Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

 

 

 

2021         01          19                                   2021/ШЦТ/52    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Г.Сундуй, 

Шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Шүүгдэгч Д.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн 1909017810003 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Арвай капитал” ХХК-ний Ай лофт бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 10 дугаар гудамж 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арвай капитал” ХХК-ийн “Ай лофт” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 1, ганцаараа, Архангай аймгийн Цэнхэр сум 1 дүгээр баг Орхонд оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар байрны 79 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.А, Г.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Т.Төрболдыг зодож биед нь “тархи доргилт, нүүр хүзүүний мөчдөөр цус хуралт гэмтэл”, хохирогч Т.Дөлгөөнийг зодож биед нь “тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, зүүн чихний омогны урд хэсэг, шилэн хүзүү, зүүн бөөрний түвшинд цус хуралт, доод уруулын салстад шарх” гэмтлийг тус тус үүсгэж тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-нд шилжих шөнө 01-02 цагийн үед “Ай лофт” бааранд манай зөөгч Маргад ирээд “дотор хүмүүс муудалцаад зөөгч нар руу дайраад, шот хагалаад торгуулиа төлөхгүй байна” гээд дуудсан. Тэнд байсан 3 хүнийг үүд рүү гаргасан. Гадаа гарсны дараа өөр тэнд явж байсан хүмүүстэй муудалцаад зодолдоод байсан. Тухайн болсон явдлыг тэнд байсан таксины жолооч харж байсан. Би ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас эрүүл байсан. Цагдаа нарыг дуудаад ирэхэд нь үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нарын биед халдсан. Хохирогч нар согтолт өндөртэй байсан. Гар хүрч, цохисон зүйл байхгүй. Үүдэнд гарч ирээд намайг алгадаад, шанаа руу цохиод байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...Би “Ай лофт” бааранд би зохион байгуулагч хийдэг байсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугар сарын 02-нд шилжих шөнө 01-02 цагийн үед дотор 3 залуу агсан тавиад байна. Хамгаалагч нар очсон. Очоод салгая гэхээр нь яваад очиход Алтангэрэлтэй муудалцаж байсан. Юу болсон талаар асуухад шот хагалсан гэхээр нь торгуулаа төлчих, Алтангэрэлийг бариад авсан. Тэгээд энд агсан тавьж болохгүй, манай эд хөрөнгөд халдаж байна гээд Мөнхбат, Бат-Эрдэнэ гэх хоёр хамгаалагч мөн Алтангэрэл бид дөрөв нийлээд гаргасан. Гэтэл Төрболд, Дөлгөөн хоёр манай ажилчдад агсан тавиад байсан. Та нарыг ална манай ээж өмгөөлөгч билүү прокурор гээд та нарыг хална гээд орилоод, хаалга өшиглөөд байсан. Та нар ингэж болохгүй соёлтой бай гэхэд давхар зодоон гараад байхаар нь цагдаа дуудаж өгсөн. Манай хаалгыг эвдчихлээ, зодоон хийгээд байна гээд өгсөн. Алтангэрэл шанаандаа цохиулсан хавдсан байна. Гомдолтой гээд маргааш нь цагдаагийн байгууллага дээр гомдол гаргахаар очсон. Нүүр ам руу нь өшиглөж, цохисон зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909017810003 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Дөлгөөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Ширээн дээр сууж байхад “тооцоогоо хий” гээд илүү мөнгө нэхээд маргаан үүссэн. Бид гурвыг 3 хамгаалагч нэг нэгээр нь аваад гарсан. Хаалгаар гараад ахыг хамгаалагч нар нь зодохоор нь би салгах гэж очоод “болиоч” гэхэд бор царайтай залуу миний нүүр рүү гараараа цохиж унагаахад Алтангэрэл гэх 180 см орчим өндөртэй биеэрхүү залуу гараараа нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхэд нэг хүн салгаад аваад явсан. Би босоод харахад ах Төрболдыг Алтангэрэл гэх хамгаалагч газар савж унагаахад хойшоо хэд алхаад ах өндийж ирэхэд Алтангэрэл нь эргэж ирээд ахын нүүр рүү өшиглөсөн. Намайг босоход бор царайтай залуу миний хөл рүү өшиглөөд түлхэж унагаагаад нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Энэ хоёр хамгаалагч миний биед гэмтэл учруулсан. Хэн нь хэлснийг мэдэхгүй “нүүрэнд нь битгий цохиорой” гээд байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 103, 167 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Төрболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Бидний сууж байсан ширээн дээр зөөгч нь ирээд тооцоо нэхээд маргаан эхлүүлсэн. Тэр үед хамгаалагч нар нь ирсэн. Урт эрүүтэй, шар царайтай том биетэй хамгаалагч залуу миний 2 гарыг ард гаргаад аваад гарсан. Гараад миний гарыг тавихаар нь толгойгоо дээш болгоод харахад хамгаалагч залуу миний зүүн шанаа руу гараараа цохиж намайг газар унагаасан. Унасан байхад дээрээс дэвсээд цээж хэсэгт өшиглөөд байсан. Намайг босоод ирэхэд нүүрний зүүн тал руу гараараа нэг нэг удаа цохиход би дахиад газар унасан. “Нүүр рүү нь битгий их цохь, унагааж байгаад биеийг нь өшиглө дэвс” гэж хэлэхэд нөгөө 3 дахиад намайг дэвсээд байсан. Би босоод урд зам руу гарч ирэхэд миний зүүн эрүү рүү гараараа цохиход би дахиад газар унангуут дахиад миний нүүр рүү гараараа цохисон. Хажуу талаас Дөлгөөн “болиоч” гэсэн чинь Дөлгөөнийг урт эрүүтэй залуу шанаа руу гараараа цохиод Дөлгөөн ухрахад баруун ар талд нь зогсож байсан хамгаалагч Дөлгөөнийг биеэр нь тэврээд хойш нь савж унагаахад урт эрүүтэй залуу болон тэр залуу хоёр толгой руу нь өшиглөөд байсан. Урт эрүүтэй залуу ирээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход  нөгөө хэд нь ирээд одоо хангалттай гэж хэлээд болиулсан. Бид гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 166 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...тухайн өдөр тэр хоёр залуу тооцооноос болоод зөөгчтэй маргалдаад заамдаж аваад байхаар нь би нэг залууг нь аваад гарсан. Нөгөө залууг Баярхүү, Маргад-Эрдэнэ хоёр авч гарсан. Гадаа гараад тэр хоёрын өндөр нь намайг цохиж аваад бид нарыг хэл амаар доромжлоод агсраад байсан. Тэгээд тэнд байсан хоёр залуутай бас барьцалдаж аваад байсан. Би тэр хоёрыг зодож цохисон асуудал байхгүй. Тэр хоёр хаалга өшиглөөд байхаар нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-117, 168-169 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэр өдөр тэр хоёр залуу тооцооноос болоод зөөгчтэй маргалдаад заамдаж аваад байхаар нь Маргад-Эрдэнэ бид хоёр нэг залууг нь аваад гарсан. Нөгөө залууг Алтангэрэл авч гарсан. Гадаа гараад тэр хоёр бид нарыг хэл амаар доромжлоод агсраад байсан. Тэнд байсан 2 залуутай бас барьцалдаж аваад байсан. Би тэр хоёрыг зодож цохисон асуудал байхгүй. Тэр хоёр хаалга өшиглөөд байхаар нь Алтангэрэл цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Маргад-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 3 залуу надаар үйлчлүүлсэн. Тооцоогоо хийхгүй удаад байхаар нь очоод тооцоогоо авсан. Би ард бүжгийн талбай руу хараад зогсож байхад хар малгайтай савхитай залуу нь вискиний шот ширээн дээрээс унагачихаар нь би шотны торгуулиа аваад гээд очсон. Тийм юм байдаггүй гээд над руу муухай үг хэлсэн. Би “торгуулиа авъя” гээд зогсоод байсан чинь бордуу цамцтай залуу нь гарын шуугаараа миний түнх рүү 1 удаа түлхэхээр нь би зөрүүлээд гарыг нь түлхсэн чинь алгадсан. Би хамгаалагч Алтангэрэлийг дуудсан. Алтангэрэл ирээд “торгуулиа өг” гэсэн чинь бордуу цамцтай залуу нь түлхээд заамдаад байсан. Алтангэрэл дайраад байсан залууг аваад гарсан. Би хагарсан шотоо цэвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч О.Мөнхбатын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 03 цагийн үед гадаа тамхи татаад зогсож байхад хамгаалагч Алтангэрэл дотроос 2 залуу аваад гарч ирсэн. Гарч ирэхдээ “энэ 2 залуу тооцоогоо хийхгүй, зөөгч Маргадыг заамдсан зогсож байхаар нь Алтангэрэл очсон чинь эрүү рүү нь цохисон” гэж хэлсэн. Би тэр 2 залууд “тооцоогоо хий” гэж хэлсэн чинь эрээн цамцтай нь “танай баарыг хаалга, хэний хүүхэд гэдгийг мэдэх үү” гэхээр нь би “чи хэний хүүхэд байх нь хамаагүй, тооцоогоо хий” гэж хэлсэн. Тэр үед бараан өнгийн цамцтай залуу нь баар руу орсон. Тооцоогоо хийсэн байх. Нөгөө биеэрхүү 2 залуу гадаа үйлчлүүлсэн хүмүүстэй муудалцаад байхаар нь Алтангэрэл бид хоёр салгасан. Тэгсэн чинь нэг залуу нь Алтангэрэл рүү дайраад “чи намайг зодлоо” гээд алгадсан. Нөгөө залуучууд нь яваад өгсөн. Тэр 2 залуу баарны хаалга өшиглөөд саваад “орно” гээд байхаар нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5438 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Дөлгөөний биед тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, зүүн чихний омогны урд хэсэг, шилэн хүзүү, зүүн бөөрний түвшинд цус хуралт, доод уруулын салстад шарх тогтоогдлоо. 
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5437 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Төрболдын биед тархи доргилт, нүүр хүзүү мөчдөөр цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2964 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2861 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь countryroad брендийн өмд, манго брендийн давуун цамц болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 278.961 /хоёр зуун далан найман мянга есөн зуун жаран нэг/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Zara брэндийн даавуун цамц болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 34.148 /гучин дөрвөн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 195 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.А, Г.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “төлбөр тооцоо хийсэнгүй маргаан үүсгэлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Т.Төрболдыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүр хүзүү мөчдөөр цус хуралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Т.Дөлгөөнийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, зүүн чихний омогны урд хэсэг, шилэн хүзүү, зүүн бөөрний түвшинд цус хуралт, доод уруулын салстад шархгэмтэл бүхий хөнгөн хохирол тус бүрт санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Т.Дөлгөөний “…Хаалгаар гараад ахыг хамгаалагч нар нь зодохоор нь би салгах гэж очоод “болиоч” гэхэд бор царайтай залуу миний нүүр рүү гараараа цохиж унагаахад Алтангэрэл гэх 180 см орчим өндөртэй биеэрхүү залуу гараараа нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхэд нэг хүн салгаад аваад явсан. Би босоод харахад ах Төрболдыг Алтангэрэл гэх хамгаалагч газар савж унагаахад хойшоо хэд алхаад ах өндийж ирэхэд Алтангэрэл нь эргэж ирээд ахын нүүр рүү өшиглөсөн. Намайг босоход бор царайтай залуу миний хөл рүү өшиглөөд түлхэж унагаагаад нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Энэ хоёр хамгаалагч миний биед гэмтэл учруулсан…” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Т.Төрболдын “…хамгаалагч залуу миний зүүн шанаа руу гараараа цохиж намайг газар унагаасан. Унасан байхад дээрээс дэвсээд цээж хэсэгт өшиглөөд байсан. Намайг босоод ирэхэд нүүрний зүүн тал руу гараараа нэг нэг удаа цохиход би дахиад газар унасан… дахиад газар унангуут дахиад миний нүүр рүү гараараа цохисон. Хажуу талаас Дөлгөөн “болиоч” гэсэн чинь Дөлгөөнийг урт эрүүтэй залуу шанаа руу гараараа цохиод Дөлгөөн ухрахад баруун ар талд нь зогсож байсан хамгаалагч Дөлгөөнийг биеэр нь тэврээд хойш нь савж унагаахад урт эрүүтэй залуу болон тэр залуу хоёр толгой руу нь өшиглөөд байсан…” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Маргад-Эрдэнийн “…Алтангэрэл дайраад байсан залууг аваад гарсан…” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5438 дугаартай дүгнэлт / Т.Дөлгөөний биед хөнгөн гэмтэл учирсан талаар/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5438 дугаартай дүгнэлт / Т.Төрболдын биед хөнгөн гэмтэл учирсан талаар/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

 

Шүүгдэгч нараас хохирогч нартай маргаан болсон талаар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” барны хамгаалагч ажилтай Д.А, зохион байгуулагч ажилтай Г.Б нар нь тус бараар үйлчлүүлж байсан иргэн Т.Дөлгөөн, Т.Төрболд нарт “төлбөр тооцоогоо хийсэнгүй, биеэ зөв авч явсангүй” гэсэн шалтгаанаар тэдгээрийн биеийн олон хэсэг газарт хүч хэрэглэн эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хохирогч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой мэдүүлсэн, таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгчийг таньж олсоноос гадна хохирогч нар гэмтсэний дараа шүүх эмнэлэгт даруй үзүүлж, шинжээчийн дүгнэлтээр тэдгээрийн биеийн олон хэсэг газарт гэмтэлтэй, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Б, Д.А нарыг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас “…Т.Дөлгөөн, Т.Төрболд нарыг цохиж зодсон зүйл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

 

Учир нь шүүгдэгч нар нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх нь тэдгээрт хуулиар олгогдсон эрх ба тэдгээрийн мэдүүлгүүд нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгч нарыг энэ гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэсэн тул саналыг хүлээн аваагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Төрболдоос “...Нийт эмчилгээний төлбөр 1.066.660 төгрөг гарсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна....” гэсэн хүсэлтээ илэрхийлж, гэм хорын хохиролтой холбоотой 1.021.661 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Б, Д.А нараас 1.021.661 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Т.Төрболдод, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Дөлгөөнөөс “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс баримтаар тогтоогдсон 34.148 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Д.А нараас хувь тэнцүлэн гаргуулж хохирогч Т.Дөлгөөнд тус тус олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Б, Д.А нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Б, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч Г.Б, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Б, Д.А нарыг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.А нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.А нарт оногдуулсан торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Б, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгээс 527.905 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Төрболдод 510.831 төгрөгийг, хохирогч Т.Дөлгөөнд 17.074 төгрөгийг, шүүгдэгч Д.Аээс 527.905 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Төрболдод 510.831 төгрөгийг, хохирогч Т.Дөлгөөнд 17.074 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН