| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
2020 12 30 2021/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч Л.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11...дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Л-д холбогдох эрүүгийн 2009000001479 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн .. суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “..” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 10, эхнэр, хоёр охин, хүргэн, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хороо тоосго ..дугаар гудамж .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо Засгийн .. дүгээр байрны ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Л.Л нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо Засгийн .. дүгээр байрны ..тоотод төрсөн охин Л.Чыг “Амтлагчтай хоол хийлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож улмаар биед нь “дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж баруун ташаанд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 2009000001479 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Л.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа тараад 20 цагийн үед ирсэн. Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо Засгийн .. дүгээр байрны .. тоот гэртээ ирсэн. Намайг ирэхэд манай том охин Ч будаатай хуурга хийчихсэн байсан. Би хоолыг идэхдээ “амтлагч ихтэй байна. Миний ходоод өвдөж байна” гэж хэлсэн. Ч миний хийсэн хоолыг голлоо гээд надтай маргалдсан. Чыг уурлахаар нь хоёр гарыг нь гараараа бариад диван дээрээ дээрээс нь дараад суусан. Мөн Чыг босоод ирэхэд нь диваны хажуу руу түлхэж унагаасан. Ч диваны хажууд унахдаа таашаагаа гэмтээсэн байх. Ч руу ямар нэгэн зүйл авч шидсэн зүйлгүй. Ч зугтаагаад орц руу гарахаар нь би араас нь Чыг гэр рүүгээ оруулах гээд гарсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 4-..дугаар хуудас/,
Хохирогч Л.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн гэртээ хоолоо хийгээд байж байхад аав гаднаас орж ирсэн. Орж ирээд хүүхдүүдийг маань өдөж том дуугараад уйлуулаад байсан. Би хоолоо болохоор нь аавд аягалж өгсөн. “их амтлагчтай хоол хийлээ, ходоо өвддөггүй байсан бол идчихээр байна” гэхээр нь би “юун сүртэй юм бэ, идэж болохоор хоол байна шүү дээ” гэсэн чинь намайг “арчаагүй” гэж янз бүрээр хэлээд “зайл” гэсэн. Би хазах болон маажиж өшиглөх гэж дайрсан чинь миний гараар миний нүүр рүү цохиж бас өөрийнхөө гараар миний нүүр рүү цохиод орон дээр хөлөөрөө дарж унагаагаад гараараа хоолой боосон. Нэлээн зодолдож байгаад би гэрээс гарч гүйхдээ шатны уруу өнхөрч унаад босож ирээд орцонд “авраарай” гэж орилсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1281..дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1.Л.Чын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Дэрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас /,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-44 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Л нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо Засгийн .. дүгээр байрны ..тоотод төрсөн охин Л.Чыг “Амтлагчтай хоол хийлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд “дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун ташаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Чын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1281..дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Л.Чын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Лийн үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Л, хохирогч Л.Ч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох тэдгээрийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11...дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Л.Лийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11...дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Чаас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.Лийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11...дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11...дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах, зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л.Лийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11...дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11...дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН