Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

 

 

 

 

2021           02          04                                   2021/ШЦТ/96  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Н.Түвшинбаяр, 

            Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Аръяагийн Гантулгад холбогдох эрүүгийн 2009015871459 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 16-ны Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Ноосны 17-17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-20 тоотод үйл ажиллагаа явуулдаг ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж Кен маркийн градустай цахилгаан хөрөөг хулгайлж хохирогч Ц.Түмэнзаяад 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009015871459 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би ганцаараа гэртээ харих гээд өмнө нь мужаанаар ажиллаж байсан гэх айл болох Түмэнзаяа ахын хашааны урдуур явж байхдаа хашаанд нь ороход мужаан өрөөний хаалга онгорхой байсан. Би дотогш нэвтэрч ороод Кен маркийн градустай хөрөөг аваад гарсан. Би гэртээ тухай хөрөөг ашиглаж байсан. Би яг он сар өдрийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу байсан учраас тус эд зүйлийг хулгайлан авсан байна. Би хүний эд зүйлийг хулгайлсан үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-70 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Түмэнзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 17-ны 20 цаг 30 минутад уг амбаарынхаа хаалгыг гаднаас нь модоор дарж хаагаад 2020 оны 05 дугаар сарын 18-ны 10 цагийн үед ажлаа хийх гээд амбаарт орсон чинь эд зүйл алдагдсан байсан. Тавилгын цехний хажуу талд байрлах компрессор, градустай хөрөө, Кен маркийн цахилгаан шүрфдэгч  дрилл 2 ширхэг зэрэг ажлын багаж алга болсон байсан. Гомдолтой байна. Гантулгаас олж авдаг Кен маркийн градустай хөрөөг  2020 оны 04 дүгээр сарын сүүлээр хулгайд алдсан байсан. Тухайн үед 1 ширхэг хөрөө алга болчихлоо гээд тоогоогүй учраас цагдаагийн байгууллагад хандаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-33 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд “...цахилгааны хар өнгийн утас 2 залгаатай, цагаан өнгийн вилктэй, дээгүүрээ модны лак болсон, тавцангийн хуванцар хаалт нэг нь салсан, нөгөөг нь өөрийн гараар өнгөгүй силконоор наасан зэрэг онцлог шинж тэмдэгээр таньж байгаа Кен маркийн улаан өнгийн 220 вольтоор ажилладаг градустай хөрөөг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...цахилгааны хар өнгийн утас 2 залгаатай, цагаан өнгийн вилктэй, дээгүүрээ модны лак болсон, тавцангийн хуванцар хаалт нэг нь салсан, нөгөөг нь өөрийн гараар өнгөгүй силконоор наасан зэрэг онцлог шинж тэмдэгээр таньж байгаа Кен маркийн улаан өнгийн 220 вольтоор ажилладаг градустай хөрөөг Аръяа овогтой Гантулгаас хураан авч Ц.Түмэнзаяад хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь градустай хөрөө болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 04 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, гэрч С.Сансар-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Л.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-20 тоотод үйл ажиллагаа явуулдаг ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Кен” маркийн градустай цахилгаан хөрөөг хулгайлж хохирогч Ц.Түмэнзаяад 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

- Хохирогч Ц.Түмэнзаяагийн мэдүүлэг,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

 

- “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

- Шүүгдэгч А.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлсэн зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч А.Г нь эд хөрөнгө, мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч Ц.Түмэнзаяагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсны улмаас түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржоос “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “…компрессор, градустай хөрөө, Кен маркийн цахилгаан шүрфдэгч  дрилл 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Үүнийг А.Г авсан …” гэжээ.

 

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ц.Түмэнзаяагийн “…Гантулгаас олж авдаг Кен маркийн градустай хөрөөг  2020 оны 04 дүгээр сарын сүүлээр хулгайд алдсан байсан. Тухайн үед 1 ширхэг хөрөө алга болчихлоо гээд тоогоогүй учраас цагдаагийн байгууллагад хандаагүй…” гэж, шүүгдэгч А.Гантулгын “…Би дотогш нэвтэрч ороод Кен маркийн градустай хөрөөг аваад гарсан…” гэж мэдүүлсэн мэдүүлэг бусад баримтуудаар “Кен” маркийн градустай цахилгаан хөрөө нь дангаараа алдагдаж, бусад зүйлс нь шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Түмэнзаяагаас “Кен” маркийн градустай цахилгаан хөрөөг буцаан авсан болох нь тогтоогдсон /хх-ийн 22-23/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч А.Гантулгыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо буцааж төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч А.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон гэж үзсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.Гантулгын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Гантулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН