Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

 

 

 

 

2021          01          29                                 2021/ШЦТ/81

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч С.Болорзул, 

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2009000001103 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер-орчуулагч ажилтай, “Ази капитал корпорэйшн” ББСБ-д захирал ажилтай, ам бүл 36, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо Тохилог 16-102 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 08 дугаар сарын 03-наас 2020 оны 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-Улаанбаатар төвийн гадна иргэн Б.Мөнхзоригийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...тухайн шөнө хэсэг найзуудтайгаа уулзаад согтууруулах ундаа хэрэглэсэн. Наадам центрт сууж байгаад Руби рүүм паб руу орж суусан. Согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа найзуудыгаа хайж байсан. Болсон явдлыг сайн санахгүй байна. Би хувь хүний хувьд хүмүүстэй маргалдахгүй. Олон том биетэй хамгаалагч нар байсан ганц согтуу хүнийг аргалаад явуулах боломжтой байсан. Гар хүрснээрээ буруутан болж байгаа ч олуулаа намайг тойрч байгаад миний биед гар хүрсэн байсан. Намайг 1.500.000 төгрөг өгөх юм бол би аргалаад шийдчихнэ гэж байсан. Үнэтэй байна 800.000 төгрөг өгье гэхэд үгүй гэсэн. Над руу 5-6 удаа залгаж байсан. Мөрдөгч мөнгө өгөх хэрэггүй шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн...” гэв.

 

Эрүүгийн 2009000001103 дугаартай хэргээс:

 

Хохирогч  Б.Мөнхзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 03-наас 2020 оны 08 дугаар сарын 04-нд шилжих шөнийн 03 цагийн орчим би өөрийн ажил болох Шангрила төв дээр байж байтал Рүби рүүм пабын 401 тоотод орж үйлчлүүлсэн сүүлд нэрийг нь мэдсэнээр Баасандаш гэх хүн зөөгчид агсам тавиад байсан. 2 эмэгтэй хүн сүүлд ирээд тэр эрэгтэйг аваад гарсан. Ингээд гарчхаад нөгөө эрэгтэй буцаж лифт дараад орох гээд байхаар нь би дээд давхрын байгууллагууд хаачихсан гэтэл “хуц би орно” гээд байсан. Ингээд тэр эрэгтэйг хамгаалагчдын хамт гадаа гаргатал фудволкоо өөрөө тайлчхаад “би та нартай нэг нэгээрээ үзнэ” гээд агсам тавиад байсан. Энэ үед хамт байсан эмэгтэй нь “боль явъя” гээд байсан. Тэгтэл Баасандаш гэх эрэгтэй тэр эмэгтэйгээ урдаасаа холдуулаад намайг бөгж зүүсэн гар буюу баруун гараараа миний зүүн хацар руу 1 удаа цохисон. Энэ үед миний зүүн нүд хавдаж, завж урагдсан. Би хамгаалагчийн хамт доош харуулж хэвтүүлээд 2 гарыг нь ард нь биеэ хамгаалах үүднээс өчсөн. Баасандаш гэх хүн миний зүүн хацар руу цохих үед нь би арагшаа савагдахад миний зүүн бугуйнд байсан цагны оосор тасарч, пиджакны зүүн халаасанд байсан гар утасны дэлгэц хагарсан. Мөн эмчилгээ хийлгэсэн баримтаа нэхэмжилнэ, хохирлоо барагдуулбал надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед Дамдиндорж, Ганзориг найзуудтайгаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шангрила төвийн Наадам центр нэртэй пабд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Рүүм нэртэй паб руу орсон. Тэр пабд архи ууж сууж байсан үүнээс цааш юу болсныг би огт санахгүй байна. 2020оны 08 дугаар сарын 03-наас 2020 оны 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө би согтууруулах ундааны зүйл хэрэглээд биеэ авч явах чадваргүй байсан учраас дүү Амарзаяа ирээд авч явах гээд байхад сүүлд нэрийг нь мэдсэнээр Мөнхзориг гэгч хамгаалагч дүүг маань “чи цаашаа бай” гэж түлхээд олон удаа “чаддаг юм бол намайг цохичих” гэж шарыг хөдөлгөсөөр байгаад надад цохиулсан байгаа юм. Ийм нөхцөл байдалд ямар ч согтуу хүн хүнийг цохино гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч О.Дамдиндорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны орой найз Ганзориг, Баасандаш нарын хамт Шангрила төвийн Наадам нэртэй ресторанд сууж байгаад 4 давхарт байрлах Рүби рүүм нэртэй пабад орж пиво ууцгаасан. Ингээд хэсэг хугацааны дараа би согтсон байсан бөгөөд гэртээ сэрсэн. Хэзээ, яаж Шангрилагаас гарч явснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Амарзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ”...Би очтол миний танил ах Баасандаш ах гайгүй сэргэчихсэн байсан ба хамт архи уусан хүмүүс нь байхгүй явцгаасан байсан. Тэгтэл ах байн байн “манай найз нар хаана байна” гээд асуугаад байсан ба хүмүүс рүү ах агсрах гээд “манай найзыг олоод ир” гэх мэтээр хэлээд байсан. Тийм болохоор хамгаалагч нар нь ахыг гарах хүртэл дагаж яваад гаргасан. Ингээд би ахтай хамт гадагшаа гартал ах гадаа сууж байгаад “би найзыгаа авна” гээд буцаад Шангрилла руу орчихсон. Ийм байдалтай 10-20 минут ах гарахгүй найзыгаа авна гээд байсан. Нэг хамгаалагч залуу ахад хандан “та ямар хаашаа юм бэ, найз чинь байхгүй, бид нар амармаар байна” гээд уурласан. Тэгтэл ах уурлаад тэр 2 маргалдсан. Тэгээд сүүлдээ “үзэлцье” болоод маргалдаад байж байтал нөгөө хамгаалагч “та тасарчихсан хүнтэй битгий харьц, та чимээгүй цаашаа болчих, зүгээр орхичих, одоо гарлаа” гээд зөндөө гуйсан. Тэр хамгаалагч ахыг “чи чаддаг юм бол цохьчих” гээд өдөөд дайраад байсан. Манай ах Баасандаш тэр хамгаалагч залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон ба дараа нь тэр хоёр зууралдаад газар унасан. Тэгтэл бусад хамгаалагч нар нь нийлээд ахыг газар хэвтүүлээд гарыг нь маш эвгүй өчөөд дараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8938 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Б.Мөнхзоригийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 08 дугаар сарын 03-наас 2020 оны 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-Улаанбаатар төвийн гадна иргэн Б.Мөнхзоригийг зодож түүний эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Мөнхзоригийн “...Баасандаш гэх эрэгтэй тэр эмэгтэйгээ урдаасаа холдуулаад намайг бөгж зүүсэн гар буюу баруун гараараа миний зүүн хацар руу 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Амарзаяагийн “...хамгаалагч ахыг “чи чаддаг юм бол цохьчих” гээд өдөөд дайраад байсан. Манай ах Баасандаш тэр хамгаалагч залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон ба дараа нь тэр хоёр зууралдаад газар унасан...” гэсэн  мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8938 дугаартай дүгнэлт /Б.Мөнхзоригийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон/,

 

Шүүгдэгч М.Бийн “...Амарзаяа ирээд авч явах гээд байхад сүүлд нэрийг нь мэдсэнээр Мөнхзориг гэгч хамгаалагч дүүг маань “чи цаашаа бай” гэж түлхээд олон удаа “чаддаг юм бол намайг цохичих” гэж шарыг хөдөлгөсөөр байгаад надад цохиулсан байгаа юм...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Мөнхзоригийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Бийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийж, хохирогч Б.Мөнхзоригт хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос М.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна. 

 

Иймд шүүх шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн гэмтэл гэсэн байхад гэрч Б.Амарзаяагийн мэдүүлгээр нэг удаа цохьсон гэсэн байгаа нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Учир нь шинжээчээс дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх нөхцөл тогтоогдоогүйгээс гадна хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчээс хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон үйл баримт тогтоогдсон хэдий ч энэхүү нэг удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт үүсэх боломжтой юм.

Тодруулбал хохирогчийн зүүн талын нүдний зовхи, хацар, уруул хэсгүүд хүний биеийн анатоми байршлын хувьд ойрхон бөгөөд тухайн хэсэгт хүч үйлчилснээр тэдгээр нь нэг дор гэмтэх боломжтой төдийгүй, хүний бие хүчтэй хөдөлгөөнд орсноос тархи доргилт гэмтэл давхар үүссэн байна.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан санал няцаагдсан гэж үзэхээр байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс 204.500 төгрөгийг хохирогчид төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчээс баримтаар гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч М.Бид гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН