Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 18

 

 

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Р.Э

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлоор Р.Эод холбогдох эрүүгийн 1830000120016 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг, Дэнжийн  3-4  тоотод  оршин  суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Орлойн баян овгийн Р.Э /РД: ЛК88091216/ 

 

Шүүгдэгч Р.Э нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу ус” гэх газарт “Сания” маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоцикльтой явж байх үедээ иргэн А.Оын намаржаанд байсан чингэлэгнээс Батноров хийцийн мөнгөн тоногтой эмээлийг хулгайлж, бусдад 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хяналтын прокурор Ц.Роза нь шүүгдэгч Р.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Р.Эод Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Орлойн баян овгийн Р.Эыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Эыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Р.Эын эзэмшлийн Сания маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Р.Эод буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Р.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ялтан Р.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч  нь   гомдол   саналгүй,   нэхэмжлэх   зүйлгүй   гэснийг   тус   тус  дурдаж 

шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: ... шүүгдэгч Р.Э нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ тухайн чингэлэгт нэвтэрч ороогүй, чингэлэгний дор эвхээстэй байсан эмээлийг авсан гэж мэдүүлсээр байтал түүнийг өөрөө нээж, орсон мэтээр дүгнэж, хэт нэг талыг баримтлан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэмт буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн  хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх хуулийн заалтыг хэрэглээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан хуулийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлт, тайлбартаа: Р.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон юм. Хэргийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Р.Эод холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

 

Шүүгдэгч Р.Э нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу ус” гэх газарт А.Оын намаржаанд байсан чингэлэгнээс “Батноров” хийцийн мөнгөн тоногтой эмээлийг хулгайлж, 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Яллагдагч Р.Эын “Би 2017 оны 12 сарын 29-ний өдөр 10 цагийн үед гэртээ байж байгаад хамаатны хүүхэд болох Төрболдыг Халзан сумын нутаг “Шороот” гэх газар нутаглах Баттөрийнд өөрийн эзэмшлийн 33-63 СҮЗ улсын дугаартай Sanya маркийн мотоциклоор 12 цагийн орчимд хүргэж өгсөн. Манай ах Баттөр: -Буган азаргатай адуу алга болоод хэд хонож байна. Замдаа харж яваарай. гэж надад хэлэхээр нь Уулбаян сум руу 13 цагийн үед буцах замдаа А.Оын намаржааны зүүн хойд талд адуу харагдахаар нь очиж харсан. Буцахдаа гурван чингэлэг байсан намаржаа руу очиход голын чингэлэгний хаалга нь онгорхой салхинд савалж, хаалганы төмөр нь дээрээсээ доош хууларчихсан, цоож, цүү нь төмөртэйгээ хамт мултарчихсан байсан. Тэгээд би чингэлэг рүү өнгийж харахад шуудайтай эд зүйл байсан ч гаргаж үзээгүй. Харин чингэлэгний урд дугуйны дотор талд эвхчихсэн эмээл байхаар нь татаж гаргаад үзэхэд мөнгөн эмээл байхаар нь авсан”  гэх мэдүүлэг /хх 26, 39/, 

 

-Хохирогч А.Оын “Уулбаян сумын 5-р баг “Муу ус” гэх газрын намаржааны чингэлэг дотор байсан “Батноров” хийцийн дунд гарын мөнгөн тоноглолтой эмээлээ 2017 оны 12 сарын 28-30-ны хооронд хулгайд алдсан. Чингэлэгний ойр орчим нэг мотоциклийн мөр байсан. Тэр мөрийг дагаад явахад ертөнцийн зүгээр зүүн урдаас чингэлэг дээр ирээд баруун хойшоо сум руу яваад төв зам руу ороод алга болсон. Би хулгайд алдсан мөнгөн эмээлээ бүтэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хх 10-11/, 

 

-Гэрч П.Төмөр-Очирын “2017 оны 12 сарын 30-ны өдөр Уулбаян сумын 5-р баг “Муу ус” гэх газар, намаржааны чингэлэг дотор байсан манай хадам дүү А.Оын “Батноров” хийцийн дунд гарын мөнгөн эмээл хулгайд алдагдсан тул дүү А.Оын хамт чингэлэгний ойр нэг мотоциклийн мөр байсан болохоор дагаж явахад ертөнцийн зүгээр зүүн урдаас чингэлэг дээр ирээд баруун хойшоо сум руу явах төв зам руу мөр нь ороод алга болсон” гэх мэдүүлэг /хх 13/ , 

 

-Гэрч Д.Ариунсүрэнгийн “2017 оны 12 сарын 29-ний өдөр манай нөхөр Р.Э сумын төв дээр байгаа Төрболд гэх хүүхдийг хөдөө байдаг төрсөн ах Баттөрийнх рүү хүргэж өгнө гээд өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад орой 16 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө нь үүдний амбаарт мөнгөн эмээл байхаар нь асуухад Баттөр ах өгсөн гэж надад хэлсэн.Тэгээд 2017 оны 12 сарын 31-ний өдөр хөдөө гэрлүү явахдаа алга болчихно гээд гэрийнхээ орон доор мөнгөн эмээлийг нь 

хийчихээд явсан.” гэх мэдүүлэг /хх 16/, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 3-6/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7-8/

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын Тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх 19/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ. 

 

Мөн энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай чингэлгийг хамааруулан ойлгох бөгөөд чингэлэгт хадгалсан бусдын эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсныг “агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тул шүүгдэгч Р.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Түүнчлэн прокуророос Р.Эыг “Сания” маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоцикль ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. Тодруулбал: 

 

-Шүүгдэгч Р.Эын “...Би 2017 оны 12 сарын 29-ний өдөр Төрбатыг Баттөрийнд хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн 33-63 СҮЗ улсын дугаартай мотоциклоор явсан.” гэх мэдүүлэг /хх 26, 63 /, 

-Гэрч Д.Ариунсүрэнгийн “... 2017 оны 12 сарын 29-ний өдөр манай нөхөр Р.Э сумын төв дээр байгаа Төрболд гэх хүүхдийг төрсөн ах Баттөрийнх рүү хүргэж өгнө гээд өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад орой 16 цагийн үед гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хх 16 /, 

 

-Гэрч М.Төрболдын “Би Р.Баттөр ахын хөдөө гэрт очиж, мал маллах ажилд нь тусалдаг юм. 2017 оны 12 сарын 29-ний өдөр Эрдэнэцогт ах: -Баттөр ахынх руу явъя. Чамайг аваад ир гэсэн гэхээр нь би зөвшөөрч, 10 цагийн үед Уулбаян сумын төвөөс гарч, Халзан сумын нутагт байх Баттөр ахын гэрт нь өдөр очиж, би үлдсэн. Эрдэнэцогт ах ганцаараа мотоцикльтой буцсан” гэх мэдүүлэг /хх 17/

 

-Гэрч Р.Баттөрийн “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү Эрдэнэцогт руу яриад: -Би гэртээ ганцаараа байна. Төрболдыг манайх руу хүргээд ир, надад хань болоод байж байг гэсэн чинь Эрдэнэцогт Уулбаян сумын төвөөс Төрболдыг авчирсан. Тэгээд хоол, цай идэж, уучихаад 13 цаг өнгөрөөгөөд сум руу явсан...” гэх /хх18/  мэдүүлэг зэргээс үзэхэд Р.Эыг хулгай хийхдээ машин механизм ашигласан гэж үзэхгүй. Хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж” үйлдсэн гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашигласныг ойлгох тул энэ тохиолдол хамаарахгүй юм. Мөн шүүгдэгч хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй гэж үзсэн учраас Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Р.Эын эзэмшлийн “Sanya” маркийн мотоциклийг түүнд буцаан олгосон нь үндэслэлтэй байна. 

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Эыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД                  Л.НАРАНБАЯР

                                                      С.ОЮУНТУНГАЛАГ