Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

 

 

2021          01          15                                   2021/ШЦТ/42 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Ш.Б түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 1702002450216 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Авто тээврийн Үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байсан, “Таван толгой түлш” ХХК-ын ТУЗ-ын гишүүн, “Матрикс” ХХК-ын гадаад худалдааны зөвлөх ажилтай гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дугаар хороо Москва хороолол 133/2 байр 111 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10-3-804 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13.1 Төрийн жинхэнэ алба хаагч нь дараах үүргийг хүлээнэ 13.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13.1.3 эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг  сахиж, төрийн байгууллага алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэснийг,

 

Авлигын эсрэг хуулийн 7.1 Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Үйл ажиллагааны зарчим: 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.З. Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 6.6. Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ гэснийг,

 

Ажлын байрны тодорхойлолтын Б. Чиг үүргийн 1. Ажлын байрны зорилгод заасан “Авто тээврийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулах, улс хоорондын ачаа, зорчигч тээвэр, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр болон шуудан, жуулчин тээврийн үйлчилгээний хяналт, хөдөлгөөний шуурхай зохицуулалт, салбарын хөрөнгө оруулалт, төлөвлөлт, маркетингийг хэрэгжүүлэх,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2. Ажилтан нь хууль дээдлэх зарчмаас гадна ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

 

2.3.1 Шударга, зарчимч байх зарчмын хүрээнд -зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, шударга бус байдалтай үл эвлэрэн, өөртөө болон бусдад зарчимч шаардлага тавьж ажиллах; 2.3.2. Хараат бус ил тод байх зарчмын хүрээнд -албан үүргээ биелүүлэхдээ үйл ажиллагаандаа зөвхөн хууль тогтоомжийг баримтлан ажиллах; 2.3.3. Ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмын хүрээнд -төр, байгууллагын эрх ашгийг дээдлэн, аливаа гадны нөлөөллөөс ангид байх; 2.3.7. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд -төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах;

 

3.1. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтан нь албан үүргээ биелүүлэхдээ дараах ёс зүйн хэм, хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

 

3.1.1 Албан үүргээ биелүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Авто тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль, дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах; 3.1.2.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын болон ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх; 3.1.7. Байгууллагын эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах; 3.1,8. Ажилтны буруутай үйлдэл эс үйлдлээс бусдын эрх ашиг хохирох, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх: 3.1.10. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаваргүйгээр хөнгөн шуурхай хүргэх; 3.1.12.Танил таг найз нөхөд, гэр бүл, төрөл садны хүмүүс, тэдний ажиллаж байгаа байгууллага ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахгүй байх, 3.1.14 Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

 

4.1 Албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглах, бусдад давуу байдал олгох, тэрхүү давуу байдлаас өөрт шан харамж авах нөхцөлийг бий болгох, бусдыг дарамтлах, гүтгэх; 4.5.Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садны хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглах гэснийг,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 4.1. Үйлдвэрийн газар нь дараах үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнд;

 

4.1.6.Улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч, ачаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, мэдээллээр хангах; 4.1.11. Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн судлан, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах, дүгнэлтийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумын засаг даргад хүргүүлэх; гэж заасныг тус тус зөрчиж,

 

Албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж буюу Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар ороогүй, гэрээ байгуулаагүй “Таван толгой шин” ХХК-ийн 382 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 198 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 374 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, “Хероесвин” ХХК-ийн 9 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, “Мөнх төгөл од” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 3 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орсон боловч “С” зөвшөөрөл авах зөвшөөрөл өгөөгүй “Банч транс” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг буюу нийт 4 компанийн 1032 тээврийн хэрэгслийн мэдээллийг тус тус “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н “ЕРР” цахим мэдээллийн системд өөрийн удирдлага доор ажилладаг мэргэжилтэн Э.Цолмонд өөрийн эрхийг өгч Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдсэн мэтээр бүртгүүлсэн,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “ЕRР” цахим мэдээллийн системд бүртгэсэн тээврийн хэрэгслүүдээс “Таван толгой шин” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 387 тээврийн хэрэгслийн, “Хероесвин” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 9 тээврийн хэрэгслийн, “Мөнх төгөл од” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 тээврийн хэрэгслийн, “Банч транс” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16 тээврийн хэрэгслийн буюу нийт 426 тээврийн хэрэгсэлд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас тус тус бичүүлж авсан,

 

“Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг авсан 426 хэрэгслээс “Тавантолгой шин” ХХК-ийн 379 тээврийн хэрэгсэл, “Хероевин” ХХК-ийн 8 тээврийн хэрэгсэл, “Мөнх төгөл од” ХХК-ийн 17 тээврийн хэрэгсэл, “Банч транс” ХХК 17 тээврийн хэрэгсэл буюу 421 тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нүүр тээвэрлэн нэвтэрсэн ба нэвтрэх олгож, “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Мөнх төгөл од” ХХК, “Банч транс” ХХК-иудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1702002450216 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би он сарыг нь санахгүй байна. Манай найз Эрдэнэбаяр гаалийн бүрдүүлэлтэнд ашиглах гэсэн юм. Хятад улсын талаас бүрдүүлэлт хийхэд 5-10 хоног болдог юм гэхээр нь би найздаа туслах гээд Авто тээврийн үндэсний төвийн /ERP/ бүртгэлийн системд өөрийнхөө эрхээр шивж оруулуулсан. Эрдэнэбаяр өөрийнхөө аж ахуйн нэгжийн мэдээллийг оруулаад өг гэж гуйсан. Давхардсан тоогоор 300 орчим тээврийн хэрэгсэл оруулаад өгөөч гэж гуйсан. Би Жан тэй Жун, Ван Жин Жин нарын хэлснээр аж ахуйн нэгжийг дэмжиж өгөөгүй. Харин Эрдэнэбаярын гуйсан аж ахуйн нэгжийг нь Жан тэй Жун, Ван Жин Жин нартай уулзахаас өмнө асуудлыг шийдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 103-119 дүгээр хуудас/,

Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Виктори көүл трнас ХХК-нд 2009 оны 10 дугаар сард засварын газар хариуцсан менежерээр ажилд орж байсан. 2011 оноос эхэлж тус компанийн нягтлан бодогчоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг Виктори көүл трнас ХХК-нд манай ээжийн ахын хүүхэд Мөнхбаяр ажилд авч байсан. Дэд дарга Ш.Бтай 3-4 жилийн өмнө танилцаж байсан. Тухайн бөөгийн чиглэлээр танилцаж байсан. Тэрнээс хойш бие биеэ таньдаг болсон. 2017 оны зун шиг санагдаж байна. Би БНХАУ-н Ганц мод гэдэг газарт ажлаа хийдэг бөгөөд БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг Сан Хэ ХХК-ний захирал Ван намайг дуудаад чи Виктори көүл трнас ХХК-нд ажиллаж байгаагийн хувьд тодорхой хэмжээний хариуцлага болон ажил үүрэг хүлээх ёстой. Танай найз чинь Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Б юм байна. Чи найздаа хэлээд биржийн бичиг авах хэрэгтэй байна. Мөн БНХАУ-ын хил руу машинаа оруулж бүрдүүлэлт хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ ажлыг хийх хэрэг байгаа юм уу? Энэ ажлыг чинь тусдаа өөр хүн байдаг биз дээ гэж хэлсэн. Ван дарга болохгүй байна. Чи найздаа хэлээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш.Б дарга руу их олон удаа залгасан боловч утсаа аваагүй юм. Тэгээд дахин нэг удаа залгасан чинь Ш.Б дарга утсаа авахаар нь Ван даргын хэлснийг хэлэхэд Ш.Б болох байх, чи хүнийг явуулчихгүй юү даа гэж хэлсэн. Би Ш.Бтай утсаар ярьж байх үедээ Ван даргын өрөөнд байсан бөгөөд Ш.Бтай утсаар ярьчхаад Ш.Бы хэлсэн зүйлийг Ван даргад хэлсэн Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна. Уг нь бол Улаанбаатар хотод тээвэр хариуцсан ажилтан байдаг. БНХАУ, Монгол Улсын хоёр хилээр дамжин гарахад зөвшөөрлийн бичиг хэрэгтэй. Тухайн бичгийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог. Энэ бичиг зөвхөн хилээр гарах л зорилготой. Миний бодлоор БНХАУ-с түр хугацаагаар Монголд ажил хийж байгаад буцаж орох нөхцөлтэйгөөр орсон байх гэж бодож байна. Тэр үед нүүрс ачсан машин Монгол талд нүүрсээ буулгахаа больсон байсан. Уурхайгаас шууд БНХАУ руу гардаг болсон байсан. Тийм учраас бичиг авах шаардлага гарсан байх гэж бодож байна. Хятад талаас ачааны машинууд бичиг баримтаа бүрдүүлээд шууд орж байгаа бөгөөд Монгол талд ажлаа хийж дуусчхаад буцаад БНХАУ руу явах гэхээр бичиг баримтгүй болохоор буцаад хилээр гарч чадахгүй болохоор Авто тээврийн үндэсний төвөөс зөвшөөрөл хүссэн байх. Мөн дээрээс нь түр хугацаагаар орж ирсэн машинууд зөвшөөрөл авч чадахгүй байх гэж бодож байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Ш.Б утсаар яриад танай захирлууд Монгол Улсад ирчихсэн надтай уулзъя гэж байна гээд надад хэлсэн. Өөр ч нээх чухал юм яриагүй. Тухайн үед би Монголд амарч байсан болохоор Ш.Б надтай утсаар ярьсан. Тэгээд намайг захирлуудад чинь хотод байгаа гэдгийг хэлчих үү гэхээр хэрэггүй гэж хэлсэн. Хятад захирлуудын орчуулагчаар Өвөр Монгол Төмөрөө гэдэг хүн орчуулж өгдөг. Төмөрөө өөрөө бас Сан Хэ ХХК-ний орлогч дарга гэсэн. Ш.Б болохоор надтай утсаар ярихдаа Ван дарга чинь ирсэн байна. Мөн дээрээс нь уулзъя гэж байна гэдгийг л хэлсэн. Ш.Б, Ван хоёр хаана уулзсан, юу ярьсан талаар мэдэхгүй байна. Ш.Б, Ван хоёрын үйл явдал 2017 оны өвөл болсон асуудал. Миний бодлоор Ван дарга байх гэж боддог. Энэ компани болохоор Хятад Улсад үйл ажиллагаа явуулдаг. Мөн дээрээс нь Юан Хэ ХХК-ний доор Виктори көүл трнас ХХК байдаг юм шиг байгаа юм. Хятад хүмүүс тэгж яриад байдаг. Виктори көүл трнас ХХК-ний доор Мон-Форд ХХК, Тавантолгой шин ХХК, Херосвин ХХК, Иткар ХХК, Их Хүрэн Хар ХХК-ниуд байдаг. Дээрх компаниудыг хариуцан ажилладаг ерөнхий захирал нь Апа гэдэг нэртэй хятад хүн байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Равдандорж гэдэг хүн байдаг. Би болохоор энэ хэдэн компанийн Монгол жолооч нарын цалинг тавих үүрэгтэй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-53 дугаар хуудас/,

Гэрч Д.Одонтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тус компани нь нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа охин компаниуд болох “Тавантолгой шин”, “ИТА КАР”, “Хероесвин”, “Монпорд”, “Их хүрэн хар” ХХК-иудаар дамжуулж явуулдаг. Эзэмшигч нь Хятад хүн байдаг гэсэн. Тэр хүнтэй нь бол уулзаж байгаагүй. Монгол дахь салбарыг нь Мөнхөө гэж Өвөр Монгол хариуцаж байгаад 2017 оны сүүлээр нутаг буцсан гэсэн. Одоо гүйцэтгэх захирал Равдандорж үйл ажиллагааг нь хариуцаж байгаа. 2017 оны 06 дугаар сар хүртэл Авто тээврийн үндэсний төвтэй Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг бол миний бие хөөцөлдөж хариуцаж, материалыг нь бэлдэж байсан. “С” зөвшөөрлийн бичиг авах материалыг би бэлддэггүй. Намайг Авто тээврийн үндэсний төвтэй Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг хийсний дараа “С” зөвшөөрөл авах ажил хийгддэг. Намайг жирэмсний амралтаа авсны дараа Тээвэр хариуцсан дэд захирал Урьхан миний бүх ажлыг хариуцаж авч үлдсэн. Тиймээс намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад Урьхан, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг хариуцаж үлдсэн. Улаанбаатар хотод бараг ирээд байдаггүй. Жилдээ нэг л удаа Ван жи жун болон Жан тэ жун /Төмөрөө/ захирлууд Улаанбаатар хотод ирдэг. Өнгөрсөн онд намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад ирээд явсан үгүйг мэдэхгүй байна. Энэ хүмүүстэй уулзаагүй бараг 2 жил болж байна....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч Э.Цолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтэст 2016 оны 11 дүгээр сард ажилд орсон. Манай хэлтэс нь Улс хот хоорондын ачаа зорчигч тээвэрлэлтийн зохион байгуулах, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, хяналт тавих үүрэгтэй. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл авсан компаниудын авто машинуудыг программд шивж оруулдаг. Программд шивж оруулсан машинууд хил дээрээс зөвшөөрлийн бичиг хэвлүүлж авч болдог. Уг бичгээр хилийн шалгагч нарт үзүүлж хил гардаг. Тухайн программд автомашин шивж оруулах эрхтэй хүн Гэрэл- од бид хоёр байдаг. Буруу шивэлт хийгдсэн, гэрээ дуусгавар болсон, гэрээ түдгэлзсэн, тээврийн хэрэгсэл тухайн компаниас хасагдсан байх юм бол программаас мэдээллийг устгадаг. “Таван толгой шин” ХХК нь Замын тээврийн яамнаас тусгай зөвшөөрөл өгч байхад гэрээтэй ажиллаж байсан. Тус компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Миний бодлоор 2006 оноос хойш л нүүрс тээвэрлэж байгаа байх. Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийх “С” зөвшөөрөл авч байсан. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах 133 дугаартай гэрээ байгуулсан. Шинэчлэн гэрээ байгуулахдаа Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын нутаг дахь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрсний уурхайгаас Гашуун сухайт боомтоор БНХАУ-н Ганц мод боомтын чиглэлд, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нарийн сухайтын уурхайгаас Шивээ хүрэн-БНХАУ-н Сэхээ боомтын чиглэлд нүүрс тээвэрлэнэ гэж зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл авахдаа 594 тээврийн хэрэгслийн зөвшөөрөл авсан. Дээрх тээврийн хэрэгслийн 484 чирэгч, 471 чирүүл байсан. Чирэгч болон чиргүүлийн мэдээллийг шүүж үзэхэд 96 ширхэг нь чирэгч, 95 чиргүүл давхацсан. 484 чирэгчээс давхацсан тээврийн хэрэгслийг хасахад 384 тээврийн хэрэгсэл нь хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичиг авсан байна. Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийх “С” зөвшөөрөл аваагүй 4 /0696УНЧ, 0593УНР, 2777 УНГ, 3436 ӨМҮ/ тээврийн хэрэгсэл байна. Авто тээврийн үндэсний төвөөс чиргүүлүүдэд “С” зөвшөөрөл өгдөггүй. Харин чиргүүлийн мэдээллийг санд бүртгэж авдаг. “Таван толгой шин” ХХК-ний 484 тээврийн хэрэгсэл нь “С” зөвшөөрөл авахдаа ажлын хэсгийн хурлаар ороогүй. Албан хүсэлт өгөөгүй, өмнөх гэрээ нь дээрээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Тийм болохоор дээрх машинууд нь тухайн үед авсан “С” зөвшөөрөл хүчингүй гэж үзэх ёстой. Ер нь бол би “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Банч транс” ХХК, “Их хурд хүч” ХХК, “Мөнхтөгөл од” ХХК-ниудыг хариуцсан мэргэжилтэн. Хероесвин” ХХК нь 2006 оноос хойш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. “Тавантолгой шин” ХХК, “Хероесвин” ХХК-ниуд нь нэг эзэнтэй компаниуд юм. “Хероесвин” ХХК нь нийт 9 чирэгчийн мэдээлэл байсан. Мөн ажпын хэсгийн хурлаар оролгүй Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийх “С” зөвшөөрөл авсан байсан. 2017 онд “Их хурд хүч” ХХК нь Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээ байгуулсан. Танайхаас өгсөн албан бичгээр тус компани 132 чирэгчийн мэдээлэл ирсэн. Үүнээс 131 тээврийн хэрэгсэл нь “С” зөвшөөрлийн бичиг авсан. Харин 9093 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэл аваагүй. “Их хурд хүч” ХХК нь мөн адил ажлын хэсгийн хурлаар оролгүй “С” зөвшөөрөл авсан. Тус компани нь хэзээнээс “С” зөвшөөрөл авч байсан талаар мэдэхгүй байна. Ямар байсан тус компани нь 16 чирэгч, 16 чиргүүлийн мэдээлэл байсан. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16 тээврийн хэрэгсэл нэмүүлэх хүсэлт ирүүлсэн байсан. Гэвч ажлын хэсгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хүсэлтийг нь татгалзсан боловч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “С” зөвшөөрөл авсан байсан. Тус компани нь 2016 онд нүүрс тээвэрлэсэн байх. Тус компани нь 16 чирэгч, 16 чиргүүл мэдээллийн санд шивж оруулсан байна. Үүнээс 15 чирэг нь “С” зөвшөөрөл авсан. Харин 9869 УНМ дугаартай тээврийн хэрэгсэл аваагүй. Мөн адил ажпын хэсгийн хурлаар ороогүй. Танайхаас ирүүлсэн мэдээллийг хянаж үзэхэд давхардсан тээврийн хэрэгсэл болон чиргүүлүүдийг хасахад нийт 555 тээврийн хэрэгсэл “С” зөвшөөрөл авсан. Энэ “С” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслүүд нь “С" зөвшөөрөл авсан өдрөөс өмнө ажпын хэсгийн хурлаар ороогүй байсан. Уг нь бол аж ахуйн нэгжүүд “С” зөвшөөрөл авахдаа байгууллагын зүгээс тогтоосон материалуудыг бүрдүүлж бичиг хэрэгт албан хүсэлт өгөх ёстой. Бичиг хэрэг тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтийг удирдлагуудад танилцуулж холбогдох мэргэжилтнүүдэд дотоод сүлжээгээр тарааж өгдөг. Цогтцэций салбарын тээвэр зохицуулагчаас бичилт хийлгүүлж авдаг. “С” зөвшөөрөл нь өөрөө үнэт цаасан бөгөөд “С” зөвшөөрөл нь 99000 төгрөгийн үнэтэй. Хэрэв “С” зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд санхүү дээр өр үүсэх заавал төлсөн байх ёстой...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-66 дугаар хуудас/,

Гэрч Д.Өсөхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Систем рүү орж мэдээлэл харах эрхтэй хүн болохоор байгууллагын захирлууд, тээврийн мэргэжилтнүүд, манай хэлтсийн 3 мэргэжилтэн үзэх эрхтэй. Мэдээлэл оруулах эрхтэй мэргэжилтэн гэхээр Гэрэлт-Од, Цолмон нар иргэд, аж ахуйн нэгжүүдийн автомашины мэдээллийг шивэх эрхтэй. Харин устгах эрхтэй мэргэжилтэн нь Отгонсар гэж мэргэжилтэн байдаг. Гэрэл-Од, Цолмон нар нар мэдээллийн санд мэдээлэл оруулах эрх нь оны дараагаар мэдээлэл оруулах эрхтэй болсон. Дэд захирал Батсайхан дарга 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл бүртгэх системд буюу программаас гэрээний хугацаа дууссан тээврийн хэрэгслүүдийг устга гэж үүрэг өгсөн. Мэдээллийн санд аж ахуйн нэгжийн мэдээлэл харагддаг. Тийм болохоор тээврийн хэрэгслүүдийг гэрээ бүртгэлийн системээс хассан. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл бүртгэх системд буюу программ нь 2015 оноос эхэлж Авто тээврийн үндэсний төв ашиглаж эхэлсэн. Д.Батбаяр дарга болохоор тус хэлтсийн дарга болоод Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл бүртгэх системд буюу программын шивэх, хасах эрхтэй болсон. Дэд захирал Батсайхан 2017 оны 07 дугаар сард программ руу мэдээлэл хийх, хасах эрхтэй болсон. Наранцэцэг нь өмнө Цолмон, Гэрэл-Од нарын ажлыг хийж байсан. Отгонсар бүртгэх, устгах эрхтэй болсон. Д.Батбаяр, Батсайхан захирал хоёр хоорондоо маргалдсан сураг байсан. Батсайхан захирал тухайн үед бүх хүмүүсийн бүртгэх эрхийг хаах гэж үүрэг өгсөн. Тэгээд бүх хүмүүсийн эрхийг хаагаад Цолмон, Гэрэлт- Од хоёрт бүртгэх эрх, Отгонсард устгах эрхийг нь хийж өгсөн. Миний сонсож байснаар Батсайхан дарга гэрээ байгуулаагүй тээврийн хэрэгслийг бүртгээд байна гэж Д.Батбаяр, Отгонсар нар ярьж байсан. Өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй Молор-Эрдэнийн талаар мэдэхгүй байна. Би яагаад мэдээлэл оруулаад устгаад байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ хоёрын хүний хэн нь бүртгэх нь гол биш. Энэ хоёр хүн гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжүүдийг шууд бүртгээд байна уу гэдгийг гэрээг нь харах хэрэгтэй. Анх аж ахуйн нэгжээс тээвэрт явах автомашины мэдээллийг файлаар авчирч өгдөг байсан. Аж ахуйн нэгжээс ирсэн мэдээллийг нь мөн адил техникийн хяналтын хэлтэс рүү явуулж оношилгооны хугацаа дууссан, тэнцсэн, тэнцээгүйг гэдгийг мэдэхийн тулд 7 хоног шаардлагатай байсан. Тийм болохоор ажпын хялбаршуулахын тулд дээрх программыг би зохион бүтээсэн юм. Тэгээд сүүлд нь миний зохиосон программд ач холбогдол өгөөд эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-71 дүгээр хуудас/,

Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

Гэрч Д.Равдандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний сонссоноор Хятад талын захирал Ван, Төмөрөө нар Улаанбаатар хотод ирчихсэн Ш.Б захиралтай уулзана гээд 2017 оны намар явж байсан гэж сонсогдсон. Энэ Ван, Төмөрөө нар л ийм зүйл хийлгэсэн байх. Тус хоёр компанийн машин дээр “С” зөвшөөрөл авах ажил яригдаж байсан. Над руу бол хандаж надтай холбогдож яриагүй. Миний хувьд Урьхан захиралд манай корпорац маш олон машинтай болсон, дээр нь нийгмийн даатгал төлсөн жолоочийн тоо хүрэхгүй байгаа тул Авто тээврийн үндэсний төвөөс “С” зөвшөөрөл олгоход хэцүү ш дээ гэж хэлж байсан. Би энэ хоёр компанид “С” зөвшөөрөл авах ажилд оролцоогүй. Ван, Төмөрөө нар Монголд, Улаанбаатар хотод ирээд зөвшөөрлөө авчихсан байна гэж дараа нь сонсож байсан. Манай компанийн Урьхан даргатай хэлтэс бол бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж Авто тээврийн үндэсний төв рүү өгдөг. Хууль бус “С” зөвшөөрөл авах ажлыг бол Монгол талаас хариуцаад Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтан нартай уулзаад явах хүн байхгүй. Бид нарыг ч авч хэлэлцэхгүй. Хууль бусаар шууд “С” зөвшөөрөл гаргуулж авахаар бол тэр Хятад захирлууд болох Ван, Төмөрөө нар өөрсдөө ирчихсэн Авто тээврийн үндэсний төвөөр дарга нартай нь уулзаад явж байна гэж сонсогддог байсан. Би яг ямар ажил хийлгээд хэдэн төгрөг өгсөн талаар бол мэдэхгүй. Миний хувьд гүйцэтгэх захирал гээд нэг хүн энд байж байхад надтай шууд харьцдаггүй, надад мэдэгдэхгүйгээр Ван, Төмөрөө нар Монголд ирээд Авто тээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан нартай уулзаад явж байна гэж сонсогдож байсан. Би зүгээр ирж уулзаагүй мэдээж ажил бүтээх гэж л уулзсан байх гэж бодож байна. Хууль ёсны ажил байсан бол надтай холбогдоод надаар хийлгэх, эсвэл доод албан тушаалтан нараар хийлгэх ёстой байсан. Тэгтэл хэнд ч мэдэгдэхгүй дарга нартай ирж уулзаад явсан. Яг ямар харилцаатай талаар нь мэдэхгүй байна. Гэхдээ ажил хэргийн талаар бол холбоотой байх. Тэр болгон Авто тээврийн газраар гүйгээд байдаггүй хүмүүс энэ намар л яваад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-78 дугаар хуудас/,

Гэрч Б.Урьхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2010 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл бол миний хариуцсан хэлтэс Таван толгой шин ХХК, Монпорд ХХК, ИТА КАР ХХК, Их хүрэн хар ХХК, Хероесвин ХХК-иудын олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах ажлыг хариуцаад бичиг баримтыг нь бүрдүүлээд Авто тээврийн үндэсний төвд өгөөд бичиг баримт бүрэн бол комиссын хурлаар ороод шийдвэрлэгддэг байсан. Тэгтэл 2017 оны 05 дугаар сараас Автотээврийн үндэсний төвөөс нүүрс тээврийн хилийн ачаалал их машины урт цуваа үүссэн дахин “С” зөвшөөрөл олгохгүй гэсэн хариуг манай ажилтан Одонтуяад өгсөн. Би зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Цолмон, Отгонсар нартай утсаар холбогдож асуухад мөн л шинээр машин нэмэхгүй Гашуун сухайтын хил дээр очер дараалал ихсээд байгаа шинээр машин нэмэхгүй гэсэн шаардлагыг дарга нар тавьсан гэж надад хэлсэн. Тэгсэн Хятад талын захирлууд болох Ван жи жин, Жан тэй жун нар над руу утсаар яриад шинээр нэмэгдэж байгаа машинууддаа зөвшөөрөл ав гэдэг шаардлагыг надад тавьсан. Би хариуд нь Авто тээврийн үндэсний төвөөс шинээр машин нэмэхгүй гэсэн шаардлага тавиад байгаа гэхэд Ван жи жин захирал за тэгвэл чи орхичих, би өөрөө хөөцөлдье гэж надад хэлсэн. Ингээд Ван жи жин захирал, 2017 оны 08-09 дүгээр сарын үед Улаанбаатар хотод ирж цөөхөн хоноод явахдаа надтай уулзаад, намайг нэг хүн Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Батсайхантай уулзуулж өгнө гэсэн болох байх гээд явсан. Ингээд Ван жи жин захирал ирээд явснаас хэд хоногийн дараа Жан тэй жун /Төмөрөө/ над руу утсаар яриад Тавантолгой шин ХХК, Хероесвин ХХК-иудын 200 гаран машины замын барьцаа мөнгийг төв компаниас нэхэмжпээд төлөөдөх гэсэн. Тэгэхээр нь би “С" зөвшөөрөл нь гарсан юм уу гэхэд гарсан гэж надад хэлсэн. Ингээд би Таван толгой шин ХХК, Хероесвин ХХК-ийн нэр дээр шинээр бүртгэгдсэн 200 гаран тээврийн хэрэгслийн зам ашиглалтын барьцааны мөнгийг төв компаниас нэхэмжлэлээр авч Гашуун сухайт авто зам ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Авто тээврийн үндэсний төвөөс зөвшөөрөл олгохгүй гээд байхад Ван жи жин захирал Улаанбаатар хотод ирээд яаж зөвшөөрөл авсныг би мэдэхгүй байна. Надад хэрхэн яаж ямар аргаар “С” зөвшөөрөл авснаа хэлээгүй. Ван жи жин захирал ирээд явсны дараа л гэнэт машинуудын зөвшөөрөл гараад эхэлсэн. Яаж зөвшөөрөл авсан талаар бол мэдэхгүй байна. 2017 оны 05 дугаар сараас хойш шинээр зөвшөөрөл олгохгүй гэж бол надад болон манай ажилтан Одонтуяа нарт хэлж байсан. Тэгсэн Хятад талын дарга нар ирээд явсны дараа зөвшөөрөл гараад эхэлсэн. 2017 оны 05 дугаар сараас хойш зөвшөөрөл авах гээд байсан 450 машины материал бүрдсэн байсан. Монгол талыг хариуцсан гүйцэтгэх захирал Өвөр монгол Мөнхөө гэж залуу 2017 оны 09 дүгээр сард надаас материал нь бүрдсэн 450 машины дүгнэлтийн хуудас, жолоочийн бичиг баримтын хуулбар, машины гэрчилгээний хуулбар зэргийг авсан. Үүнээс хойш 2017 оны 10 дугаар сард дахиад 200 гаран машины дүгнэлтийн хуудас бэлдүүлж авсан. 2017 оны 11 дүгээр сард 418 машины дүгнэлтийн хуудас бэлдээдэх гэхээр нь жолоочийн бичиг баримт байхгүй тул болохгүй гээд бэлдэж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Гэрч Н.Отгонсар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Авто тээврийн үндэсний төвийн ачаа тээврийн тасгийн даргаар 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дарга болохоосоо өмнө тус тасагт ахлах мэргэжилтэн байсан. Манай тасаг Улс хоорондын ачаа тээвэр, тээвэр, Улс хоорондын ачаа тээврийг зохион байгуулах чиглэлийг хариуцан ажилладаг. Зам тээврийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тушаалаар Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээ гэх тушаалын хавсралтаар ажлын хэсэг болон бүрдүүлэх материалын жагсаалтаар бичиг баримтыг баталсан. Аж ахуйн нэгжүүд доорх баримтуудыг бүрдүүлж байж Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг авдаг. Аж ахуйн нэгжүүд С зөвшөөрөл авахдаа баримтуудаа манай байгууллагын бичиг хэргээр дамжуулдаг бөгөөд ирсэн бичиг баримтыг удирдлагууд хариуцсан хэлтэст цохож шилжүүлдэг. Дараад нь хариуцсан мэргэжилтнүүд нь ирсэн баримтыг нь шалгаж үзээд ажлын хэсгийн хуралд оруулдаг. Хурлаар “С” зөвшөөрөл өгөх, өгөхгүй гэдгийг шийддэг. Хурлаар дэмжигдсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг байсан. Энэ үйл явдал 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл “С” зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс ингэж олгодог байсан. Харин 2018 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс гэрээ байгуулахаа больсон. Аж ахуйн нэгжээс шаардаж байгаа материалууд нь бүгд Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагын дагуу материал бүрдүүлж Авто тээврийн үндэсний төвд өгдөг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-87 дугаар хуудас/,

Гэрч Р.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Жан тэй Жун, Ван Жин Жин нар нь БНХАУ-аас орж ирэхдээ Авто тээврийн үндэсний төвийн дарга нартай уулзмаар байна гэж надтай уулзсан. Жан тэй Жун, Ван Жин Жин нарыг хэзээ Монгол Улсад орж ирсэн талаар санахгүй байна. Дараа нь би тус төвийн дарга нараас Ш.Бтай ажил хэргийн холбоотой гэж хэлээд Ш.Бтай утсаар яриад манай хятад талын захирлууд уулзмаар байна гэж хэлэхэд завгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жан тэй жун буюу Төмөрөө гэгчид Ш.Бы утсыг нь өгсөн. Дараад нь юу болсон талаар мэдэхгүй байна. Тэд нар хоорондоо уулзсан эсэх талаар мэдэхгүй байна. Батсайханыг Жан тэй Жун, Ван Жин Жин нартай уулзаж байхад би хажууд нь байгаагүй. Би Батсайхантай нэг ч удаа хоол идэж байгаагүй. Харин ажилд дээр нь бол тааралдаж байсан. Ш.Б хүн андуурч байна. Би нэг удаа Ш.Бтай гадуур уулзаж байгаагүй. Тухайн үед олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл Авто тээврийн үндэсний төвөөс гарахгүй байсан. Тэгээд бас хил дээр дараалал их байсан. Тийм учраас л Жан тэй Жун, Ван Жин Жин нар Монгол Улсад орж ирсэн байх. Миний хариуцсан ажил жолооч нарыг хариуцан ажилладаг. Би энэ талаар мэдэхгүй байна. Жан тэй жун Монгол хэлээр ярьдаг, уншдаг Өвөр Монгол хүн болохоор Ш.Бтай ярилцаж уулзсан байх. Харин Ван Жин Жин Монгол хэл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-93 дугаар хуудас/,

Гэрч Б.Болдмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2012 оныд би өөрөө ганцаараа “Их хурд хүч” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2017 оноос эхэлж улс хоорондын тээврийн эрх авсан. 160 орчим машинаар нүүрс тээвэрлэдэг болсон. Тус машинуудыг дандаа зээлээр авсан. Би энэ компанийн талаар сайн мэдэхгүй. Харин мэдэж байгаа хүн нь Батзориг гэдэг хүн байдаг. Би компанийг 2018 оны 08 дугаар сард Батзоригт шилжүүлэн өгсөн... Би өөрөө бичиг баримт бүрдүүлэн тус төвд өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-96 дугаар хуудас/,

Гэрч Т.Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2016 оны 12 дугаар сараас нүүрс тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компаний нэр дээр 40 ширхэг том оворын машин байдаг. Анх 17 ширхэг машинд “С” зөвшөөрөл авахаар хүсэлт өгч байсан. “С” зөвшөөрлийн хугацаа 3 сар байдаг. Хугацаа дуусах бүрт хугацаагаа сунгах гэж хүсэлт өгч байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-99 дүгээр хуудас/,

Гэрч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Улс хоорондын ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн гэхээр хоёр улсын засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд Улс хооронд ачаа тээвэр гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын материалыг шалгаж ажлын хэсэгт танилцуулж шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагатай манай байгууллага гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулж ажилладаг байсан. Улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг Цолмонд ажлаа өгөх хүртэл хариуцан ажиллаж байсан. Манай байгууллагаас бүрдүүлэх материалын жагсаалт гэж байдаг байсан. Тэр жагсаалтын дагуу аж ахуйн нэгж холбогдох материалаа өгдөг байсан. Тус материалыг хариуцсан мэргэжилтэн шалгаж үзээд ажлын хэсгийн хурлаар оруулдаг байсан. Ажлын хэсгийн гишүүд шаардлага хангаж байна уу? Хангахгүй байна гэдгийг хуралдаж шийдвэрээ гаргадаг байсан. Ер нь бол ажлын хэсгийн хурал шийдвэр гаргадаг байсан. Шийдвэрийг үндэслэж тус аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн мэдээллийг “ЕRР” программд шивж оруулдаг байсан. Гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг санд шивж оруулдаггүй байсан. Намайг ажиллаж байхад ЕRР” программ дөнгөж ашиглаж эхэлж байсан. Намайг ажиллаж байхад нээх их мэдээлэл устгаад байдаггүй байсан. Зарим нэг тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч өөрчлөгдөх үед мэдээллийг нь устгадаг байсан. Анх тус зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас өгдөг байж байгаад чиг үүргийг нь Авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлсэн. Яам нь дээр ажлын хэсгийн хурлаар орж зөвшөөрөл авдаг байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан надад мэдээлэл оруулах, устгах эрх байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Дамдинпүрэвийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 241-243 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2014 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-н захиргаа сургалт, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажиллаж байна. Аж ахуйн нэгж манай байгууллагад хүсэлт гаргаж манай байгууллагын тодорхой хэмжээний шаардлагыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт өөрийн гэсэн кемптэй байх, ачаа тээврийн мэргэшсэн жолоочтой байх, Жипистэй байх, нүүрс тээвэрлэх уурхайтайгаа гэрээ байгуулсан байх шаардлагатай. Ер нь бол холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд заавал ажлын хэсгийн хурлаар орох ёстой. Ажлын хэсэг холбогдох материалыг шалгаж үзээд “С” зөвшөөрөл өгөх, өгөхгүй шийддэг. Нэг “С” зөвшөөрөл улирлын хугацаатай байдаг. “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/131 дугаартай Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-н захирлын тушаалаар үйлдвэрийн газрын дүрмийн 4 зүйлийн 1.11 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн үндэслэж Улс, хот хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хууль тогтоомжид заасан шаардлага болон холбогдох дүрэм, журам, стандартын хүрээнд судалж, шийдвэр гаргах ажлын хэсгийг байгуулсан. Мөн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тээвэрлэлт хариуцсан захирал Батсайханд даалгасан. “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийг газрын даргын тушаалаар баталж өгөөд байхад ажлын хэсгийн хурлын шийдвэргүй аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгөөд л байгаа нь бусдад давуу байдал олгоод байна гэж үзэж байна. Тус программд “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлын шийдвэрийг үндэслэж мэдээллийг шивж оруулдаг. Ажлын хэсгийн хурлын шийдвэрээр ямар нэгэн аж ахуйн нэгжид “С” зөвшөөрөл олгох талаар шийдвэр гарах юм бол “IRP” программд мэдээллийг нь оруулдаг. Харин “С” зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гарах юм бол “IRP” программд шивж оруулахгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 244-245 дугаар хуудас/,

Гэрч А.Дамбадаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Одоогоор манай байгууллагад дэд захирал Батсайхантай холбоотой буюу “С” зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. Мөн дэд захирал Батсайханы дээрх үйлдлээс болоод манай байгууллагад учирсан хохирол байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 247-248 дугаар хуудас/,

Гэрч О.Уянга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Авто тээврийн үндэсний төвийн үндэсний төвийн Цогтцэций салбарын нягтлан бодогчоор 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Танайхаас ирсэн албан бичгийн дагуу тус албан бичгийн хариуг өгсөн. “Таван толгой шин" ХХК, “ Их хурд хүч” ХХК, “Ванч транс" ХХК, “Мөнх төгөл од” ХХК гэх аж ахуйн нэгжүүд нь “С” зөвшөөрөл авахдаа төлбөр тооцоогоо хийсэн эсэх талаар лавлагаа гаргаж ирүүлнэ үү гэсний дагуу холбогдох бичиг баримтуудаа үзэхэд дээрх аж ахуйн нэгжүүд нь төлбөр тооцоогоо хийсэн байсан. Дээрх аж ахуйн нэгжүүд нь манай байгууллагын дансанд мөнгөө тушаасан байсан. Манай байгууллагад дээрх аж ахуйн нэгжүүдээс авах ямар ч өр авлага байхгүй. Холбогдох баримтуудыг танай байгууллагад гаргаж өгсөн байгаа. Тийм зүйл байхгүй. Эхлээд төлбөрөө төлсөн эсэх талаар шалгаж үзнэ. Хэрэв төлбөрөө хийсэн байвал “С” зөвшөөрлөө бичдэг. Тухайн аж ахуйн нэгжүүд нь төлбөрөө төлсөн эсэх талаар баримтаа аваад ирдэг. Тэгээд тэр баримтыг нь үндэслээд “С” зөвшөөрөл бичиж өгдөг. Одоогийн байдлаар манай байгууллагад дээр аж ахуйн нэгжээс шалтгаалж ямар нэгэн өр авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

Гэрч О.Оюунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Танай байгууллагаас ирүүлсэн албан тоотын дагуу манай байгууллага ажилласан. Тус суманд Өлзийханд бид хоёр Олон улсын ачаа тээврийн “С" зөвшөөрлийг бичдэг. Би болохоор 2017 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төвд ажилд орсон. Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг 2018 оны 08 дугаар сараас бичиж эхэлсэн. Тэгээд танай албан бичгийн дагуу тус компаниудыг Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авахдаа төлбөр төлсөн байна уу гэдгийг шалгаж үзэхэд манай байгууллагад Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авахдаа төлбөр төлсөн байна. Ямар ч байсан 2017 онд нэр дурдсан аж ахуйн нэгжүүд өр авлагагүй байсан. Холбогдох баримтуудыг тоотоор танайд өгсөн байгаа. Танайд өгсөн жагсаалуудыг Өлзийханд бид хоёр гаргаж өгсөн. Ер нь бол тушаахгүйгээр Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авна гэсэн ойлголт байхгүй. “С” зөвшөөрөл нь өөрөө үнэт цаас учраас манай байгууллага дээр буюу санхүүд авлага үүссэн гэсэн үг юм. Ямар ч байсан манай байгууллагад одоогийн нэр дурдсан аж ахуй нэгж өр авлага үүсээгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Өлзийханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Авлигатай тэмцэх газраас нэр дурдсан аж ахуйн нэгжүүд Олон улсын ачаа тээврийн "С” зөвшөөрөл авахдаа “С” зөвшөөрлийн үнийг төлсөн эсэх талаар тодруулахаар албан бичиг ирүүлсэн. Тус албан бичиг нь Авто тээврийн үндэсний төвийн санхүүгийн хэлтсээс дамжин ирсэн. Салбарын дарга албан бичигтэй танилцаад “С” зөвшөөрөл бичдэг хоёр тээвэр зохицуулагч болон нягтлан бодогч бид гуравт тоотын хариу өг гээд цохолт хийж өгсөн. Даргын цохолтын дагуу нэр дурдсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслүүд “С” зөвшөөрөл авахдаа төлбөр төлсөн эсэх талаар шалгаж үзсэн. О.Оюунгэрэл бид хоёр болохоор байгууллагын ашигладаг программаасаа “С" зөвшөөрөл авсан эсэх талаар шалгаж үзэхэд нэр дурдсан тээврийн хэрэгслүүд “С” зөвшөөрөл авсан байсан. Ер нь бол тушаахгүйгээр Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авна гэсэн ойлголт байхгүй. “С” зөвшөөрөл нь өөрөө үнэт цаас учраас манай байгууллага дээр буюу санхүүд авлага үүссэн гэсэн үг юм. Ямар ч байсан манай байгууллагад одоогийн нэр дурдсан аж ахуй нэгж өр авлага үүсээгүй байгаа. Манай нягтлан бодогч хагалгаанд орсон учраас мэдүүлэг өгөх боломжгүй талаар ар гэрийнхэн хэлсэн. Би болохоор 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж “С” зөвшөөрөл бичиж эхэлсэн. Өмнө тус зөвшөөрлийг өөр хүмүүс бичдэг байсан. Аж ахуйн нэгжүүд “С” зөвшөөрлийн төлбөр төлөхдөө Авто тээврийн үндэсний төвөөс хэдэн ширхэг тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгосон байна. Тэр хэмжээгээр нь төлбөрөө төлдөг. Өөрөөр хэлбэл тухайн тээрийн хэрэгслийн төлбөр гээд тус тусдаа төлбөр төлөхгүй. Тухайн аж ахуйн нэгжид 10 тээврийн хэрэгслийн “С” зөвшөөрөл гарсан бол 10 тээврийн хэрэгслийн төлбөр гээд бөөнд нь төлбөрөө тушаадаг...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 105-106 дугаар хуудас/,

Гэрч Г.Доржпалам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2009-2018 оны 06 дугаар сар хүртэл Нийслэлийн тээврийн газарт албан дарга, орлогч даргаар ажиллаж байгаад ирсэн. Улс хоорондын байнгын ачаа тээврийн хэрэгсэл болох “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгслийн чиргүүлд олгодоггүй. Яагаад олгодоггүй бэ гэхээр чиргүүл жолоочгүй учраас зөвшөөрөл олгох боломжгүй. “С” зөвшөөрлийн бичиг нь дээр тээврийн хэрэгслийн дугаар, жолоочийн овог, нэрийг нь бичдэг. Ер нь бол С зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлын шийдвэрийг Авто тээврийн үндэсний төвийн ЕRР мэдээллийн санд шивээд оруулдаг байсан. Уг шийдвэрийг Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төвийн салбарын алба хаагч нар сангаас мэдээллийг нь аваад “С” зөвшөөрлийн бичиг олгож болох аж ахуйн нэгж байна гээд зөвшөөрлийг нь өгдөг. Ер нь бол энэ талаар хамгийн сайн мэдэж байгаа хүн бол Цолмон юм. Тухайн үед ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 167-168 дугаар хуудас/,

Автотээврийн Үндэсний төвийн ERP системийн өгөгдлийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, хүснэгтүүд /1 хх-ийн 28-43 дугаар хуудас/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4-400 дугаартай “Тодорхойлолт”-д “...Шийтэр овогт Батсайхан /РД:НИ79022818/ нь тус үйлдвэрийн газрын дэд захирлаар ажилладаг болохыг тодорхойлов...” гэжээ /1 хх-ийн 122 дугаар хуудас/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн дэд захирлын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт/1 дүгээр хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/,

Олон улсын тээвэр хийх автомашины зорчих “С” төрлийн зөвшөөрлийн бичиг авахад тавигдах шаардлага /1 дүгээр хх-ийн 176-179 дүгээр хуудас/,

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /1 дүгээр хх-ийн 180-187 дугаар хуудас/,

Хураан авсан тухай тэмдэглэлд “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №13 дугаартай Ажлын хэсгийн хурлаар “Банч транс” ХХК-нийг татгалзсан тухай гэх Д.Батбаяр, К.Айдос, Н.Отгонсар, Д.Энхбат, Б.Гэрэлт-Од, Э.Цолмон нарын гарын үсэгтэй тэмдэглэлийг хуулбарлан авсан болно...” гэжээ /2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/,

Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /2 дугаар хх-ийн 18-21 дүгээр хуудас/

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 21-113 дугаар хуудас/,

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Монгол Улсын хилээр гарсан, орсон тээврийн хэрэгслүүдийн мэдээлэлтэй 30.4 мв хэмжээтэй СД-д үзлэг хийж хилээр гарсан, орсон машинуудыг хүснэгтээр харуулав...” гэжээ /2 дугаар хх-ийн 114-210 дугаар хуудас/,

 “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/1951 дугаартай албан бичгийн хавсралтаар ирсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтууд /2 дугаар хх-ийн 211-212 дугаар хуудас/,

“Автотээврийн Үндэсний төв”-ийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/539 дугаартай албан бичгийн хариу албан тоот, холбогдох баримтууд /2 дугаар хх-ийн 214-228 дугаар хуудас/, 

Авто тээврийн Үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3/946 дугаартай албан бичгийн хавсралтаар ирсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 3-83 дугаар хуудас/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/891 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүснэгтэн баримтууд, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд, гэрээнүүдийн хуулбарууд /4 дүгээр хх-ийн 221-250, 5 дугаар хх-ийн 1-38 дугаар хуудас /

Мөрдөгчийн магадалгаа /5 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/,

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Монгол Улсын хилээр гарсан, орсон тээврийн хэрэгслүүдийн мэдээлэлтэй 387 кв хэмжээтэй СД-д үзлэг хийсэн...” гэжээ /5 дугаар хх-ийн 64-135 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 137, 4 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 120 дугаар хуудас/, Автотээврийн үндэсний төвийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 123-130, 171-172 дугаар хуудас/, гэрч Т.Гэрэлтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-83 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 17 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй хийх ёсгүй үйлдлийг хийж буюу Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар ороогүй, гэрээ байгуулаагүй “Таван толгой шин” ХХК-ийн 382 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 198 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 374 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, “Хероесвин” ХХК-ийн 9 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, “Мөнх төгөл од” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 3 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орсон боловч “С” зөвшөөрөл авах зөвшөөрөл өгөөгүй “Банч транс” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг буюу нийт 4 компанийн 1032 тээврийн хэрэгслийн мэдээллийг тус тус “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н “ЕRР” цахим мэдээллийн системд өөрийн удирдлага доор ажилладаг мэргэжилтэн Э.Цолмонд өөрийн эрхийг өгч Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдсэн мэтээр бүртгүүлсэн,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “ЕRР” цахим мэдээллийн системд бүртгэсэн тээврийн хэрэгслүүдээс “Таван толгой шин” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 387 тээврийн хэрэгслийн, “Хероесвин” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 9 тээврийн хэрэгслийн, “Мөнх төгөл од” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 тээврийн хэрэгслийн, “Банч транс” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16 тээврийн хэрэгслийн буюу нийт 426 тээврийн хэрэгсэлд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас тус тус бичүүлж авсан,

 

“Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг авсан 426 хэрэгслээс “Тавантолгой шин” ХХК-ийн 379 тээврийн хэрэгсэл, “Хероесвин” ХХК-ийн 8 тээврийн хэрэгсэл, “Мөнх төгөл од” ХХК-ийн 17 тээврийн хэрэгсэл, “Банч транс” ХХК-ийн 17 тээврийн хэрэгсэл буюу 421 тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нүүрс тээвэрлэн нэвтэрсэн ба нэвтрэх зөвшөөрөл олгож, “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Мөнх төгөл од” ХХК, “Банч транс” ХХК-иудад давуу байдал бий болгосон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

 

- Гэрч Б.Эрдэнэбаяр, Д.Одонтуяа, Э.Цолмон, Д.Өсөхбаяр, Д.Равдандорж, Б.Урьхан, Н.Отгонсар, Р.Мөнхбаяр, Т.Амар, Ж.Дамдинпүрэв, Б.Наранцэцэг, Д.Энхбат, О.Уянга, О.Оюунгэрэл, Ц.Өлзийханд, Г.Доржпалам нарын мэдүүлэг,

 

- Автотээврийн Үндэсний төвийн ERP системийн өгөгдлийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, хүснэгтүүд,

 

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4-400 дугаартай албан бичиг /Ш.Бы ажлыг тодорхойлсон тухай/,

 

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн дэд захирлын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт /Ш.Бы хийх ажлын чиг үүрэг, зорилго, зорилтыг тодорхойлсон тухай/

 

-  Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэлүүд,

-  “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/1951 дугаартай албан бичгийн хавсралтаар ирсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтууд,

- Авто тээврийн Үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3/946 дугаартай албан бичгийн хавсралтаар ирсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,

- “Автотээврийн Үндэсний төв”-ийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/539 дугаартай албан бичгийн хариу албан тоот, хавсаргасан баримтууд,

- Авто тээврийн Үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3/946 дугаартай албан бичгийн хавсралтаар ирсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,

- “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/891 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүснэгтэн баримтууд, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд, гэрээнүүдийн хуулбарууд,

- Үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /Монгол Улсын хилээр гарсан, орсон тээврийн хэрэгслүүдийн мэдээллийн талаар/,

 

- Мөрдөгчийн магадалгаа,

 

- Шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Мөнх төгөл од” ХХК, “Банч транс” ХХК-уудын нийт 1032 тээврийн хэрэгслүүдийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ /Төрийн өмчит үйлдвэрийн газар/-ын “ERP” цахим мэдээллийн системд бүртгүүлснээс тус 4 компанийн нийт 426 тээврийн хэрэгсэлд Олон улсын тээвэр хийх автомашины зорчих “С” төрлийн зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн харъяа Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас бичүүлэн авч, мөн улмаар тухайн 4 компанийн нийт 421 тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нүүрс тээвэрлэн нэвтэрсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байна. 

 

 Хэрэг  явдал болсон цаг хугацаанд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Олон улсын тээвэр хийх автомашины зорчих “С” төрлийн зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд олгохдоо зохих шаардлагуудыг үндэслэн ирүүлсэн материалыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн шийдвэр гаргасан  тохиолдолд тухайн аж ахуй нэгжтэй “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах” тухай гэрээ байгуулж, Авто тээврийн үндэсний төвийн ЕRР мэдээллийн санд оруулан бүртгэж улмаар харъяа аймгийн Авто тээврийн үндэсний төвийн салбарын алба хаагч нар санд бүртгэсэн мэдээллийг үндэслэн аж ахуйн нэгжүүдэд үнэт цаас хэлбэрээр гарган өгснөөр 90 хоногийн хугацаанд зөвшөөрөл хүчинтэй байдаг байна.

 

Аж ахуй нэгжүүдээс хугацаа дуусч дахин тухайн зөвшөөрлийг авах тохиолдолд хүсэлтээ “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т гаргаснаар ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн шийдвэр гаргасан тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж тухайн зөвшөөрлийг авах байдлаар үйл ажиллагаа явагддаг.

 

“Авто тээврийн үндэсний төв”-ийн ЕRР мэдээллийн санд тухайн аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээр Олон улсын тээвэр хийх автомашины зорчих “С” төрлийн зөвшөөрөл олгогдож, тухайн аж ахуй нэгжүүд Монгол Улсын хил нэвтэрч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн байна.

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дээр дурьдсан үйл ажиллагааг нийтэд илэрхий тодорхой Монгол Улсын Зам тээврийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №11 дугаартай “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээний тухай” тушаалаар тодорхой зохицуулжээ.

 

Тухайлбал тус тушаалын 1-т Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг нэгдүгээр хавсралтаар, шаардлагыг хангасан тээвэрлэгчид олгох эрхийн гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар, 2-т Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх эрх авахаар хүсэлт гаргасан аж ахуй нэгж, байгууллагын материалыг хүлээн авч дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тусгажээ.

 

Энэ журам хэрэг явдал болсон цаг хугацаанд хэрэгжиж байсан гэж үзэхээр байна.

 

2016 он хүртэл Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн талаарх үйл ажиллагаа нь Зам тээврийн яаманд харьяалагдаж байсан ба үүнээс хойш “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т харъяалагдсантай холбоотойгоор ажлын хэсгийг шинэчлэн байгуулж дээрх тушаалын дагуу явагдаж байсан гэж үзэхээр байна.   

 

Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар ажиллах ажлын хүрээнд Автотээврийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулах, улс хоорондын ачаа, зорчигч тээвэр, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр болон шуудан, жуулчин тээврийн үйлчилгээний хяналт, хөдөлгөөний шуурхай зохицуулалт, салбарын хөрөнгө оруулалт, төлөвлөлт, маркетингийг хэрэгжүүлэхээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод тусгасан байна.

 

Түүний эрхэлж байсан энэхүү албан тушаал нь Автотээврийн үйл ажиллагаатай холбоотой хэм хэмжээг боловсронгуй болгох, захирамжлан зохион байгуулах, хяналт тавих гэх зэргээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах байтал Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийг удирдан ажиллаж буй албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаа ашиглан зохих журмыг хангаагүй аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслүүдийг Авто тээврийн үндэсний төвийн ЕRР мэдээллийн санд бүртгүүлэн өөрийн ажил үүрэгт хамааралгүй ажлыг дур мэдэн хийснээр бусдад давуу байдал бий болох нөхцлийг үүсгэжээ.

 

Ийнхүү Авто тээврийн үндэсний төвийн ЕRР мэдээллийн санд “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Мөнх төгөл од” ХХК, “Банч транс” ХХК-уудын хүсэлтийн дагуу нийт 1032 тээврийн хэрэгслүүдийг бүртгэгдсэнээр тухайн аж ахуй нэгжүүдийн хувьд Монгол Улсын хилээр нэвтэрч үйл ажиллагаагаа саадгүй хэвийн явуулах нөхцөл бүрдсэнээр тэдгээрт эдийн засгийн ашигтай давуу байдал бий болгожээ.

 

Шүүгдэгч Ш.Б нь ажил, албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй буюу өөрт нь олгогдоогүй, хийх ёсгүй ажлыг гүйцэтгэн эрхэлж буй ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээр дурьсан нэр бүхий 4 аж ахуй нэгжид давуу байдал бий болгосноор “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл алдагдаж, улмаар төрийн үйл ажиллагаа тэгш, шударга, хууль ёсны байх гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаж байгууллага, иргэдийн эрх ашгийн эсрэг хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай, санаатай үйлдэл гэж шүүх дүгнэлээ.    

 

Иймээс шүүхийн дээрх дүгнэлтэд үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “…хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүх шүүгдэгч Ш.Быг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ш.Быг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ш.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /урьд ял шийтгэгдэж байгаагүй, бага насны олон хүүхэдтэй/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зан байдал дутагдалтай байсан гэж дүгнэхээр байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш.Бг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН