Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

 

 

 

 

2021          01          13                                 2021/ШЦТ/36

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа, 

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 2009024871392 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р курсийн оюутан,  ам бүл 5, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай 15-22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 2020 оны 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай зочид буудлын гадна маргааны улмаас хохирогч Ш.Тэмүүлэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009024871392 дугаартай хэргээс:

Хохирогч Ш.Тэмүүлэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хүүхдийн 100 төвд байрлах найзынхаа Стрийт хоолны газраас юм авах гээд ороход тэнд Алтансүх найзуудын хамт сууж байсан. Тэгээд тэд нарт “хоолны газар хаах гээд байна, гарцгаа” гэж хэлэхэд Алтансүх нь гарахдаа “та нар намайг хөөдөг хэн бэ, би та нарын дүү биш шүү” гэж хэлсэн. Манай найз Билгүүн Алтансүхтэй юм яриад удаан зогсож байгаад Алтансүх нь Билгүүний өөдөөс мөрлөх гээд байхаар нь би очоод “одоо боль, чи яв” гээд гараараа Алтансүхийн уруул хэсэг рүү цохисон. Тэгээд Алтансүх гараад явсан. Бид нар хаалга түгжээд такси барих гээд зам руу явахад Алтансүх найзуудын хамт зам дээр зогсож байхад би очоод “за уучлаарай миний буруу” гээд бид 2 салцгаасан. Би Билгүүнийг машинд суулгачихаад машин руугаа явж байхад Алтансүх ирээд “чи намайг цохидог хэн бэ, чи намайг мэдэх үү” гээд бид 2 цаашаа явж байхад нэг байшингийн булан тойроод Алтансүх намайг шууд гараараа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би Алтансүхийг тэврээд хойшоо болсон чинь хөл юманд тээглээд доошоо тонгойх хооронд Алтансүх миний нүд рүү өшиглөөд, өвдөглөөд цохисон. Миний уруул сэтрээд цоорсон, хамар мурийлттай, нүдний ухархайн хана хугараад цөмөрсөн. Эмчилгээний төлбөрөө барагдуулж авсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би найзуудын хамт 2020 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн Хүүхдийн 100 төвийн Стрийт фүүдс нэртэй хоолны газар сууж байтал ах нар нь гэх хүмүүс орж ирсний дараа манай найзууд бүгд гараад явцгаасан. Чингүүн гар утсаа үлдээсэн гэхээр нь би эргэж ороод Чингүүний утсыг авах гэж орж ирсэн тухайгаа хэлэхэд Багон гээд дуудаад байсан ах “юу гээд байгаа юм бэ” гээд хэрүүлийн маягтай зүйл хэлээд зогсож байтал дундуур Тэмүүлэн гэх залуу орж ирээд миний уруул руу цохичихсон. Тэгээд цус гараад нэлээн манаралтай байсан. Тэгээд нүүр хэсэг рүү гараараа цохиод бид 2 зодолдсон. Тэмүүлэнг доошоо тонгойход нь нэг өвдөглөсөн. Яг хаашаа өвдөглөснийг санахгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10897 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

           1. Ш.Тэмүүлэн нь биед баруун ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

“Лазер мед” эмнэлэг Компьютерт томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 9 дүгээр сарын 18-наас 2020 оны 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” зочид буудлын гадна хохирогч Ш.Тэмүүлэн нар хоорондоо зүй зохисгүй маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “баруун ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ш.Тэмүүлэнгийн “...Алтансүх миний нүд рүү өшиглөөд, өвдөглөөд цохисон...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10897 дугаартай дүгнэлт /Ш.Тэмүүлэнгийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон/,

 

Шүүгдэгч Г.Аийн “...дундуур Тэмүүлэн гэх залуу орж ирээд миний уруул руу цохичихсон. Тэгээд цус гараад нэлээн манаралтай байсан. Тэгээд нүүр хэсэг рүү гараараа цохиод бид 2 зодолдсон. Тэмүүлэнг доошоо тонгойход нь нэг өвдөглөсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Ш.Тэмүүлэнгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Аийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийж, хохирогч Ш.Тэмүүлэнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос Г.Аэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна. 

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Тэмүүлэнээс “...эмчилгээний төлбөрийг өгч гомдол барагдуулсан тул цаашид гомдол санал байхгүй....” хүсэлт /хх-ийн 40/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН