| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
2021 01 28 2021/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Г.Сундуй,
Шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2009000001268 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлзнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Санхүү эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодох бүртгэл санхүүгийн мэргэшсэн сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72 дугаар байр, 77 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны 116 дугаар байрны 210 тоотод түр оршин суух, урьд:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №464 дугаартай шийтгэх тогтоолоср Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 10-наас 2020 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Туушин” зочид буудлын 606 тоотын ариун цэврийн өрөөнд иргэн А.Бодьбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэнд толгойгоороо мөргөх, гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай эхнэрийн найзын хуримд очсон. Шөнө 3 цаг болсон байсан учраас дуудлагын жолооч дуудсан. Гар утсаар ярьж байхад манай эхнэрт яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хандлага гаргаад байсан. Гар утсаар ярьж байхад намайг чи яасан том пизда вэ гээд над руу орилоод байсан. Эхлээд намайг ариун цэврийн өрөөнд орж ярилцъя гэж байсан. Тэгээд ороод ярилцаад ойлголцсон. Бид нар жолооч дуудаад явах гэж байна гээд чи буруу ойлгоод байна гээд ярилцаад гар бариад гарсан. Тэгээд дахин хараал хэлээд байхаар нь дахин ариун цэврийн өрөө орсон. Өөрөө намайг тэвэрч аваад шидэх гээд байсан. Би өвдөглөсөн нь үнэн. Хаалгыг би өөрөө дотроос нь онгойлгох гэж байсан хүн нь. Би нүүрэнд наалдсан цусыг нь арчиж өгөөд уучлаарай хоёулаа больё гэж хэлж байсан...” гэв.
Эрүүгийн 2009000001268 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Дуудлагын жолооч ирээд дахин дахин над руу залгаад байхаар нь би 15 минут хүлээчих гэж хэлсэн. Жолооч “хүлээж чадахгүй” гэхээр нь би жолоочид хандаж “хүлээж чадахгүй бол чи явчих” гэж хэлсэн. Энэ яриаг Бодьбаатар сонсоод “чи яасан том пизда вэ” гэж хэлсэн. Энэ ярианаас болоод Бодьбаатар бид хоёр үл ойлголцоод хоорондоо маргалдсан. Бодьбаатар бид хоёр ариун цэврийн өрөөнд ороод би Бодьбаатарт “чиний буруу чи намайг таксины жолоочтой маргалдаж байх үед буруу ойлголоо” гэж ярьсан. Өрөөнд найзуудтайгаа сууж байх үед дахиад намайг үгээр өдөөд муухай хараад байсан. Би Бодьбаатар “чи бид хоёр ойлголцсон биз дээ” гэж хэлсэн чинь намайг үгээр идээд үл тоосон байдал гаргасан. Тэгээд дахиад ариун цэврийн өрөө рүү хамт орсон. Ариун цэврийн өрөөнд ороод би Бодьбаатарт хандаж “чи яагаад байгаа юм бэ, би жижигхэн биетэй болохоор чиний нүдэнд багтаад байгаа юм уу” гэж хэлсэн. Бодьбаатар “тэгвэл хоёулаа гарч байгаад үзье” гэж хэлээд гарах гэхээр нь би “гарахгүй, ярих юм байгаа бол эндээ яръя” гэхэд Бодьбаатар өөрөө ариун цэврийн өрөөний хаалга дотроос нь түгжсэн... Бодьбаатар миний бөөр хэсэгт гараараа цохихоор нь би хойшоо ухарч байгаад өвдгөөрөө Бодьбаатарын нүүр хэсэгт нь өвдөглөсөн. Бодьбаатар над руу дайраад өргөж авч шидэх гээд байсан. Би Бодьбаатарыг хөдөлгөхгүй гээд тэвэрсэн... Миний зүгээс Бодьбаатараас эмчилгээний мөнгө гаргуулаагүй. Өмнөх эмчилгээний болон эм тарианы төлбөрт 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Бодьбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Даваажаргал надад хандаж “хоёулаа ариун цэврийн өрөөнд уулзъя” гэж хэлэхээр нь би Даваажаргалыг надтай юм ярих гээд байгаа юм байх гэж бодоод түрүүлээд ариун цэврийн өрөө рүү орсон. Би ариун цэврийн өрөөнд ороод эргээд харахад Даваажаргал ариун цэврийн өрөөний хаалгыг дотроос нь түгжээд над руу харсан. Даваажаргал нь нүдний шилээ аваад “би чамайг ална шүү, үзэх үү хоёулаа” гэж ярьж байснаа миний хамар хэсэгт нэг удаа мөргөсөн. Би хойшоо саваад миний хамарнаас цус гойжихоор нь би Даваажаргалын гэдэснээс нь тэврээд авсан. Тэр үед миний хамарнаас цус гойжоод байсан. Би Даваажаргалд дахиж цохиулахгүйн тулд Даваажаргалыг тэвэрч авсан. Даваажаргал миний нүүр хэсэгт өвдгөөрөө хэд хэдэн удаа өвдөглөөд, намайг дэгээдээд газарт унагаасан. Энэ үед би “Ариунтулгаа намайг авраарай, энэ нэг юмаа надаас салга” гэж орилсон. Ариун цэврийн өрөөний хаалганы цаанаас Даваажаргалын эхнэр “чи хүн аллаа шүү дээ, би чамаас сална” гэж орилсон. Ариун цэврийн өрөөний хаалгыг өрөөнд байсан найзууд онгойлгох гээд гаднаас нь өшиглөж байсан. Тэгсэн чинь Ариунтулга надад “хаалганы цаанаас Бодьбаатараа арчаагүй пизда минь наадахаа нэг түлхээд хаалгаа дотроос нь өөрөө онгойлго, энэ хаалга чинь онгойхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Даваажаргалыг хамаг хүчээрээ түлхээд өндийгөөд цоож руу явах хооронд Даваажаргал миний нүүр хэсэгт 3 удаа гараар цохиод нэг удаа миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Би тэгээд ухаан алдаад дээшээгээ хараад хэвтсэн. Миний хамаг бие сулраад дээшээгээ хараад манараад хэвтсэн. Тэр үед Даваажаргал миний нүүрэн дээр дээрээс цохиод байсан. Би Даваажаргалд “чи одоо боль, би үхлээ, чи хүн аллаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Даваажаргал зогсоод “намайг уучлаарай хөгшөөн, би өөрөө энэ хаалгыг онгойлгоё” гэж хэлээд хаалгатай ноцолдсон. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарахад манай найзууд намайг харсан байх. Би ариун цэврийн өрөөнөөс гараад буудлын үүдэнд очоод ээж рүүгээ залгаад цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ариунтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Туушин” зочид буудалд миний хурим болоод хувцас солих өрөө гээд өрөө өгсөн. Тэгээд хурим дууссаны дараа Туушин зочид буудлаас гуйсаар байгаад хувцас солих өрөөндөө архи уусан. Тэр үед нөхрийн тал, эхнэрийн тал гээд хүмүүс байсан. Сүүлдээ тэндээсээ ихэнх хүмүүс тараад явсны дараа эхнэр, би, эхнэрийн найз болон найзын нь нөхөр Даваа, Сонинбаяр, Тулга гээд хүмүүс үлдсэн. Тэгээд Даваа, Бодио 2 яг юунаас болж муудсан мэдээгүй. Тэр 2 муудалцаад нойл руу орсон байсан. Тэр үед хаалга үүд нь онгойхгүй байсан. Тэр 2 орилолдоод зодолдоод байсан. Тэр 2 орилолдоод манай Бодьбаатар больё гэж орилж байсан. Хаалгыг нь эвдэх шахаж байж онгойлгоод орохоор шалаар нэг цус болчихсон байсан. Тэр үед Бодиогийн нүд ам нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Цацрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Дуудлагын жолооч ирээд над руу залгахаар нь би жаахан хүлээлгэчих гэж хэлээд нөхөртөө утсаа өгсөн. Манай нөхөр “та жаахан хүлээчих, таныг хүлээж чадахгүй бол өөр жолооч дуудъя” гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн чинь Бодьбаатар “чи ямар том пизда вэ” гэж хэлээд босоод ирсэн. Манай нөхөр ч гэсэн өөдөөс нь боссон. Тэгээд Бодьбаатар манай нөхрийг дагуулаад ариун цэврийн өрөө рүү орсон. Би араас нь орох гэхэд тэнд байсан хүмүүс “зүгээрээ” гэхээр нь би ороогүй. Тэгээд ариун цэврийн өрөөнд тэр хоёрыг орсны дараа түр, тар гэх чимээ сонсогдохоор нь би гүйж очиход ариун цэврийн өрөөний хаалга онгойхгүй байсан. Миний араас найзууд нь ирж хаалгыг нь хүчээр онгойлгосон. Бодьбаатар манай нөхөр хоёр ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ эвлэрсэн байдалтай гарч ирсэн. Тэгээд Бодьбаатар өрөөнөөс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Н.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Дуудлагын жолооч хурдан ирээд тэр хоёр руу залгасан. Дуудлагын жолооч нь эхлээд Цацралтай ярьсан. Цацрал нь дуудлагын жолоочийг хэдэн минут хүлээчих гэсэн. Дуудлагын жолооч нь дахиж залгахад Даваажаргал ярьсан. Даваажаргал дуудлагын жолоочтой ярихдаа “чи явчих, дахиад дуудлагын жолооч дуудъя” гэсэн. Тэгтэл Бодьбаатар хажуунаас Даваажаргалыг “чи яасан том пизда вэ” гэж хэлсэн. Тэгээд Бодьбаатар, Даваажаргал хоёр эр хүн шиг ярилцъя гээд босоод ариун цэврийн өрөө рүү орцгоосон. Ариун цэврийн өрөөнд орчхоод пижигнэлдээд явсан. Бид нар ариун цэврийн өрөөний хаалгыг нь онгойлгох гэхэд ариун цэврийн өрөөний хаалга нь цоожтой байсан. Даваажаргал дотроос нь хаалга онгойлго гээд уурлаад байсан. Миний харснаар ариун цэврийн өрөөний хаалга онгойход Бодьбаатарын нүд нь хавдчихсан байдалтай гараараа нүүрээ дарж байгаад гараад Сонинбаяр, манай нөхөр хоёртой гараад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Э.Сонинбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Бид нар юм яриад сууцгааж байх үед Даваажаргал дуудлагын жолооч дуудчихсан явах гэж байснаа гэнэт Бодьбаатартай маргалдсан. Даваажаргал “би дуудлагын жолоочоо явуулчихлаа, чи надтай архи уух уу” гээд байсан. Бид хэд Даваажаргал, Бодьбаатар нарыг учраа олчих байлгүй, хуриманд ирсэн хүмүүс байна гэж бодоод сууж байхад Даваажаргал нь Бодьбаатарыг дагуулаад ариун цэврийн өрөө рүү орсон. Тэр хоёр хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд хэсэг байж байхад ариун цэврийн өрөөнд пижигнэх дуу чимээ гарсан. Бодьбааатар “амь аваарай, туслаарай, хүн байна уу” гэж орилсон. Тэгээд хэсэг байж байгаад ариун цэврийн өрөөний хаалга онгойсон. Тэгсэн чинь ариун цэврийн өрөөгөөр дүүрэн цус болчихсон Бодьбаатарын нүд, хамар нь гэмтчихсэн цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10481 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Даваадоржийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, Санхүү эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Дын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-57 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 10-наас 2020 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Туушин” зочид буудлын 606 тоотын ариун цэврийн өрөөнд иргэн А.Бодьбаатартай тодорхой шалтгаангүйгээр зүй зохисгүй харьцаж улмаар түүний нүүрэнд толгойгоороо мөргөх, гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “баруун хоншоорын урд ханын хугарал, хамар ясны 2 хажуу ханын хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бодьбаатарын мэдүүлэг, гэрч Б.Ариунтунгалаг, Ш.Цацрал, Н.Отгонбаяр, Э.Сонинбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10481 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нь хохирогч Б.Бодьбаатарын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дын санаатай үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Б.Даас хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Б.Бодьбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бодьбаатараас “...Даваажаргалаас эмчилгээний зардалд 4.981.480 төгрөг авсан…” гэсэн хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Бодьбаатараас хүндэвтэр гэмтэл учирсантай холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Б.Даас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Дыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН