| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
2021 01 12 2021/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Н.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн 2009021861543 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш ажилтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83-944 тоотод оршин суух, урьд:
1996 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,
1998 оны 04 дүгээр 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 170 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 10 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2002 оны 03 дугаар зүйлийн 11-ний өдөр Дархан-Уул аймгийн шүүхийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хангайн 23-505 тоотод байрлах өөрийн гэртээ хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Ариунжаргалыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай хүүхэд хүйсний эвэрхийтэй төрсөн. Сүүлийн үед хүүхдээ эмчлүүлэх гээд 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мөнгө цуглуулаад тэрнээс болоод ийм асуудал үүссэн. Мөнгө өгсөнгүй гэдэг утгаар, өөр тийш нь зарцуулаад байна гэсэн ойлголттой байсан. Намайг виза картаа өгөхгүй гэхээр цагдаа дуудаад гэр бүлийн хүчирхийлэл гэж үзээд байна...” гэв.
Эрүүгийн 2009021861543 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Ариунжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байхад Мягмарсүрэн урд шөнө нь архи уучихаад архи нь гараагүй байхдаа намайг баруун шанаа руу 2-3 удаа цохисон. Би гарч айл руу орж ирээд цагдаа дуудсан. Байнга зодож цохидог болохоор гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би ерөөсөө зодоогүй. Зодсон бол хуулийн арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй. Би хүүгийнхээ хагалгаанд зориулж виза картандаа мөнгө хийхээр манай эхнэр надад өгөхгүй байна гээд уурлаад байдаг юм. Тэгээд виза карт өгөхгүй байна гээд цагдаа дуудаад өгчихдөг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “...Нийлбэр оноо 8, байнга зоддог гэх зан байдал, согтуугаар байнга зоддог, баривчилгаанаас гарч ирээд дахин хүчирхийлэл үйлдсэн дараагийн арга хэмжээг яаралтай авах шаардлагатай...” гэжээ /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ЗШ/421, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ЗШ/584, 2020 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 2020/ЗШ/879 дугаартай шийтгэвэрүүд /хх-ийн 27-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 21-26 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хангайн 23-505 тоотод байрлах өөрийн гэртээ хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Ариунжаргалыг тодорхой шалтгаангүйгээр баруун шанаа руу нь 2-3 удаа цохиж зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ариунжаргалын мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.М, хохирогч Г.Ариунжаргал нар нөхөр, эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хохирогч Г.Ариунжаргалыг нийт 4 удаа цохиж зодон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадсан зөрчил гаргаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Г.Ариунжаргалын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврүүд, бусад баримтуудаар тогтоогдсон байна.
“Байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэсэн ойлголтод халдагч этгээд тодорхой шалтгаангүй /үл ялих шалтгаанаар/, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбодод нь хүч хэрэглэсэн, үг хэлээр гутаан доромжилж, амгалан тайван байдлыг алдагдуулснаар сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж тэрхүү үйлдлээ тодорхой хугацаанд давтамжтай үйлдэхийг хамааруулахаар хуульд заажээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан дээрх зохицуулалтад хамаарахаар байна гэж үзсэн болно.
Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Мгийн үйлдэл нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Мг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан тарчлаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Ариунжаргал нь “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 61 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Мг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар Н.Мд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус бүрээр авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Мд ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Н.Мд ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус бүрээр авсугай.
4. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Н.М тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН