Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

 

 

 

 

2021         01          28                                   2021/ШЦТ/78      

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Ч.Д (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дд холбогдох эрүүгийн 1809049621428 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжү гудамж, 41 дүгээр байрны 37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт “цалингийн зээл чөлөөлөөд маргааш буцаагаад өгнө” гэж худал хэлэн хуурч Б.Баасанжаргалаас 1.200.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 1809049621428 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Баасанжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би ганцаараа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байдаг “Таны дэлгүүр” гэдэг газар явж байтал нэг залуу над руу залгасан. Тэгээд эцалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм, би Витафит ХХК-д ажилладаг бөгөөд урьд авсан зээлээ хаагаад дахиж зээл авах гэсэн чинь мөнгө хэрэг болчихоод байна” гэхээр нь “хүрээд ирээ” гэсэн. Тэгээд тэр залуу ирээд иргэний үнэмлэхээ үзүүлээд “маргааш зээлээ чөлөөлөөд танд буцаагаад өгье” гэж хэлээд өөрийнхөө 5094279247 гэсэн данс руугаа миний 5753265680 гэсэн Хаан банкнаас 1.200.000 төгрөгийг 40.000 төгрөгийн хүүтэй зээлж шилжүүлэн аваад явсан. Тэгээд маргааш нь тэр залуу холбогдохгүй байхаар утас руу нь залгатал утсаа авахгүй “удахгүй мөнгөө өгнө” гээд мессеж бичээд байсан. Тэгээд бүүр алга болчхоор нь надад хуулбарлаж өгсөн иргэний үнэмлэхийн хаягаар нь очиход хамаатны эгч нь гээд нэг эмэгтэй “манайд түр амьдарч байсан бөгөөд одоо амьдрахгүй байгаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Үнэгүй.мн дээрээс “барьцаа шаардахгүй мөнгө зээлнэ” гэсэн зар хараад очиж уулзаад иргэний цахим үнэмлэхээ хуулбарлаж өгөөд 1.200.000 төгрөг данс руугаа шилжүүлж авсан. Тэгээд тэр мөнгөө аваад урагшаа явах зардал, ажилд өмсөх хувцас зэрэг зүйлд хэрэглээд дуусгасан. Өмнөговь руу яваад тэндээ жолоочийн ажил хийгээд тэндээ үлдсэн. Мөнгө зээлсэн эгчтэй ганц хоёр удаа холбоо бариад цалин мөнгөний боломж тааруу байгаа болохоор мөнгө өгч чадаагүй. Ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Б.Баасанжаргалын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37 дугаар хуудас/,

Ч.Ды “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Ды иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 34 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Ды хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт “цалингийн зээл чөлөөлөөд маргааш буцаагаад өгнө” гэж худал хэлэн хуурч Б.Баасанжаргалаас 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгч Ч.Ды шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баасанжаргалын мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Ч.Д нь “Цалингийн зээл чөлөөлөөд буцаагаад өгнө” гэж Б.Баасанжаргалыг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Ч.Ды гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн “богино хугацаанд мөнгөө өсгөх” гэсэн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Дыг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баасанжаргалаас “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэсэн хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Ч.Дыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч.Дг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН