| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0125/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
2021 02 24 2021/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч З.Энхжаргал,
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 2009000001516 дугаартай хэргийг 2021 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо 11 хороолол, Эрхүүгийн гудамж 5-р байрны 54 тоотод оршин суух, урьд:
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны шөнө 02 цагийн оряим Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт МУИС-ийн 2 дугаар байрны урд талын Шөлөндөө түргэн хоолны газрын гадна хохирогч Т.Мөнхбаяртай “хоол идэх мөнгөгүй байж дуудаж ирүүллээ” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь “биед дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зүүн дээд талын 2-р араа шүдний хугарал гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 08-аас 2020 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө хоёр найзтайгаа 2-3 лааз пиво уугаад Монгол Улсын их сургуулийн урд байрлах “Шөлөндөө” гэх хоолны газар хоол идэхээр орсон. Тус хоолны газарт орох үед надад мөнгө байгаагүй. Тэгээд мөнгө байхгүй болохоор хоол авч чадахгүй ширээн дээр суусан. Би Мөнхбаяр, Сэргэлэн нарыг өмнө нь хоолонд ихэвчлэн даадаг байсан. Тухайн үед намайг даах ёстой гэсэн хандлагатай байсан. Ширээн дээр сууж байхад Мөнхбаяр над руу үг хаяад дайрч давшилж намайг “гараад ир” гэж хэлсэн. Тэр үйл явдлыг Сэргэлэн харж байсан. “Найзууд байж эндээ ярилцаад ойлголцъё зодооны шинж чанартай намайг битгий өдөөд бай” гэж хэлсэн. Миний урд зогсоод дахин дахин дайрч давшлаад байсан. Би хажууд байсан хүмүүсээс санаа зовоод гараад үүдэнд очиж “яасан бэ” гэхэд намайг дагуулаад харанхуй булан руу дагуулж яваад байхаар нь “чи намайг зодох гээд байгаа юм уу, надад чамтай зодолдох шалтгаан байхгүй” гэж хэлсэн...” гэв.
Эрүүгийн 2009000001516 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Тухайн үед надад мөнгө байхгүй байсан. Тэгсэн Мөнхбаяр намайг мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар намайг өдөж эхэлсэн. Мөнхбаяр өөрөө эхэлж намайг өдөж эхэлсэн. Намайг дуудаад аваад гарсан. Хажуу талын харанхуй авто зогсоол дээр дуудсан. Би очихгүй гэсэн чинь өөрөө ирээд маргаан эхэлсэн... Би сайн мэдэхгүй байна. Би Мөнхбаяртай маргалдахын хувьд маргалдсан гэхдээ дүгнэлтэнд гарсан шиг ингэж их зодоогүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/
Хохирогч Т.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 2020 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 11 дүгээр хороололд байрлах ТОП-11 гэх бааранд Сэргэлэн гэх найзтайгаа пиво ууж байсан. Баар хаагаад гарсан чинь Сэргэлэн Түвшинбатыг дуудсан байсан. Бид гурав юм идэхээр МУИС-ийн урд талын Шөлөндөө ороод Сэргэлэн бид хоёр мөнгөгүй, Сэргэлэн Түвшинбатаас “мөнгө байна уу” гэж асуусан чинь “мөнгөгүй гуйлгачин яах гэж дуудсан юм, хоолны мөнгө, төгрөггүй байж” гэж хэлэхээр нь би дургүйцээд “яах гэж тэгж байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд над руу дайрч миний хуучин амьдралыг ярьж доромжилсон. Түвшинбат намайг “гарах уу” гэсэн зөвшөөрөөд гарсан. Би зодолдоно гэж бодоогүй, зүгээр юм яриад маргалдаж байсан. Тэгтэл гэнэт нүүр рүү цохиод намайг унагаагаад дээрээс толгой болон нүүрэн хэсэг рүү цохиж, унасан байхад цээжин хэсгээс өргөж байгаад газартай хавсарсан. Маргаан зодоонд Түвшинбат бид хоёр оролцсон. Бэртэл гэмтлийг Түвшинбат нь намайг гараараа нүүрэн тус газар цохиж унагаан миний дээрээс олон удаа нүүр хэсэгт цохиж зодож учруулсан. Би тухайн үед 0.5 литрийн пиво 5 шилийг уусан, нилээн согтуу байсан. Түвшинбат миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч Ө.Сэргэлэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....хоол идэхээр МУИС-ийн урд талын Шөлөндөө гэх хоолны газарт сууж байсан чинь найз Мөнхбаяр нь Түвшинбаттай маргалдаад би “та хоёр гарч учраа ол” гэсэн. Тэр хоёр гараад нэлээд удахаар нь араас нь гарсан. Тэр хоёр Шөлөндөөгийн урд маргалдаад байсан. намайг харснаа Мөнхбаяр жаахан түрэмгийлээд эхэлсэн. Түвшинбат “одоо болъё” гэсэн. Тэгсэн Мөнхбаяр Түвшинбатыг хүзүүдээд авсан. Би дундуур нь орж салгасан. Түвшинбат Мөнхбаярыг гараараа 2 удаа нүүр хэсэгт нь цохиход Мөнхбаяр газар унасан. Би “боль” гээд салгаад гэр гэрт нь хүргэж өгсөн. Шөлөндөөгийн гадаа байхад Мөнхбаярын хамраас цус гарсан байсан. Цусыг нь арчиж өгсөн. Маргааш нь Мөнхбаяр руу залгахад “Сүхбаатар дүүргийн цагдаа руу очих гэж байна” гэсэн. Би Мөнхбаяртай цуг цагдаа руу очихоор гэрт нь очсон. Тэгэхэд хамар нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12995 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Т.Мөнхбаярын биед дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зүүн дээд талын 2-р араа шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт МУИС-ийн 2 дугаар байрны урд талд байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын гадна хохирогч Т.Мөнхбаяртай “хоолны мөнгөгүй байж дуудаж ирүүллээ” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зүүн дээд талын 2-р араа шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Т.Мөнхбаярын “...Түвшинбат гэнэт нүүр рүү цохиод намайг унагаагаад дээрээс толгой болон нүүрэн хэсэг рүү цохиж, унасан байхад цээжин хэсгээс өргөж байгаад газартай хавсарсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ө.Сэргэлэнгийн “...Түвшинбат Мөнхбаярыг гараараа 2 удаа нүүр хэсэгт нь цохиход Мөнхбаяр газар унасан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12995 дугаартай дүгнэлт /Т.Мөнхбаярын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон/,
Шүүгдэгч Б.Тын “...Би Мөнхбаяртай маргалдахын хувьд маргалдсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогч Т.Мөнхбаяртай маргалдсан талаар мэдүүлсэн, гэрч, хохирогч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Б.Т нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Т.Мөнхбаярын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийж, хохирогч Т.Мөнхбаярт хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос Б.Тад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхбаяраас “...эмчилгээний төлбөрийг өгч гомдол барагдуулсан тул цаашид гомдол санал байхгүй....” хүсэлт /хх-ийн 07 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН