Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд ургийн овогт Дгийн Гт холбогдох эрүүгийн 2035000000188 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогтой Д-гийн Г 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын нэгдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар:........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Модон овоо гэх нэртэй газраас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Б-ын малаас иргэн Ц.А-ийн гурван тооны, иргэн С.Б-ын 20 тооны хонь, нийт 23 тооны буюу олон тооны бог малыг машин механизм буюу мотоцикл ашиглаж хулгайлж нийт 2’345’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2035000000188 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.Б-ын “...2020 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-ны шилжих шөнө Д.Г нь архи авч ирж санаатайгаар Б.А-ыг согтоогоод шөнө нь мал тасалж явсан гэж үзэж байна. Д.Г хононо гэж хэлчхээд шөнө 01 цагт явчихсан байсан. 04 цагт мотоцикл гэрлээ унтраагаад дуу нь сонсогдоод явсан байсан. Тэр үед манайх Модон овоо гэх газарт отрын 1 гэрээр байсан юм. ...Сүүлд Ц.А, Б.А нар Д.Г-ийн хүргэний гэрээс 21 малаа олж авсан. Тэр айл нь Увс нуурын хөвөөнд Хар хотгор гэх газарт байдаг маш хол газар байгаа юм...” гэх мэдүүлэг[1],

“...Би тухайн үед малаа тоолж үзээд 49 тооны мал дутсан байсан. Энэ талаараа ч урьд мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Тухайн үед Д.Г-оос 21 тооны малыг амьдаар нь буцааж авсан. 2 мал нь машинд ачиж явахад дарагдаж үхсэн гэж хэлсэн. Би 2020 оны 9 дүгээр сарын эхээр 20 тооны хонийг оюутан хүүхдийн сургалтын зардалд нэмэрлэх зорилгоор зарсан. Энэ талаар мал тоолох үедээ хасаж тооцохоо мартсан байна. Тухайн үед н.Б гэх махны ченж хүнд зарсан санагдаж байна. Мөн хүүхдүүд ээлжилж мал хариулж байдаг тул зарим малыг үхэж үрэгдүүлсэн зүйл гарсан байсан. Би энэ талаар хүүхдүүдээсээ шалгааж нарийн асуусан тэгэхэд төл голдуу 6 тооны мал үхэж үрэгдсэн, нуурын усанд живсэн байсан. Энэ талаар надад хэлээгүй тул би мэдэхгүй алдсан малын тоонд оруулсан байна...” гэх мэдүүлэг[2],

2. Хохирогч Ц.А-ийн “...Тухайн үед Б /Б.А/ бидэнд Б.Д бид хоёрыг явсны дараа Малчин сумын иргэн Д.Г гэх залуу ирээд 1 шил архи задалсныг хамт уусан. Тэр архийг ууж дуусгаад Д.Г Хар тэрмэс яваад дахин 1 шил архи аваад ирье гэж хэлээд явсан. Гэхдээ 10 минут болоод тун удалгүй 1 шил архи авч ирж уусан. Отрын гэрээс Хар тэрмэс хүртэл 10 гаруй км зайтай байдаг юм. Б түүнтэй архийг ууж байтал Д.Г шөнө 01 цагт айлд очно гэж хэлээд явсан. Б ганцаараа үлдээд архиндаа дийлдээд унтчихсан. Үүрээр 04 цагийн орчимд мотоцикл тэднийхээс холдоод зүүн зүг рүү Малчин сум тал руу яваад өгсөн. Тухайн үед мал туусан эсэхийг мэдээгүй. Д.Гтой найзууд тул арай мал хулгайлсан гэж бодоогүй талаар бидэнд хэлсэн юм...” гэх мэдүүлэг[3],

“...Манай мал бэлчээрээс болон шөнө орой хотноос салж яваад байдаггүй. Хотлуулсан тохиолдолд гэр эргэн байгаад байдаг юм. Манайх байсан Модон овоо гэх газар нь нуурын хөвөөнд байдаг тул хааяа нуур луу явж ус уух явдал гарч байсан. Өөр газар луу яваад байдаггүй...” гэх мэдүүлэг[4],

3. Гэрч Б.А-ын “...аав мал бүртгэж үзээд олон мал дутаж байна гэсэн тул малаа хүн тус бүрээр нь ялгаж бүртгэхэд аав С.Б-ын 46 тооны бог мал, хүргэн дүү Ц.А-ийн 3 тооны хонь дутсан тул би Д.Г-ийг сэжиглэж тэдэнд болсон явдлыг хэлсэн. Тэгээд зөвлөлдөөд Ц.А бид хоёр Д.Гийн малыг очиж үзэхээр явсан. Малчин суманд очоод Д.Г-ийн аав Б.Д гэх хүний малыг шүүхэд манай мал байгаагүй тиймээс Д.Г-ийн хүргэний гэрт очиж малыг нь шүүтэл Ц.А-ийн 3 тооны хонь, аав С.Б-ын 18 мал гарч ирсэн юм. Тэр айлаас хэн авч ирснийг асуухад хадам ах Д.Г Зүүнговьд 2 адуу зараад авч ирсэн хонь гэж хэлсэн. Тэднийд байж байтал Д.Г нь Ц.А рүү утасдаад учраа олоод дундаа тохирчихвол яасан юм бэ? цагдаад битгий хэл гэсэн. Тэгэхэд нь аав шийднэ гэж хэлсэн юм. Бид хоёр малаа тэнд нь орхиод буцаж гэртээ ирэхэд Д.Г аавын гэрт ирчихсэн байсан. Тэгээд уучлалт гуйгаад бүх хохирлыг төлж барагдуулна. Цагдаад битгий хэлээч гэж гуйж байсан...” гэх мэдүүлэг[5],

4. Гэрч Г.Б-ын “...Одоогоос 7 хоногийн өмнө эхнэр Д.Б болон 2 хүүхдийн хамт гэртээ байтал орой 22 цагийн орчимд эхнэрийн ах Д.Г, Б.Ж нар ягаан өнгөтэй Бонго машинтай ирсэн юм. Тэд Зүүнговиос явж байна.  Сумын төв рүү явж байна. Машин доголдоод байгаа тул танайд хэдэн хонь буулгачхаад дараа ирж авна гэж хэлээд хонь хурга нийлсэн 21 мал машинаасаа буулгаад манай хоньтой нийлүүлсэн юм. Д.Г, Б.Ж нар Баянхонгор аймгаас адуу авч ирж зарж байсан тул түүний хөлсөнд авсан байх гэж би бодсон. Д.Г, Б.Ж нар хонь авч ирж буулгасныг маргааш нь Ц.А гэх залуу өөр нэг залуугийн хамт мотоциклтой ирээд манай малыг шүүгээд тэдгээр 21 малыг манай мал байна. Хэн авч ирсэн бэ? эзнийг нь хэлчих гэж асуусан. Тухайн үед Д.Г, Б.Ж нар авч ирсэн гэдгийг нь хэлэхэд малаа авалгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг[6],

5. Гэрч Д.Б-ийн “...Д.Г, Б.Ж нар Б.Ж-гийн ягаан өнгийн Бонго машинтай мал ачиж ирээд Зүүнговь сумаас ирлээ Малчин сумын төв орохоор явж байна. Машин тасалдаад явахгүй байна. Малаа танайд түр орхиод 2-3 хоногоос ирж авна гэж хэлсэн юм. Тэгээд манайд хоноогүй сумын төв рүү явчихсан. Гэтэл маргааш нь Ц.А 1 залуугийн хамт манайд ирж мал шүүгээд тэдгээр 21 малыг манай мал гэж танайд хулгайд алдсан мал танайд байна. Хэн авч ирснийг нь хэлчих гэж хэлсэн. Нөхөр маань тэдэнд Д.Г, Б.Ж хоёр авч ирснийг нь хэлээд явуулсан юм. Харин 2 хоногийн өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой Г, Ж хоёр ирээд 21 малын эзэнд нь буцааж өгнө гээд аваад явсан...” гэх мэдүүлэг[7],

6. Гэрч Б.Д-гийн “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ц.А бид хоёр Модон овоо гэх газарт отрын гэрээр байхдаа ах Б буюу Б.А-ыг дуудаж мал харуулахаар үлдээгээд Ц.А бид хоёр мотоциклоор Наранбулаг, Малчин сумдын нутгаар явж байгаад 3 хоноод буцаж ирсэн. Удалгүй Модон овоогоос нүүгээд Худаг гэх газарт байхдаа мал алдагдсаныг мэдэж малаа тус бүрээр нь тоолоход аав С.Б-ын 46, Ц.А-ийн 3 нийт 49 бог мал дутсан. Тухайн үед Б.А бидэнд Ц.А, бид хоёрыг явсан өдрийн орой Д.Г гэх залуу ирээд архи ууж байгаад шөнө 01 цагт хонохоо болиод явсан. Гэтэл үүрээр унтаж байтал 04 цагийн орчимд ойрхон мотоцикл дуугарахаар нь гарч харахад гэрэлгүй мотоцикл яваад өгсөн. Б.А араас нь хэд орилж дуу чимээ өгчхөөд гэртээ ороод унтсан талаар хэлээд, тэгэхэд манай малаас туугаад явчихсан бололтой гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[8],

7. Увс Финанс Аудит ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 303 дугаартай “...Увс аймагт 2020 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ цэнийн баримжаа хуц 180’000 /нэг зуун наян мянга/ нас гүйцсэн эр хонь 170’000 /нэг зуун далан мянга/, нас гүйцсэн эх хонь 120’000 /нэг зуун хорин мянга/, 4 настай эр хонь 150’000 /нэг зуун тавин мянга/, 4 настай эх хонь 100’000 /нэг зуун мянга/, 3 настай эр хонь 120’000 /нэг зуун хорин мянга/, 3 настай эх хонь 90’000 /ерэн мянга/, төлөг 80’000/наян мянга/, хурга 35’000 /гучин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт[9],

8. Увс Финанс Аудит ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 318 дугаартай “... 3 жил ашигласан “Мустанг-5” загварын мотоцикл 400’000 /дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт[10],

9. Шүүгдэгч Д.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу С.Б-ынд очиж архи уухаас 2 хоногийн өмнө миний мотоцикл эвдэрсэн тул Б.Ж-гийнд мотоциклоо орхиод Б.Ж-гийн эзэмшлийн Мустанг-5 цэнхэр өнгийн мотоциклийг унаж Наранбулаг сумын төв орж мотоциклдоо сэлбэг, бензин авсан. Тэгээд буцаад Малчин сумын нэгдүгээр багийн нутаг Рашаан булаг гэх газарт байдаг Б.Ж-гийн гэр лүү явсан. Тэднийх рүү явах замд Хар замын дээхэн талд Хавчиг гэх газарт хэсэг мал байсан тоолж үзэхэд 23 тооны хонь байсан. Би тэр малыг туугаад дөрвөн өндөр гэх газарт байсан хүний эзэнгүй өвөлжөөнд аваачиж хашаанд хашиж өвс тавьж өгөөд явсан. ...Би өөрийнхөө өвөлжөөнд 7-8 хонуулаад Б.Ж-г утсаар дуудаж мал ачаад өг гэхэд зөвшөөрсөн тул малаа ачиж өөрийн хүргэн Дэлдээ /Г.Батбаяр/-нд аваачиж малд нь нийлүүлж орхиод явсан...” гэх мэдүүлэг[11],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Б.А-ын хүргэн Ц.А-ээс мал авах ёстой байсан тул хохирогч С.Б-ын отрын гэрт очтол Б.А байсан ба Ц.А байгаагүй. Б.А надад нэг шил архи задалсан учир хамт архиа хувааж уучхаад би “Хар тэрмэс” руу явж дахин нэг шил архи авч ирсэн нь үнэн. Тэр шөнө айлын мал тасалж аваагүй. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хээр тасарсан мал байгааг хараад авч яваад айлын хашаанд хашаалсан. Би уг нь Б.А-тай архи ууж байхдаа тасарсан мал авсан талаараа хэлсэн боловч тоохгүй байсан. Ойр хавьд айл байгаагүй учир тасархай мал байгааг хараад авсан. Гэтэл тухайн айл хонхор далд газар байсныг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн нутаг Модон овоо гэх нэртэй газраас хохирогч С.Б-ын 20 хонь, Ц.А-ийн 3 хонь нийт 23 тооны тооны мал Б.Ж-гийн эзэмшлийн мотоциклоор тууж авсан үйл баримт хохирогч С.Б, Ц.А, гэрч Б.А, Г.Б, Д.Б, Б.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч хэрэг бүртгэлтийн шатанд “...Хар замын дээхэн талд Хавчиг гэх газарт хэсэг мал байсан тоолж үзэхэд 23 тооны хонь байсан. Би тэр малыг туугаад дөрвөн өндөр гэх газарт байсан хүний эзэнгүй өвөлжөөнд аваачиж хашаанд хашиж өвс тавьж өгөөд явсан...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хээр тасарсан мал байгааг хараад авч яваад айлын хашаанд хашаалсан.” гэж тус тус мэдүүлсэн нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Д.Гийн хохирогч С.Б-ын 20 хонь, Ц.А-ийн 3 хонийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр буюу хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор мотоцикл ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон байх тул шүүгдэгч Д.Гийн 23 тооны бог мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Г нь амар хялбар аргаар хөрөнгөжих зорилгоор, шунахайн сэдлээр, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б, Ц.А нарт 2’345’000 /хоёр сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...миний малыг Д овогтой Г авснаа хүлээн мэдүүлсэн ба 21 хонийг нас хүйсээр нь хүлээн авсан. Үлдэгдэл 2 хонь, эрлийн зардалд нийт 1’800’000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг бэлнээр авсан. Нэмж нэхэмжлэх хохирол гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх хохирогч С.Б-ын тодорхойлолт[12], хохирогч Ц.А-ийн “...Би өөрийн 3 тооны хонийг амьдаар нь буцаан авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр[13] тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан олон тооны мал, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдал тогтоосон гэрч Ч.Б-ын “...Багаасаа мал дагаж хөдөө өссөн. Дунд сургуульд суралцаж 9-р анги төгссөн. Түргэн сумаас эхнэр авсан 2 хүүхдийн хамт Түргэн суманд амьдардаг. ...Зан араншингийн хувьд дөлгөөн тайван зантай, хэнэггүй, үг дуу цөөтэй, архи, тамхи, хэрэглээд саахуураад яваад байдаггүй...” гэх мэдүүлэг[14], Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоол[15], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт[17] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь эхнэр хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын нэгдүгээр багт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Г гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, 410 орчим толгой малтай атлаа амар хялбар аргаар хөрөнгөжих зорилгоор, шунахайн сэдлээр бусдын малыг хулгайлсан, хулгайлсан малаа бусдад шилжүүлж, нуун далдалсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Гийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор иргэн Б.Ж-гийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг ашигласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тухайн мотоциклийн үнэ болох 400’000 төгрөгийг шүүгдэгч Д.Гоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна. Харин улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон бог малын үнэ болох 2’345’000 төгрөгийг албадан гаргуулж, хохирол нөхөн төлсөн тул улсын орлого болгох” гэх саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгч хохирогч Ц.А-д 3 тооны хонийг буцаан өгсөн, хохирогч С.Б-д 18 тооны хонийг буцаан өгч, хулгайлсан хонийг нуун далдлахаар тээвэрлэх явцад үхсэн 2 хонины үнэ болон эрэн хайхад гарсан зардалд 1’800’000 төгрөгийг өгсөн байх тул гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулсан гэж үзнэ.

Мөн иргэн Б.Ж-гийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Д-гийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Ж-гийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 400’000 төгрөгийг шүүгдэгч Д.Г-оос гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6. Иргэн Б.Ж-гийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 33-35 дугаар хуудас

[2] хх-ийн 36-37 дугаар хуудас

[3] хх-ийн 39-41 дүгээр хуудас

[4] Хх-ийн 42 дугаар хуудас

[5] хх-ийн 43-44 дүгээр хуудас

[6] хх-ийн 45-46 дугаар хуудас

[7] хх-ийн 47-48 дугаар хуудас

[8] хх-ийн 51 дүгээр хуудас

[9] хх-ийн 63 дугаар хуудас

[10] хх-ийн 70 дугаар хуудас

[11] хх-ийн 82-84 дүгээр хуудас

[12] хх-ийн 141 дүгээр хуудас

[13] хх-ийн 42 дугаар хуудас

[14] хх-ийн 54 дүгээр хуудас

[15] хх-ийн 162-166 дугаар хуудас

[16] хх-ийн 124 дүгээр хуудас

[17] хх-ийн 120 дугаар хуудас