Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 184/2016/01819/и |
Дугаар | 1032 |
Огноо | 2017-04-26 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1032
Ж.Амарбатын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/00494 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Амарбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ж.Даваа-Ундрамд холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 27 999 999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг
Хариуцагчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Амарбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Даваа-Ундрам миний эзэмшлийн 61-22 УБУ улсын дугаартай авто ачигч автомашин болон 68-98 УНН, 76-40 УНЗ улсын дугаартай хоёр буулгагч самасвол автомашин нийт гурван автомашиныг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулан авч Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт алтны уурхайд алт олборлох үйл ажиллагаандаа ашигласан. Түрээсийн гэрээг бичгээр байгуулж 61-22 УБУ улсын дугаартай авто ачигч автомашиныг сард 14 000 000 төгрөг, 68-98 УНН, 76-40 УНЗ улсын дугаартай хоёр буулгагч самасвол автомашиныг сард 6 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээ 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болж, түүнээс автомашинуудаа хүлээн авсан. Дээрх 2 сар 77 хоногийн хугацаанд 2 буулгагч самасвол автомашины тооцоог надтай хийж дуусгасан. Түрээсийн гэрээний дагуу 61-22 УБ улсын дугаартай ачигч автомашины 2 сар 15 хоногийн түрээсийн төлбөр 35 933 000 төгрөгөөс төлсөн 7 000 000 төгрөгийг хасч тооцоход 28 933 000 төгрөг үлдсэн. Түрээсийн гэрээг харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч түрээслэгч, түрээслүүлэгч гэдэг дээр андуурч буюу сольж гарын үсгээ зурсан байдаг. Түрээсийн гэрээнд үнийг тохирсон ковш ачигч машин нэг ширхэг нь сарын 14 000 000 төгрөг, мөн Хово маркийн өөрөө буулгагч 2 ширхэг автомашиныг сарын 6 000 000 төгрөгөөр тохирч, түрээслүүлэгч түрээслэгчид хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаж, Ж.Даваа-Ундрам гарын үсэг зурсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн он, сар байхгүй гэж дурдаж байгаа ч Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Талууд түрээсийн гэрээний хугацаан дээр ямар нэгэн зөрүү гаргадаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг 933 001 төгрөгөөр багасгасан. Түрээсийн гэрээнд гэрээ байгуулсан он, сар, өдөр бичигдээгүй болон гарын үсэг сольж зурагдсанаар гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй. Уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний 5.2-д түрээсийн төлбөрт байгаль цаг уурын нөхцөл нөлөөлөхгүй гэж заасан байдаг. Гэвч түрээслүүлэгч Хово маркийн техник дээр гарсан эвдрэлийг засч өгч байсан талаар тайлбарладаг. Одоо нэхэмжлэл гаргасан ковш машин дээр гарсан эвдрэл биш, энд андуурч байгааг тодруулая. Түрээсийн гэрээний нэг хувийг өгөхөд дургүй байсан. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Ж.Даваа-Ундрам шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.Амарбатаас 2 ширхэг буулгагч самсмол, 1 ширхэг ковш автомашинуудыг 2 сарын хугацаатай ашиглахаар амаар тохирсон. Энэ хугацааны амаар тохирсон хөлс 19 000 000 төгрөгийг Ж.Амарбатад төлсөн. Ж.Амарбаттай ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд хэрэгт хавсаргасан гэрээ илт хууль бус хуурамч гэрээ байна. Ж.Амарбатад 28 933 000 төгрөг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Ж.Даваа-Ундрам нь гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, харилцан тохиролцож үнэ тохирсон зүйлгүй гэх үндэслэл нь түрээсийн гэрээнд хугацаа заагаагүй, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар зохицуулсан хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Мөн түрээслэгч болон түрээслүүлэгчийн нэрийг сольж зурсан байдаг. Энэ гэрээтэй холбоотой шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд 1, 2 дугаар хуудас нь өөр хоорондоо үсгэн фонд болон хувилан олшируулагч принтерийн шинжээрээ зөрүүтэй байна гэж үзсэн байгаа. Тухайн үед гарын үсэг цагаан цаасан дээр зуруулж байсан санагдаж байна гэж тайлбарладаг. Мөн Хово маркийн 2 автомашины төлбөр барагдуулсан, ковш маркийн техникийн төлбөр нэхэмжилсэн ч гэрээний хугацаа, ямар хэлбэрээр төлөх талаар заагаагүй. Гэрээ байгуулах үед техникийн бичиг баримтын зөрчлөөс шалтгаалан гэрээг нотариат баталж өгөөгүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ гэрээ гарч ирсэн ба Ж.Даваа-Ундрам гарын үсэг зурсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр зөрүүтэй гэсэн байгаа. Хово маркийн 2 машины төлбөр төлөгдсөн гэдэг боловч, юуг үндэслэж төлөгдсөн гэдэг тодорхойгүй. Хариуцагч өөрөө бид тохироод мөнгө өгсөн. Тодорхой заасан гэрээний зохицуулалт байхгүй гэж тайлбарладаг. Хэлцлийн хүрээнд талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тус тус зааснаар бичгээр байгуулагдсан гэрээ хуулийн шаардлага хангахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр Ж.Даваа-Ундрамын гарын үсэг мөн гэсэн боловч үсгэн фонд нь зөрүүтэй байна гэсэн нь гэрээг дараа нь нөхөж хийсэн гэх үндэслэлтэй. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Даваа-Ундрамаас түрээсийн гэрээний үүрэгт 27 999 999 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Амарбатад олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302 615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Даваа-Ундрамаас 297 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Амарбатад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаар түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх эргэлзээтэй. Тухайн үед талууд амаар харилцан тохиролцож мөнгө, хөлсөө өгч авалцсан бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн түрээсийн гэрээ нь огноо, дугааргүй, гэрээний хугацаа, төлбөрийг ямар байдлаар хийх, гэрээг цуцлах, сунгах, эд хөрөнгийн хариуцлага гэх мэт үндсэн нөхцлийг заагаагүй, гэрээ зөвхөн 1 хувь үйлдэгдэж нэхэмжлэгч талд байсан, хариуцагч энэ талаар мэдээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №650 тоот дүгнэлтээр “түрээсийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Ж.Даваа-Ундрамын гарын үсгийн чөлөөт туршилттай тохирч байна гэх боловч дүгнэлтийн 3-д шинжилгээнд ирүүлсэн "Машин механизм түрээслэх гэрээ" гэсэн баримтын 1, 2 дугаар хуудсууд өөр хоорондоо үсгийн фонд болон хувилан олшруулах лазер принтерийн хэвлэлийн шинжээрээ зөрүүтэй” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх хуурамчаар үйлдсэн түрээсийн гэрээг үндэслэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Түрээсийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасан үндсэн хэлбэрийг зөрчиж хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хангалттай үндэслэл байхад шүүх харгалзан үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ж.Амарбат хариуцагч Ж.Даваа-Ундрамд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 27 999 999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Машин механизм түрээслэх” гэрээ байгуулагдаж, түрээслэгч Ж.Даваа-Ундрам нь түрээслүүлэгч Ж.Амарбатын эзэмшлийн 21-66 УБУ улсын дугаартай “Ковш” маркийн ачигч болон 68-98 УУН, 76-40 УНЗ улсын дугаартай “Хово“ маркийн өөрөө буулгагч автомашинуудыг түрээслэхээр тохиролцсон байна /хх-2-3/.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан бөгөөд хариуцагч нь уг гэрээнд гарын үсэг зураагүй, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч түрээсийн зүйлийг авч ашигласан үйл баримтын талаар маргаагүй.
2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 560 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтийн 3 дахь хэсэгт “тус гэрээний 1,2 дугаар хуудсууд өөр хоорондоо үсгийн фонд болон хувилан олшруулах лазер принтерийн хэвлэлийн шинжээрээ зөрүүтэй” гэж заасан нь уг гэрээг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу талууд ковш /ачигч/ сарын 14 000 000, хово /өөрөө буулгагч/ сарын 6 000 000 нийт үнийг 20 000 000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч уг хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл буюу 2 сар 17 хоног ашигласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээнд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөхөөр заасны дагуу түрээслэгчид хүлээлгэж өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул уг өдрөөс эхлэн түрээсийн эд зүйлийг ашигласан хугацааг тоолох нь зүйтэй.
Талуудын хоорондын гэрээ болон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг дуусгавар болгоход хариуцагч Ж.Даваа-Ундрам тээврийн хэрэгслийг буцааж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгслийг хэзээ хүлээлгэж өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Мөн хариуцагч уг тээврийн хэрэгслүүдийг эвдрэл гэмтлийн улмаас ашиглах боломжгүй гэх тайлбараа нотлоогүй болно.
Харин нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авсан гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм.
Иймд хариуцагч Ж.Даваа-Ундрам тээврийн хэрэгслүүдийг 2 сар 17 хоног ашигласны төлбөр 51 333 322 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагчийн зөвшөөрсөн 22 200 000 төгрөгийг хасч тооцоход 29 133 333 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 27 999 999 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулагдаагүй хэрэгт авагдсан гэрээнд он, сар өдөр бичигдээгүй, гэрээний хугацаа, төлбөр хийх, гэрээ цуцлах, сунгах, эд хөрөнгийн хариуцлага гэх мэт үндсэн нөхцлийг заагаагүй, гэрээний нэг хувийг хариуцагч талд өгөөгүй гэх давж заалдах гомдол гаргасан бөгөөд эдгээр нөхцөл байдал нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/00494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.БАЙГАЛМАА