Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч П.С нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн П.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 03258 0071 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн П.С, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачааны машинаар тээвэр хийдэг, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.С нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-тэй “ах мөрлөж унагалаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэнд нь гараараа цохиж зодон баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язралт, цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Т овгийн П.С нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ахыг нь мөрлөж унагалаа” гэсэн шалтгаанаар хохирогч Б.М-тэй маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, бие махбодод нь “баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язралт, цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, 2 шүдний эмтрэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.М-гээс цагдаагийн байгууллагад гаргасан: “...Миний захын урд 01 цагийн үед бусдад зодуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 2-3 дугаар хуудас);

3. Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Ж явахаар болоод би таксинд суулгаж өгөх гээд байрны урд юм ярьж явж байгаад нэг залууг мөрлөөд газар унагаачихсан юм. Тэгээд би “өө уучлаарай, юм ярьж явж байгаад” гээд хэлсэн чинь тэр залуу босож ирээд шууд намайг түлхэхээр нь “уучлаарай, ингээд салъя” гэхэд цаанаас нэг өндөр залуу гүйж ирээд зодолдох гээд байхаар нь би зугтаагаад зам гараад гүйхэд араас гүйж ирээд толгойн ар тал руу цохиход би зам дээр унасан. Би босож зугтаагаад байрны мухар луу орсон чинь тэр залуу араас ирэхээр нь “больё” гээд хэлэхэд шууд гараараа цохиод, намайг толгойгоо дараад доошоо суусан чинь дахиад цохиод байсан юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. П.С надад эмчилгээний төлбөр гэж 1,300,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-14 дүгээр хуудас);

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12690 дугаартай: ”...Б.М-н биед баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язралт, цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас);

5. Гэрч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...өндөр залуу М-г бариад зодоод эхлэхээр нь би буцаж ирээд дундуур нь ороод салгаж байсан чинь анх М-тэй мөрлөлцсөн залуу араас ирээд намайг барьж аваад миний шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би тэр залуутай барилцаад тэврэлдэхэд нэг хүүхэн ирээд болиоч гээд татаж чангаагаад байсан. Тэгээд намжаад өндөр залуу М-г зодохоо болиход М-н амнаас нь цус гарсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Миний биед гэмтэл бэртэл учраагүй. С гэх өндөр залуу М-г нэлээн олон удаа гараараа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

6. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...үл таних хоёр согтуу залуу хажуугаар гарахдаа өндөр нуруутай М гэдэг залуу нь намайг унатал маш хүчтэй мөрлөсөн. Би “яаж байгаа юм” гээд өндөр залуугаас нь татаад босоод ирсэн чинь С гүйж ирээд М-г түлхсэн чинь тэр 2 залуу зугтаагаад зам гараад гүйхэд С араас нь хөөж гүйгээд замын цаана барьж аваад тэр 2 залуутай ноцолдсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

7. Шүүгдэгч П.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас);

8. Шүүгдэгч П.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41 дүгээр хуудас), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 49 дүгээр хуудас), шүүгдэгчийн орлогыг тодорхойлох ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 50-62 дугаар хуудас), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 69-72 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч П.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.М-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.М нь “хохиролд 1,300,000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.С-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” хэмээн хуулиар тогтоосон үндсэн хугацааг шүүхийн тогтоолд тусгах шаардлагагүй юм.

Харин шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндсэн хугацаа болох 90 хоног буюу гурван сараас дээш гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгон шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс тогтоосон хугацааны талаар тогтоох хэсэгт тусгах нь зүйн хэрэг.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.С нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн П.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.С-д сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.С нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА