Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0677

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

 

Дугаар 221/МА2022/0420

              Улаанбаатар хот

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Р.Э,

Хариуцагч УУХҮС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Д,

Хариуцагч АМГТГ-ын   төлөөлөгч Л.Б нар

Нэхэмжлэгч: “Л” ХХК

 

Хариуцагч: МУЗГ,

 

Хариуцагч: УУХҮС,

 

Хариуцагч: АМГТГ

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““Л” ХХК-ийн МҮ-008523 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд авсны нөхөх олговрыг холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа АМГТГ, УУХҮС, МУЗГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, нөхөх олговрыг холбогдох хууль, журмын дагуу уламжлан шийдвэрлэхийг АМГТГ, УУХҮС, МУЗГ-т даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0579 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Р.Э, АМГТГ-ын   итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, УУХҮС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Днар;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0206/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Л” ХХК-аас МУЗГ, УУХҮС, АМГТГ-т тус тус холбогдуулан ““Л” ХХК-ийн МҮ-008523 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд авсны нөхөх олговрыг холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа АМГТГ, УУХҮС, МУЗГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, нөхөх олговрыг холбогдох хууль, журмын дагуу уламжлан шийдвэрлэхийг АМГТГ, УУХҮС, МУЗГ-т даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 579 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг тус тус баримтлан “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа АМГТГ, УУХҮС, МУЗГ-ын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг уламжлан шийдвэрлүүлэхийг АМГТГ-т, МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 15-ны 90 дүгээр тогтоолоор 2 дахь хэсэгт заасны дагуу нөхөх олговрыг шийдвэрлэхийг УУХҮС-д, нөхөх олговрын талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, хүсэлтэд хариу өгөхийг МУЗГ-т тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Р.Э нар давж заалдах гомдолдоо:

 

3.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариу тайлбарыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж хэрэгт ач холбогдох бүхий нөхцөл байдлуудын он цаг дараалалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.1.1. Нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-008523 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэн байдаг. УИХ-аас 2015 оны 02 дугаар сард Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан бөгөөд улмаар МУЗГ-ын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах мөн Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газраас доорх чиглэлээр дараах тогтоолуудыг батлан гаргасныг анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт дэлгэрэнгүй дурдаж тайлбарласан. Мөн Засгийн газрын 194 дүгээр тогтоолд хамрагдсан 242 ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 163 ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч нараас нөхөх олговор авах тухай хүсэлтээ ирүүлснээс 40 нь нөхөх олговрыг "О" төгрөгөөр тооцуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, 124 нь нөхөх олговроо авах хүсэлт гаргасан байна. Эдгээр 124 тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрөөс нийт 222 тэрбум төгрөгийн нөхөх олговор нэхэмжилсэн бөгөөд уг мөнгөн дүнд хөндлөнгийн аудит хийлгэхээр болсон байна. Хориглосон талбайн хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай 14 аж ахуйн нэгжийн 26 тусгай зөвшөөрөл, бүхэлдээ давхцалтай 53 аж ахуйн нэгжийн 98 тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авахаар ирүүлсэн хүсэлтийг журмын дагуу тооцож АМГТГ-аас 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1-764 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн байна. Дээрх зардал болон хөндлөнгийн аудитын 5,92 тэрбум төгрөгийн талаар 2012 онд Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар “хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 210 дугаар тогтоол гарсан.

3.1.2. Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан хилийн заагт хамрагдаж байгаа алтны шороон ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нэхэмжилсэн нөхөх олговрын асуудлыг судлан, дугнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. "Л" ХХК нь өөрийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын MV-008523 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэний дараа Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай" журмын дагуу холбогдох хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж, нөхөх олговрын хэмжээг тодорхойлсон тодорхойлолт болон холбогдох бусад баримт материалыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн талаарх мэдээлэл байхгүй байгааг анхаарч дүгнэлт өгөөгүй.

3.1.3. Мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба 3.4.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг дор тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол", 3.4.3 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3 дугаар зүйлд заасан Үүргээ биелүүлээгүй" бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан бөгөөд дээрх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн хэрэгжүүлж ажилласан талаарх баримтууд байхгүй байгааг баримтаар гаргаж өгсөн байтал огт дүгнэлт өгөөгүй.

3.1.4. Он цаг дарааллын хувьд нэхэмжлэгч “Л” ХХК нь өөрийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын MV-008523 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь анх Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэн учир үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдал байгааг анхаарч дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна", 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" заасан шаардлагыг тус тус хангахгүй байна. Мөн нэхэмжлэгч “Л” ХХК нь Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай" журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй болохоос Aшигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тайлбай дүйцүүлэн авах эрх бүхий этгээд биш гэдгийг анхаарч үзэж үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй хуулийг буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

3.1.5. Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах "Ноён уулын ам" нэртэй 189 гектар ашигт малтмалын ашиглалтын MV-008523 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэн байна. Тиймээс урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөх олговрын асуудлыг зохицуулах зорилгоор Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам"-ыг баталсан байх тул тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан энэхүү журмын дагуу нөхөх олговор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх харилцаа байгаад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байхын зэрэгцээ хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.

3.1.6. Учир нь: Улсын дээд шүүхийн 2022 оны 13 дугаар тогтоолд Улсын Их Хурал 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бурэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч, тусгай зөвшөөрөл нь цуцлагдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох асуудлыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу МУЗГ-ын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугээр тогтоолоор баталсан журмаар тухайлан зохицуулсан уг харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэхгүй, энэ хуулийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн харилцаанаас үүссэн маргаанд төсөвтэй хэрэглэх хууль зүйн боломжгүй юм... тайлбарласныг буруу хэрэглэж тухайн маргаанд төсөөтэй хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “... эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон байгаагаас үзвэл Засгийн газар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар гаргасан эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлага нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т хамаарах харилцаа биш болохыг Улсын дээд шүүхийн 2022 оны 13 дугаар тогтоолоор дэлгэрэнгүй тайлбарласан байгаа болно.

3.2.1. УУХҮС-ын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд уйлдвэрийн яам болон Татварын еренхий газрын төлөөллийг оролцуулан АМГТГ-ын   даргын 2019 оны А/49 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/138, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/200, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тушаалаар тус тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулж, УУХҮС ын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 тоот чиглэлийг баримтлан тус газрын даргын 2022 оны А/98 дугаар тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн зохион байгуулсан байна. Засгийн газарт талбай дүйцүүлэн авах тухай хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг тухай бүр УУХҮЯ, сайдаар дамжуулан АМГТГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт хүргүүлж байсан бөгөөд тус компанийн материалыг ажлын хэсэг судалж үзээд холбогдох хариуг хүргүүлсэн байна. Ажлын хэсгээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг баримтлан нэр бүхий аж ахуй нэгжийн талбай дүйцүүлэн авах тухай хусэлтийг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан УУХҮЯ-аар дамжуулан Засгийн газарт уламжлан ирүүлсэн материалыг шийдвэрлээгүй орхигдуулсан зүйл баримтаар тогтоогдоогүй байхад Засгийн газрын эс үйлдэхүй нотлогдож байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна", 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" заасан шаардлагыг тус тус хангахгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0579 дугаартай шийдвэр, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч УУХҮС ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Д нар давж заалдах гомдолдоо:

4.1. “Л” ХХК-ийн эзэмшиж буй MV-008523 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Улсын Их Хурал 2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор Ноён уул орчмын газрыг улсыг тусгай хамгаалалтад авсан хилийн заагт хамрагдсанаар тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмал хайх, ашиглах эрх нь хязгаарлагдсан байна. Дээрх тохиолдолд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар үйл ажиллаагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжид нөхөх олговор олгох асуудлыг Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан тусгай журмыг, газрыг улсын тусгай хамгаалалтад авсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжид олгох нөхөх олговор олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг үндэслэн тус тус шийдвэрлэхээр заасан.

4.2. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журамд зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нөхөн олговор авах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлан үзэж санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тус байгууллага нь нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхээр заасан буюу Уул уурхай, хунд үйлдвэрийн яамны зүгээс энэхүү аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй юм байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно." гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор баталсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайгаас аж ахуйн нэгжтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр тус талбайгаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой юм.

4.3. АМГТГ-ын   даргын 2020 оны А/100 дугаар тушаалаар нөхөн олговор авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлан үзэх, холбогдох мэдээллийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсэг нь аж ахуйн хэлцэл хийж дүйцүүлэн авах талбайн талаарх болон холбогдох мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно...” гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад “Л” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс талбайн дүйцүүлэн олгох тухай хүсэлтийг дээрх ажлын хэсгийн зүгээс ирүүлээгүй байхад УУХҮС ын эс үйлдэхүй нотлогдож байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна", 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" заасан шаардлагыг тус тус хангахгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0579 дугаартай шийдвэр, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Хариуцагч АМГТГ-ын   төлөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо:

 

           5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу АМГТГ  хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй байна.” гэж дүгнэсэн байна. Тус газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/6132 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжээс гаргасан зардлын талаарх мэдээллийг Уул уурхай, хунд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байна. “Л” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 тоот "нөхөн олговрын асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичгийг хүлээн авч хянан үзээд ашигт малтмалын ашиглалтын MV-008523А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар харилцан тохиролцон дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрөл авах тус компанийн хүсэлтийг судлан үзэж шийдвэрлүүлэх тухай саналыг тус газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/6818 дугаар албан бичгээр хавсралт 17 хуудас материалыг хавсарган УУХҮС-д болон “Л” ХХК-д хувийг тус тус хүргүүлсэн байна.

5.1.1. Төрийн захиргааны байгууллага нь тус компанийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судалж холбогдох асуудлыг шийдвэрлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан нөхөх олговрыг тооцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг батлуулахаар тус газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай" 1/6250 тоот албан бичгээр УУХҮС-д хүргүүлэхэд “Хариу хүргүүлэх тухай" 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2816 тоот албан бичгээр “Албан бичигт дурдсан аргачлалыг төрийн захиргааны байгууллага батлах нь зүйтэй байна" гэсэн хариуг ирүүлсэн. Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудыг судлан үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг тооцох аргачлал, нөхөх олговор олгох журмыг батлах эрхийг төрийн захиргааны байгууллага болох АМГТГ-т хуулиар тусгайлан эрх олгогдоогүй тул асуудлыг шийдвэрлэх үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцоход баримтлах шалгуур үзүүлэлт, аргачлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар "Чиглэл хүсэх тухай" албан бичгийг тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/55 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандахад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/297 тоот албан бичгээр “Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн чиглэлийг ирүүлсэн байна.

5.1.2. “Л” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн 03 тоот албан бичгийг хүлээн авч танилцаад УУХҮС-ын тушаалаар байгуулагдсан ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт “...Энэхүү аргачлал батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдэд хамааруулах...” саналтай байгааг бичгээр уламжилсан бөгөөд дээрх хууль батлагдах хүртэл танай компаниас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар тус газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний 1/5027 дугаар албан бичгээр хариуг хүргүүлж ажилласан байна.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь “Л” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-008523А дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгохдоо нөхөх олговор олгох эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлэх боломжтой байжээ. Иймээс нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолын дагуу төрийн мэдэлд авсан талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байгааг тогтоож, тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд авсны нөхөх олговор олгоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлээгүй МУЗГ, УУХҮС, АМГТГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.” гэж дүгнэсэн байна. “Л” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-008523 дугаартай тусгай зөвшөөрөл нь Кадастрын бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбарлах хэсгийн 1-д "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын "тусгай хэрэгцээнд авах" гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно.", мөн тайлбарлах хэсгийн 3-т "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах", 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах" талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй.

5.3. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно.” гэж тайлбарласан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэж заасан. Дээрх үйл баримтыг дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. “Л” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-008523 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд авсны нөхөх олговрыг холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа АМГТГ-ын   эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрыг холбогдох хууль, журмын дагуу уламжлан шийдвэрлэхийг АМГТГ-т даалгах нэхэмжлэлийг гаргасан.

5.4. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолын тайлбарт “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан холбогдох журмаар тухайлан зохицуулсан харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэхгүй, мөн хуулийн харилцаанаас үүссэн маргаанд төсөөтэй хэрэглэх хууль зүйн боломжгүй" гэж тайлбарласаар байхад анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 579 дугаартай шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 579 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

       1. Хариуцагч МУЗГ, УУХҮС, АМГТГ-ын   итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

       2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

      3. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь, Гол мөрний урсац,бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Ашигт малтмал тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох эсэх дээр маргасан байна.

      “Л” ХХК-ийн MY-008523 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар;

       4. “Монзол” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хатан уулын ам” нэртэй газарт байрлах 189 гектар талбай бүхий 8523А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1610 дугаар шийдвэрээр “Л” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээ олгосноор тус компани нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрхийг авсан, хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглах хууль ёсны эзэмшигч болжээ.

       Маргаан бүхий үйл баримтын талаар;

 

       5. Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-т заасныг үндэслэн МУЗГ “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 174 дүгээр тогтоолыг баталсан байх бөгөөд уг тогтоолоор батлагдаж тогтоосон хилийн заагт “Л” ХХК-ийн эзэмшдэг 8523А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай хамрагдаж, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал ашиглах ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

       6. МУЗГ-ын 2011 оны 174 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн “Зууны мэдээ”, Үндэсний шуудан”, “Үнэн” зэрэг сонинуудад, нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө гаргах зар нийтэд мэдээлэгдсэн мэдээллийн дагуу, түүнчлэн хууль хэрэгжүүлэн гарсан Засгийн газрын “ашигт малтмал эзэмшигчид нөхөх олговор олгох “2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац,бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тухай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай журам”-д заасны дагуу “Л” ХХК нь 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 12/02 тоот албан бичгээр “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөх олговор авах материалыг бүрдүүлж хүргүүлэх тухай” хүсэлт болон нөхөх олговор авах материалыг бүрдүүлж “Ашигт малтмалын газар, геологи, уул уурхайн хэлтэст” хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Үүнээс үзвэл, 2009 онд Гол, мөрний урсац,бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж гарсны дараа Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг, харин 2011 оны 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт ашиглалт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг тогтоосон байх ба нэхэмжлэгчээс зохих журам нөхцөлийн дагуу ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг тогтоосны дараагаар нөхөх олговор авах хүсэлтээ гаргасан байх тул хариуцагч нарын энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгчид нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлээгүй байхад эрх зүйн байдал дахин өөрчлөгдсөн талаар;

7. Дээрх дурдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” болон Засгийн газрын 2010 оны 299, 2011 оны 174 дүгээр тогтоолтой холбоотой “Л” ХХК-ийн нөхөх олговор авах тухай хүсэлт шийдвэрлэгдээгүй байхад Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 13 дугаар тогтоол гарч улмаар уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор МУЗГ-ын “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 90 дугаар тогтоол гарсан байна.

      8. Уг тогтоолын агуулгаас үзвэл, 1 дэх заалтаар Сэлэнгэ аймаг болон Төв аймаг дамнан оршдог Ноён уул орчмын байгалийн нөөц газар, дурсгалт газрын хилийн заагийг тогтоож,

      2 дахь заалтаар Хилийн заагт багтсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг УУХҮС болон бусад эрх бүхий төрийн захиргааны байгууллага, орон нутгийн засаг захиргааны удирдлагуудад үүрэг болгон даалгажээ.

         9. Улсын Их Хурлын 2016 оны 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоол гарснаар “Л” ХХК-ийн эзэмшдэг 8523А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн “хилийн заагийн ангилал” өөрчлөгдөж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д зааснаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагтай давхацсан байна.

         10. Нэхэмжлэгчээс Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нөхөх олговор авах хүсэлтээ 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хойш удаа дараа албан бичгээр төрийн захиргааны байгууллагуудад хандаж гаргасан боловч нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нар зохих ёсоор асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

         11. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

         12. Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Ашигт малтмал газрын тосны газрын “мэдэгдэл хүргүүлэх тухай” 2021 оны 10 дугаар сарын 20-ны №8/4681 албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны №8/3338 албан бичгээс үзвэл, “Л” ХХК нь хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тусгай хэрэгцээнд багтсан MV-008523 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн буюу 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нийт 39 395 145 төгрөгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлж байсан болох нь тогтоогдож байна.

        13. Улсын Их Хурлын “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “... Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын зарим хэсгийг хамруулан “дархан цаазат газрын ангилал”-аар улсын тусгай хамгаалалтад авчээ.

         14. Энэхүү тогтоолоор “Л” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын талбай нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газарт багтсан байна.

         Хууль хэрэглээний талаар:

        15. “Л” ХХК-ийн 8523А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрыг Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангиллаар хилийн заагийг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авсан, дараа нь дахин Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд /хамгаалалтад/ авсан үйл баримтуудад тогтоогджээ.

 

        16. Иймээс дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч “Л” ХХК-д нөхөх олговор авах эрх зүйн үндэслэл зохих хуульд заасны дагуу үүссэн байх бөгөөд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй /үйлдэл/ болох нь тогтоогдож байна.

 

         17. Үүний улмаас нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

         18. Хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т заасныг удирдлага болгон “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт”-ыг хэрэглэх нэгдмэл байдлыг хангах зорилгоор тайлбарласан байна.

        19.Улсын Дээд Шүүхийн 2022 оны 13 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн

       -1 дэх хэсэгт “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол “өөр талбай”-г дүйцүүлэн олгох үндэслэл болно.

     -3 дахь хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах”, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах” талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй.

      -Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно.” гэж тайлбарлажээ.

 

        20. Үүнээс үзвэл, “Л” ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон 8523А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайг Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 13 дугаар тогтоолоор тайлбарласан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          21. Иймд дээрх үндэслэлүүдээр гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

        

        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

        ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА