Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

 

 

 

 

2021        01        12                                 2021/ШЦТ/30    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Л.З /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Зд холбогдох эрүүгийн 2009000001548 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Сэнх” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шар хад 57 гудамж 790-16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Эко Дамбадаржаа хотхоны 1-р байр 3 давхар 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.З нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Эко байрны 1 дүгээр орц 18 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Хишигжаргалыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь “баруун, зүүн хацар, шанаа, эрүү, мөр, бугалга, цээж, зүүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009000001548 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Л.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө эхнэрийн гар утас дуугарсан. Би гар утсыг автал нэг эрэгтэй хүн “сайхан амарсан уу, нөхөр чинь явсан уу” гэж хэлэхээр нь хариуд нь “чи одоо яах гээд байгаа банди вэ” гэж хэлтэл гар утсаа тасалсан. Эхнэр гаднаас орж ирэхээр нь “чи өмнө харьцаж байсан Баттулгатайгаа холбоотой байгаа юу” гэж хэлсэн чинь “үгүй би холыоогүй байгаа” гээд хэрүүл эхэлсэн. “чи намай гүтгээд байна, чи өөрөө миний гар утсаар залгачихаад юу яриад байгаа юм бэ” гэж худлаа хэлээд байхаар нь би “чиний тэр Баттулга чинь сая чиний гар утас руу залгаж ярьсан, чи яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлээд уур хүрээд эхнэрийн нүүрэн тус газарт гараараа цохиж, гар утасны цэнэглэгчээр эхнэрийн баруун, зүүн гар руу ороолгож зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Хишигжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 11 цагийн орчим дэлгүүр орчихоод гэртээ орж ирсэн. Миний 88876513 дугаарын утас руу 99929193 гэсэн дугаар залгасан байсан. Манай нөхөр тэр хүнтэй утсаар ярьсан байсан бөгөөд улмаар хардаад хэрүүл эхэлсэн. Манай нөхөр миний нүүр рүү гараараа хэдэн удаа цохисон. Мөн хөл, гар руу хэдэн удаа цохисон. Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт алга байна. Би нөхөртэйгээ эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13231 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1.Б.Хишигжаргалын биед баруун, зүүн хацар, шанаа, эрүү, мөр, бугалга, цээж, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.   

         4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 21-22 дугаар хуудас /,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, “Барилга, цахилгаан сантехник угсралтын сэнх” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.З нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Эко байрны 1 дүгээр орц 18 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Хишигжаргалыг хардалтын улмаас зодож түүний эрүүл мэндэд “баруун, зүүн хацар, шанаа, эрүү, мөр, бугалга, цээж, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Хишигжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13231 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Л.З нь хохирогч Б.Хишигжаргалын биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Зын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Хишигжаргал нь “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 40 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Л.Зыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Л.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Зод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН