Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008022831475 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “__” __ их сургуулийн 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт __ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _ овогт Б-ын Т- /РД:__/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны хажуу талд үйл ажиллагаа явуулдаг “****” зочид буудлын өрөөнд “архи уусангүй, архи уулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь алгадаж эрүүл мэндэд нь “нэг шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр Давка гэх найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Өмнө нь хохирогч миний гар утсыг аваад буцааж өгөөгүй. Түүнийг 5-6 хоног хайж явсан. Гэтэл тухайн өдөр Таван шар дээр хохирогчтой тааралдсан. Бид нар буудал руу орж архи уусан. Хэсэг хугацааны утаснаас болж хохирогчтой маргалдсан. Тухайн үед хохирогч эхэлж миний дээр дарж хэвтсэн. Хариуд нь би нэг удаа алгадсан. Би хохирогчид эцгээ цагдаагийн байгууллагад ажилладаг, хурандаа цолтой гэх зүйл яриагүй. Хохирогчийн мэдүүлэгтэй санал нийлэхгүй. Тухайн үед шүд нь зүгээр байсан. Д- оролцоогүй, харин хохирогч бид хоёрыг салгасан. Төгсөх дамжааны оюутан учраас ажил хийх боломжгүй” гэв.

Эрүүгийн 2008022831475 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Б-: “...Би гэр лүүгээ алхаж байтал манай байрны ах Т- машинтай ирээд намайг суучих гэж хэлсэн. Би “харьж явна” гэхэд Т- согтуу “суу гэж байна” гээд чанга хэлсэн. Тухайн үед нэг залуугийн хамт явж байсан. Би айгаад машинд суухад “****” зочид буудалд ирсэн. Бид 3 буудалд орсон. Т- нэг шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво авч, ороод би аягалж өгсөн. Т- надад стакан дүүрэн хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд нэг алгадсан. Тэгээд би уусан. Дахин хийж өгөхөөр нь уухад “чи архи уулаа” гээд тохойгоороо, гараараа цохисон. Хамт байсан залуу салгах гээд чадаагүй. Буудлын эгч орж ирээд “юу болоод байгаа юм” гэж асуухаар нь би “асуудалгүй” гэсэн. Буудлын эгч гараад явахад Т- дахиад баруун гараараа зүүн шанаа руу цохиход шүд хугарсан. Би арай хэтэрч байна гээд ор луу түлхэж унагаад гарч зугтах гэхэд миний хөл рүү түлхүүрээрээ хатгахаар нь би хойш цохиод гарах гэж байтал буудлын эгч орж ирсэн. Манай ээж ******* “цагдаад хэлнэ” гэж хэлэхэд “манай аав хурандаа, ах цагдаа” гэсэн. Т- бид хоёр өмнө нь цуг явж байгаад хүнсний дэлгүүрт утсыг нь барьцаанд тавиад юм авч идсэн. Нэг шүд хийлгэхэд 1.000.000 төгрөг гэж хэлсэн. Би шүд хийлгэх мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.06.30-ны өдрийн 7405 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Б- биед 1 шүдний булгарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. 5.Дээрх шүдний булгарал үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэжээ /хх-33-34/,

Шинжээч эмч Н.Т-н: “Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох үед үүсэх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч Б.Д-ын: “Би он сарыг нь сайн санахгүй байна. Т- бид 2 архи, пиво уусан. Дэлгүүр хайж байгаад 0.75 литрийн архи аваад Таван шарын автобусны буудал дээр тамхи авах гээд Т- буусан. Удалгүй Т- Б-тай хамт ирээд таксинд суусан. Бид 3 “Соко” зочид буудалд орсон. Архиа хувааж уугаад сууж байхад Т-, Б-т хандаж “чи ахынхаа утсыг яриад өгье гээд авч яваад, Зүүн салаанд барьцаанд тавьсан байна” гээд тэр хоёр юм ярьж байсан. Би тухайн үед орон дээр хэвтэж байхад гэнэт Б- Т- хоёр муудалцаад дуу нь чангарахаар би босож ирэхэд Т-ийг буланд дарж суулгаад дээрээс нь Б- дарсан байхаар би салгасан. Т- босож ирээд баруун гараараа Б-ыг алгадах шиг болсон. Тухайн үед буудлын эгч орж ирээд болиулсан. Бид гурвыг буудлын өрөөнд байхад Б- ээж орж ирээд “манай хүүхдийг зодлоо” гээд орилоод байсан. Би танай хүүхдийг зодоогүй, Т-тэй маргалдсан гэж хэлсэн. Ингээд буудлаас гараад явсан. Намайг машинд сууж байхад Б- Т-тэй хамт ирээд өөрөө машинд шууд суусан. Архи уулгах гэж хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Гар утаснаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Г.Т-: “Би Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт “******” нэртэй зочид буудал ажиллуулдаг. 2020 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02-03 цагийн үед танил Б- орж ирээд “ажлын газрынхаа хоёр ахыг унтуулах гэсэн юм, би өөрөө орохгүй тэр 2-ыг унтуулчхаад харилаа” гээд 20.000 төгрөг өгөөд 9 номерын өрөөг авсан. Өрөөнд 1 цаг орчим болоод хүн уйлаад байх шиг байхаар нь би гаднаас түлхүүрээр онгойлгоод ороход Б- орон дээр уйлж байсан. “Булгаа чи харь” гээд өрөөнөөс гаргахад “би ажлынхаа тухай ярих гэсэн юм, энэ хүмүүс миний ажлыг мэддэг, намайг тушаал ахиулах юм” яриад гуйгаад байхаар нь өрөөнд оруулсан. Удалгүй хүн уйлах шиг болохоор нь дахиад ороход Б- нүд бага зэрэг хавдсан байсан. Би тэр гурвыг хөөгөөд гаргасан чинь Б- гуйгаад “одоо бид нар зүгээрээ, ажлаа ярих шаардлагатай байна” гээд буцаад орсон. Тэр өрөөнд буцаж ороод нэг цаг орчмын дараа зодолдох чимээ гарахаар нь би орсон. Б- хамраас цус гарсан, өрөөнд цус гоожсон байхаар нь хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч Н.Б- “...20-21 цагийн үед Б-ыг ундаа, ус аваад ир гээд 10.000 төгрөг өгөөд явуулсан. Би гэртээ унталгүй хүлээж байхад хаалга цохихоор нь онгойлготол Б- уйлчихсан зогсож байсан. Хамраас нь цус гараад, хувцас нь цус болсон, нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Би амнаас чинь цус гараад байна гээд амыг нь ангайлгаж үзэхэд доод талын нэг шүд нь унасан байсан. Мөн хөл нь хавдсан байсан. Би утас хаана байна гэхэд Т- юманд тавьсан гэсэн. Би уурлаад “одоо хаана байна” гэхэд “****” зочид буудалд гэж хэлсэн. Буудлын хаалгыг цохиход нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь “танай буудалд хүн амины хэрэг гарах гэж байна. Миний хүүг зодож алах гэж байна. Та нар дуудлага өгсөн юм уу, тэр зодсон хүмүүс нь байгаа юм уу” гэж асуухад удалгүй 2 залуу буудлаас гарч ирсэн. “Яагаад миний хүүг зодсон юм, миний гар утас хаана байна” гэхэд Т- гэх залуу “ямар гар утас гээд” инээгээд шоолоод байхаар нь би “цагдаад хэллээ” гэхэд, “яг одоо дуудчих манай аав хурандаа, Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар бүгд миний тал” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/, цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас /хх-7/, Б.Б- цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-8/, гэрч Т.Б- мэдүүлэг /хх-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Б.Т- нь нийгмийн даатгал төлж байсан” талаарх албан бичиг /хх-63/, эд хөрөнгө бүртгэлтэй тухай албан бичиг /хх-64/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-67/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Т- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэн тус газарт алгадаж эрүүл мэндэд нь “нэг шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх саналтай...” гэх,

шүүгдэгч “Баримттай хохирлыг төлнө” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Т- согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын өрөөнд хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган алгадаж нэг шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Б- “...Т- надад стакан дүүрэн хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд нэг алгадсан. Тэгээд би уусан. Дахин хийж өгөхөөр нь уухад “чи архи уулаа” гээд тохойгоороо, гараараа цохисон. Т- дахиад баруун гараараа зүүн шанаа руу цохиход шүд хугарсан. Би шүд хийлгэх мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-15-16/, шүүх эмнэлгийн 7405 дугаар “1. Б.Б- биед 1 шүдний булгарал тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-33-34/, гэрч Б.Д-ын “...Т- бид 2 архи, пиво уусан. Удалгүй Т- Б-тай хамт ирээд таксинд суусан. Бид 3 “Соко” зочид буудалд архиа уугаад сууж байхад ...гэнэт Б- Т- хоёр муудалцаад ...Т- баруун гараараа Б-ыг алгадах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Г.Т- “...өрөөнд буцаж ороод нэг цаг орчмын дараа зодолдох чимээ гарахаар нь би орсон. Б- хамраас цус гарсан, өрөөнд цус гоожсон байхаар нь хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-26/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ийн хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Нэг шүд хийлгэх 1.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй, нөхөн төлөгдөөгүй байх тул хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Т- оюутан, хөдөлмөр эрхэлдэггүй учраас торгох ял оногдуулах үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэж,

шүүгдэгч “Одоо сургуулиа төгсөх тул ажил хийх боломжгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, зочид буудлын өрөөнд, шөнийн цагаар, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх, эрх чөлөөнд алгадах үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, шүүгдэгч баримттай хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч “Хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал, оюутан, ажилгүй/-ыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго болоод Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлж, улсын яллагчийн “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ___ овогт Б- Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Б.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР