Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

хохирогч Т.Т-, өмгөөлөгч Б.Даваажанцан,

гэрч М.А-,

шүүгдэгч Г.Б-, өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001532 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ___ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, __ ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ___ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, __ овогт Г-н Б- /РД:____/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, Содон хорооллын автобусны буудал дээр иргэн Т.Т-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед баруун нүдний дээд зовхи, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус харвалт, баруун нүдний дээд зовхины зулгаралт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогч таксины мөнгө өгөөд буухдаа хаалга савж, хэл амаар доромжилсон тул ийм үйлдэл гаргасан. Хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлыг барагдуулна” гэв.

Хохирогч Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай найз буухдаа мөнгө өгсөн шүү гэж хэлсэн. Би 21 дүгээр хороололд очоод таксинаас буух гэтэл “мөнгөө төлөөд буу” гэхээр нь “төлчихсөн” гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан тул “маргааш мөнгө өгье” гэхэд таксины жолооч уурлаад байхаар нь би найз руугаа яриад 5.000 төгрөг дансаар шилжүүлээд, таксинаас буугаад алхаж байтал араас ирж зодсон. Шүүгдэгч Г.Б-т гомдолтой байна. Эмч хүн байж анхны тусламж үзүүлээгүй, надтай огт холбогдоогүй, зохисгүй үйлдэл гаргасандаа гэмшээгүй гэж бодож байна. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Хохирол огт төлөгдөөгүй, 4.738.412 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Гэрч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Г.Б- бид хоёр таксинд явж байгаад Дүнжингаравын ойролцоогоос Нарны хороолол явна гэх хоёр хүнийг авч явсан. Нарны хороололд нэг нь буугаад, нөгөө нь 21 дүгээр хороололд буусан. 21 дүгээр хороолол хүрэхэд таксины төлбөр 7.000 төгрөг гарсан. Тэр хүнд “найз чинь буухдаа 2.000 төгрөг илүү өгсөн, чи үлдэх 5.000 төгрөг өг гэхэд “мөнгө байхгүй” гэсэн. Ингээд бараг 30 минут мөнгө өгөхгүй машинд элдвээр хэлээд суусан. Тэр хүн найз руугаа яриад 5.000 төгрөг шилжүүлээд, буухдаа бид хоёрыг “Халхын хавтгайгаас олдоно шүү, та хоёр муу бацаанууд, таксинд явдаг” гээд л сүрдүүлсэн. “Дугуй чинь дээшээ хараг” гээд хаалга саваад буусан чинь Б- араас нь буугаад маргалдах шиг болсон тул би бууж салгасан” гэв.

Эрүүгийн 2008000001532 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Т-ийн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа хамт 13 дугаар хороололд “Валентинс” уугаад шөнө 00 цагийн орчим найз М-тай харих гээд талбай дээрээс такси барьсан. М- бид хоёрыг орж суухад хоёр залуу байсан. “21 дүгээр хорооллын Содон хороолол орно” гэж хэлээд явсан. Найз М- Тээврийн товчоо дээр буухдаа мөнгийг нь “өгчихсөн шүү” гэсэн. Надад 7000-8000 төгрөг өгсөн гэж байсан. Би Содон хорооллын автобусны буудал дээр буух гэсэн боловч “мөнгөө өгчхөөд буу” гэсэн. Би “мөнгийг чинь өгчихсөн, юу яриад байгаа юм бэ” гэхэд “мөнгөө өг” гээд нэхээд байсан. Би найз руугаа залгаж “чи мөнгийг нь өгөөгүй юм уу” гэж асуухад “өгчихсөн” гээд байсан. Жолооч залуугаас “хэдэн төгрөг болсон юм” гэж асуухад “5000 төгрөг” гэж хэлсэн. Би найзынхаа данс руу жолоочийн дансны дугаарыг явуулсан. Удалгүй утсанд нь мессеж ирэх шиг болохоор нь би “мөнгө нь орчихлоо” гэж бодоод таксинаас буусан. Машинаас буугаад явж байтал араас нөгөө машин барьж байсан хүүхэд ирээд нүд рүү цохих шиг болсон. Нүднээс цус гараад суусан тэр үед миний араас өшиглөөд байх шиг байсан. Тэр үед манай найз З тэр хавиар явж таараад намайг хараад хүрээд ирсэн. Тэр хоёр залууг барьж байгаад хэн манай найзыг зодсон юм гэж асуухад жолоо барьж байсан залууг гэж хамт явж байсан хүүхэд нь хэлсэн. Миний хувьд таксины жолоочтой маргалдсан асуудал бол байхгүй. Би буухдаа “та хоёр ч хүнээс илүү мөнгө авах гээд байдаг дүүрчихсэн залуучууд юм аа” гэж хэлчхээд буусан. Би тухайн өдөр нүдний шилтэй явж байсан болохоор нүдний шил рүү цохиж улмаар шил нь хагарч нүдийг гэмтээсэн. “Korea optic” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын эхээр 740,000 төгрөгөөр хийлгэж байсан. Би энэ үнээр нь үнэлэх болно. Миний нүдний шил нь камерын гэрэл гялбадаггүй, зөөлөн хар өнгийн рамтай, хамелеон сайн чанарын шил байсан. Би их гомдолтой байна. Нүдний ойр орчим их сорвитой болсноос хойш телевизийн хөтлөгчийн ажлыг хийж чадахаа больсон” гэх мэдүүлэг /хх-6, 8/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.19-ний өдрийн 11811 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Т-ийн биед баруун нүдний дээд зовхи, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус харвалт, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-20-22/,

“Мастер үнэлгээ” ХХК-ний 2020.10.30-ны өдрийн 20/019 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Нүдний шил 700.000 төгрөг” гэжээ /хх-26-28/,

Гэрч М.А-ын: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчим найз Б-той ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явсан. 00 цаг өнгөрч байхад Халдвартын уулзвар орчмоос 2 залуу таксинд суусан. Нэг нь Нарны гүүрний ойролцоо зам дагуу буухдаа 6.500 төгрөг өгөөд буусан. Хамт явж байсан найз нь Содон хорооллын автобусны буудал дээр буусан. Б- “нэмж 5.000 төгрөг гарлаа” гэхэд таксинд суусан залуу “надад мөнгө байхгүй би хүн рүү яръя” гээд 30 орчим минут мөнгө өгөхгүй удаад байсан. “Та хоёр ингээд явчих, би маргааш мөнгийг чинь өгье” гэхээр нь бид хоёр зөндөө хүмүүст хулхидуулсан гэж хэлсэн. Манай найзын дансаар 5000 төгрөг орж ирэхээр нь “орчихлоо буу” гэсэн чинь “та хоёрыг Халхын хавтгай дээрээс олноо, та хоёр намайг мэдэхгүй байна, та хоёрын сайн явахыг харна, 4 дугуй дээшээ харсан байхыг харна” гээд буусан. Б- машинаас бууж барилцаж авсан. Тэр залууг цохих шиг болсон. Б-ыг цохиход нүдний шил нь хагарч цус гарсан байх...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч *****ын: “...Манай найз Т- автобусны буудал дээр таксинаас бууж байгаа харагдсан. Машинаа зогсоогоод яваад очтол Т- нүдээ дарчихсан сууж байсан. Хажууд нь нэг залуу байсан. “Манай найзыг хэн зодсон юм” гэж асуухад машин руугаа заасан. Зүүж байсан шилнийх нүднээс нь нэлээд цус гарсан, шилний нэг нь хагараад уначихсан, нэг нь цуурчихсан, араам нь гэмтсэн байсан. Тэр хавьд байсан хүмүүс цагаан машинд сууж байсан залуу зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15/,

Гэрч А.М-гийн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчим Т- бид хоёр такси барьсан. Би буухдаа 7000 төгрөг өгөөд манай найзыг 21-р хороололд хүргээд өгчхөөрэй болно биз дээ гэсэн. Т- “мөнгө дутчихлаа 5000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Удалгүй Т- залгаад “миний нүдийг сохолчихлоо” гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-17/,

Шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ээжийн эзэмшлийн ****** улсын дугаартай “Приүс 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй найз А-ын хамт халтуур хийхээр гарсан. Тэр орой 00 цагийн орчимд Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудал дээр 2 эрэгтэй хүн гараа өргөж байхаар нь “хаашаа явах юм” гэж асуухад нэг залуу нь “Нарны гүүрний доор буугаад нэг залуу нь цаашаа 21 орно” гэсэн. Нарны гүүрний доор нэг залуу нь буусан тэр үед километр нь 4000 төгрөг гарсан байсан. Тэр залуу буухдаа 6000 төгрөг өгчхөөд буусан. Илүү өгсөн мөнгийг нь ямар учиртай юм бэ гэж асуухад манай найзын таксины мөнгөнөөс хасаарай гэсэн. Тэндээс километроо тэглээд 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр очсон. 7 километр буюу 7000 төгрөг гарсан. Би нөгөө залууд 5000 төгрөг гарсан байна гэж хэлэхэд “ахад нь мөнгө байхгүй шүү дээ” гээд байсан. “Ахынхаа утасны дугаар, машины дугаар, зургийг авчих би мөнгийг чинь маргааш өгье” гэсэн. Би “ингэж болохгүй шүү дээ та маргааш өгөх ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэр ах “би чамайг хуурчихаар хүн шиг харагдаж байна уу” гээд дуугаа өндөрсгөөд, агсраад эхэлсэн. Би “ахаа ингэж болохгүй, мөнгөө дор дор нь авах ёстой” гэсэн. Нөгөө ах “та хоёр шиг хүн таксинд явдаггүй юм” гээд томроод байсан. Хэд хэдэн хүн рүү залгаад мөнгө асуугаад байсан. Тэр ах манай найз бид хоёрыг хэл амаар доромжлоод нэлээд удсан. Тэр үед тэр ах найзтайгаа ярьж байгаад миний дансны дугаарыг асуухаар нь би дансаа мессежээр явуулсан. Удалгүй 5 минутын дараа миний дансанд 5000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр ах миний машинаас буухдаа “машины чинь 4 дугуй дээшээ хараг та хоёрыг халхын хавтгайд сайн явахыг чинь харна” гээд хаалга өшиглөөд, нулимчхаад хүчтэй саваад буусан. Тэгэхээр нь уур гэнэт хүрээд араас нь бууж очоод бөгс рүү нь өшиглөсөн. Тэр үед нөгөө ах эргэж хараад надтай зууралдаад байхаар нь салгаж холдуулчхаад буцаад машин руу явж байтал найз А-тай бас муудалцаад байсан. А- цагаан махны хагалгаанд ороод хүнтэй муудалцаж болохгүй байсан болохоор би буцаж очоод салгаад нөгөө ахын нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиход доошоо нүдээ дараад тонгойчихсон...” гэх мэдүүлэг /хх-38-41/,

Гэрч Т.Т-ийн мэдүүлэг /хх-9-10/, эд зүйлийн үнэлгээтэй танилцуулсан тэмдэглэл /хх-31/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-45/, хохирлын баримтууд /хх-46-56, 102-117/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/, гэрч Б.Жамбал мэдүүлэг /хх-76-77/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Б- хохирогч Т.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн баримтаа гарган нэхэмжилж буй 4.703.412 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Бид харилцан ойлголцох ёстой” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн хувьд 730.720 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн /****дугаар хороо, Содон хорооллын автобусны буудал дээр хохирогч Т.Т-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед баруун нүдний дээд зовхи, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус харвалт, баруун нүдний дээд зовхины зулгаралт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Т-ийн “...Машинаас буугаад явж байтал араас нөгөө машин барьж байсан хүүхэд ирээд нүд рүү цохих шиг болсон. Миний нүднээс цус гараад...” гэх мэдүүлэг /хх-6, 8/, шүүх эмнэлгийн 11811 дүгээр1. Т.Т-ийн биед баруун нүдний дээд зовхи, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимын гадна булангийн цус харвалт, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмт шин зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-20-22/, гэрч М.А-ын “...Б- машинаас бууж тэр залууг цохих шиг болсон. Б-ыг цохиход нүдний шил нь хагарч цус гарсан байх...” гэх мэдүүлэг /хх-12-14/, шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн ...миний уур гэнэт хүрээд араас нь бууж очоод бөгс рүү нь өшиглөсөн. ...би буцаж очоод салгаад нөгөө ахын нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиход доошоо нүдээ дараад тонгойчихсон... гэх мэдүүлэг /хх-38-41/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ын хохирогч Т.Т-тэй маргалдан, хохирогчийн зүгээс шүүгдэгчийг “...машины чинь 4 дугуй дээшээ хараг, та хоёрыг халхын хавтгайд сайн явахыг чинь харна гээд хаалга өшиглөөд, нулимчхаад хүчтэй саваад буусан...” гэж зүй бусаар хэлснээс шалтгаалан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн баримтаар 4.650.812 төгрөг тогтоогдсоноос шүүгдэгч 500.000 төгрөг төлснийг хасч, үлдэх 4.150.812 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох, хохирогч нь цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д заасныг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хоорондоо марган, улмаар хохирогчийг цохиж хүч хэрэглэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримттай хохирлоос 500.000 төгрөг төлөгдсөн, үлдэх хохирлыг төлөөгүй, хохирогч “Гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэнэ” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /цэцэрлэгт их эмч ажилтай/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Б-ыг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч __ овогт Г-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-оос 4.150.812 төгрөг гаргуулж, хохирогч Т.Т- /******/-д олгож, хохирогч цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ё сны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Л