| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
2021 01 28 2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2009000001465 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүр 6 гудамж 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 41 дүгээр байрны 47 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 16-наас 2020 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Поларис” гэх караокены гадна үл таних Н.Монголжинтой харилцан маргалдаж, үснээс нь зулгааж газар унагаан чирж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “эрүү, цээж, хөх, баруун зүүн бугалга тохой, зүүн гуянд шалбаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 2009000001465 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн үед хэрүүл маргаан хийж байсан залуучууд хохирогч Монголжин хамт байсан. Монголжин хэрүүл маргааны үеэр “гичий минь, зайл, чамд хамаагүй” гээд намайг хэл амаар доромжлохоор нь Монголжингийн үснээс зулгаасан зууралдаад унасан. Тухайн үед Монголжин бид хоёрыг газарт унаж зууралдаж байхад Монголжингийн биед надаас өөр хүрсэн хүн байхгүй. Би Монголжингийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Хохирогч Н.Монголжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Фаларис” гэдэг нэртэй пабад ажлын хүмүүс болох Балжинням, Батцогт, түүний эхнэр, Ану, Түвшинжаргал, Бат-Эрдэнэ бид нар пабаас гараад явж байтал саарал өмд цамцтай залуу зөрөхдөө Бат-Эрдэнийг мөрлөсөн. Бат-Эрдэнэ тэр залуутай огт муудалцаагүй. Бат-Эрдэнийг мөрлөснөө “Маза” гэсэн бичигтэй залуу Батцогтыг савтал нь мөрлөж хоорондоо маргалдахаар нь Батцогтыг аваад таксинд суух гэтэл хар үстэй Ганцэцэг гэх эмэгтэй шар үстэй эмэгтэй хоёр араас үсдэж унагаан чирээд хар үстэй Ганцэцэг гэдэс хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг Бат-Эрдэнэ босгоод машинд суулгаад аваад явсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хавтас/,
Гэрч Б.Батцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Монголжин суух гэтэл араас нь татаж унагаасан. Би машинаас буутал шар үстэй Баянжаргал, хар үстэй Ганцэцэг гэх 2 эмэгтэй дээр нь гарчихсан цохиж байхад Бат-Эрдэнэ Ганцэцэг гэх эмэгтэйн нөхөр Баасанжав гэх залуу хоёр талаас нь салгаж байсан. Би Монголжинг аваад холдоод явсан. Удалгүй цагдаа ирсэн. Машинаас буугаад хартал Монголжингийн дээр нь Баянжаргал, Ганцэцэг гэх 2 эмэгтэй хоёулаа гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч Г.Ану мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Монголжин Батцогтыг таксинд суулгаад өөрөө араас нь суух гэж байтал хар үстэй Ганцэцэг гэх эмэгтэй Монголжингийн үснээс нь үсдэж Монголжин, Ганцэцэг хоёр хамт газар унасан. Бат-Эрдэнэ бас хажууд нь байж байгаад хамт газар унасан. Энэ үед шар үстэй үл таних Баянжаргал гэх эмэгтэй Монголжингийн хэвлийгээс доош хөл, гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байсан. Батцогт, Бат-Эрдэнэ, Ганцэцэгийн нөхөр нар салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Монголжин суух гэж байтал ард талаас нь хар үстэй Ганцэцэг гэх эмэгтэй нь үсдэж чирсэн. Би тэр дундуур нь салгах гэж ороод хамт газар унасан. Босож ирээд Монголжинг таксинд суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч О.Баасанжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Монголжин гэх эмэгтэй Ганцэцэгийг хэл амаар доромжилж хэрүүл хийсэн. Ганцэцэг уурандаа Монголжинг үстэж газар унагасан. Монголжин шууд босож ирээд Ганцэцэгийн үснээс нь зулгаагаад газар унагаан гутлаараа гар дээр нь гишгэж суугаад цохиж байхад батгатай нүүртэй намхан залуу хажуу талаас нь Ганцэцэгийн цээж хэсэг рүү гараараа цохиж байхад би Ганцэцэгийг босгож ирээд холдуулаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Т.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Ганцэцэг, Монголжин нар хоорондоо үстэлцсэн. Өөр цохиж зодсон зүйл хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шинжээч С.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Дээрх гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй. Тохой, зүүн гуянд шалбаралт цус хуралт нь унаж оочих цохигдох аль ч үед үүсэх боломжтой. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун, зүүн бугалга нь гараараа чанга барих базахад үүсэх боломжтой....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11964 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1.Н.Монголжингийн биед эрүү, цээж, хөх, баруун, зүүн бугалга тохой, зүүн гуянд шалбаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас /,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1286 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23, 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 16-наас 2020 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Поларис” гэх караокены гадна үл таних Н.Монголжинтой харилцан маргалдаж, үснээс нь зулгааж газар унагаан чирж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд “эрүү, цээж, хөх, баруун, зүүн бугалга тохой, зүүн гуянд шалбаралт, цус хуралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Монголжингийн мэдүүлэг, гэрч Б.Батцогт, Г.Ану, Д.Бат-Эрдэнэ, О.Баасанжав, Т.Алтангэрэл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11964 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Монголжингийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, гэрч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Монголжингоос “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 71 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН