулгын газарт аваачиж эмээгийнхээ булшны хажууд алаад булна” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад гартаа нэг зүйл барьж “би чамайг хутгаллаа, чамд хоёр сонголт байна, нэг нь би чиний хэвлийн хэсэгт хутгална, нөгөөх нь гуя хэсэгт чинь хутгална” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, сонгохгүй ээ” гэхэд тэгвэл “гурав дахь нь чиний хүзүү рүү хутгална” гэсэн. Нүүрээ дараад буруу хараад сууж байсан чинь А.Г амандаа тоолж байснаа “гуянд чинь хутгалахаар боллоо” гэсэн. “Дотор талд нь уу, гадна талд нь уу” гэснээ барьж байсан зүйлээрээ миний гуя хэсэгт хатгасан. Гэхдээ тэр нь хутга биш, хатуу резинэн төрлийн зүйл байх шиг байсан. А.Г “намайг чи одоо яв” гээд машин дотроо унтаад өгсөн. Гэмтлийн эмнэлэг явж толгойн шархаа цэвэрлүүлж оёдол тавьж боолгосон. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.10.09-ний өдрийн 11691 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Х.Оийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, дагз, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна. 4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Нансалмаа” гэжээ /хх-30-31/,
Гэрч Н.Э-н: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны орой Отэй хамт хэвлэх үйлдвэр дээрээ ажлаа хийгээд хонож ажиллахаар болсон. Шөнө 03 цаг өнгөрч байсан байхаа хаалгыг нэг хүн хүчтэй нүдээд байхаар нь онгойлгоход Оийн нөхөр А.Г байсан. Тэгээд үгийн зөрөөгүй Х.От гадуур хувцсыг нь өмсүүлэхгүй, шууд цааш нь аваад явчихсан. Тэгээд Х.О нь орж ирэхгүй хэдэн цаг болсны дараа үүрээр 06 цаг орчим болж байхад уйлчихсан, толгой тархи нь хагарсан бололтой цус ихээр гарчихсан, хамаг хувцас нь цус болчихсон, “эгчээ А.Г намайг зодчихлоо” гэсээр орж ирсэн. Бид хоёр шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Х.О надад “А.Г намайг дугуй тайлдаг төмрөөр толгой руу цохиж зодсон” гэж хэлж байсан. Х.Оийн толгойн орой хэсэг дээр том хэмжээтэй хагарсан байсан бөгөөд оёдол тавиулсан. Бие нь нэлээн хэдэн газар улайж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-26/,
Шүүгдэгч А.Гийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-50/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, дансны хуулга /хх-63-75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-77/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-86-87/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-88-90/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-91-99/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Г согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим __нутаг дэвсгэрт __ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Оийг “худлаа хэлсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, дугуйн “дорцов”-оор толгойн орой хэсэгт 2-3 удаа цохиж, дагз, зүүн талын шанаа, баруун мөрний дээд хэсэг, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэ рүү тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Оийн “...Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр авто машины дугуй тайлдаг “дорцов”-ыг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад миний толгойн орой хэсэгт 2-3 удаа цохиж толгойг хагалаад, биеийн бусад хэсэг болох зүүн талын шанаанд, баруун мөрний дээд хэсэгт, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-20-21/, шүүх эмнэлгийн 11691 дүгээр “1.2. Х.Оийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, дагз, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-30-31/, гэрч Н.Э-н “...гаднаас уйлчихсан, толгой тархи нь хагарсан бололтой цус ихээр гарчихсан, хамаг хувцас нь цус болчихсон, “эгчээ А.Г намайг зодчихлоо” гэсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч А.Гийн яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-50/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Гийн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Х.Оийг хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх, эрх чөлөөнд нь халдан, тээврийн хэрэгслийн дугуйн “дорцов” ашиглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн хохирогч хэргийн материалтай танилцаад “Санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-101/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Г нь согтуурсан үедээ хохирогч Х.Оийг автомашины дугуйн “дорцов”-оор зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна...” гэж,
шүүгдэгч “Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Ажил хийж цалин авдаг гэдгээ дансны хуулгаараа нотолсон байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, таарамжгүй харьцааны улмаас тээврийн хэрэгслийн дугуй тайлагч болох “дорцов” хэрэглэн, хэд хэдэн удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Маш их гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тодорхой орлого олдог, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ийг тус тус харгалзан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах “...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох /банкны дансны хуулгаар орлого олдог нь тогтоогдсон/ боломжийг үндэслэн шүүгдэгч А.Гийг 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг дугуй тайлагч “дорцов”-ыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч __овогт А-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 900.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг дугуй тайлагч “дорцов”-ыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР