Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Б.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Бийн Бд холбогдох эрүүгийн 2117000000016 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Бийн Б /РД:ЕЙ./, 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” төмрийн үйлдвэрт хэв цутгагч ажилтай, ам бүл 1, ....р аймгийн ..... сум.... дугаар баг, ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучин төв эмийн сангийн нийтийн байранд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 03 цагийн үед шалтаг, шалтгаангүйгээр иргэн Б.Дийн толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучин төв эмийн сангийн нийтийн байранд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 03 цагийн үед шалтаг, шалтгаангүйгээр иргэн Б.Дийн толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр пиво уугаад гэртээ унтаж байтал хэн нэгэн хаалга чанга тогших шиг болсон. Би манай гэрийн хаалгыг чанга цохисон гэж бодсон чинь хажуу айлын хаалгыг нүдсэн юм байна лээ. Цааш нь болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор сайн хараагүй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн труба нь манай орны боолт нь салаад унасан байсныг боох гэж байсан труба юм. Би согтуу байсан болохоор Дт гэмтэл учруулсан. Манай ажил зогссон орлогогүй байгаа болохоор хохирол төлбөрийг төлж чадаагүй гэв.

1.2. Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө худаг орж гал түлээд айлын гэрийн түлхүүрийг өгөхөөр эмийн сангийн байранд очсон. Тухайн айлын хаалга нь Бгийн гэрийн хаалгатай ойролцоо байсан. Би хаалгыг нь нүдээд зогсож байтал хажуу хаалганаас Б гарч ирээд үгийн зөрүүгүй барьж байсан трубагаараа 1 удаа толгой руу цохисон. Хаалга онгойход нь асаагуурын гэрлээ тусгаад харахад Б.Б зогсож байсан. Намайг трубагаар цохих үед би гараараа трубаг нь бариад газар суусан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бг зүс танина. Одоо миний бие хэвийн байгаа гэв.

1.3. Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Д манай ээжийн ажил болох төв Петровисийн хажууд байх худагт гал хийхээр 03 цагт босоод явсан. Тэгээд намайг унтаж байтал Д над руу залгаад Ц ахын хажуу хаалганаас хүн гарч ирээд намайг трубагаар цохичихлоо, миний толгойноос цус гараад байна гэхээр нь цаг хартал 03 цаг 30 минут болж байсан. Би Дийг эмнэлэг яваарай гэж хэлсэн. Д нь духан дээрээ оёдол тавиулсан гээд толгойгоо боосон, энэ трубагаар цохисон гээд нэг нарийхан зэвтэй 2 талдаа шар мяндсаар боосон 1 метр орчим төмөр барьсан орж ирээд төмрийн үйлдвэрт ажилладаг Б гэдэг залуу цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

1.4. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Бид хоёр өглөө 09 цагт босоод Малхын эгнээнд Бгийн хашаанд тавьсан машинаа аваад бид гурав Чандмань дэлгүүр ороод Б тамхи, 3 лааз пиво, би Бд мөнгө өгөөд дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай 2 том пиво авахуулаад Хонхорт байдаг ажлын эгч Сгаар машинаа бариулаад И гэдэг найзындаа очсон. Тэгээд байж байтал И 1 том пиво гаргаж ирээд бид 3 хувааж уугаад Сг дуудаад машинд байсан 2 том пивоо дахин уугаад Бгийнд очсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

1.5. Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Бид 2 манай гэр лүү орох үед би авчирсан малаа өргөж байсан учир Дт түлхүүрээ өгөөд гэрээ нээлгэсэн. Тэгэхэд манай гэрийн түлхүүрийг халаасандаа хийснээ мартсан юм байлгүй мал хийж дуусаад явахдаа түлхүүр аваад Д манайхаас 22 цагийн үед гарсан. Шөнө Д манай түлхүүрийг өгөх гэж ирээд манай хажуу айлын Б гэдэг хүнд зодуулсан гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

1.6. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар дүгнэлтэнд: Б.Дийн биед зүүн хөмсөгний гадна буланд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 23-24 хуудас/

1.7. Яаралтай тусламжийн хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /х.х-ийн 2-3 27-28, 31 хуудас/

1.8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 40-41 хуудас/

1.9. Хохирлын тооцоо, холбогдох баримтууд /х.х-ийн 54-56 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

ХОЁР. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өвчтэй байсан 21 хоногийн хугацааны цалин  850 000 төгрөг, эмчилгээний зардал 246 730 төгрөг нийт 1 096 730 төгрөг нэхэмжилж байна гэв.

2.2. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай дүү Б нь эхнэр хүүхэд байхгүй ганц бие амьдралтай, 8 дугаар анги төгссөн, цэргийн алба хаагаагүй. Төмрийн үйлдвэрт ажилладаг. Одоо ажил нь амарсан байгаа. Хүнд тусархуу зантай ажилд сайн хүн байгаа юм. Өмнө нь нэг удаа хүн зодсон гээд мэдүүлэг өгч байсан. Бага байхдаа их томоотой хүүхэд байсан одоо архи уугаад байх болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/

2.3. Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Бтэй хамт ажилладаг байхад түүнийг ажилдаа их сайн гэдэг байсан. Төлөв даруу зантай, хаа нэг архи хамт ууж байсан, ууж байхдаа хүнтэй маргалдаад байгаагүй. Эхнэр хүүхэдгүй ганц бие хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

2.4. Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 35-39 хуудас/

2.5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 52 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүхээс хүлээн авах зүйтэй гэж үзлээ.

Хохирлын тооцоо: хохирогч Б.Д нь эмчилгээний зардал 246 730   төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүнд 850 000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд: 68 000, 100 000, 18 300, 60 430 төгрөг, нийт 246 730 төгрөг гэм хорын зардал гарсан нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бгээс гаргуулан хохирогчид олгох нь үндэслэлтэй байна.

Харин ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү нь 850 000 төгрөг болсон болох нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90см урттай төмөр труба 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Бийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90см урттай төмөр трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгээс 246 730 /хоёр зуун дөчин зургаан мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хувийн байр 26-2 тоотод оршин суух хохирогч Б.Дт олгож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА