| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
2021 02 23 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Г.Түвшинбаяр,
Хохирогч Н.Амаржаргал,
Шинжээч Н.Энхцолмон /онлайнаар/,
Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Х.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мд холбогдох эрүүгийн 2009000001440 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “BOW” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгой 6 дугаар гудамж 64 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 2020 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Порте-28” нэртэй караокед үйлчлүүлж гарахдаа текэн дээр тооцооноос болж бусадтай маргаан зодоон үүсгэж тухайн зодооны салгах зорилгоор дундуур нь орсон караокены ажилтан Н.Амаржаргалын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн талын хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхины цус хуралт доод зовхи, хамрын зүүн талын зөөлөн эдийн няцрал зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Порте 28” караокегоор үйлчлүүлсэн. Орой нь тус караокеноос гарахаар тооцоо төлөх гээд зогсож байхад гаднаас хэсэг залуучууд орж ирээд бид нар муудалцсан. Улмаар харилцан нэг нэгнийгээ цохисон. Би тухайн үед хохирогчийг санаатайгаар цохисон зүйл байхгүй. Намайг гаднаас орж ирээд муудсан хүн цохихоор нь би хариу цохих гэж байхад хохирогч салгах гэж байгаад дундуур орж ирээд цохиулсан. Би маргааш нь хохирогчтой хамт томографикийн зураг авахуулсан. Миний биед тархи доргилт, зөөлөн эдийн няцралтай буюу дагз хэсгээрээ хавдартай гэж гарч ирсэн. Надад учирсан гэмтлийн хувьд би гомдол гаргаагүй. Хохирогчид хохирол төлсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Амаржаргал мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед би захиалга авах гэж байхад хүмүүс бужигнаад байхаар нь салгах санаатай очсон. Тухайн үед оюутнууд бололтой хүүхдүүд байсан. Тэгээд зодолдоод байсан хүмүүсийг салгаад нөгөө хүнийг нь барьж байхад намайг цохисон. Шүүгдэгчийг салгаад 1-2 алхмын зайтай зогсож байхад 2-3 секундын дараа намайг цохьсон. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Энхцолмон мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд оршин суух хохирогч Н.Амаржаргалын биед үзлэг хийж, мэдрэгдэж байгаа зовиур асууж, тодруулсан. Толгойн зураг авахуулсан байсан ба уг зураг болон үзлэгийг үндэслэж дүгнэлт гаргасан. Хохирогчийн биед учирсан зүүн талын хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи, хамрын зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт зэрэг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үйлчлэх боломжтой. Түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогчийн биед учирсан зүүн талын хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи, хамрын зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт зэрэг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэв.
Эрүүгийн 2009000001440 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Амаржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 50-р дэлгүүрийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг “Порте-28” нэртэй караокед зөөгчөөр ажилладаг. 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 2020 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө ажил дээрээ байх хугацаанд 00:00 цаг болж байхад текний хэсэгт тооцоо хийж байсан хүмүүс маргалдсан. Тухайн үед зодоон болсон ба би дундуур нь орж салгах явцад надаас өндөр хар өнгийн куртикний дотуураа цэнхэр өнгийн ноосон цамцтай залуу миний нүүр рүү цохисон. Миний хамар мурийж яс нь цөмөрсөн гэж оношилсон. Цаашид эмчилгээ хийлгэ гэсэн. Одоогоор өвдөлт байхгүй болсон. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн үед намайг цохих гэж байсан залуучуудыг цохих гэж байсан ба эргээд цохих гэж байгаад андуураад зөөгч залууг цохисон. Зөөгч залуугийн биед учирсан шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тэр залуугийн хамт MRI 3D зураг авахуулж байх үед уг зураг авсан эмч нь “цус хуралт нь өмнө нь үүссэн байна” гэж хэлж байсан. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт дээр нэг удаа цохих үйлдлийн улмаас үүснэ гэж зөрүүтэй гарсан байна. Цус хурсан гэмтлээс бусад гэмтэл нь миний буруугаас үүссэн гэж үзэж байна. Миний хувьд эмчилгээний зардалд нийт 400.000 төгрөг төлсөн. Бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12256 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Н.Амаржаргалын биед зүүн талын хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи, хамрын зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Мөнхбат ойр хавьд зогсож байгаа хүмүүс рүү дайрах, найз руугаа түлхэх шинжтэй үйлдэл хийж байна. Цаад сандал дээр сууж байсан хар өнгийн малгайтай куртиктэй залуу босож ирсэн бөгөөд тухайн залууг Мөнхбат нь цохин авч байна. Энэ үед нөгөө хар өнгийн куртиктэй залуу мөн адил зөрүүлэн цохих гэж байгаа үйлдэл хийж байна. Энэ үед гаднаас орж байсан эрэгтэй эмэгтэй нийлсэн залуус мөн адил Мөнхбат руу дайрч зууралдан авч байгаад түүнтэй хамт явсан 2 залуу салгаад хэсэг хугацаанд чөлөөтэй салан зогсож байна. Энэ үед Мөнхбат нь хамт явсан саравчтай малгайтай бор сааралдуу хувцастай залууг түлхээд түүний урдаас орж наад талд текний хажуу хэсэгт зогсож байсан зөөгч сорочкон цамцтай залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа цохин авч байна...” гэжээ /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...СД-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 2020 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Порте-28” нэртэй караокед үйлчлүүлж гарахдаа текний хэсэгт согтуурсан байдалтай, бусадтай зүй зохисгүй харьцаж маргаан үүсгэж, улмаар караокены ажилтан Н.Амаржаргалын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн талын хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи, хамрын зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Амаржаргалын “...надаас өндөр хар өнгийн куртик дотуураа цэнхэр өнгийн ноосон цамцтай залуу миний нүүр рүү цохисон. Шүүгдэгчийг салгаад 1-2 алхмын зайтай зогсож байхад 2-3 секундын дараа намайг цохьсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12256 дугаартай дүгнэлт /Н.Амаржаргалын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон/,
Эд мөрийн баримтаар тооцсон СД бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл,
Шүүгдэгч Ч.Мын “...Тухайн үед намайг цохих гэж байсан залуучуудыг цохих гэж байсан ба эргээд цохих гэж байгаад андуураад зөөгч залууг цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогч Н.Амаржаргалын биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн, хэрэг явдал болсон нөхцөл байдал эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэгт тодорхой тусгагдсан болон хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Мын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Ч.М нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Н.Амаржаргалын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийж, хохирогч Н.Амаржаргалд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос Ч.Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс “...Ч.М руу олон хүн цохиж дайрч байх үед өөрийгөө хамгаалж хохирогч оногдсон үйлдэл нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээж авах үндэслэлгүй.
Учир нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэгт Ч.М нь согтуурсан байдалтай, бусад руу дайрч давшилсан үйлдлүүд хийж, өөртэй нь цуг байсан гэх найзынхаа түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн оролдлогыг үл ойшоосон зүй зохисгүй байдал гаргах ба хохирогчийг цохих үед маргаан таслан зогсоогдсон, тэдгээрийн хооронд тодорхой хэмжээний зайтай байхад зориудаар Н.Амаржаргал руу очин цохиж буй үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж шүүх дүгнэсэн.
Түүнчлэн шүүгдэгчээс хохирогчийг өөр рүү нь дайрсан этгээд гэж ойлгон түүн рүү чиглэн очиж, цохьсон идэвхитэй үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгчийн санал үгүйсгэгдсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Амаржаргалаас “...эмчилгээний төлбөрийг өгч гомдол барагдуулсан тул цаашид гомдол санал байхгүй....” хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН