Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Ч-ын С-т холбогдох эрүүгийн 2135000000012 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х ургийн овогт Ч-ын С, 1976 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, охин, зээ охины хамт Увс аймгийн Зүүнхангай сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:.....

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ч.С нь Увс аймгийн Зүүнхангай сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ч.Сгийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000012  дугаартай хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

          1. Хохирогч Ч.С-гийн “...Би 2021 оны  01 дүгээр сарын 06-ны өдөр Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт гэртээ өөрийн хүүхэд н.Д-гийн хичээлийг заагаад сууж байтал 09 цагийн орчим манай сумын Ч.С гэх эмэгтэй орж ирээд манай хүү С.Нтай сайн муу болчихоод надад хандаж “манай охин танай хүү хоёрын учрыг өнөөдрийн дотор олмоор байна” гэж хэлэхэд нь би Ч.Ст хандаж “та ямар хэцүү юм бэ? та намайг 2020 оны 12 дугаар сарын 31-ээс хойш дарамтлаад байх юмаа, наад учраа та нар өөрсдөө олооч, намайг битгий үүнд оролцуулаад бай, манай хүү насанд хүрсэн та нар учраа өөрсдөө ол” гэж хэлэхэд “чи бас учрыг нь ол, хүүхдэдээ хэл” гэж хэлсэн. Ч.С надад “Б.Б, Б.О нар танай хүү, манай охин хоёрын талаар ирж янз бүрийн зүйл яриад байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсаар Б.О руу яриад “Б.Б та хоёр хүрээд ир Ч.С манайд ирчихсэн, та хоёр ирээд учраа олоодох хүнд юу гэж яриад яваад байдаг юм” гэж хэлж, дуудсан. Удалгүй Б.Б, Б.О нар манай гэрт ирсэн. С.Н нь намайг “гэрээс гараад хэрэлд, гэрээс гар” гээд байсан, тэгэхээр нь би “та нар өөрсдөө гэрээс гараад хэрэлд, тэр учраа ол” гэж хэлээд галын зуухныхаа зүүн талын хэсэгт сууж байгаад хажууд байсан данхтай бүлээн цайг аваад Ч.С луу “гэрээс гарч хэрэлд” гээд шидчихсэн. Тэр үед Ч.С гэрийн баруун талын орны урд талд сууж байсан, Б.Б Ч.С-ын дээд талын хэсэгт, Б.О гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Манай хүү орноосоо босоод хувцсаа өмсөж байсан. ...төрсөн хүү С.Н нь хувцсаа өмсөхөөр нь би Ч.С гэгчийг гэрээс гарч хэрүүл хий гээд Б.Б-ын хажуугаар зөрөөд Ч.С-ын хажууд очоод гар гэж хэлэх гэхэд миний баруун талын нүд рүү нэг удаа, дараа нь дух толгойн хэсэг рүү 2-3 удаа хатуу зүйлээр цохиод байсан. Сүүлд Ч.С гэрээс гарахад нь харахад гурилын бөөрөнхий мод гартаа барьчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг[1],

        2. Гэрч Н.Б-ын ...би Ч.Сыг “та наанаа байж байгаарай” гэж хэлээд Ч.С-гийн гэрт ороход Б.Б баруун талд модон сандал дээр сууж байсан харин Б.О нь зүүн талын орон дээр Ч.С-гийн дээд талд зэрэгцээд сууж байсан. Би “амрыг эрье. Танайд юу болсон бэ?” гэж асуухад Ч.С нь надад “Ч.С гэгч нь 09 цагийн орчим манай гэрт орж ирээд чи залуугаа татаж аваач айл гэр үймүүлж байна гэж хэлээд сууж байгаад намайг гурил элддэг модоор миний толгой, нүд лүү цохичихлоо” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг[2],

