Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

Б.Х-д холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Л.Наранбаяр, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Х

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэнгэл

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, шүүгдэгч Б.Хн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1730001080083 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 15 нас, 07 сар, 14 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмээ, авга ах нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 11-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Хатгин овгийн Б.Х /РД: ЛЮ02280615/ 

 

Шүүгдэгч Б.Х нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагийн орчим  иргэн Ч.Сумъяагийн гэрт нэвтрэн орж, эд зүйлсийг авч, 415000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Б.Хн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор: Өсвөр насны шүүгдэгч Хатгин овгийн Б.Хг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны ялтан Б.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны ялтан Б.Х нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Х давж заалдах гомдолдоо:  Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Цагдан хорих байранд 10 гаруй хонохдоо цаашид юу хийх талаар ихийг бодлоо. Би сагсан бөмбөг тоглох дуртай. Цаашид энэ чиглэлээрээ амжилтанд хүрнэ гэж бодож байна. Эмээ өвөөгийн сайн хүү болж чадна.  Намайг хорих газар руу битгий явуулаач. Анхан шатны шүүхээс оногдуулсан 

хорих ялыг хөнгөрүүлж, цагийн ял болгож  өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 

шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлалгүй тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ. 

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Сумъяагийн гэрт нэвтэрч, жинсэн өмд 2, хос пүүз, гитар, чихэвч, үнэртэй ус , малгайтай ноосон цамц, цамц, биеийн тамирын өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 415000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох  нь:

 - Хохирогч Ч.Сумьяагийн “... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн үед зүс үл таних хүүхэд орж ирээд манай зээ хүү Нямдоржийг асуугаад явахаар нь хаалгаа түгжээд түлхүүрээ гэрийн амбаарын турбан дотор хийж орхиод гадагш явсан юм. Тэгээд 13 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд ... орны өмнө огт харагдаагүй углааш харагдахаар нь Нямдоржоос асуухад мэдэхгүй байсан. Гэтэл пүүз, гитар, 2 жинсэн өмд, биеийн тамирын өмд, чихэвч, үнэртэй ус зэрэг нь алга болсон байсан. Нийт 415000 төгрөгөөр үнэлнэ” гэх /хх-13/, 

- Насанд хүрээгүй гэрч С.Нямдоржийн  “... манай гэрээс жинсэн өмд, саарал малгайтай цамц хоёр алга болсон. Хатанбүүвэй гэдэг хүүхэд сагсны шийдэн дээр “гитар зарна”  гээд явж байсан гэдгийг мэдсэн” гэх  /хх-17/, 

- Насанд хүрээгүй гэрч У.Сонинбаярын “...  гитар, “Кари-4” маркийн пүүз, үнэртэй ус, жинсэн өмд, цамц, чихэвч зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэх /хх-18/,

 - Гэрч Б.Батцэнгэлийн “... Хойд талын хашааны хүмүүс манай гэрт хүүгийн маань цэнхэр углаашийг бариад орж ирсэн. Хүү маань гэрээс гарахдаа  углааштай гарсан. Тэр нь мөн байсан” гэх /хх-19/,

 - Өсвөр насны шүүгдэгч Б.Хн мөрдөн байцаалтанд өгсөн  “... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед гэрийнхээ хойд талын хашаанд байдаг байшингийн гаднах монгол цоожны түлхүүрийг пин дороос нь аваад хаалгыг нь нээж орсон юм. Тэгээд дотроос нь Яамаха П-201 маркийн 6 утастай гитар, жинсэн өмд, биеийн тамирын өмд, цамц, юүдэнтэй цамц, пүүз зэргийг аваад пүүзийг нь өмсөж,  хаалгыг нь түгжээд түлхүүрийг нь байсан газарт нь тавьж орхиод явсан юм. Тэгсэн пүүз өмсөхдөө  өөрийнхөө өмсөж явсан углаашийг тэдний гэрт орхисон байсан гэх /хх-28/ мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон  гэрэл зургууд /хх-6-9/ зэрэг  шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. 

Анхан шатны шүүхийн өсвөр насны шүүгдэгч Б.Х нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2 дугаар зүйлийн 2.6 дугаар зүйлд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа учраас түүнд мөн хуулийн ерөнхий  ангийн 8.7 дугаар зүйлд  заасан хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах боломжгүй гэж үзсэн дүгнэлт нь хуульд нийцжээ.

 Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулан энэ хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг хоёр дахин багасгаж, жинхэнэ эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосноос авч үзвэл түүнд ял оногдуулахдаа хөнгөрүүлж болох энэ хуульд заасан боломжтой бүх арга хэмжээг авсан байна.

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэм буруугийн хэлбэрт тохирсон  байх тул түүний “хорих ялыг хөнгөрүүлж өгөх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүгдэгч  Б.Х нь  2018  оны   02  дугаар  сарын  08-ны  өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Хн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

Хоёр: Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНТУНГАЛАГ

                      ШҮҮГЧИД                     Л.НАРАНБАЯР

                                                           О.БААТАРСҮХ