Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 19

 

 

Т.А-д холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Т.А

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлоор Т.Ад холбогдох эрүүгийн 1730001840127 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 11-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Т.А /РД:ЛЮ86053078/

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн  орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэнж” гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж, 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна” гэж, 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, Тоёото марк-II маркийн 87-86 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гарган явган хүний замаар явж байсан дөрвөн хүнийг мөргөж, С.Төгстөгөлдөр, М.Тэмүүлэн, М.Будсүрэн нарт хөнгөн хохирол, Ч.Мөнхцэцэгийн эрүүл  мэндэд тархины эдийн няцралт, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, эрүү, зүүн чамархай, сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцарсан шарх, баруун талын сүүжний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын орлогч Н.Эрдэмбилэг нь шүүгдэгч Т.Алтанхундагын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Алтанхундагын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ад оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Алтанхундагын цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар  ялтан Т.Аас 372.510 төгрөг гаргуулж,  Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч  Ч.Мөнхцэцэгт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Мөнхцэцэгийн нэхэмжлэлээс 911.899 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж, Энэ хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ялтан Т.А хохирогчид эмчилгээний зардалд 1.612.420 төгрөг  төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Т.Алтанхундагын эзэмшлийн Тоёото Марк-II маркийн 87-86 УБҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл  хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: ... Т.А нь хохирогч Ч.Мөнхцэцэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Сугар дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэнж” гэх газар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, согтуугаар Тоёото марк-II маркийн 87-86 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гарган явган хүний замаар явж байсан Ч.Мөнхцэцэг, С.Төгстөгөлдөр, М.Тэмүүлэн, М.Будсүрэн нарыг мөргөж, Ч.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хохирогчид учруулсан эдийн хохирлоо төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэх боломжтой гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Т.Ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

 

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэнж” гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Тоёото марк-II маркийн 87-86 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гарган явган хүний замаар явж байсан дөрвөн хүнийг мөргөж, С.Төгстөгөлдөр, М.Тэмүүлэн, М.Будсүрэн нарт хөнгөн хохирол учруулж, Ч.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд тархины эдийн няцралт, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, эрүү, зүүн чамархай, сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцарсан шарх, баруун талын сүүжний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

-Хохирогч Ч.Мөнхцэцэгийн  “Би 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед  өөрийн 2 хүүхэд, хамаатныхаа 1 хүүхдийг дагуулан дэлгүүр орж, хүнсний ногоо аваад гэрлүүгээ явж байхад араас гэнэт цагаан өнгийн машин ирээд мөргөсөн. Би ухаан алдсан. Эгч ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. Би хөл дээрээ босож магадгүй гээд хот руу явж шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэсэн.  Миний ясны хугарлыг эдгэрч байна, хагалгаа хийхгүй,  тархины гэмтлээ сайн эмчлүүл гэсэн. Эмчилгээний зардал, ирж очих зардал 2.800.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /хх 29/, 

-Гэрч С.Төгстөгөлдөрийн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд Мөнхцэцэг эгч, тэдний хоёр хүүхэд Будсүрэн, Тэмүүлэн бид нар Ганга дэлгүүр ороод замын зүүн талын шороон замаар хойшоо явж байхад гэнэт нэг машин араас ирээд мөргөж унагасан. Би мөргүүлээд өнхөрч унаад босож ирээд харахад цагаан машин явган хүний зам руу гараад ирсэн. Машины цаана надтай хамт явсан Мөнхцэцэг эгч, хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа газар ойчсон байсан. Миний дух халцарч, толгой хагарсан, хоёр өвдөг халцарч, зүүн хөлийн өвдөгний дотор тал хавдсан”  гэх мэдүүлэг /хх 30 /, 

-Гэрч М.Тэмүүлэнгийн “... 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд ээж Мөнхцэцэг, дүү Будсүрэн, хамаатан Төгстөгөлдөр бид нар дэлгүүр орж төмс, ногоо авчихаад буцаад гэрлүүгээ засмал замын зүүн талын шороон замаар явж байсан юм. Тэр үед би ээжийнхээ баруун гар талд тортой төмсөө бариад,  дүү  ээжийн зүүн гараас хөтлөөд явж байсан. Харин Төгстөгөлдөр  ард явж байхад араас гэнэт машин ирээд бид нарыг мөргөсөн. Би юу болсныг мэдээгүй, нэг харахад Төгстөгөлдөр гудамж тойроод цаашаа гүйж байгаа харагдсан. Удалгүй цагдаагийн машин,  эмнэлгийн машин ирж ээж, дүү бид гурвыг аваад явсан.  Миний толгойн дагзны хэсэг хавдсан, зүүн гуяны гадна тал хөхөрч хавдсан, хүзүүний баруун хэсгээр хөндүүртэй байна. Баруун цавь хавиар явахад хөндүүртэй байна.” гэх мэдүүлэг /хх 31/, 

-Гэрч Ч.Ганцэцэгийн “...Намайг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын орчим гэртээ байхад гаднаас манай төрсөн дүү Мөнхцэцэгтэй хамт дэлгүүр явсан Төгстөгөлдөр  орж ирээд: “-Бид хэдийг машин дайрчихлаа, аниа хоёр хүүхэдтэйгээ хамт ухаан алдаад тэндээ үлдсэн, миний толгой манараад гайгүй болохоор нь босоод гүйгээд ирлээ.” гэж хэлсэн. Намайг очиход засмал замаас зүүн тийш гарсан цагаан өнгийн машин дотор дүү Мөнхцэцэг, Будсүрэн, Тэмүүлэн гэдэг хоёр хүүхэдтэйгээ хамт тэр машины арын суудал дээр суучихсан, жолооч нь машинаа асаагаад хөдөлж чадахгүй замын хашлага дээр гацчихаад зогсож байсан. Би Цагдаагийн газар, эмнэлэгт  дуудлага өгсөн. Осол гаргасан машины жолооч согтуу архи үнэртүүлсэн байдалтай, намайг хойд талын хаалганы цонхыг тогшоод Тэмүүлэнгээр хаалга нээлгэж машинаасаа бууж ирээд юу ч ярихгүй машин дээрээ нэг гараараа толгойгоо дэрлэж зогсоод байсан.Тухайн үед Мөнхцэцэгийн толгойн ар хэсэг нь язарч цус их гоожсон, явж чадахгүй бөгсөн бие нь мэдээгүй болж, хөл, гар, нүүр нь шалбарсан,  Тэмүүлэнгийн дух нь шалбарсан, толгойн ард талд  хавдсан,  Будсүрэнгийн хацар  шалбарсан, гэдэсний хэсгээрээ шалбарсан шархтай харагдаж байсан. Төгстөгөлдөрийн аль нэг хөл нь доголж, өмднийх нь хоёр өвдөг цоорсон,  дух  халцарсан байсан” гэх мэдүүлэг /хх 38/, 

-Гэрч Д.Өлзийхутагийн “...Намайг 2017 оны 11 дүгээр сард гэртээ байхад гэнэт гадаа түр тар хийх чимээ гарсан юм. Тэгэхээр нь юу болов гэж бодоод хашаан дотроосоо өнгийгөөд харахад  баруун талын засмал замаас цагаан өнгийн машин гарч манай хашааны баруун талыг мөргөөд зогссон байсан. Тэр үед 2 хүүхэд уйлаад, нэг улаан куртиктэй хүүхэн машины дэргэд байсан. Тэр эмэгтэй хөлөө чирээд явж чадахгүй байхад  нэг залуу машинд суулгах гээд  байсан.”  гэх мэдүүлэг /хх 37 /, 

- Гэрч Х.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мал нядлуулах хүн хэрэгтэй болоод Нэргүй гэдэг айлын хүүхдээр малаа нядлуулахаар 11 цагийн үед  очсон юм. Тэгэхэд манай хүргэний дүү Алтанхундага халамцуу байдалтай сууж байсан. Би Нэргүйн гэрт тэд нартай юм яриад бараг 2 цаг гаруй болсон. Тэгээд Нэргүйгийн хүү Одкотой /албан ёсны нэрийг нь мэдэхгүй/ малаа хийхээр гарахад Алтанхундага машинаараа хүргээд өгье гэсэн. Тэгэхэд нь би түүнд хандаж: “-Чи халамцуу юм үнэртүүлсэн болохоор болох юмуу” гэхэд тэрээр зүгээр гээд хоёрыг буулгаж өгсөн. Намайг Нэргүйн гэрт очиход Алтанхундагаас архи үнэртээд жаахан согтуу байдалтай байсан бөгөөд 2 цаг гаруй хугацааны дараа согтуу нь арай гайгүй болсон.”  гэх мэдүүлэг /хх 39 /, 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 тоот: “1.Ч.Мөнхцэцэгийн биед тархины эдийн няцралт, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, эрүү зүүн чамархай сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн язарсан шарх, баруун талын сүүжний ясны хугарал бүхий гэмтэл учирчээ. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх 62 /, 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  416 тоот: 1. С.Төгстөгөлдөрийн биед духны зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 50 /,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 417 тоот: 1. М.Тэмүүлэнгийн биед толгойн дагзны хэсгийн болон хэлний язарсан шарх, зүүн өгзөг орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 54 /,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 418 тоот: 1. Н.Будсүрэнгийн биед баруун хөмсөгний гадна хэсгийн болон зүүн ташаа хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 58 /,

-Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 27 тоот: “1.Марк-II маркийн 87-86 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Т.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Т.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна.”, 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Явган зорчигч Ч.Мөнхцэцэг, С.Төгстөгөлдөр, М.Тэмүүлэн, М.Будсүрэн нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт /хх 44 / , 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 03-06 /,

-Согтуурал шалгасан магадлагаа /хх 8 /, 

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 11/, 

-Эд зүйлийн үнэлгээ /хх 19 /,

-Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримт /хх 25-27 /,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 08-09/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж, хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 

Т.А нь урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, жолоодох эрхээ хасуулж байсан /хх-136/ атлаа өөрийн зан үйлээ засалгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган хүний замаар явж байсан дөрвөн хүнийг мөргөж, М.Тэмүүлэнгийн биед толгойн дагзны хэсгийн болон хэлний язарсан шарх, зүүн өгзөг орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл /хх-54/, М.Будсүрэнгийн биед баруун хөмсөгний гадна хэсгийн болон зүүн ташаа хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл /хх-58/, С.Төгстөгөлдөрийн биед духны зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл /хх-50/, Ч.Мөнхцэцэгийн биед тархины эдийн няцралт, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, эрүү зүүн чамархай сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн язарсан шарх, баруун талын сүүжний ясны хугарал бүхий гэмтэл /хх-62/ учруулсан зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 6 сарын хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна  гэж үзлээ. Иймд “Т.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг” хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алтанхундагын цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

Гурав. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, хувийн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД                  Л.НАРАНБАЯР

                                                     С.ОЮУНТУНГАЛАГ