Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 565

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Б даргалж, 

Нэхэмжлэгч: “ЮМЭ” ХХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЮМЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ё.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЮМЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЮМЭ” ХХК нь 2011 онд уул уурхай, ашигт малтмал, геологи, геофизикийн судалгаа хийх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн, тайлангаа цаг хугацаанд нь хуульд нийцүүлэн гаргаж, татвараа хуулийн хугацаанд төлж, улсын татвар бүрдүүлэлтэд тодорхой хувь нэмрээ оруулж буй үндэсний аж ахуй нэгж болно. 

Манай компани 2013 оны 07 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хайгуулын ажилд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн 73.733.471.20 төгрөгийг буцаан авах эрхтэй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийнхаа холбогдох хэсэгт тодорхой тусгаж, буцааж авах эрхийг баталгаажуулж өгөхийг хүссэн болно. Гэтэл Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нар татварын хяналт шалгалт хийж,  2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 210000010 тоот акт тогтоохдоо төрөөс буцаан олговол зохих 73.733.471.20 төгрөгийг үндэслэлгүйгээр бууруулж 63.082.025.80 төгрөгөөр тогтоож улмаар татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр тогтоосон нь “ЮМЭ” ХХК-ийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 

Учир нь Монгол Улсын төсөв тасарч, эдийн засаг элгээрээ мөлхөх нь шударгаар татвар төлөгчид нөлөөлөх учиргүй гэж үзэж байна. Улс орны эдийн засаг хямарсан ч гэлээ шударгаар татвараа төлж буй аж ахуй нэгж  холбогдох хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан авах, суутгах зэрэг хуулиар олгогдсон эрхээ тэгш эдлэх учиртай гэж үзэж байгаа болно. 

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “...худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд төлсөн” гэж тус тус заасны дагуу буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөр 65.080.080 төгрөгийг буцаан авах учиртай бөгөөд энэ бол зөвхөн хуульд заагдсан учир үүнийг хэн нэгэн татварын байцаагч шударга татвар төлөгчид хохиролтойгоор тайлбарлаж, бусдыг хохироох учиргүй. 

Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, улсын байцаагч нь ... татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэсэн хуулиар өргөсөн тангарагтаа үнэнч байж манай буцаан авах ёстой  65.082.025.80 төгрөгийг баталгаажуулахаар байтал “0”-оор тооцсон тул энэ актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21000010 тоот актаар 630.820.258,00 төгрөгийн зөрчил илрүүлэн 63.082,025 төгрөгийн албан татвар ногдуулж, уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсан актыг  хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21000010 тоот актаар 630.820.258,00 төгрөгийн зөрчил илрүүлэн, 63.082,25 төгрөгийн албан татвар ногдуулж, уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ЮМЭ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын дүн болох 63.082.025 төгрөгийг буцаан олгуулах хүсэлт гаргасан боловч тодорхой хуулийн заалт баримтлахгүйгээр захиргааны акт гаргасан байна. Өөрөөр хэлбэл төрд хадгалуулсан мөнгийг буцаан олгохоос татгалзсан шийдвэр гаргажээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь анх 1998 онд  татварын хяналт тогтоох зорилготой гарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг  нь хяналтын татвар гэж ойлгож болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авах хүсэлтээ гаргахаар буцаан олголт олгох боломжгүй гэсэн акт гаргасан. Үүний дараа иргэний хэргийн шүүхэд хандахад Татварын маргаан таслах комиссоор оруулан шийдвэрлүүлнэ үү гэсэн зөвлөмжийг өгсөн байдаг. 

Иргэний шүүхээс ямар нэгэн хууль үндэслээгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-т заасан “ бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасан. Үүний дагуу эрх нээгдсэн гэж үзэж байна. Хариуцагч талаас мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Татварын ерөнхий газарт хуульд заасан эрх хэмжээний дагуу шаардлага тавьж байна. Хариуцагчаас 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-т заасны дагуу ямар нэгэн тайлбар өгөөгүй. Энэ заалт нэхэмжлэгч байгууллагад хамаарахгүй гэж хэлдэг. Үүнийг ойлгохгүй байна. Шууд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид энэ хууль хамаарахгүй гэсэн үг хуульд байдаггүй. Бүх байгууллага тэгш эрхтэй байх нь шударга ёсонд нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ё.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, геологи геофизикийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг, 5468213 тоот регистртэй “ЮМЭ” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 08-аас 2015 оны 09 дүгээр сарын 30-нийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 01/2937 дугаартай албан бичиг, татварын хяналт шалгалт хийх 21170100002 дугаар томилолтын дагуу Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Э, Б.Б нар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалт хийсэн.

“ЮМЭ” ХХК нь автомашин борлуулсан орлогоо тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн, шалгагдах хугацаанд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Говь-Алтай аймгийн Тохил сумын Баруун хөндлөн нэртэй газар 12966Х дугаартай хайгуулын, мөн сумын Чантуугийн хөндийн нэртэй газар  XV-015559 дугаартай хайгуулын, мөн сумын Хөндлөн Уул нэртэй газар MV-017580 дугаартай хайгуулын лицензийг тус тус эзэмшдэг бөгөөд дээрх 3 лицензтэй  талбайд тус бүр хайгуулын ажлыг явуулсан байна. 

Шалгалтаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нарын баталгаажуулсан актыг хэвээр нь буюу 73,733,471.20 төгрөгийн буцаан авах хүсэлтээс 63,082,025.8 төгрөгийг буцаан олгохгүй гэдгээр баталгаажуулсан. Энэ нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2016.06.29)-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-т “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “Худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасан нь тухайн компани хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийгдээгүй, тухайн бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн,  нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0” төгрөгөөр баталгаажуулсан” гэжээ. 

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21000010 тоот актаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтаар 63.082.025 төгрөгийг буцаан олгохгүй гэдгээр  баталгаажуулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасан нь тухайн компанийн Говь-алтай аймгийн Тонхил сумын 12966, Чантугийн хөндий нэртэй газрын 015559, Хүндхэн уул нэртэй газрын 017580 дугаартай гурван лицензтэй газарт явуулсан  зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулсанд хамаарахгүй гэж үзсэн. Тухайн бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн, нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгаажуулсан. Тус компани нь олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулсан байна. ...” гэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой холбоотой маргаж байгаа гэж ойлгож байна. Борлуулалт хийгдэж байж хасалтаа авна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-т заасан үндэслэл нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа бараа бүтээгдэхүүнд хамаарах заалт юм. Өөрөөр хэлбэл чөлөөлж байгаа бараа бүтээгдэхүүнд татвар ногдохгүй гэдгийг анхаарна уу ...  “ гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нар нь эрх бүхий байгууллагаас олгосон хяналт шалгалт хийх томилолтын дагуу  “ЮМЭ” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  татварын улсын байцаагч нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаар актаар  тухайн үйл ажиллагааны чиглэлээр борлуулалтын орлого олоогүй атлаа худалдан авсан бараа ажил үйлчилгээндээ ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тооцсон гэх 630,820,258.00 төгрөгийн зөрчил илрүүлэн,  63,082,025.80 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, тус компанийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 10,651,445,4 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулжээ. 

Дээрх татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч ”ЮМЭ” ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоолоор  татварын улсын байцаагч нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаартай актыг хэвээр баталжээ.

Нэхэмжлэгч “ЮМЭ” ХХК нь дээрх татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулахаар тус шүүхэд  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс  “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хайгуулын ажилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 63,082,025.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах эрхтэй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. 

Харин нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалт хийх хугацаанд буюу 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацаанд хайгуулын үйл ажиллагаанд зориулан 630,620,258 төгрөгийг зарцуулсан гэдэгтэй хэргийн оролцогч нар маргахгүй байгаа бөгөөд харин  хайгуулын үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил үйлчилгээ мөн эсэхтэй холбогдуулан маргаж байна.

 Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ЮМЭ” ХХК нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Баруун хөндлөн нэртэй газар орших 12958 гектар талбайд 12966Х дугаартай ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл, Чантуугийн хөндий нэртэй газар орших 13777,85 гектар талбайд ХV-015559 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн сумын Хөндлөн уул нэртэй газарт орших 1399,32 гектар талбайд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон  МV-017580 дугаартай ашиглалтын  тусгай зөвшөөрөл эзэмшдэг, дээрх 3 талбайд хайгуулын ажлыг явуулсан, харин уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй  болох нь тогтоогдож байна.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”,  14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”,  14.1.2-т "худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт  үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор байна.  Өөрөөр хэлбэл бараа борлогдоогүй,  ажил үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний өртөгт тооцож ногдуулдаг  хэрэглээний татвар юм. 

Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил үйлчилгээ биш юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ ашигт малтмал хайх “ гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын  гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгох”-оор заажээ. 

Хуулийн энэхүү заалтын  агуулгаас үзвэл хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш бөгөөд хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч юм.

Эндээс үзэхэд  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 дахь заалтууд нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа үйлдвэрлэгч, дамжуулан худалдагч буюу борлуулагч, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай заалт юм.

Нэхэмжлэгч  “ЮМЭ” ХХК нь хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг шингээсэн татвар ногдох бараа бусдад борлуулаагүй, ажил, үйлчилгээг эрхлээгүй тул хайгуулын үйл ажиллагааны зорилгоор худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй байна.

  Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаар акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, түүнийг хүчингүй болгох үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

  Иймд маргаан бүхий захиргааны акт холбогдох хуулийг зөрчөөгүй, ,нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу хасалт хийлгэх эрхтэй гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дахь заалт нь нэмүү өртөг шингээсэн бараа үйлдвэрлэгч, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай  бөгөөд энэхүү заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа бараа, ажил үйлчилгээнд  хамаарах зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон 14 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх үндэслэлүүд тусдаа, өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд энэхүү зохицуулалт нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд хамаарагдах ёстой. Нэгэнт хайгуулын үйл ажиллагаа нь нэмүү өртөг шингээсэн ажил, үйлчилгээ биш тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий захиргааны актын 1 дүгээр хавсралтад буюу нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоонд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан  “ ... хуулийн заалт баримтлалгүй захиргааны акт гаргасан “ гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ЮМЭ” ХХК-ийн гаргасан  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаар актыг хүчингүй болгуулах”   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2-д заасныг тус тус баримтлан  “ЮМЭ” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЮМЭ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.Б