Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/011

 

Д.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 651 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №45 дугаар эсэргүүцлээр Д.Бд холбогдох эрүүгийн 1714000000153 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бүрэн хайрхан овогт Д.Б, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 10 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутагт иргэн Г.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солино” гэж заасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсоноос тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160.3-д “тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгч Д.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаар буюу торгуулийн ял биелэгдсэн эсэх талаар хэрэгт холбогдох баримт хавсаргаагүй, торгох ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухайн прокурорт мэдэгдсэн эсэх /гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх хэрэгсэл гэдгийг нотолж байгаа/ буюу уг ажиллагааг хийгээгүй шүүхэд шилжүүлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй байна гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар эсэргүүцэлдээ: Д.Бын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн байхад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ялын биелэлттэй холбогдох ажилллагааг явуулаагүй гэж буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрвээ Д.Б нь торгуулийн ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1- д “ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй эсхүл хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих энэ хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гаргасан, эсхүл торгуулийг төлж барагдуулбал зохих өдрөөс хойш 5 хоногийн дотор хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ”

156 дугаар зүйлийн 156.2-д “прокурор шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор үндэслэлийг хянаж, хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ”

158 дугаар зүйлийн 158.1-д “ялтан оногдуулсан ялыг шүүхийн шийдвэр, энэ хуульд заасан журмын дагуу эдэлж дууссан, оногдуулсан торгуулийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулсан бол шийдвэр гүйцэтгэгч ялтныг ял эдэлж дууссанд тооцох тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ” гэж тус тус заасан ажиллагаанууд хийгдэх байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Быг торгуулийн мөнгө болох 450.000 төгрөгийг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй учир хорих ялаар солих тухай санал, хувийн хэргийг прокурорт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь торгуулийн мөнгө болох 450.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төл гэсэн эхний өдөр Төрийн банкинд тушааж сайн дураар биелүүлсэнээ мэдүүлсэн, өөр хэргийг хянан шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн байдалд нөлөөлөхөөргүй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Хэргийг прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоол биелэгдээгүй эсэх асуудал уг хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 36-39-р талд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2017/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолоос үзвэл Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

Д.Бын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх шийтгэх тогтоол биелэгдсэн эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулалгүй орхигдуулсан нь шүүхээс түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял биелэгдээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байдал үүсгэсэн байгаа болно.

Мөн Д.Бд холбогдох эрүүгийн 1714000000153 дугаартай хэрэгт Баянхонгор аймгийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 209 дугаар яллах дүгнэлт /хх-ийн 55-58-р тал/ үйлдсэн байхад түүнд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар яллах дүгнэлт гардуулсан /хх-ийн 59-р тал/ нь ойлгомжгүй байна.

Энэ нь прокурорын шатанд яллагдагчийн өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт үйлдэгдсэн прокурорын яллах дүгнэлтийг гардуулаагүй гэж үзэх бөгөөд өөрөөр хэлбэл яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйл болон прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус зөрчсөн байгаа болно.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид энэ магадлалд заасан үндэслэлүүдээр нэмэлт өөрчлөлт оруулж улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 45 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхээс Д.Бд холбогдох 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2017/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоол биелэгдээгүй бол уг шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих эсэхийг шийдвэрлэх талаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн агуулга хэргийн бодит байдал болон хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байх тул шүүгчийн захирамжийн уг хэсгийг өөрчлөн шийдвэрлэсэн болохыг, мөн шүүгч хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт шүүгдэгчийн төрсөн огноог буруу бичсэн байгаа зэргийг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 651 дүгээр шүүгчийн захирамжид энэ магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                          Н.ЭНХМАА