| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогт О-гийн Б-д холбогдох эрүүгийн 2135000000008 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн А ургийн овогт О--гийн Б, 1997 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Хурд-25 байрны 08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ою97080616.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг банкны 24 айлын орон сууцны гадна 2020 оны 12 дугаар сарын 25-ны шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Б-тэй маргалдах явцдаа нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000006 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Б-ийн “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн оройны 23 цагийн орчимд хөдөө ажлаар явж байгаад Улаангом суманд ...би найз н.Д-ын хамт ирсэн. Тухайн үед би бага хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул найз н.Д-аар машин бариулаад байрны гадаа ирээд байр луу эргээд орох замд цагаан өнгийн crown машин зогсож байсан юм. Би тухайн цагаан машины жолоочид зөрчих үү гэхэд тойроод яв пизда минь гэсэн. Тэгээд би яахаараа тойрдог юм гэж хэлээд толгойныхон ар луу 2 удаа түлхсэн юм. Тэгээд араас хэн нэгэн тэврээд авах шиг болсон. Эргээд хартал араас нүүр лүү мөргөчихсөн юм. ...Би сүүлд бодоход О.Ч гэх залуу намайг тэвэрч харин түүний дүү О.Б нь намайг мөргөсөн байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Б.Г-ий “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед манай найз О.Б болон н.Сувдаа манай найз Г.Б бид нар бор толгойн хиймэл нуур луу агаарлахаар гарсан юм. Би найз О.Б-ын хамт 4-5 2.5 литрийн пиво уусан, бусад хүмүүс уугаагүй юм. Тэгээд би тасарчихсан. Өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд чи ахыгаа танихгүй байна уу гээд хэн нэгэн намайг алгадаж байсан. Би сэргээд харахад машин дотор сууж байсан, тухайн машины гадна Ц.Б гэх залуу зогсож байсан. Тэгээд дахин намайг нэг удаа алгадсан, өөр юу болсон талаар би мэдэхгүй байна. ...Маргааш нь О.Б, Б.Ш нар надад хэлэхдээ манай найз О.Б нь тухайн Ц.Б-ийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Б.Ш-ын “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед манай танил ах Б.Г намайг жолоо бариад өгөөч гэж дуудсан юм. ...Миний барьж явсан машины ард үл таних машин ирж зогсоод жолоочийн эсрэг талын урд хаалга онгойлгоод танил ах болох Ц.Б нь тухайн суудал дээр сууж байсан Б.Г-ээс таньж байна уу гэж асуухад Б.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тул танихгүй байна гэхэд 2 удаа Б.Г-ийг алгадсан юм. Тэгээд ард сууж байсан О.Б машинаас бууж ирээд манай найзыг яагаад цохиод байгаа юм гэхэд О.Б-ын төрсөн ах мөн адил машинаас бууж ирээд чи наад жоохон хүүхдүүдээ яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Б чи надаас 10 үе дээшээ юм байж дуугаа байгаарай гэж хэлж байсан. Тэгээд О.Б ах руу нь дайраад байна гээд тухайн Ц.Б гэх хүний нүүрэн тус газарт мөргөсөн. Удалгүй цагдаа нар хүрч ирээд О.Б, О.Ч нарыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч О.Ч-ын “...Би машин дуудаад харих гээд Б.Гий машины гадаа зогсож байтал нэгэн приус-20 ирсэн. Тухайн машинаас танил дүү болох Ц.Б бууж ирээд гэртээ оръё гээд Б.Гийг алгадаад байхаар нь би Ц.Б-д хандаж “чи болиоч жоохон хүүхдүүдийг” гэхэд “чиний үе тэндээ байдаг юм байгаа биз” гэж хэлсэн. ...Тухайн үед манай дүү О.Б нь ямар нэгэн зүйл хэлэхгүй араас нь нүүрэн тус газар нь мөргөчихсөн...” гэх мэдүүлэг[4],
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай “...Үзүүлэгч Ц.Б-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны зөрөөгүй хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамар нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны зөрөөгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт[5],
6. Шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Ц.Б гэгч нь Б.Гийг 2 удаагийн давтамжтай нүүрэн тус газарт нь алгадаж байсан. Тэгээд манай ах О.Ч нь чи болиоч жоохон хүүхдүүдтэй гэж хэлж байсан. Тэгэхэд Б нь чиний тэр 10 дээшээ чинь тэндээ юм байгаа биз гэж хэлж байсан. Тэгээд би Ц.Бийн нүүрэн тус газар нь 1 удаа мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Бийн нүүрэн тус газар нэг удаа мөргөж, хохирогчийн биед “хамар ясны зөрөөгүй хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамар нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Ц.Б-ийн биед учирсан “хамар ясны зөрөөгүй хугарал” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 16 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ц.Б нь “...би хамраа Улаангом суманд эм тариатайгаа 100’000 төгрөг болсон байгаа одоо энэ харагдах байдал нь түр янзалсан, би Улаанбаатар хотод янзлуулах хүсэлтэй байна. Тухайн зардлаа нэхэмжлэн”[7] гэж мэдүүлсэн, хохирол, хор уршгийг нотолсон баримтаа гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-ийн өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Б-ний “...Зан байдлын хувьд төлөв даруйхан, үг цөөтэй, ямар нэгэн муу зуршил байхгүй, нийтэч, тусархаг, өөрийгөө авч явах чадвартай, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд өөрөөр ямар нэгэн муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг[8], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суудаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б-ын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа ойлгож ухамсарласан байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ургийн овогт О-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-ийн өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА