Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 130/2018/00137/И |
Дугаар | 001/ХТ2018/01371 |
Огноо | 2018-10-11 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/01371
С.Кн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэр
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00052 дугаар магадлалтай
С.Кн нэхэмжлэлтэй
Бт холбогдох
Бийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Я.Съездын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өлгий сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгт анх 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 29 тоот тушаалаар бүлгийн багшаар томилогдсон. Гэтэл ажил олгогч нь намайг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр туслах багшийн ажилд түр хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар томилж 04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд би тус цэцэрлэгт 6 сарын турш туслах багшаар ажилласан ба 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах талаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтынд амаар хүсэлт тавихад тэрээр “Та ажил олгогчийн сахилгын арга хэмжээ авсан тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Таны шүүхэд өгсөн маргаан шийдвэрлэх хүртэл бүлгийн багшаар ажиллуулах боломжгүй” гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 20-ны үед цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтын намайг албаны өрөөнд дуудаж таныг би тус цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллуулах боломжгүй байна. Тантай ажил олгогч би цаашид туслах багшийн ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ хийнэ гэсэн. Тухайн үед намайг тус цэцэрлэгийн үндсэн бүлгийн багшаас чөлөөлсөн тушаалыг надад гардуулан өгөөгүй ба энэ талаар тушаал гаргасан эсэх нь одоогоор тодорхой бус байна. Иймд би түр хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан гэж үзэж байна. Ер нь эрхлэгч Н.Алтын нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж өшөөрхөж өнөөдөр 13 дахь жилдээ ажиллаж ирсэн намайг бүлгийн багшийн ажилд авахгүй байгаа явдалд гомдолтой байна. Иймд С.К намайг тус хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.К нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд зодож танхайрсан учраас сахилгын халах шийтгэл ногдуулж багшийн ажлаас бүр чөлөөлсөн. Нэхэмжлэгч С.К хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, надаас болон цэцэрлэгийн бусад ажилтан нараас удаа дараа уучлалт гуйж ямар ч ажил хамаагүй хийнэ гэсэн агуулгатай өргөдлүүдийг нэг бус удаа гаргаж байсан. Түүнчлэн, нэхэмжлэгч С.Кгийн эцэг, эх болон бусад хамаатан садангийн хүмүүс бас надтай уулзаж нэхэмжлэгч С.Кг уучлахыг, нэг удаа харж үзэхийг гуйж байсан. Ингэснээр би нэхэмжлэгч С.Кг өрөвдөж эх хүний сэтгэл гаргаж түүнийг туслах багшийн ажилд авч ажиллуулсан. Гэвч нэхэмжлэгч С.К нь төд удалгүй туслах багшаар ажиллаж байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан. Миний бие түүнийг бас дахин харж үзээд цалин бууруулах арга хэмжээ авсан. Гэтэл өрөвдөхөд өр рүү өшиглөнө гэгчээр нэхэмжлэгч С.К нь өөрийгөө энхийн цагаан тагтаа, харин намайг ард түмний дайсан болгож харуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шударга шүүхийг төөрөгдөлд оруулан явж байна. Энэхүү цалин бууруулах арга хэмжээтэй холбоотой маргаан шүүхээр хянагдаж байгаа ба одоохондоо эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Цэцэрлэгийн туслах багшийн орон тоо байнгын орон тоо байнгын ажлын байр тул түүнийг уг орон тоонд бүр томилон ажиллуулж байгаа. Түүнээс биш түүнийг 6 сарын дараа солино гэсэн тохиролцоо огт байгаагүй. Нэхэмжлэгч С.К нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халагдсан гэдгээ лавтай сайн мэдэж байгаа атлаа ингэж худлаа мэлзэж байгаад ой гутаж байна. Нөгөө талаар хэрэв нэхэмжлэгч С.К эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Иймд С.Кн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Бийн бүлгийн багшаар эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэгч БЭ79040341 регистрийн дугаартай, Шеруши Төлек овогт Сандалын Кн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00052 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00052 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь С.Кн нэхэмжлэлтэй Өлгий сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгт холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч С.К нь Бт 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 29 тоот тушаалаар бүлгийн багшаар томилогдон түүнээс хойш тус хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийг 2017 оны 05 дугаар сарын 18-ныг хүртэл тасралтгүй 13 дахь жилдээ хийж байсан юм. Гэтэл ажил олгогч нь С.Кг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр туслах багшийн ажилд түр хугацаагаар буюу 6 сарын хугацаатай шилжүүлэн томилж ажилтантай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 04 тоот хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Ажил олгогчийн ажилтан С.Ктай байнгын ажлын байранд 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдал нь эргээд 2017 оны 11 дүгээр сарын 18-наас дахин бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулахтай холбоотой гэж үзэж байна.
Хариуцагчаас С.Кг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилохгүй байгаа нэг үндэслэлийг түүнд сахилгын арга хэмжээ авсан учраас дахин бүлгийн багшийн ажилд томилохгүй гэж татгалзаж байгаа юм. Гэтэл С.К туслах багшаар ажиллаж байхдаа ажил олгогч түүнд сахилгын шийтгэл ногдуулсан асуудлаар шүүхэд маргаан явж байгаа одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Иймд ажил олгогчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч С.К нь ажил олгогчийн тушаалыг тухайн үед гардан авсан боловч хариуцагч түүнд “Таныг тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд 2017 оны 05 дугаар сарын 18-наас 2017 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэл түр ажиллуулна” гэж хэлээд түүнтэй туслах багшийн ажлын байранд 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдалд анхан шатны шүүх хууль зүйн хувьд дүгнэлт өгөөгүй явдалд гомдолтой байна. Хэрвээ ажил олгогч нь ажилтан С.Кг бүлгийн багшийн ажлаас халсан бол эргээд хэдэн хоногийн дараа түүнийг туслах багшаар ажиллуулж боломжгүй юм . Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн бүлгийн багш, туслах багшийн ажлын байран дахь гүйцэтгэх үүрэг нь адилхан, сургуулийн өмнөх хүүхдүүдтэй ажилладаг албан тушаалын онцлогтой юм. Ингэхээр ажил олгогч нь ажилтан С.Ктай 6 сарын хугацаагаар туслах багшийн ажилд томилон хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийсэн явдал нь С.Кгын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэх далд санаа агуулж байна гэж үзэж байна.
С.К нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ хугацаа дуусмагц урьд эрхэлж байсан бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилох тухай байгууллагын захиргаанд хүсэлт гаргасан боловч ажил олгогч нь түүнтэй дахин туслах багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардан, түүнийг бүлгийн багшийн ажилд томилохоос татгалзсан эс үйлдэл байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
...Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 130\ШШ2018\00210 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00052 дугаар магадлалыг тус тус хүчингүйд тооцон нэхэмжлэгч С.Кн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Бт холбогдуулан, цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгуулахыг хүссэн С.Күмысайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажил олгогч нь туслах багшийн ажилд түр хугацаагаар буюу 6 сарын хугацаатай шилжүүлсэн. Зургаан сарын хугацаа дууссаныг дараа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах хүсэлтээ амаар гаргахад хойшлуулж, бүлгийн багшаар ажиллуулахаас татгалзаж байгаа тул бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд зодож, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, надаас болон цэцэрлэгийн бусад ажилтан нараас удаа дараа уучлалт гуйж, ямар ч ажлыг хийсэн агуулгатай өргөдлүүдийг удаа дараа гаргаж байсныг үндэслэн түүнийг туслах багшийн ажилд авч ажиллуулсан. Түүнээс биш 6 сарын дараа солино гэсэн тохиролцоо байгаагүй. Хэрэв туслах багшийн ажилд үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч М.Күмысай нь 2004 оноос тус цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаад Цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл хүлээсэн, тус тушаалд гомдол гаргаагүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай тушаалаар туслах багшаар томилогдон, ажиллаж байгаа үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг туслах багшаар томилсон ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, түүнийг бүлгийн багшийн ажилд томилох нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “...ажил олгогч ажилтантай байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь эргээд бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулахтай холбоотой, түр ажиллах гэрээний хугацаа дууссан боловч түүнийг бүлгийн багшийн ажилд томилохоос татгалзсан эс үйлдэл байсан, ажлаас халсны дараа түр ажилд томилсон нь ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлэх далд санаа агуулсан байгааг шүүх анхаарсангүй...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй тогтоогдсонгүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00052 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Я.Съездын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД