Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

 

 

 

2021         02         23                                   2021/ШЦТ/121   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

            Шүүгдэгч А.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох эрүүгийн 2109000000119 дугаартай хэргийг 2021 оны 02 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр Төв  аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын 3 дугаар баг Хар чулуутад оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ногоон талбайн 5-45 түр оршин суух, урьд:

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 25а дугаар шийтгэх тогтоолоор 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5 гудамжны 45 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Ч.Ундрахбаяртай маргалдаж улмаар сүхээр цохиж эрүүл мэндэд нь баруун эгэм ясны эдийн няцрал, баруун мөрний гурвалжин булчингийн урагдал, цээж зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2109000000119 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  “...Би босч ирээд та нар “намайг дээрэлхлээ” гээд гэрээс гараад гадаа байсан сүхний хугархай ишийг авч орж ирээд Ундрахбаярыг цохисон... Ундрахбаярыг цохих үед тэр төмөр иштэй сүхний сүх нь байсан. Би гэртээ мод хагалж байхад сүх нь хугарчихаар нь сүхийг хаячихсан. Тэгсэн дараа нь цагдаагаас тэр сүх чинь байгаа юу гэхээр нь иш нь байгаа гээд авчирч өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Ундрахбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр найзууд болох Баавгай, Оогий нарын хамт найз Доржоогийн гэрт 22 цагийн үед очоод 0.5 литрийн 2 шил архийг хувааж уугаад суугаад байж байтал Доржоо, Оогий руу дайраад хэвтэж байхад нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь Баавгай бид хоёр “боль” гээд зуурч аваад “боль” гэхэд  “та 2 намайг боож унагаалаа намайг дээрэлхлээ” гэж хэлээд гарч яваад орж ирэхдээ төмөр сүх барьж орж ирээд Оогий, Баавгай бид 3 руу цохиж дайрсан. Тэгэхэд Оогий гарч зугтсан. Баавгай “болиоч” гээд Доржоог болиулсан. Би цээж нүцгэн гарч яваад 17-н цагдаагийн газар очоод дуудлага өгсөн. Доржоо гэх хүн гэртээ сүхээр цохисон. Баруун мөрний эгэм яс хугарсан, цээж хөхөрч няцарсан. Миний баруун мөр рүү ямар ч байсан сүхээр нэг удаа цохисон. Иш нь мөн байна намайг цохих үед сүх нь байсан хугараагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-33 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Бямбацэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...нөхөр болон Уугий ах мөн Баавгай гэж хочилдог эрэгтэй тэр 3 маргалдаад барьцалдаад эхэлсэн. Хэн хэнийгээ юугаар цохиж зодсоныг би хэлж мэдэхгүй байна. Тэр үед сахалтай нэрийг нь мэдэхгүй эрэгтэй зугтаад явчихсан байсан. Нөгөө 3 хэсэг ноцолдож байгаад заримынх нь ам хамарнаас цус гараад хивсэн дээр дусаад бас ам хамар нь цус болчихсон байсан. Тэгээд Уугий ах манай гэрээс нөгөө сахалтай эрэгтэйгээ олно гэж хэлээд гараад явсан. Тэгтэл 1 цаг орчмын дараа Уугий ахын эхнэр манай хүн сүхдүүлээд гэмтчихсэн гэсэн зүйл яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Бямбацогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...гэрээс гарч яваад орж ирэхдээ гартаа төмөр сүх барьчихсан орж ирээд саваад ирэхээр нь Ундрахбаяр “ахын дүү тайвшир тайвшир” гээд очсон чинь Ундрахбаярын мөр рүү ямар ч байсан цохисныг харсан бусдыг нь харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хэрэгт 54 см урттай 4 см диаметртэй 1 ширхэг төмөр турбааг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №456 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ч.Ундрахбаярын биед баруун эгэм ясны эдийн няцрал, хаван, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, баруун мөрний гурвалжин булчингийн урагдал, цээж зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5 гудамжны 45 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Ч.Ундрахбаяртай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар сүхээр цохиж эрүүл мэндэд нь баруун эгэм ясны эдийн няцрал, хаван, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, баруун мөрний гурвалжин булчингийн урагдал, цээж зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж зүүн шуунд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Ундрахбаярын мэдүүлэг, гэрч Б.Бямбацэцэг, Х.Бямбацогт нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №456 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч А.Д  нь хохирогч Ч.Ундрахбаярын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хэргийн газрын үзлэгт тусгагдсан, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Дийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал А.Д хохирогчийг сүхээр цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Ч.Ундрахбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ундрахбаяраас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ /хх-ийн 99, 115 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Дийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 54 см урттай 4 см диаметртэй 1 ширхэг төмөр турбааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 54 см урттай 4 см диаметртэй 1 ширхэг төмөр турбааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН