| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/99 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/99
2021 02 04 2021/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар /томилолтоор/,
Шүүгдэгч Э.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн 2009000001431 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 28 дугаар гудамжны 13а тоотод оршин суух бүргэлтэй боловч Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 103 дугаар гудамжны 211г тоотод оршин суух,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.А нь Г.Азбаяртай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 7 дугаар лангууны араас иргэн Г.Баярхүүгийн эзэмшлийн Хувай Вай-6 /Huawei Y6/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 503.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009000001431 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 08 дугаар сарын үеэр би найз Лхадоржоор дамжуулан Азбаяр гэх хүүхэдтэй танилцаж байсан. Улмаар хамтдаа гадуур нэг хоёр хоног явсан. Тухайн хэрэг гардаг өдөр бид 2 зах руу юм үзэх гээд орсон. Тэндээ юм үзэж байгаад Азбаяр “хамтдаа хүний тасаг ороодохъё” гэсэн. Тухайн хүнсний ногооны лангууд дээр очоод надад “худалдагч эгчийг саатуулж байгаарай” гэсэн. Би тухайн худалдагч эгчээс “лууван худалдаж авна” гэж хэлээд жинлүүлж байх хооронд Азбаяр гар утсыг нь текных нь ардаас авсан. Утсыг нь аваад Азбаяр гараад явахаар нь би ардаас нь дагаад гарсан. Бид хоёр гараад шууд урд зүгт захын хаалга чиглээд гүйсэн. Гүйж байгаад Азбаяр надаас тасраад алга болчихсон. Би найз Лхадорж, Номин-Эрдэнэ нар дээр очоод бид нар хамтдаа Азбаярыг хэсэг хайсан бас олоогүй. Тэгээд байж байтал Азбаяр өөрөө бид нарыг И март дээр дуудсан. Сансарын И март дэлгүүр дээр очиход Азбаяр утсаа зарчихсан бололтой мөнгөтэй болсон байсан. Гар утсаа хаана зарсан болохыг нь мэдэхгүй. Хэнд өгсөн талаараа надад хэлээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Баярхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Баялаг Ундраа” худалдааны төвийн хашаан дотор байрлах хүнсний ногооны 7 дугаар павилонд ажлаа хийж байх үед 170 см орчим өндөртэй 15-17 орчим насны саарал өнгийн хувцастай эрэгтэй хүүхэд нэг хүүхдийн хамт орж ирээд “ногоо авъя” гэхээр нь 2кг төмс уутанд хийж байсан чинь “ногоо авахаа больчихлоо” гэсэн. Тэр залууг гараад явсны дараа лангууныхаа араар ороод үзсэн чинь лангууны ард тавьсан байсан 2019 оны Хуавэй Ү6 загварын гар утас алга болчихсон байсан. Араас нь гарсан чинь гүйгээд явж байхаар нь хөөсөн боловч гүйцээгүй. 2019 оны Хуавэй Ү6 загварын улаан шаргал өнгийн гар утас байсан. Уг гар утсаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мобикомоос лизингээр 559.000 төгрөгөөр худалдаж авсан. Хар өнгийн хувцастай арай намхан нь лангууны ногоо нураагаад байсан бол харин арай өндөр цагаан футволктой залуу нь лангууны хажууд зогсоод утас авсан. Ер нь бол хар хувцастай нь намайг сатааруулах хооронд нөгөөх нь утас авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-59 дүгээр хуудас/,
Гэрч Г.Азбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны хажуу талд байрлах 7 дугаар лангуун дээрээс би найз Авирмэдийн хамт явж байгаад лангууны худалдагч эгчийн анхаарлыг Авирмэд сарниулж тэр хооронд би тухайн хүний Хуавей Y6 маркийн гар утсыг нь авсан. Утсыг нь аваад бид 2 гүйсэн. Бичлэг дээр урд гүйж яваа хар өнгийн хувцастай цүнх үүрсэн эрэгтэй мөн байна. Худалдагчийн анхаарлыг сарниулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61, 111-114 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...бичлэг дээр “Баялаг Ундраа” худалдааны төвийн хүнс барааны лангуунуудыг урдаас нь хойд зүгт харж бичсэн байдалтай бичлэг дээр хар өнгийн халимаг үстэй, ардаа үүрдэг цүнх үүрсэн эрэгтэй хүн, түүний араас цагаан өнгийн футволк, ягаан хүрэн цамцтай Г.Азбаяр нар гүйж байгаа бичлэг байх бөгөөд уг этгээдүүдийг араас шар үстэй, хормогч өмссөн настай эмэгтэй хүн хөөж гүйж байгаа бичлэг байна....” гэжээ /хх-ийн 51 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Huawei Y6 загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 503.100 /таван зуун гурван мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...цагаан өнгийн дээрээ “7-р павилон Г.Баярхүү Баялаг ундраа” гэсэн бичиглэл бүхий дискийг хэрэгт хавсаргасугай...” гэжээ /хх-ийн 136 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, гэрч Б.Соронзонболдын мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №806 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 145-242 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.А нь Г.Азбаяртай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 7 дугаар лангууны араас иргэн Г.Баярхүүгийн эзэмшлийн “Хувай Вай-6” /Huawei Y6/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 503.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Баярхүүгийн мэдүүлэг, гэрч Г.Азбаярын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Э.А, Г.Азбаяр нар нь эд хөрөнгө, мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч Г.Баярхүүд мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг нь авсны улмаас түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.Аийг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн тооцож шүүгдэгч Э.Аээс 251.550 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Баярхүүд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид Э.Аэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ад бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аээс 251.550 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Г.Баярхүүд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН