Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/67

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Хохирогч Т.Э

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Мд холбогдох 2021003910047 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын техникч мэргэжилтэй, “....................... хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ......................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...............................овогт М /РД: ...................../

Шүүгдэгч М нь “До Га Хи” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ажилтан Т.Э  зүүн гараа тросс утас, дамарт хавчуулан зүүн сарвууны 3, 4 дүгээр хурууны дунд үе, 5 дугаар хурууны үзүүрийн үений тайрагдал бүхий  хүндэвтэр гэмтэл учирсан, өөрөөр хэлбэл М нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол  болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Улсын яллагч намайг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч би өглөө хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг зааварчилгаа өгсөн. Ажил хийж байгаа хүмүүс нэг газар, нэг л юм хийгээд суудаггүй. Намайг сургалттай байх үед Э троссон дээр ажиллаж байгаад бэртсэн. ******* хаана, юу хийж байгааг мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би компаниас хохиролд 7,200,000 төгрөг авсан. Одоогийн байдлаар 3,100,000 төгрөг аваагүй. Миний зүүн гар хөшиж өвддөг болсон. Надад одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд өдрийн 12 цагийн орчимд туслах ажилтан Т.Э-д хандан би хэвлэгч машин ажиллуулах гэж байна, чи тросс утас гүйдэг дамарын хоёр талын гар тормозыг барьж бай, чи өмнө нь ажиллаж байсан ш дээ гэж хэлээд ажиллуулсан юм. Тэгээд би цахилгаан хэвлэгч машиныг алсын удирдлагаар ажиллуулж байхад хэвлэгч машины тросс утас хэвийн ороогдоод явж байсан юм. Туслах ажилтан О ирээд гар тормозон дээр ажиллаж байсан залуу хуруугаа тасдуулчихлаа гэж хэлэхэд нь би гартаа барьж байсан удирдлагаар цахилгааныг салгаад Э  дээр ирэхэд миний өөдөөс гараа бариад ирж байсан бөгөөд тэр үед манай ажилчид ******* аваад эмнэлэг явж миний хувьд Э-ийн ажиллаж байсан газар очиж харахад ямар ч байсан бээлий нь дамартай тросс утсанд хавчуулагдсан байсан. Өөр тросс утас ховилоосоо гарсан зүйл байгаагүй...” гэжээ. /хх-ийн 39-40/

Иргэний хариуцагч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр намайг ажил дээр буюу үйлдвэрийн талбай дээр ажилтай танилцаад явж байхад үйлдвэрлэлийн инженер С.А над дээр ирээд надад хандан туслах ажилтан Т.Э гэмтчихлээ гэж хэлэхэд нь би тухайн осол болсон газарт нь очиход хавтас хэвлэгч машин ажиллахад тросс утас нь дамарт ороогддог бөгөөд тэр дамарын тросс утсанд Т.Э-ийн ажлын бээлийн нь ороогдчихсон байсан юм. Мөн ХАБ-ын ажилтан М нь анхны тусламж үзүүлэх гээд Т.Э-г эмнэлэг аваад явчихсан байсан. ...”До Га Хи” ХХК-ий зүгээс туслах ажилтан Т.Э-д өвчтэй байх хугацаанд нь өнөөдрийг хүртэл 3 сарын үндсэн цалинг бүтэн олгосон. Энэ хугацаанд *******ийн эмчилгээний зардал, эм, тарианы мөнгө, эмнэлэгт үзүүлэх бүрт унаагаар үйлчилсэн. Байгууллагын зүгээс Хөдөлмөр хамгааллын дүрэм журмын дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч ажилласан. Мөн хөдөлмөр магадлах комиссын гаргасан хөдөлмөрийн чадварын актын зэрэглэлээр тогтоогдсон хувь хэмжээний дагуу Т.Э-д 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 7200.000 төгрөг, үүнээс гадна эмчилгээний болон бусад зардалд 7000.000 орчим төгрөгийг байгууллагын зүгээс тусламж болгон олгосон байна...” гэжээ. /хх-ийн 44-45/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 469 тоот дүгнэлтэд:

1. Т.Э-ийн биед зүүн сарвууны 3, 4-р хурууны дунд үе, 5 дугаар хурууны үзүүрийн үений тайрагдал, зүүн бугалга, шууны зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр 25% тогтонги алдагдсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 55-56/

 

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №12-06-067-005 тоот дүгнэлтэд:

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бетон дэр үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Ган хийц” ХХК- нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа зөрчсөн байна.

2. Ажил олгогч болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нар нь ажилтныг ажлын байранд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаагүй.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаагүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтан нь аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг хангалтгүй өгсөн.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан үйлдвэрлэлийн ажлын байр бүрт аюулгүй ажиллагааны дотоодын хяналтыг тавьж ажиллаагүй.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт /Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/-д заасныг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-д заасныг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасныг тус тус зөрчсөн байна.

4.Ажилтан Т.Э нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн.

Ажилтан Т.Э нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэхдээ үүсэж болох эрсдлийг тооцолгүй ажиллаж байгаа техникт хүрч гэмтэл авсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт /өөрийг болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасныг зөрчсөн байна.

5.Тухайн осол гарах болсон шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг хангалтгүй өгсөн, үйлдвэрлэлийн ажлын байрны дотоодын хяналтыг тогтмол тавьдаггүйтэй холбоотой гэжээ. /хх-ийн 60-62/

 

М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би... “До Га Хи” ХХК-д хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй хариуцсан ажил эрхэлдэг бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хувьд гэвэл өглөө 08 цагт ажилтан бүрт аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулан гарын үсэг зуруулж ажлын талбай дээр гаргасан. ...тэгээд өдрийн 12 цагийн үед намайг сургалтанд сууж байхад ... чанар хариуцсан инженер А миний нэрийг асууж сураглаад байхаар нь би сургалтаас гараад асуухад миний өөдөөс туслах ажилтан Т.Э нь гадаа үүдэнд ирчихсэн зүүн гарны дунд болон ядам хурууны 2 дугаар үе, мөн чигчий хурууны 1 дүгээр үе тасарсан цус гарсан байдалтай байхаар нь шууд БОЭТ-ийн хүлээн авах тасаг руу авч явсан. ...*******ээс гэмтэж бэртсэн талаар нь асуухад миний өөдөөс хэвлэгч машины нааш цааш татахад тросс утас непотек буюу дамарт ороогддог тэр дамарын гар тормозон дээр зогсоод ажил хийж байхад гэнэт тросс утас нь хажуу тийш гарч ирэхээр нь би цааш хийх гээд зүүн гараараа түлхэхэд тросс утас буцаад ховил  руугаа орохдоо миний хурууг хавчин тасдсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 69-71/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/

Хохирогч Т.Э-ийн хохирлын талаар гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 19-20/

Шинжээч Ц.М-ын мэдүүлэг /хх-ийн 46-47, 48-50/

“До Га Хи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/32 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 73, 74/

ХАБЭА хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 75-77/

“До Га Хи” ХХК, М нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 79-80/

“До Га Хи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/18 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 81/

“До Га Хи” ХХК-ийн бетон арматурчин Т.Э-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 82-84/

“До Га Хи” ХХК, Т.Э нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 85-88/

Ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх-ийн 89-91/

Арматур сүвлэх, арматур хүчитгэх ажлын дараарлал /хх-ийн 92-93/

2020 оны 06 сарын ХАБ-ын даван зааварчилгааны материал /хх-ийн 98-102/

Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

                                                                                               

Шүүгдэгч ................ овогт М нь “До Га Хи” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ажилтан Т.Э зүүн гараа тросс утас, дамарт хавчуулан зүүн сарвууны 3, 4 дүгээр хурууны дунд үе, 5 дугаар хурууны үзүүрийн үений тайрагдал бүхий хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М, хохирогч Т.Э нарын мэдүүлэг,  гэрч Э.О, иргэний хариуцагч Э.М, шинжээч Ц.М нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 469 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №12-06-067-005 тоот дүгнэлт, Мыг ажилд томилох тухай “До Га Хи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/32 тоот тушаал, ХАБЭА хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнүүд, Т.Э-г ажилд томилох тухай “До Га Хи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/18 тоот тушаал, “До Га Хи” ХХК-ийн бетон арматурчин Т.Э ажлын байрны тодорхойлолт, ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, арматур сүвлэх, арматур хүчитгэх ажлын дараарлал, 2020 оны 06 сарын ХАБ-ын даван зааварчилгааны материал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Т.Э-ийн биед учирсан “зүүн сарвууны 3, 4-р хурууны дунд үе, 5 дугаар хурууны үзүүрийн үений тайрагдал, зүүн бугалга, шууны зулгарал” гэмтэл буюу хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Мын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №12-06-067-005 тоот “Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бетон дэр үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Ган хийц” ХХК- нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа зөрчсөн байна. Ажил олгогч болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нар нь ажилтныг ажлын байранд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаагүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтан нь аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг хангалтгүй өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан үйлдвэрлэлийн ажлын байр бүрт аюулгүй ажиллагааны дотоодын хяналтыг тавьж ажиллаагүй. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Мд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Мын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан бөгөөд иргэний хариуцагч “До Га Хи” ХХК-ийн захирал Э.М нь хохирогчид 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 7200.000 төгрөг болон эмчилгээний зардалд 7000.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Т.Энхтүвшин нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .................. овогт Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА