| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
2021 01 21 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч С.Болорзул,
Шүүгдэгч О.О (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Од холбогдох эрүүгийн 2009014960930 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 01 дүгээр байрны 21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.О нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны дэргэд хохирогч А.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009014960930 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар модон саадан дотор найзууд Болормаа, Мөөгий нарын хамт Сэржим нэрийн 0.75 граммын архийг хуваагаад ууцгаасан. Зүс таних Гантулга гэх эрэгтэй хүн бид гурав дээр ирээд юм яриад хажууд суусан. Болормаатай маргаан хийж байснаа Гантулга нь архичин Нугаржаргал гэдэг хүнийг дээрэлхээд байхаар нь “чи болиоч” гээд хэлтэл намайг заамдаж аваад гараараа түлхэж газарт унагаасан. Тухайн үед би хариу үйлдэл хийгээгүй өнгөрөөсөн. Хэсэг хугацааны дараа архи уугаад миний уур хүрээд Гантулгыг 10 дугаар хорооны 33 дугаар байрны хажууд сууж байхаар нь алхаж очоод “Гантулгаа чи намайг унагаадаг хэн юм бэ” гэж хэлээд барьж аваад газарт унагааж байгаад Гантулгын нүүрэн тус газарт 4-5 удаа гараа цохиж 2 удаа хөлөөрөө өшиглөөд цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Хохирогч А.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 33 дугаар байрны гаднаас цүнхтэй хувцас бичиг баримтаа алдсан. Тэгээд 10 айлын хүмүүсээс асуусан чинь энэ хавиар явдаг одоо мэдсэнээр Одбаяр гэдэг залуу авсан байх гэсэн. Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10-р хороо 33 дугаар байны хажууд явж байтал Одбаяр нэг эмэгтэйтэй явж байсан. Тэгэхээр нь “чи авсан цүнхтэй хувцас, бичиг баримт аваад ир, хаана байгаа юм бэ” гэж хэлсэн. “Би юу гэж авч байдаг юм бэ, чи ер нь юу гээд байгаа юм бэ гээд Одбаяр миний нүүрэн тус газар цохисон. Би ухаан алдаад унасан байна лээ. Ухаан ороод хартал цагдаа ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-19 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Халиун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед гадаа хүүхдээ салхилуулж байхад гадаа тоглож байсан 3-4 хүүхэд “хоёр хүн нэг хүнийг зодоод байна зодуулж байгаа хүн нь газар уначихсан тэр хүмүүс нь өшиглөөд байна” гэсэн тэгэхээр нь би яваад очтол зодож байсан хүмүүс нь яваад өгсөн байсан. Зодуулсан хүний амнаас цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би тухайн үед их согтуу байсан. Хэн хэнийгээ зодсон талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6027 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч О.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Даариймаагийн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, шүүгдэгч О.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны дэргэд хохирогч А.Гантулгатай зүй зохисгүй харьцаж, улмаар биед нь хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “баруун гарын дунд хуруунд шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, бугалга, хэвлий, баруун зүүн мөр, бүсэлхий, зүүн өвдөг, шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч А.Гантулгын “...“Одбаяр миний нүүрэн тус газар цохисон. Би ухаан алдаад унасан байна лээ....” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч О.Оын “...Хэсэг хугацааны дараа архи уугаад миний уур хүрээд Гантулгыг 10 дугаар хорооны 33 дугаар байрны хажууд сууж байхаар нь алхаж очоод “Гантулгаа чи намайг унагаадаг хэн юм бэ” гэж хэлээд барьж аваад газарт унагааж байгаад Гантулгын нүүрэн тус газарт 4-5 удаа гараа цохиж 2 удаа хөлөөрөө өшиглөөд цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Халиуны “...тэгэхээр нь би яваад очтол зодож байсан хүмүүс нь яваад өгсөн байсан. Зодуулсан хүний амнаас цус гарчихсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6027 дугаартай дүгнэлтэд “...1. А.Гантулгын биед баруун гарын дунд хуруунд шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, бугалга, хэвлий, баруун зүүн мөр, бүсэлхий, зүүн өвдөг, шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогч А.Гантулгатай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч О.Оын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.О нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож хохирогчийг цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас А.Гантулгын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Иймд шүүх шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Гантулгаас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 66 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.О нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 8 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож О.От оногдуулсан торгох ялаас /15000*8/ 120.000 төгрөгийг хасч /450.000-120.000=330.000/ 330.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оын цагдан хоригдсон 8 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 120.000 төгрөгийг эдлэх ялаас хасч /450.000-120.000=330.000/ 330.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН