Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ160

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Б-ын Н-д холбогдох эрүүгийн 2005029790100 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******** аймаг ****** сум, *******тосгонд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******** дүүргийн ******дугаар хороо ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****** овогт Б-ын Н /РД: *************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “89” бааранд хохирогч Б.А-тэй хувийн таарамжгүй маргалдаж улмаар Б.А-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, хамар, баруун доод зовхи, хоёр хацар, эрүү хүзүү, нуруу, цээж, баруун мөр, тохой, шуу, сарвуунд зулгаралт, нуруу, цээж, баруун бугуйнд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

-Хохирогч Б.А-гийн:

“...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр орой 21 цагийн үед өөрийн ажлын ах Г гэх хүнтэй Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 гэх бааранд орж 0.5 литрийн хараа нэртэй архи нэг шилийг бид хоёр хувааж уусан. Бид хоёрыг бааранд ороход 2, 3 хүн л байсан. Бид хоёр архиа ууж байхдаа ард сууж байсан ахтай танилцсан. Тэр танихгүй ах намайг аль нутаг вэ гэхээр нь Хөвсгөл аймаг гэж хэлсэн чинь Хөвсгөл аймгийг муулаад байсан. Яг юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэр хүн үгээр идээд байхаар нь би өөрийн ширээ рүүгээ яваад өгсөн юм. Би тэгээд ширээн дээрээ байж байгаад Г ахтай баарнаас гараад явж байхад араас нэг юмаар миний толгойн орой хэсэг рүү цохих шиг болсон. Тэгэхэд Г ах надад нөгөө бааранд байсан хүн чулуу барьж ирээд цохичихлоо гэж хэлсэн... ...Н гэх хүн нь 89 гэх нэртэй баарнаас гарч байхад миний толгой руу чулуугаар цохиж гэмтлүүдийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх 15/,

-Гэрч Б.Г-ын:

“...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 89 нэртэй паб, караокены газарт ажлын залуу болох Агийн хамт 21 цагийн үед орж архи уусан. Тэгэхэд манай найз А хажуу талын ширээн дээр очоод нэг өндөр махлаг залуутай юм яриад сууж байсан. Тэгээд би караокед 3 дуу дуулаад дуусаж байхад А нөгөө махлаг өндөр эрэгтэй хүнтэй барьцалдаад бие биенийгээ цохиод байсан. Би нөгөө ах А хоёр дээр очиж салгах гээд дундуур нь ороход А салахгүй байхаар нь тэлээнээс нь татаад гадагшаа авч гарах гэсэн чинь нөгөө махлаг, өндөр ах салахгүй араас нь зуураад байсан. Зууралдсан чигээрээ пабын коридорт гарахад А нөгөө ахтай хоорондоо ноцолдоод цохилцоод байсан. А бид хоёр баарны гадаа гараад байр руугаа харих гээд явж байхад нөгөө ах араас хүрч ирээд А-гийн толгой руу чулуугаар цохихоор нь нөгөө ахыг би цааш нь түлхээд та яаж байгаа юм гээд газраас нэг тоосго авч айлгах санаатай араас нь хөөгөөд баар руу гүйгээд араас нь ороход тэр ах цаад талын гал тогооны өрөөнд ороод нуугдсан байхаар нь ах одоо боль, боль гээд байхад яагаад араас дахин дахин гарч ирээд бид хоёртой зууралдаад байгаа юм бэ гэж хэлээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 19/,

-Гэрч Б.Б-ийн:

“...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 бааранд зүс таних Н-тай хамт хүн хүлээгээд сууж байсан. Гэтэл хажуу ширээнд сууж байсан хоёр залуу Н-ыг хэл үгээр доромжлоод байсан. Н бид хоёр дуу дуулаад сууж байхад тэр А гэх залуу хажууд ирээд дуулж байсан микрофоныг булааж аваад Н-ыг хэл үгээр доромжлоод А гэх залуу Н-ыг заамдаад цээж рүү нь цохиод Н эргүүлээд цээж, нүүр хэсэг рүү нь 1, 2 цохисон тэгэхээр нь би дундуур нь ороод салгахад Н-ыг аваад гарах гэхэд А гэх залуутай хамт явж байсан залуу Н-ын хойноос нь татаад толгой хэсэг рүү нь цохисон. А гэх залуу Н хоёр дахиж барьцалдаад бие биеийнхээ толгой, нүүр хэсэг рүү олон дахин цохилцоод байсан. Тэгээд караокены зөөгч гар гээд хөөгөөд гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11273 дугаартай шинжээчийн:

“...Б.А-гийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, хамар, баруун доод зовхи, хоёр хацар, эрүү, хүзүү, нуруу, цээж, баруун мөр, тохой, шуу, сарвуунд зулгаралт, нуруу, цээж, баруун бугуйд цус хуралт, зүүн бугуйд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 32-33/,

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийтийн караокед дуулж байхад А гэх залуу хажууд ирээд суусан. Тэгээд би аль нутаг вэ гэж асуухад Хөвсгөлийнх гэж хэлээд бид хоёр маргалдаад эхэлсэн. Гэтэл А гэх залуу босоод намайг 2 удаа цохиод авсан. Би өөдөөс нь бас 2-3 цохиод бид хоёр ноцолдож байхад Б гэх эмэгтэй бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд маргалдсан чигээрээ гадна гараад хоорондоо зодолдсон. Баарны гадаа гараад хоорондоо маргалдаад А гэх залуу миний урдаас цохиод найз нь гэх хамт явсан залуу миний хойноос бас цохиод би А-гийн өөдөөс нь бас хэд хэд цохисон нэг залуу нь миний хойноос цамцнаас барьж авчхаад тавихгүй нөгөө А гэдэг залуу нь миний урдаас цохиод бид хоёр нэлээн удаан ноцолдсон...” гэсэн мэдүүлэг /хх 43-45/ болон шүүгдэгч Б.Н-ын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Н нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Н нь: 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “89” бааранд хохирогч Б.А-тэй хувийн таарамжгүй маргалдаж, улмаар Б.А-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, хамар, баруун доод зовхи, хоёр хацар, эрүү хүзүү, нуруу, цээж, баруун мөр, тохой, шуу, сарвуунд зулгаралт, нуруу, цээж, баруун бугуйнд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Б.А-гийн “...Н гэх хүн нь 89 гэх нэртэй баарнаас гарч байхад миний толгой руу чулуугаар цохиж гэмтлүүдийг учруулсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Г-ын “...А нөгөө махлаг өндөр эрэгтэй хүнтэй барьцалдаад бие биенийгээ цохиод байсан. ...Зууралдсан чигээрээ пабын коридорт гарахад А нөгөө ахтай хоорондоо ноцолдоод цохилцоод байсан. А бид хоёр баарны гадаа гараад байр руугаа харих гээд явж байхад нөгөө ах араас хүрч ирээд Агийн толгой руу чулуугаар цохисон...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Б-ийн “...А гэх залуу Н-ыг заамдаад цээж рүү нь цохиод Н эргүүлээд цээж, нүүр хэсэг рүү нь 1, 2 цохисон. ...дахиж барьцалдаад бие биеийнхээ толгой, нүүр хэсэг рүү олон дахин цохилцоод байсан...” гэсэн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11273 дугаартай шинжээчийн “...Б.А-гийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, хамар, баруун доод зовхи, хоёр хацар, эрүү, хүзүү, нуруу, цээж, баруун мөр, тохой, шуу, сарвуунд зулгаралт, нуруу, цээж, баруун бугуйд цус хуралт, зүүн бугуйд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт болон шүүгдэгч Б.Н-ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-гийн биед хөнгөн хохирол учирсан байх ба Б.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Н-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Н-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх” дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Б.Н нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх  саналыг танилцуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчид прокурор, яллагдагч нарын тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005029790100 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох торгуулийн ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ДАЛАЙХҮҮ