Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0672

 

оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0000

              Улаанбаатар хот

Ш.Э-А-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

 

    Давж заалдах гомдол гаргасан: БУА-ийн БС-ын ЗД Х.У

 

Нэхэмжлэгч: Ш.Э-А

    Хариуцагч: БУА-ийн БС-ын ЗД

    Нэхэмжлэлийн шаардлага: “БУА-ийн БС-ын ЗД-ын  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот Ш.Э-А-г ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгох, БУА-ийн БС-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай

 

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2022/0022 дугаар шийдвэртэй

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Э-А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Хариуцагч Х.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

 

Хэргийн индекс: 158/2022/0008/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Э-А нь БУА-ийн БС-ын ЗД-д холбогдуулан “БУА-ийн БС-ын ЗД-ын  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот Ш.Э-А-г ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулах, БУА-ийн БС-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-аар маргасан байна. 

 

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2022/0022 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус үндэслэн БУА-ийн БС-ын ЗД-ын  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ш-ийн Э-А-г БУА-ийн БС-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоон, нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлс гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, энэ хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг гэж,

 

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан өдрийг хүртэл хугацаанд Ш.Э-А-ийн өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож, нэхэмжлэгчид олгохыг БУА-ийн БС-ын ЗД-ын Тамгын газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ.

 

  3. Хариуцагч Х.У давж заалдах гомдолдоо:

 

3.1. БУА-ийн БС-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Э-А  нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус сумын нутаг дэвсгэрт хяналтын постод ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож ажлаас халах арга хэмжээ авсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандсан. Шүүх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр БС-ын ЗД-ыг Ш.Э-А-тай сонсох ажиллагаа явуулах түүнд сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл Ш.Э-А-г ажлаас халсан захирамжийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Ингэхдээ нэхэмжлэгчийн дэлхий нийтээр тархсан цар тахлын тархалтын хэмжээг багасгах таслан зогсоох зорилгоор сумын хэмжээнд хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа энэ цаг үед төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хяналтын цэгт байж байсан нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх,түүнд хариуцлага тооцсон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй ч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг баримталсан нь алдаатай байна.

 

3.2. Маргаан бүхий актыг зөрчлийн 2 үндэслэл зааж гаргасан байхад зөвхөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хэсэгт холбогдуулан тодруулга хийн шийдвэр гаргасан нь сахилгын арга хэмжээг бүрэн гүйцэт явуулсан гэж үзэх боломжгүй гээд ...нэхэмжлэгчтэй сонсох ажиллагаа явуулсны эцэст зохих шийдвэрээ гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг танилцуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. Иймд анх шүүхээр хэлэлцсэн 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хурал дууссаны дараа би Ш.Э-А-тай ярилцаж БС-ын ЗД-ын Тамгын газрын ажлын байранд ирж уулзахыг хэлсэн. Түүнээс хойш Ш.Э-А нэг ч удаа ирж уулзаагүй ба хаана байгаа нь тодорхойгүй сумын тамгын газрын ажилтнуудыг холбогдож дууд гэхэд Тамгын газрын даргын утсыг блоклосон бусад ажилтны утсыг авахгүй байсан, эхнэрийнх нь утсаар холбогдоход өөрт нь хэлээд эргээд холбогдъё гэснээ дахин холбогдоогүй зэргээс сонсох ажиллагаа хийлгэх сонирхолгүй, ямар нэг аргаар хугацаа авах хүсэлтэй, Бугат суманд байгаагүй нь Төрийн албаны зөвлөлд хандсан гомдлоо хүлээн авсан хаяг зэргээс тодорхой байхад шүүх сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

3.3. Ийнхүү холбогдохгүй, уулзахгүй байснаа өөрөө намайг нэг удаа очиход та байгаагүй, шүүхийн маргаантай байсан учир очоогүй гэх мэтээр тайлбарлаж байгаагаар батлагдана. Өөрөө зөрчил гарган ажлаас чөлөөлөгдсөнөө зөвшөөрөхгүй шүүхэд хандаад шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу сонсох ажиллагааг хийх гэхээр өөрөө ирэхгүй, холбогдохгүй байсан нь Төрийн албан хаагчийн захирах, захирагдах зарчмыг хэрэгжүүлээгүйн илрэл бөгөөд ажилдаа орно, цалин хөлсөө бүрэн авна гэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Үнэхээр ажилдаа орох, төрд ажиллах хүсэлтэй байсан бол энэ хүн ажиллаж байсан байгууллага хамт олонтойгоо холбогдож уулзаж ярилцаж асууж сураглах байсан. Ийм үйлдэл нэг ч гаргаагүй байж цалин хөлсөө нэхэмжлэн, шүүх түүнийг ямар ч нотлох баримтгүйгээр гарган шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Ирж уулзаад ажилдаа оръё, ажлаа хийе гэх мэтээр хандаад байхад нь хийлгэхгүй байсан бол цалин хөлс төлөх нь зөв байх.

 

3.4. Байгууллагын дотоод журмын 5-р зүйлийн 5.2-ийн "с"-д ..ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, зөрчилд холбогдсон тохиолдолд ажлаас халахаар заасны дагуу үүнийг үндэслэн шийдвэрлэсэн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж шийдэж буй нь төрийн албан хаагчийн зөрчлийг зөвтгөсөн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд байгууллагын дотоод журамд заасан үндэслэлээр чөлөөлсөн нөхцөлийг үндэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

  1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

    1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Э-А-аас БУА-ийн БС-ын Засаг даргад холбогдуулан “БУА-ийн БС-ын ЗД-ын  2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/147 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах, Ш.Э-А-г мөн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэхдээ “БУА-ийн БС-ын Засаг даргыг Ш.Э-А-тай сонсох ажиллагаа явуулан, түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Э-А г ажлаас халах тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
    2. Уг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн хариуцагчаас захиргааны шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулахаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгч Ш.Э-А-тай хуульд заасан арга хэлбэрээр холбогдохыг оролдсон, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсох ажиллагаанд оролцоогүй болох нь хариуцагчийн “сонсох ажиллагаа хийхээр өөрийнх нь утас руу удаа дараа залгахад авахгүй, ...эхнэр Б.Д-ийн 99084418 дугаар луу залгаж мэдэгдсэн, “...анхан шатны шүүх хурлын дараа ...ажил дээр ирж уулзаарай гэж өөрийн биеэр хэлсэн” ...гэрт очиход гэртээ байхгүй хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй ...хамт олонтойгоо огт холбогдохгүй ...” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

    1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т сонсох ажиллагааг сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах зэрэг аль ч арга хэлбэрээр зохион байгуулахаар хуульчилжээ.

 

    1. Гэтэл анхан шатны шүүх “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийн ...мэдэгдлийг ...шууд хүргүүлэх гэх зохицуулалт нь Ш.Э-А-д сонсох ажиллагааны мэдэгдлийг биечлэн хүргэж өгөхийг шаардсан зохицуулалт. Цахим болон үүрэн холбоо хөгжсөн өнөө үед дээрх ажиллагааг утсаар дамжуулан гүйцэтгэж болох ч энэ нь бүтэмжгүй болсон тохиолдолд оршин суух хаягаар нь мэдэгдлийг хүргүүлэх боломж хариуцагчид байжээ. ...Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй...” гэж дүгнэн, хариуцагчийг буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4-т заасантай нийцээгүй байна.

 

    1. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ш.Э-А нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны шүүхийн шийдвэр гаргаснаар хариуцагчаас дахин шинэ акт гартал хоёр сарын хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн мэдсэн атлаа нэхэмжлэгчээс “...захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй” хэмээн хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, түүний Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх хөндөгдсөн гэж үзэхгүй болно.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан хугацаа өнгөрсөн, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш уг шийдвэрийг биелүүлэн ажилтны зөрчлийг дахин авч хэлэлцэн хариуцагч БУА-ийн БС-ын ЗД 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар “...Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Э-А  нь цар тахлын үед хяналтын постод гарч байх хугацаандаа ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/3/331 шийтгэх тогтоолоор тогтоогдсон, өвчин тарааж болохуйц ноцтой зөрчил гарган төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын хариуцлага алдсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

3.1. Дээрх маргаан бүхий актын талаар нэхэмжлэгчээс “...намайг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэлт хийж, ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зөрчөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй ...” гэж, хариуцагчаас “...хууль болон ...Байгууллагын дотоод журмын 5-р зүйлийн 5.2-ийн "с"-д ..ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, зөрчилд холбогдсон тохиолдолд ажлаас халахаар заасны дагуу үүнийг үндэслэн шийдвэрлэсэн” гэж тус тус маргажээ.

3.2. Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын байцаагч Ш.Э-А нь БУА-ийн БС-ын нутагт “Овоохой хөтөл” гэх нэртэй постонд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан, ёс зүйн зөрчил гаргасан болох нь Булган аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №1807033 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн хэргийн материал, уг шийтгэлийн хянаж хэвээр үлдээсэн шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/331 дүгээр шийтгэврээр тогтоогдсон, энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэж заасан үүргээ болон Байгууллагын дотоод журамд заасан зөрчил гаргажээ.

3.3. Иймд хариуцагч БУА-ийн БС-ын ЗД-ын нэхэмжлэгч Ш.Э-А-г үүрэгт ажлаас чөлөөлсөн БУА-ийн БС-ын ЗД-ын  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамж нь хуульд нийцсэн байна.

3.4 Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн дээр зөвхөн хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4. Дээрхээс дүгнэн үзвэл, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Э-А  нь Төрийн албаны тухай хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан байхад нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ш.Э-А-ийн “БУА-ийн БС-ын ЗД-ын  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот Ш.Э-А г ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулах, БУА-ийн БС-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2022/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан “БУА-ийн БС-ын ЗД-ын  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот Ш.Э-А г ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгох, БУА-ийн БС-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэгч Ш.Э-А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

        

        ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ

 

        ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА