Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0668

 

 

 

                 Н.Д-ийн нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.Д,

Нэхэмжлэгч: Н.Д,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

Гуравдагч этгээд: “В.Х” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В.Х” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажил эрхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн шийдвэр болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В.Х” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 555 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г-Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 128/2018/0481/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Д нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдууланНийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В.Х” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн шийдвэр болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В.Х” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 555 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-д тус тус заасныг баримтлан Н.Д-ийн “Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В.Х” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн шийдвэр болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В.Х” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар геодезийн хэмжилтийн ажлын шинжээчийн дүгнэлттэй холбоотой 1,000,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Н.Д-ээс гаргуулан Шинжлэн ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуульд олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            3.2. Хуулийг буруугаар, өөрсдийн үгээр тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “захиргааны акт илт хууль бус гэж тооцох болон хууль бус гэж үзэх эрх зүйн зохицуулалт өөр бөгөөд захиргааны актын алдаа илэрхий биш бол хууль бус буюу хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэдэг. Харин захиргааны актын алдаа хэн ч харсан ойлгомжтой, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байгаа нь илэрхий байвал тус актыг илт хууль бус гэж тогтоох юм. Хэрэгт хавсаргасан, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “В.Х” ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтаар өгөгдсөн геометр хэмжээ нь барилгын ажлын зурагт өгөгдсөн геометр хэмжээнээс зөрж байгаа нь тогтоогдож байх боловч ... тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр сэргээж шийдвэрлэснийг хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ. Барилгын ажлын зөвшөөрлийг сэргээснээр 6 хуулийн зөрчлийг үргэлжлүүлэхийг буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал юм. Энэ талаар маргаан өрнөсөн байхад шүүгчид энэ талаар огт дурдаагүй байна.

            3.3. Хуулийн зөрчил арилаагүй байхад зөвшөөрлийг сэргээсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн зөрчлийг үргэлжлүүлэхийг буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал юм. Энэ барилга баруун тийш 1,6 метр, хойшоо 1,8 метр тус тус шилжиж байрласныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 тоот танилцуулгад тогтоосон.  2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В.Х” ХХК-ийн барилгын ажлыг зогсоохдоо “Хот байгуулалтын тухай хуулийн “барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх заалтыг зөрчсөн” гэж үндэслэл бичсэн. Энэ үндэслэлийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “В.Х” ХХК-д өгсөн шаардах хуудаст бичсэн. Гэтэл 23 хоногийн дараа зөвшөөрлийг сэргээхдээ ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгаагүй байхад “батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа” гэж Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар худал дүгнэлт гаргасан. Хот байгуулалтын тухай хуулийн зөрчил арилаагүй байхад зөвшөөрлийг сэргээснээр мөн хуулийг үргэлжлүүлэн зөрчихийг шаардсан явдал. Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь барилга дур мэдэн эргэлтийн цэгээ өөрчилснийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зөвшөөрснөө 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүчингүй болгосон. Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар руу “ “В.Х” ХХК барилгын суурийг шилжүүлсэн зөрчлөө арилгаагүй байгаа тул зөрчил арилгуулахад анхаарч ажиллана уу” гэсэн хүсэлт ирүүлж байсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүчингүй болгосон шийдвэрээ өөрчлөөгүй байхад 9 дүгээр сарын 28-ны өдөр “барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа” гэж илтэд худал дүгнэлт бичсэн.

            3.4. Барилгын ажлын зөвшөөрлийг сэргээснээр барилгажилтын норм дүрмийн зөрчлийг үргэлжлүүлэхийг буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал юм. Энэ барилга манай байрны бохирын шугамын хамгаалалтын зурваст орж барилгын норм дүрмийг зөрчсөнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тогтоосон. Тус газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 тоот танилцуулгад “М дээд сургуулийн орон сууцны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс “В.Х” ХХК ийн барилгын /газар доорх/ хавтан суурь хүртлэх зай нь баруун урд талдаа 2,9 метр, баруун хойд талдаа 2,4 метрийн зайтай байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн 7.10 дахь заалтын 14 дүгээр хүснэгтэд заагдсан шаардлагыг зөрчиж байна” гэжээ. “В.Х” ХХК барилгаа баруун тийш 1,6 метр зайд зөвшөөрөлгүй шилжүүлсэн нь энэ зөрчлийг гаргах нөхцөл болсон. Барилгыг зургаар заасан цэгт барьсан бол энэ зөрчил гарахгүй байсан. Манай шугамыг барьсны дараа ийм зөрчил үүссэн тул “В.Х” ХХК буруутай. Барилгын зураг, төлөвлөлт нь зөрчилгүй байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон. Энэ зөрчил арилаагүй байхад барилгыг үргэлжлүүлэн барихыг зөвшөөрөх нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэм” БНбД 30.01.04-ийг зөрчсөн зөрчлийг үргэлжлүүлэхийг шаардаж байна.

            3.5. Барилгын ажлын зөвшөөрлийг сэргээснээр Барилгын тухай хуулийн зөрчлийг үргэлжлүүлэхийг буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал юм. Энэ нь бас манай байрны ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн. Энэ нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” гэж заасныг зөрчсөн. Энэ барилга манай байрны орц, гарц дээр машины зогсоол төлөвлөж дээрх хуулийн заалтыг бас зөрчсөн. Үүнийг зураг, газар дээр нь хийсэн үзлэг нотолно. Эдгээр зөрчлөө арилгаагүй байхад барилгын ажлын зөвшөөрлийг сэргээснээр дээрх зөрчлийг үргэлжүүлэх буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал юм.

            3.6. “Барилгын ажлын зөвшөөрлийг сэргээснээр барилгажилтын норм дүрэм барилгажилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 10 дугаар хүснэгтэд заасныг зөрчлийг үргэлжүүлэх буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал юм. Барилгаа баруун тийш 1,6 метр зайд зөвшөөрөлгүй, дур мэдэн шилжүүлснээр “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн 10 дугаар хүснэгтэд заасан “Орон сууцны хорооллын гудамжны замын эгнээний тоо 2-3 байна, замын нэг зурвасын өргөн 3 метр байна, явган хүний замны өргөн 1,5 метр байна” гэсэн заалтыг зөрчсөн. Баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр 7,45 метр зайд зам барихаар төлөвлөсөн, энэ бол барилгын хаяавч, зүлэгний гаднах зай. Гэтэл барилга 1.6 метрийн зайд шилжсэн нь барилгын хаяавч, зүлэг барих зай нь манай орц, гарц руу орж ирсэн. Бид явган хүний замгүй болж машин дундуур явж, эрүүл мэнд амь насаа эрсдүүлж байна.

            3.7. Барилгын ажлын зөвшөөрлийг сэргээснээр Газрын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хууль зөрчсөнийг үргэлжлүүлэх буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шалгалтаар энэ барилга өөрт олгосон газрын хилийг зөрчиж Газрын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулийг зөрчсөнийг тогтоосон. Иймд Газрын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулийг зөрчсөн зөрчлөө арилгаагүй байхад барилга эхлүүлэх зөвшөөрлийг сэргээсэн нь дээрх хуулиудыг зөрчсөнийг үргэлжлүүлэх буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан явдал юм.

            3.8. Шүүхийн шийдвэрт “албан бичгийг илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй” гэжээ.  Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаж байсан нь сэргэх болно.

            3.9. Шинжээч тавьсан асуултад бүрэн хариулаагүй, өөрснөө үргэлжлүүлж шинжээчээр ажиллахаар татгалзсан байхад төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд төлбөр төлөх шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү,  шинжээчээс дээрх 5 хуулийн заалт зөрчсөн эсэх талаар асуулт тавьж хариулт авахыг даалгаж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

            3.10. Энэ барилга дур мэдэн шилжиж баригдсанаар манай байр болон 18 дугаар дунд сургуулийн явган хүний зам барих боломжгүй болсон. Иргэд, хүүхэд явган замгүй машин дундуур явж амь насаа эрсдүүлж байна.  Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаж байна.

            3.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж 5 хууль зөрчсөн зөрчлөө арилгасан эсэхийг шинжээчээр тодруулж, хэрэг шийдэх даалгавар өгнө үү” гэжээ. 

4. Хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Барилгын тухай хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Н.Д нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В.Х” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн шийдвэр болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В.Х” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон.

           3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй. Энэ нь шүүхээс  захиргааны хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндсэн дээр үүсгэх, захиргааны процессийн эрх зүйн диспозитив зарчмыг хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл юм. Иймээс нэхэмжлэгчээс дээрх байдлаар маргаан бүхий шийдвэр, ерөнхий төлөвлөгөөг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх тул эдгээр актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус болох шинжүүдийг агуулж байгаа эсэхийн хүрээнд хянаж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд маргаан бүхий актууд нь  захиргааны актын формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь хянаж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. 

            3.3. Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар маргаан бүхий актууд нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан маргах бөгөөд маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл уг актуудыг илт хууль бус гэж үзэхээргүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.

            3.4.  Тодруулбал, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В.Х” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон, тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05/3071 дүгээр албан бичгээр уг зөвшөөрлийг “барилгын суурийг шилжүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон талаар мэдэгдсэн, мөн газрын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичгээр уг зөвшөөрлийг “...тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон…” гэсэн үндэслэлээр сэргээж байгааг тус тус “В.Х” ХХК болон нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна. Харин Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “В.Х” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байна.

            3.5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 тоот танилцуулгад “...“В.Х” ХХК-ийн шинэ, хуучин суурийн багануудад хэмжсэн хэмжилтэд барилгын шинэ суурь нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр олгосон газрын хил зааг дотор байрлаж байна” гэжээ. 

            3.6. Актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн хувьд шүүх тухайн акт эрх зүйн зөрчилтэй эсэхийг хянаж үзнэ, харин “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн хувьд утга агуулгын илэрхий алдаатай, ноцтой хор уршиг бүхий засагдах боломжгүй бөгөөд тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргааны байгууллага ч түүнийг хэрэгжүүлэх ёсгүй байдаг. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул захиргааны актыг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй, харин илт хууль бус болохыг тогтоох боломжтой бөгөөд ийнхүү тогтоолгох нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол байгаа нь тогтоогдсон байх ёстой.  Нэхэмжлэгчийн тодорхойлсон  нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл 08/2017 дугаар “Барилгын ажил эрхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн шийдвэр буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичиг, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В.Х” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө зэрэг нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, актуудыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн онцгой эрх ашиг тогтоогдохгүй, эдгээр  актууд нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчийн “... маргаан бүхий актуудаар хууль бус үйлдлийг гүйцэтгэхийг шаардсан, 6 хууль зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            3.7 Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-д “барилга байгууламж шинээр барих” гэж зааснаар олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчээс ирүүлсэн гомдлын дагуу захиргааны байгууллагаас хянаж, түдгэлзүүлж, хүчингүй болгож, улмаар “...тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр тухайн зөвшөөрлийг сэргээж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасны дагуу гаргасан шийдвэр гэж үзэхээр байх тул хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан гэдэгт хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            3.8. Түүнчлэн гуравдагч этгээд “В.Х” ХХК-д олгосон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дуусаж эрх зүйн үйлчлэлгүй болсон бөгөөд уг зөвшөөрлийг сэргээсэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичгийг илт бус бус болохыг тогтоох нь төдийлөн ач холбогдолгүйгээс гадна ингэхийн тулд нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол тогтоогдсон байхыг шаардах тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.       

            3.9. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр тодорхой хуульчилсан, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН 

ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН