| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ151 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ151
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,
улсын яллагч А.Дүүрэнбилэг,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн 2105000000138 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын 15-ны өдөр ****** аймгийн ******суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхийн хамт ********* дүүргийн **** дугаар хороо, *******тоотод оршин суух,
- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Х овогт Б-ын О /РД: 00000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Б.О-ын:
“...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хуурай дүү С над руу залгаад манай гэрт ус алдаад байна, та тэрийг засаад өг гэхэд нь би “өдөр амжихгүй орой буугаад засаад өгье” гэж хэлсэн. С орой 2 цагийн үед манай гэрийн гадаа ирээд над руу утасдаж дуудаад, өөрийнхөө гэр лүү явсан. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25 дугаар байр 1-р орцын гадаа С-ын машины урд хаалганаас буугаад орц руу явж байхад миний баруун гар талаас нэг залуу сугадаад нөгөө гараараа заамдаад С-ын машин дээр аваачаад намайг ална гэж хэлсэн. Тэгээд би юу болж байна вэ гэхэд намайг тэр залуу гараа зангидаж байгаад толгой руу 2 удаа цохиод дараа нь миний хамар луу нэг удаа цохиход миний хамраас цус гарсан. С тэр залууг салгах гэхэд дийлэхгүй байсан. Тэгээд би намайг хүн зодоод байна гэхэд ойр хавьд явж байсан хоёр залуу салгасан юм. Тэр залуу С-ыг чирээд явсан, араас нь би цагдаа дуудлаа шүү гэхэд дуудаж байхгүй юу гээд зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-10/,
Гэрч Л.С-ын:
“...Хөгжил хотхон 25/1 дүгээр байрны гадаа ирсэн... Байрны гадаа зогсоол байхгүй байхаар нь О ахыг байрны гадаа буулгачхаад би автомашинаа зогсоолд байрлуулах гээд явсан. Буцаад байрны гадаа машинтайгаа иртэл салсан нөхөр О нь О ахыг чирээд машины хойд талын суудал дээр суусан. Машинд орсны дараа О О ахын цамцнаас гараараа нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд бид гурав машинаас хамт буусан. Тэгтэл О ах надад хандаж чи энэ эрэгтэй хүнтэй явалддаг юм биш үү гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би үгүй манай гэрийн гал тогооны өрөөнөөс ус алдаад байгаа юм, энэ хүнээр засуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн О гэрт оролгүй цаашаа зугтаагаад явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. О ахын хамраас цус гарч, хөл нь доголсон, шүд нь унасан юм шиг харагдаж байсан. Тэгээд О ах цагдаад дуудлага, өргөдөл бичихээр явсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-10/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 860 дугаартай:
“...Б.О-ын биед дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн гарын чигчий хуруу, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 23-24/,
Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...уг залуугаас эхнэрийнхээ хажууд чи хэн бэ гэж асуусан тэгсэн уг залуу өөрийгөө “О” гэж хэлэхээр нь би эхнэрийнхээ **** УНЦ улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл дотор хойд талын суудал дээр сууж байхдаа уг залуугийн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон тэгээд би тээврийн хэрэгслээс нь буугаад 25 дугаар байрны гаднаас хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх 38-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.О-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.О-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.О нь: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны гадна 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.О-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн гарын чигчий хуруу, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.О-ын “...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25 дугаар байр 1-р орцын гадаа С-ын машины урд хаалганаас буугаад орц руу явж байхад миний баруун гар талаас нэг залуу сугадаад нөгөө гараараа заамдаад С-ын машин дээр аваачаад намайг ална гэж хэлсэн. Тэгээд би юу болж байна вэ гэхэд намайг тэр залуу гараа зангидаж байгаад толгой руу 2 удаа цохиод дараа нь миний хамар луу нэг удаа цохиход миний хамраас цус гарсан. С тэр залууг салгах гэхэд дийлэхгүй байсан. Тэгээд би намайг хүн зодоод байна гэхэд ойр хавьд явж байсан хоёр залуу салгасан юм. Тэр залуу С-ыг чирээд явсан, араас нь би цагдаа дуудлаа шүү гэхэд дуудаж байхгүй юу гээд зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.С-ын “...О ахыг байрны гадаа буулгачхаад би автомашинаа зогсоолд байрлуулах гээд явсан. Буцаад байрны гадаа машинтайгаа иртэл салсан нөхөр О нь О ахыг чирээд машины хойд талын суудал дээр суусан. Машинд орсны дараа О О ахын цамцнаас гараараа нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд бид гурав машинаас хамт буусан. Тэгтэл О ах надад хандаж чи энэ эрэгтэй хүнтэй явалддаг юм биш үү гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би үгүй манай гэрийн гал тогооны өрөөнөөс ус алдаад байгаа юм, энэ хүнээр засуулах гэж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 860 дугаартай “...Б.О-ын биед дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн гарын чигчий хуруу, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Б.О-ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Б.О нь хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ын биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой 400.000 төгрөг нэхэмжилснээс Б.О нь 400.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч Б.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.О-той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Б.О нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.
Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа болон прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2105000000138 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