       3. Гэрч Б.Б-ын “...Ч.С танай залуу манай охин луу мессеж бичээд байна гэж хэлэхэд Ч.С зуухны дээд талд байсан паалантай цагаан өнгөтэй данх Ч.С эгч лүү шидэхэд хажуу талд нь очиж тусаад данх дотор байсан цай асгарсан. Тэгээд Ч.С галын доод талд байсан түлээний хайрцагнаас мод бариад босоход манай эхнэр Б.О Ч.С-гийн гарт байсан модыг авахад Ч.С гэрийн баруун талд зогсож байсан Ч.С-тай барьцалдаж аваад гэрийн баруун талын орон дээр Ч.С нь доор орсон, Ч.С эгч дээр нь гарчихсан ноцолдож байсан. Манай эхнэр Ч.С-г дээлийн араас татаж зүүн талын орон дээр суулгасан. Ч.С босож ирэхэд дээлийн баруун гар талын ханцуйнаас бөөрөнхий мод харагдаж байсныг би сугалж аваад гэрийн унинд хавчуулсан. Тэгээд тэдний залуу С.Н, Ч.С эгч хоёулаа гэрээс гараад уулзаадахъя гэж хэлээд дагуулж гарахдаа Ч.С гэрийн унинд хавчуулсан байсан модоо аваад гарсан юм. ...Тухайн үед Ч.С, Ч.С хоёр гэрийн баруун талын орон дээр барьцалдаж байхад тэр хоёрыг хоёр тийш нь салгахад Ч.С-ын дээлийн ханцуйнаас гурил элддэг бөөрөнхий мод гарч ирсэн, гартаа мод бариад Ч.С-г далайж цохисон зүйл харагдаагүй, би хараагүй, Ч.С ханцуйнд байсан модоор цохисон байх тухайн үед Ч.С эгчийг манай эхнэр Х.О салгасан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч С.Н-ын “...Ч.С эгч “чам шиг авгай өөрийгөө мэдэхгүй байж хүнд юу заадаг юм” гэж манай ээжид хандаж хэлэхэд ээж зуухны зүүн өмнө сууж байснаа хажууд байсан данх авч Ч.С эгч рүү шидэхэд хажуу талд нь тусаж данханд байсан цай асгарсан. Тэгээд тэр хоёр хоорондоо нэг нэгээ муу хэлж байснаа манай ээж босоод галын доод талд түлээний савнаас нэг мод бариад авахад Б.О эгч манай ээжийн гараас мод салгаж авахад ээж Ч.С эгч хоёулаа нэг нэгнээ бариад авсан. Тэгээд Ч.С эгч баруун талын орны урд дутуу унаж, сөгдөж босч ирээд дээлнийхээ баруун талын ханцуйнаас гурил элддэг мод гаргаж ирээд манай ээжийн баруун нүд лүү цохиод авсан...” гэх мэдүүлэг[4],

            5. Гэрч М.О-ын “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Зүүнхангай сумын Хайрханы өвөр овгор гэх газар төрсөн ахындаа байж байгаад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд ээж гэртээ байсан. Тэгээд орой унтах гэж байтал манай ээж Ч.С нь надад “би өдөр Ч.С намайг утсаар гэртээ дуудахаар нь гэрт байсан гурил элддэг бөөрөнхий мод аваад тэднийд явж очоод Ч.С-тай уулзаж тэдний гэрт муудалцаж байгаад Ч.С над луу данхтай цай цацаж, над луу хүрч ирээд бариад авахаар нь Ч.С-г цохичихсон юм шиг байна лээ яаж цохисноо санахгүй байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[5],

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 31 дугаартай  “...Үзүүлэгч Ч.С-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм...” гэх дүгнэлт [6],

7. Шүүгдэгч Ч.С-ын яллагдагчаар өгсөн “...би тэдний гэрийн баруун талын орон дээр сууж байгаад орны өмнө байсан сандал авч С.Н руу дөхөж сандал дээр суугаад С.Над хандаж “С.Н чи надад анхаарал хандуулж надтай ярилцаадах, би чамтай уулзах гэхээр чи надтай таарахгүй юм” гэхэд хажуунаас С.Н-ын ээж Ч.С “чи эдний нэг алцгар, банзал, архичин охиноос салаач” гэж өөрийн хүү С.Н луу орилсон. Тэгэхэд нь би “Ч.С чи болиоч, би С.Н-тай яриадахъя” гэхэд “чи өөрийнхөө охинд хэлэхгүй юу” гэхээр нь “би хэлхээрээ нэг болж байна” гэхэд Ч.С гэрийнхээ зүүн талд сууж байгаад над луу хажууд нь байсан данхтай цай авч шидсэн юм. Уг шидсэн данхтай цай миний хажуу талд газарт тусаж данханд байсан цай асгарсан. Тэгээд над луу галын доод талд байсан түлээний савнаас дахин мод авч шидсэн. Уг мод намайг оноогүй. Ч.С над луу хүрч ирсэн. Тэгээд би сууж байсан сандал дээрээс босох гэхэд миний хажууд асгарсан цайн дээр халтирч боосож ирээд зүүн талын ханцуйнд байсан модоор 2 удаа Ч.С-гийн нүүр лүү цохисон байх тухайн үед би их уурлаж байсан болохоор яг хаана цохиж зодсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг[7],

Мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ч.С-гийн гэрт очих замдаа гэрийнхээ хог дээр хаясан байсан гурилын модыг ханцуйндаа нууж Ч.С-гийн гэр рүү авч явсан. Гэрт нь ортол С.Н хоймрын орон дээр унтаж байсан тул чи миний охинтой харилцаагаа тасал гэсэн агуулгатай зүйл ярьж байтал С.Н-ын ээж Ч.С над руу уурлаж, хэл амаар доромжилж байснаа хажуудаа байсан данхтай цай аваад над руу шидсэн. Дараа нь галын хажуу талын түлээний хайрцгаас 2 удаа мод авч шидсэн. 3 дахь удаагаа над руу мод шидэх гэж байхад нь Ч.С-гийн хамаатан Б.Б болиулсан байсан. Гэрч Б.Б болон бусад гэрч нар дутуу мэдүүлэг өгсөн байсан. Би эрх бүхий албан тушаалтанд гэрч нар болсон үйл явдлын талаар дутуу мэдүүлэг өгсөн байна гэж хэлтэл “яг ижил мэдүүлэг гаргахгүй бол болдоггүй юм” гэж хэлэхээр нь би анх удаа хэрэгт холбогдож байгаа тул тийм байх ёстой юм байлгүй гэж бодоод юм хэлээгүй. Ч.С над руу мод шидэж байхад би тэвчээд чимээгүй сууж л байсан. Тэгснээ Ч.С над руу орилж ирээд барьцалдаад авсан тул би шидсэн данхтай цайн дээр унаад Ч.С-гийн доор орсон. Айсандаа ухаан балартаж гурилын модоо гаргаж ирээд Ч.С-г цохисон байсан. Би хохирогчийг цохисон үйлдлээ сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ч.С, шүүгдэгч Ч.С нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Ч.С нь шүүгдэгч рүү данхтай цай шидэж, шүүгдэгчийг дарж унагасан байна. Улмаар шүүгдэгч ханцуйд байсан элдүүр модоороо хохирогчийн нүүрэн тус газар цохиж, хохирогчийн биед “тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд” учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Ч.С-гийн биед учирсан “тархи доргилт” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 31 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.С нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ч.С “...Надад хэргийн улмаас эмчилгээ, оношилгооны зардал болон хоол, унд, унааны зардалд нийтдээ 400’000 төгрөгийн зарлага, хохирол учирсан. ...Цаашид Улаанбаатар хот руу явахаар бол нэмж хохирол, зардал гарна. Тэр үед нэмж нэхэмжилж Ч.С-аас гаргуулж авна гэж бодож байна”[8] гэж мэдүүлсэн, учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.С-гийн өөрт учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч У.П-ийн “...Ганц бие эмэгтэй хүн өрх гэр толгойлоод үр хүүхдээ өдий зэрэгт өсгөж хүмүүжүүлээд явж байгааг нь хараад сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөрч олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, өөрийн үзэл бодлыг хүмүүст ойлгуулж ярьж хэлж чаддаг, цэвэрхэн хувцаслаж, ар гэрийн амьдрал ахуйг сайн авч яваа зөв боловсон зан харьцаатай хүн гэж дүгнэдэг...” гэх мэдүүлэг[9], гэрч М.О-ын “...Манай ээж Ч.С нь хүнтэй зөв боловсон харьцаатай, цэвэрч нямбай, хөдөлмөрч, шударга, өөрийн хэлэх гэсэн зүйлийг шууд хэлж чаддаг, сумын ард иргэдтэй нийтэч зан чанартай, хөдөлмөрч аавыг нас барснаас хойш манай гэрийг ганцаараа авч явж байгаа...” гэх мэдүүлэг[10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, охин, зээ охины хамт Увс аймгийн Зүүнхангай сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12.4 см-ийн урттай элдүүр модыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн модыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Ч-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.С-гийн хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12.4 см-ийн урттай нэг ширхэг бөөрөнхий модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1]  хх-ийн 20-22 дугаар хуудас

[2] хх-ийн 24-25 дугаар хуудас

[3]  хх-ийн 26-27 дугаар хуудас

[4] хх-ийн 30-31 дүгээр хуудас

[5] хх-ийн 32-33 дугаар хуудас

[6]  хх-ийн 45-46 дугаар хуудас

[7] хх-ийн 68-69 дүгээр хуудас

[8] хх-ийн 23 дугаар хуудас

[9] хх-ийн 35 дугаар хуудас

[10] хх-ийн 37 дугаар хуудас

[11] хх-ийн 84 дүгээр хуудас