Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

 

 

 

 

2021          01          21                                   2021/ШЦТ/58    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Од, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа,   

Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Баттамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 20030037602096 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Сэнтрал Экспресс Си Би Эс” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 2 дугаар гудамж 34 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 55 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар замд “Тоёота Аурис” маркийн 09-17 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 7 настай Ч.Аминхишигийг мөргөн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өмгөөлөгчийн хөлс нэхэмжилж байгаа. Нийт 36.000.000 төгрөг нэхэмжилснээс одоо үлдэгдэл 14.500.000 төгрөгийн хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Эрүүгийн 2003003760296 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 30 минутын үед би өөрийнхөө Тоёота Аурис 09-17 УБМ улсын дугаартай автомашинаа бариад “Шангрилла” худалдааны төвөөс гараад 3-р сургуулийн зүүн хойд талд байрлах “Вива центер” төв рүү хамт ажилладаг хүмүүсээ хүргэж өгөхөөр явж байсан. Авто-Плаза төвийн хойд талд байх 44-р байрны хойд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа зүүн гар талыг бариад 10/20 км/цагийн хурдтай явж байтал гэнэт замын баруун гар талын зогсож байсан машин дундаас ягаан хувцастай хүүхэд миний машины урдуур зам хөндлөн гарч ирэнгүүт би тормозоо гишгээд хүүхдээс зайлуулж рулээ зүүн гар тийш дараад хүүхдийг мөргөнгүүт цааш явж замын хашлага даваад контейнер мөргөж зогссон. Би машинаасаа гүйж гараад хартал миний машинд мөргүүлсэн хүүхэд замын голд хэвтэж байхаар нь би хүүхэд дээр очоод хүүхдийг тэврээд толгойг нь өндийлгөсөн. Талийгаачийн ар гэрийнхэнээс уучлал гуйж гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-198 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 56 минутын үед би нөхөртэйгээ Ганданд байх засварын газар орж өөрийнхөө машины тос маслыг солиулчихаад буцаад гэр рүүгээ явсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын уулзвар дээр баруун гар тийш эргэж байтал манай нөхрийн гар утас дуугараад манай аав Жаргалсайхан манай Аминхишигийг сая байрныхаа гадаа машинд дайруулчихлаа” гэж хэлээд утсаа тасалсан. Би шууд 4-р дэлгүүрийн арын уулзвар дээр машинаасаа буугаад байр руугаа гүйгээд очтол манай хүүхдийг түргэн тусламжийн машинаар Гэмтлийн эмнэлэг аваад явчихсан. Манай хүүхдийг мөргөсөн гээд цагаан өнгийн суудлын машин замын хажуу талын контейнер мөргөчихсөн зогсож байсан. Осол болсон газар нь машины жолооч гээд нэг эмэгтэй зогсож байсан. Манай нөхөр замаасаа машинтайгаа Гэмтлийн эмнэлэг явсан. Дараа нь манай талийгаач охин Гэмтлийн эмнэлэг дээр 1 цаг 30 минут орчим байж байгаад нас барсан. Охиноо гэнэт ийм осолоор маш харамсалтайгаар алдсанд үгээр хэлж барамгүй маш их харамсаж байна. Бидний зүгээс манай охины амь насыг хохироосон жолооч эмэгтэйд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хамт ажилладаг Золзаяагийн Тоёота-Аурис маркийн 09-17 УБМ улсын дугаартай автомашинтай ажлаасаа гараад Вива центер орохоор явж байсан. Машиныг Золзаяа жолоодож явсан. Харин би машины арын суудал дээр хамт ажилладаг 2 хүний хамт сууж явсан. Манай машин Автоплаза төвийн хойд талын 44-р байрны хойд талын замаар зүүнээсээ баруун тийш зүгтэй замынхаа гар талыг бариад явж байтал замын баруун талд зогсож байсан 2 машины дундуур гэнэт нэг ягаан хувцастай хүүхэд зам хөндлөн гүйж гарч ирэнгүүт Золзаяа рулээ зүүн гар тийш дараад тормозоо гишгэтэл хүүхэд машины урд талд мөргөгдөж манай машин хашлага маргаад хашлаганы цаана байсан контейнер мөргөж зогссон. Машинаас Золзаяа түрүүлж гарсан. Бид нар машинаас гараад хартал Золзаяа зам дээр хэвтэж байсан хүүхдийн толгойг өргөөд сууж байгаа харагдсан. Би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламжид надтай хамт ажилладаг Чулуунцэцэг гэдэг эмэгтэй дуудлагад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Гэрч Б.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хамт ажилладаг Золзаяагийн Тоёота-Аурис маркийн 09-17 УБМ улсын дугаартай автомашинтай ажлаасаа гараад “Вива центер” төв орохоор явж байсан. Машиныг Золзаяа жолоодож явсан. Харин би машины арын суудал дээр сууж явсан. Манай машин “Автоплаза” төвийн хойд талын замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа зүүн гар талыг бариад явж байтал гэнэт машин барьж явсан Золзаяа “ээжээ хүүхэд” гэж хашгирангуутаа машиныхаа рулыг зүүн тийш дарсан. Замын хажууд байсан контейнер мөргөсөн. Миний нүдний буланд ягаан хувцастай хүүхэд машины урдуур орох шиг л харагдсан. Золзаяа машинаасаа түрүүлж гарсан. Дараа нь бид нар машинаас гараад хартал Золзаяа зам дээр хэвтэж байсан хүүхдийн толгойг өргөөд сууж байгаа харагдсан. Дараа нь надтай хамт машинд явж байсан манай ажлын газрын хүмүүс түргэн тусламж болон цагдаад дуудлага өгч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч М.Номуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хамт ажилладаг Золзаяагийн Тоёота-Аурис маркийн 09-17 УБМ улсын дугаартай автомашинтай ажлаасаа гараад “Вива центер” төв орохоор явж байсан. Машиныг Золзаяа жолоодож явсан. Би машины арын суудал дээр 2 хүний хамт сууж явсан. Манай машин Авто-Плаза төвийн хойд талын замаар хойноосоо урагшаа чигтэй явж байгаад замынхаа зүүн гар талыг бариад явж байтал гэнэт машин барьж явсан Золзаяа эгч “ээжээ хүүхэд” гэж хашгирангуут би урагшаа зам руу хартал машины урд хүүхдийн толгой харагдангуут Золоо эгч рулээ зүүн тийш дарсан. Тэгээд замын хажууд байсан контейнер машиныхаа урд талаар мөргөж зогссон. Золзаяа эгч машинаасаа түрүүлж гарсан. Дараа нь бид нар машинаас гараад хартал Золзаяа эгч зам дээр хэвтэж байсан хүүхэд рүү гүйж явсан. Би зам дээр хэвтэж байсан хүүхдийг харангуутаа айсандаа буруу тийшээ харсан. Дараад нь надтай хамт машинд явж байсан манай ажлын газрын хүмүүс түргэж тусламж болон цагдаад дуудлага өгч байгаа харагдсан. Би ч бас өөрөө утсаар түргэн тусламж руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Гэрч Б.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хамт ажилладаг Золзаяагийн Тоёота-Аурис маркийн 09-17 УБМ улсын дугаартай автомашинтай ажлаасаа гараад Вива центер төв орохоор явж байсан. Машиныг Золзаяа жолоодож явсан. Манай машин Авто-Плаза төвийн хойд талын замаар хойноосоо урагшаа чигтэй явж байгаад баруун гар тийш эргээд байран дундах нарийн замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа зүүн гар талыг бариад явж байтал гэнэт замын баруун гар талд зогсож байсан 2 машины дундаас ягаан хувцастай хүүхэд нүдний урдуур үзэгдэх шиг болтол Золзаяа “ээжээ хүүхэд” гэж хашгирангуутаа машиныхаа рулээ зүүн тийш дараад замын хашлага мөргөж давж гараад замын хажууд байсан контейнер машиныхаа урд талаар мөргөж зогссон. Золзаяа машинаасаа түрүүлж гарсан. Бид нар машинаас гараад хартал Золзаяа зам дээр хэвтэж байсан хүүхэд рүү гүйж яваа харагдсан. Золзаяа “хурдан түргэн тусламж дуудаарай” гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Гэрч С.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутын үед би охин Болор-Одын гэрт ирсэн. Намайг ирсний дараахан талийгаачийн аав ээж гадагшаа ажил хөөцөлдөнө гээд хамтдаа гарсан. Би гэрт нь хоёр хүүхдийн хамт ирсэн. Гэрт байж байгаад орой 18 цагийн үед салхилуулах гээд хоёр хүүхдээ дагуулаад гадагшаа гарсан. Би гадагшаа гарахдаа бага хүүхдээ тэврээд гарсан. Гэрээсээ гараад талийгаач хүүхэд тоглоомын талбай дээр тоглох гээд явсан. Би охиныхоо бага хүүхдийг тэврээд сүүдрэвчин доор орж суусан. Манай байрны урд талын замаар машин хөгжмөө чанга тавиад хурдтай явж өнгөрөх үед би тэр машиныг яасан хамаагүй хурдтай явж байна даа гэж бодоод дуусаж байтал тэр зам дээр түс тас гэсэн чанга дуу гарсан. Тэгж байтал 10 орчим насны нэг охин ирээд “өвөө танай охин чинь машинд дайруулчихлаа” гэж хэлэхээр нь сандарсандаа тэвэрч байсан хүүхдээ сандал дээр орхиод зам руу гүйж очтол манай талийгаач зам дээр хэвтэж байсан. Би хүүхдээ өмсөж явсан хувцасаар нь л таньсан. Манай хүүхдийг дайрсан гээд нэг эмэгтэй жолооч зогсож байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд талийгаачийг авч явсан. Тэгээд манай охин гэмтлийн эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэж байгаад барагцаалбал цагийн дараа нас барсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Сүлд-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...би осол гарсан замын хойд талын тоглоомын талбай дээр байх сандал дээр сууж байх үед тэр тоглоомын талбай дээр хэдэн хүүхдүүд хөөцөлдөж тоглож байгаа харагдсан. Тоглож байсан эмэгтэй хүүхдүүдийн нэг ягаан хувцастай хүүхэд тоглоомын талбайн урд талын замд зогсож байсан машины урдуур гэнэт зам руу ганцаараа гүйж орж байгаа харагдсан. Тэгтэл зам дээр “түс тас” гэсэн дуу чимээ гарахаар нь би сандал дээрээсээ босоод зам руу хартал нэг цагаан суудлын машин замын цаад талын контейнер урд талаараа мөргөсөн байдалтай зогсож байсан. Харин хүүхэд зам дээр хэвтэж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-114 дүгээр хуудас/,

ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1 дүгээр хх-ийн 7 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 8-13 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Arius маркийн 09-17 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Бат-Өлзий овогтой Золзаяаг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...1 ширхэг цагаан өнгийн дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,

Ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хх-ийн 202-205 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1360 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Талийгаач Ч.Аминхишигийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, 2 уушигны тархмал няцрал, цээжний хөндийд цус, хий хуралдалт, уушигны авчийлт, цээжний хөндийд гуурс тавьсан байдал, зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, зүүн дунд чөмөгний ясны далд хугарал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, духны хуйхны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, духны баруун хэсэг, баруун хацрыг хамарсан зулгаралт, баруун нүдний гадна булангийн язарсан шарх, баруун чих, баруун мөр, зүүн шуу, сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн осол болох үед үүсгэгдсэн байна.
  3. Талийгаач Ч.Аминхишиг нь дээрх оношинд дурдсан хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шок, амьсгал, зүрх, судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
  4. АВО системээр О 1-р бүлгийн цустай байна.
  5. Үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна.
  6. Цусанд спиртийн зүйл илрээгүй болно...” гэжээ /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №543 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос стандартын шаардлага хангасан хангаж байна. Зүүн болон баруун гар талын урд их гэрлийн чадал хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Харин баруун гар талын ойрын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын ойрын гэрлийн чийдэн асахгүй байна. Ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: урд улсын дугаар тахийсан, зүүн урд оврын гэрэл асахгүй, зүүн ойрын гэрэл асахгүй, тоормосны гэрэл асахгүй, урд буфер баруун талдаа будаг халцарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байв.
  2. Баруун гар талын ойрын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын ойрын гэрлийн чийдэн асахгүй байна. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд улсын дугаар тахийсан, зүүн урд оврын гэрэл асахгүй, зүүн ойрын гэрэл асахгүй, тоормосны гэрэл асахгүй, урд буфер баруун талдаа будаг халцарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байв.
  3. Уг тээврийн хэрэгслийн зүүн болон баруун гар талын урд их гэрлийн чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй хэдий ч тогтоолд дурдсанаар осол 18 цаг 56 минутын үед болсон тул уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Автотээврийн хэрэгслийн урд улсын дугаар тахийсан байгаа нь ослын үед үүссэн байх боломжтой. Зүүн урд оврын гэрэл асахгүй, зүүн ойрын гэрэл асахгүй, тоормосны гэрэл асахгүй, урд буфер баруун талдаа будаг халцарсан зэрэг эвдрэл, гэмтэл нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх боломжтой.
  4. Уг тээврийн хэрэгслийн зүүн болон баруун гар талын урд гэрлийн их чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй хэдий ч тогтоолд дурдсанаар осол 18 цаг 56 минутын үед болсон тул уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Автотээврийн хэрэгслийн урд улсын дугаар тахийсан байгаа нь ослын үед үүссэн байх боломжтой. Зүүн урд оврын гэрэл асахгүй, зүүн ойрын гэрэл асахгүй, тоормосны гэрэл асахгүй, урд буфер баруун талдаа будаг халцарсан зэрэг эвдрэл гэмтэл нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх боломжтой...” гэжээ /1 дүгээр хх-ийн 176-179 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн №113 дугаартай магадлагаанд “...1. Тоёота-Аурис маркийн 09-17 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёрдугаар бүлэг, Тээврийн хэрэгслийн хурд, 12.3 /Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна./ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. 07 настай Ч.Аминхишигийн асран хамгаалагч ээж Ж.Болор-Од нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин долоодугаар бүлэг Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг, 27.2а Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. /10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаас оролцуулахгүй байх/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №20 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: ...4. Орон сууцны хороолол дотор зам тээврийн осол гаргасан Toyota Auris маркийн 09-17 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хүүхэд анх мөргөсөн А цэгээс цааш 2.25-2.62 метр зайд зогсолгүй, 12.2 метр зай туулсан байх тул зогсоох арга хэмжээ аваагүй, 20 км/цаг хурдаас хэтрүүлсэн байх үндэслэлтэй байна...” /2 дугаар хх-ийн 54-59 дүгээр хуудас/,

Хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 37-73, 131-159, 225-233 дугаар хуудас/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Буяны ажилд зориулж дансаар 3.000.000 төгрөг шилжүүлж болно. Дансны хуулгыг хавсаргав... Мөн буяны ажилд зориулж 5.000.000 төгрөгийг түүний гэр бүлд дансаар шилжүүлж дансны хуулгыг хавсаргав. Буяны ажилд зориулж 7.000.000 төгрөгийг түүний гэр бүлд дансаар шилжүүлж дансны хуулгыг хавсаргав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 120-121, 123-124, 126-127 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Згийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 212 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хх-ийн 215 дугаар хуудас/, гэрч Ц.Сувд-Эрдэний мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/, гэрч Ю.Баярмаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 55 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар замд “Тоёота Аурис”  маркийн 09-17 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 7 настай Ч.Аминхишигийг мөргөн амь насыг нь хохироосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

              -Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Түргэн тусламжийн дуудлагын хуудас,

 

              - Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Гэрч Б.Ганчимэг, Б.Анхбаяр, М.Номуун, Б.Чулуунцэцэг, С.Жаргалсайхан нарын мэдүүлэг,

             

  - Насанд хүрээгүй гэрч Б.Сүлд-Эрдэнийн мэдүүлэг,

 

              - Ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Одын мэдүүлэг,

 

              - Шүүгдэгч Б.Згийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

              - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1360, №20 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,

 

              - Мөрдөгчийн №113 дугаартай магадлагаа,

 

              - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

 

              - Камерын бичлэгт үзлэгт хийсэн тухай тэмдэглэл,

 

              - “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №543 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

             

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгт тусгагдаж, Б.З жолоодон явсан “Тоёота-Аурис” маркийн 09-17 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7 настай иргэн Ч.Аминхишигийг мөргөсөн болохыг гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас амь нас нь аврагдах боломжгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.З нь хорооллын дундах замд, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд тээврийн хэрэгслээ жолоодохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй Ч.Аминхишигийг мөргөж амь насыг нь хохироосон зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Зг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.З нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Одоос өмгөөллийн хөлсөнд 15.000.000 төгрөг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Одод 10.000.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Згаас 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Одод олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Одод төлөх үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Зг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийн дийлэнх хэсгийг нөхөн төлсөн, /үлдсэн төлбөрийг богино хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн/ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигтай холбоотой төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “...Б.Зг тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураан авсан Б.Згийн В ангиллын №800064 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Згаас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал, нөгөө талаас гэмт хэрэг гарсан газарт автомашины замын үзэгдэх орчин хязгаарлагдсан байдал, хүүхдийн тоглоомын талбай автомашины замд хэт ойр, хаалт хамгаалалтгүй байсан болон асран хамгаалагч нь бага насны хүүхдийг байнгын хараа хяналтанд авч чадаагүй зэрэг байдлууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Зг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Б.Зд хорих ялыг оногдуулахыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль, зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрээр авсугай.

            4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох үлдэгдэл 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Згаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болор-Одод олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Хэрэгт хураан авсан Б.Згийн В ангиллын №800064 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН