Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 184/2017/03542/И |
Дугаар | 001/ХТ2018/01370 |
Огноо | 2018-10-11 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/01370
Г.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1112 дугаар магадлалтай
Г.Бын нэхэмжлэлтэй
Сд холбогдох
ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 867 320 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн Баянхошуу салбар Амбулатори 3-д шүдний эмчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээг гурван сарын хугацаатай буюу туршилтын хугацаагаар байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллагаас өмнө нь ажиллаж байсан хүн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орохоор болсон гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/348 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлтэй байсан.
Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд нийт ажлын 97 өдөр ажилгүй байсан ба нэг өдөрт 29 560 төгрөгийн цалин авдаг. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 867 320 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр жирэмсний амралттай Э.Мөнхтуяагийн оронд түр ажилд орсон. Э.Мөнхтуяа ажилдаа ороход 2015 оны 07 дугаар сараас эхлээд Б.Отгончимэг гэх хүн бас жирэмсний амралт авсан байдаг. Нэхэмжлэгчтэй 2016 оны 04 дүгээр сард нэг жилийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа дуусах үед Б.Отгончимэг нь мөн жирэмсний амралт авсан тул ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар Г.Бын гэрээний хугацааг дахин сунгасан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Отгончимэг ажилдаа ирж, Г.Быг ажлаас чөлөөлсөн.
Г.Б анх ажилд орохдоо нэг жилийн гэрээ байгуулаад ажилд орсон. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээнд Г.Отгончимэгийн жирэмсний амралттай байх хугацаанд томилсон болохыг заасан. Г.Б түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баас Сд холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,867,320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1112 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1112 дугаар магадлалд тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм журамд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгож байгаа тушаал шийдвэрээ гаргах ёстой. Ингэснээр ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангах юм. Энэхүү шүүхээр маргаж байгаа асуудал нь хөдөлмөрийн маргаан учраас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/348 тоот тушаалын үндэслэлийн хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэж шийдвэрээ гаргах ёстой атал тэгсэнгүй.
Тухайлбал; нэхэмжлэгч тус байгууллагад анх 2015.04.27-ны өдөр Б/62 тоот тушаалаар “Баянхошуу салбарын шүдний их эмчийн үүрэгт ажилд түр томилогдон орсон болохоос хэн нэгэн жирэмсэн хүний оронд түр томилогдон ороогүй болно. Үүнийг талуудын хооронд 2015.04.28-ны өдөр болон 2016.04.28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нотолно. Шүүхэд тайлбарлаад байгаа шиг анхнаасаа хөдөлмөрийн гэрээндээ жирэмсэн ... оронд авлаа гэсэн бол өнөөдөр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргаад явахгүй байсан болно.
Хавтаст хэргийн 4, 6 хуудас Хөдөлмөрийн гэрээний 7.1-т энэхүү гэрээ нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд хүчинтэй байна гэснийг шүүхээс анхаарч үзсэнгүй.
Талуудын хооронд 2016.04.28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй байхад буюу 8 хоногийн өмнө хариуцагч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ гэгч дээр гарын үсэг нэгдсэн журмаар зуруулж байгаа юм гээд уг гэрээтэй сайн уншиж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулаад аваад гарахад тухайн үед тус хөдөлмөрийн гэрээний 7.1 дүгээр зүйлийг бөглөгдөөгүй байсан. Мөн ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халах үед нэхэмжлэгч ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээ нэхэхээр чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гээд өгөөгүй мөртлөө шүүхэд гаргаж өгсөн байгаа болно.
Нэхэмжлэгчийг ажилд орохоос өмнө Э.Мөнхтуяа нь 2013 оны 08 сараас жирэмсний амралтаа авсан бөгөөд хүүхэд харах чөлөөтэй байж байхад нэхэмжлэгч нь 2015 оны 04 сард ажилд орсон байхад ямар цаг хугацаанд Мөнхтуяагийн оронд ажилд орсон болж байна вэ. Үүний дараагаар Мөнхтуяаг ажилдаа орлоо гээд 2015 оны 07 сараас Отгончимэг залгуулаад амралтаа авсан тул гээд сэлгүүлэн ажиллуулав гэсэн байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.
Яагаад гэвэл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байхад тухайн хугацаанд нь дуусгавар болгох юмуу тухайн хугацаанд нь хөдөлмөрийн гэрээнд нь гэрээний талууд хөдөлмөрийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах ёстой атал энэ зохицуулалт цаг хугацааны хувьд зөрөөтэй байна гээд тайлбарлаад маргаад байхад шүүх маргаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тушаалд дурдаад байгаа зүйл хөдөлмөрийн гэрээгээр хөдөлшгүй нотлогдох ёстой атал ийм ийм үйл баримт байхгүй байхад Отгончимэгийн оронд ажилд орсон байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн харилцааны нэг талд байнга ажил олгогч давуу байдлыг өөртөө бий болгож байдаг. Ажилтан хөдөлмөрийн гэрээ.нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тушаалаа үзүүлээд маргахаас өөрөөр өөрийгөө хэрхэн нотлох болж байна.
Нэхэмжлэгчтэй байгуулсан гээд байгаа хөдөлмөрийн гэрээний хугацаанаас хархад 2017.04.20-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн атал 2015 оны 07 сараас Отгончимэг нь хүүхэд асрах чөлөө нь эхэлж байгааг шүүхээс мөн анхаарч үзсэнгүй бөгөөд анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслээд тоот тушаалаар ажилд нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
Иймд тус шүүх тогтоолдоо Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1112 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Б нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 867 320 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр Сд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар Г.Б нь Сийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/62 тушаалаар Сийн Баянхошуу салбарын Шүдний их эмчийн ажилд түр томилогдон ажилд орсон, хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажилласан, жил бүр гэрээг шинэчлэн байгуулж байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний Долоо дугаар зүйлийн 7.4., 7.5. дахь заалтуудад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, жирэмсний амралттай байгаа ажилтны оронд ажиллаж байгаа талаар тухайлан заасан байна. Гэрээнд талууд гарын үсэг зурсан, ажилтан гэрээний талаар тухайн үед маргаагүй боловч ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа тухайн гэрээг мэдэхгүй, гарын үсэг зураагүй гэж маргасан, Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 870 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тус Хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг Г.Бын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байгаа нь тогтоогдсон байна.
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний амралттай байсан тус төвийн Баянхошуу салбарын шүдний их эмч Б.Отгончимэг ажилдаа эргэн орсноор ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангажээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2.1. дэх заалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь анх “түр” тушаалаар ажилд орсон байх бөгөөд “...тухайн үед тус салбарын шүдний их эмч Э.Мөнхтуяа жирэмсний амралттай байсан, үргэлжлүүлээд Б.Отгончимэг эмч жирэмсний амралт авсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Бтай хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байсан...” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул “...анх ажилд орохдоо жирэмсэн хүний оронд ороогүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байхад шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасангүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1112 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД