Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/012

 

Т.Пд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Т.П

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Пд холбогдох эрүүгийн 171400090035 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Соном овогт Т.П, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Т.П нь 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 2017 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 42 тоот хашаанд байх О.Оийн эзэмшлийн гэрийг хууль бусаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу автотээврийн хэрэгсэл хэрэглэн дайрч, 78-07 УНК улсын дугаартай З.Нгийн эзэмшлийн тоёота королла маркийн автотээврийн хэрэгслийн урд, хойд талын шилийг хагалж, автотээврийн хэрэгсэлийн хойд тал руу 14-78 БНА улсын дугаартай өөрийн унаж явсан автотээврийн хэрэгсэлээр мөргөж хонхойлгон дээр нь янхан гэж сийлж бичин бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн

мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баняхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны урд талд О.Оийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Соном овогт Т.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, олон хүний амь бие, эрүүл мэндэд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Пг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Т.Пг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Пд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн арван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Пд оногдуулсан арван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.П нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар Т.Пгээс нийт 2.942.200 төгрөг гаргуулж, хохирогч О.Оэд 1.401.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Нд 1.541.200 төгрөгийг тус тус олгож, хохирогч О.Оийн нэхэмжлэлээс 290.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Т.П нь хохирогч О.Оэд 1.401.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Нд 1.541.200 төгрөг нийт 2.942.200 төгрөгийн хохирлыг 6 сарын хугацаанд нөхөн төлөхөөр үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгахаар хэрэгцээний дагуу Шүүхийн тамгын газарт шилжүүлж, сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар Т.Пгийн эзэмшлийн “... acer маркийн нөүтбүүк...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлууулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Пд буцаан олгож, харин 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Пд буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч О.Оэд авсан тодорхой үйлдлийг хязгаарлах хамгаалалтын арга хэмжээг хүчингүй болгож, Т.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.П гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Би өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруугаа ойлгон ухаарч байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө үйлдсэн байдаг юм. Миний бие 1 нас 6 сартай хүүхэдтэй, анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хэргийн зүйлчлэл нь миний эрх зүйн байдлыг улам дордуулж байгааг харгалзан үзэхийг хүсч байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдгээр хуулийг буцаан хэрэглүүлэх хүсэлтэй байна.

Шүүгдэгч Т.П миний бие өөрийн үйлдэл гэм бурууг хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тухайн гэмт хэрэг нь хохирогчийн ёс зүйгүй байдал хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас үйлдэгдсэн зэргийг харгалзан үзэхийг хүсч байна.

Хохирогч эмэгтэй О.Оэ нь 2017 оны 10 дугаар сард хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байх хойгуур ажилладаг сургуулийн маань захирал руу залган нэр хүндэд халдсан буруу ташаа мэдээлэл өгсөнөөс болж нэр хүнд маань унасан.

Миний бие нөхөр болох Б.Баасанжаргалтай 2003 онд танилцаж 2008 онд хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. 2009 онд охин Б.Халиунболор, 2012 онд хүү Б.Эрдэнэбулган, 2016 онд охин Б.Үржинбадам нар төрсөн. Бид гэр бүл болсон цагаас хойш өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа өөд татаж бусдаас дутахгүй сайхан амьдарч байсан. Сүүлийн 3 жилд бидний амьдралд өөрчлөлт гарч харилцаанд сэв сууснаас болж одоог хүртэл засаж залруулж чадахгүй гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргах иргэний шүүхэд хандсан байгаа.

Б.Баасанжаргал нь 2015 оноос гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Тухайн үедээ би хүүхдүүдээ бодоод уучилсан. Гэсэн ч зан ааш нь өөрчлөгдөж хайр халамжгүй зан гаргаж, хүүхдүүдтэйгээ ширүүн харьцдаг, гэр орондоо огт анхаарал тавихгүй, гэр бүлээ яавал халуун дулаан уур амьсгалтай болгох талаар юу ч санаачилдаггүй, гэр бүлийн дотор ярьж шийдвэрлэх асуудлуудыг огт ярилцдаггүй, хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал сурлага, хүмүүжил төлөвшилд анхаардаггүй, ажлын цагаа тараад гэртээ ирдэггүй архи уухаараа олон хоног дараалан уудаг, гадуур хонодог, гэртээ эрт ирсэн үедээ байнга шалтаг гарган хүүхдүүдээ орхиж гардаг, намайг бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтсэн, 2015 онд аавын бие муу хот руу явж асарч байх хугацаанд нийт 2 удаа өвлийн хүйтэнд 6 ба 4 настай хоёр хүүхдээ орхин гарч архидан гадуур хонож байсан. Шөнө хүүхдүүд маань 0100 цаг болж байхад уйлж хажуу айлдаа хэлж 2 удаа айлд хоносон зэрэг урдын байсан сайхан байдал бага багаар үгүй болж байдал дээрдэхгүй улам дордсоор байсан. Сүүлийн 3 жил манай гэрт амралтын өдөр ч гэж байдаггүй гэр бүлийн жаргалтай байдал үгүй болсон. Энэ бүх таарамжгүй харьцаа 3-н хүүхдийн маань эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахуун, хүмүүжилд нь хүчтэй нөлөөлж хор хохирол учруулж зан харьцаанд нь эрс өөрчлөлт орж, сурлага эрс муудаж байна.

Цалингийн зээлийн зөрүү 110.000- 200.000 төгрөг авч дөрвөн ам бүлээ тэжээн амьдарч буйг нотлох баримтаар өгсөн байгаа. Нөхөр Б.Баасанжаргал нь өөрийн дансаа хаасан байдаг ба хүүхдүүддээ хэрэглээний мөнгө өгдөггүй. Сургалтын төлбөрийг нь ч төлдөггүй. Сэтгэл санаа болон эдийн засгаар байнга дарамталдаг. Дээрхи нөхцөл байдлуудаас болж өдөр ирэх тусам амьдрал маань хэцүүдэж улам бүр дордсоор байна.

Тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 нас 6 сартай охин, 5 настай хүү, 8 настай охин нийт 3-н хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байгаа билээ. Бага охин болох 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Б.Үржинбадам нь архаг бронхит өвчний улмаас 2017 оны 10 дугаар сард хагалгаанд орсон ба байнгын эмчийн хяналтад байдаг, өвдөөд эмнэлэгт хэвтвэл 20-28 хоног хэвтдэг цаашид Улаанбаатар хот руу явж нарийн оношилгоо, шинжилгээнд орох шаардлагатай. Байнгын гэр бүлийн хүчирхийлэл дунд байж ажил амьдралаа залгуулах гэж зүтгэн өөрийн эрүүл мэндийг үл хайхарч мөн миний бие ойр ойрхон төрсөний улмаас зүүн талын бамбай булчирхайг авахуулсан. Үүний улмаас дааврын үйл ажиллагаа алдагдаж амьсгал бачуурах, дотор давчдах, бухимдах, зүрх өвдөх, гутрах, үе мөч өвдөх зэрэг өвчлөл бий болсон, мөн цус багадалтад орсон нэн даруй хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмчийн бичиг хэргийн материалд хавсаргасан байгаа зэрэг миний одоогийн амьдарч буй нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсч байна.

Миний бие анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан надад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар ял оногдуулж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Пгийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Аймгийн Прокурорын газраас Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Миний бие нь анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг тухайн зүйлчлэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг тус Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө үйлдсэн байдаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу шүүгдэгч эмэгтэй нь 1 нас 6 сартай хүүхэдтэй, анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн байдаг ба 2002 оны Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байдаг учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Т.Пг бусдын хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан боловч анхан шатны шүүх нь үйлдэл, эс үйлдэхүйд ял оногдуулах дээр л хууль буцаан хэрэглэх эсэх яригдана, гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэг нь 5-10 жилийн хорих ялтай учир шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна, 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж нэмж нэгтгэн арван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон.

Т.Пгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлиин 3 дахь хэсгиин 3.1-д заасан хэргийн зүйлчлэл нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байгаа нь харагдаж байгаа юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг бөгөөд 2-8 жилийн хорих ялтай, Т.Пд Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.1 дүгээр зүйл /хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх/, 7.6 дугаар зүйл /Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах/-ийг хэрэглэх боломжгүй байсаар байтал түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэмээн үзэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Т.Пд эрүүгийн хариуцлага оногдуулсан байгаа юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь

1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,

2. Оногдуулах ялыг хөнгөрүүлсэн,

3. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн 3 үндсэн

ойлголтыг агуулж байгаа ба эдгээр ойлголтыг тус тусад нь авч ойлгох ёстой.

Мөн хууль буцаан хэрэглэнэ гэснээс дан ганц тусгай анги, зүйлчлэлийг буцаан хэрэглэнэ гэсэн ойлголт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилж заагаагүй. Гэтэл анхан шатны шүүх 2 дахь ойлголт буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн эсэх асуудлыг л авч ойлгож байгаа нь тус шийтгэх тогтоолоор харагддаг ба энэ нь хууль буруу тайлбарлаж хэрэглэж байгааг илтгэж байна.

Шүүгдэгч Т.П бид хоёрын хувьд 3 дахь ойлголт буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдгээр хуулийг буцаан хэрэглүүлэх хүсэлтэй байгаа юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэжээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч Т.Пгийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тусад нь оногдуулж шүүх шийдвэрлэх боломжтой байгаа юм.

Т.Пгийн хувьд өөрийн үйлдэл гэм бурууг хүлээн зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тухайн гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас үйлдэгдсэн, 3 хүртлэх насны хүүхэдтэй. Мөн Т.П нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөг хүртэл хугацаанд нөхөр болох Б.Баасанжаргалаас тусдаа 1-8 насны 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа билээ. Бага охин болох 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Б.Үржинбадам нь архаг бронхит өвчний улмаас 2017 оны 10 дугаар сард хагалгаанд орсон ба байнгын эмчийн хяналтад байдаг, цаашид Улаанбаатар хот руу явж нарийн оношилгоо, шинжилгээнд орох шаардлагатай, мөн Т.П нь бамбай булчирхайн өвчтэй ба зүүн талын бамбай булчирхайг хагалгаанд орж авахуулсан. Үүний улмаас дааврын үйл ажиллагаа алдагдаж амьсгал бачуурах, бухимдах, зүрх өвдөх, гутрах, үе мөч өвдөх зэрэг өвчлөл бий болсон. Мөн Т.П нь геморрой гэх өвчтэй ба түүний улмаас хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн бичиг хэргийн материалд байгаа ба энэ нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсье.

Шүүгдэгч болон миний зүгээс анхан шатны шүүх Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Т.Пд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар миний дээрх үйлдэл холбогдлыг шийдвэрлэх нь эрх зүйн байдал дээрдэхээр байгаа тул уг зүйл хэсгээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Манай нөхөр 6 дугаар сард гэрээсээ явсан, би одоогийн байдлаар өрх толгойлон 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа гэв.

Шүүгдэгч Т.Пгийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар давж заалдах гомдол гаргасан. Учир нь Т.Пгийн бусдын эд зүйлийг санаатай устгаж, гэмтээсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж уг хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байгаа гэв.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинэ хуучин хоёр хуулийг хамтатган хэрэглэж хэргийг шийдвэрлэх талаар заалт байхгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв байх тул шийтгэх тогтоолын 10 дахь заалтад О.Оэ гэснийг Т.П гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан үзвэл Т.П нь 2017 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 42 тоот хашаанд байх О.Оийн эзэмшлийн гэрийг хууль бусаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу автотээврийн хэрэгсэл хэрэглэн дайрч, уг хашаанд байсан З.Нгийн эзэмшлийн тоёота королла маркийн 78-07 УНК улсын дугаартай автотээврийн хэрэгслийн урд, хойд талын шилийг хагалж, хойд тал руу нь өөрийн унаж явсан 14-78 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөн хонхойлгож, хойд багажны таган дээр нь янхан гэж чулуугаар сийлж бичин бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн,

мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны урд талд О.Оийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Оийн “...машинтайгаа хашаандаа орж ирээд зогссон чинь манай хашаанд нэг машин ороод ирсэн тэгэхээр нь би юун машин орж ирж байгаа юм болоо гэж бодоод байсан чинь тэр машин шууд араас ирээд машины ар талаас мөргөсөн, тэгээд нэг хүн машинаас буугаад хажууд ирэхээр нь би машиныхаа хаалгыг дотроос нь түгжсэн чинь тэр машины цонхыг хагалах гээд цохисон тэгснээ чулуу авчраад цонх руу цохьсон чинь теньтэй цонх хагараагүй, тэгснээ гэрийн үүдэнд байсан 10 литрийн битонтой усыг авах гээд цаашаа эргээд явахаар нь би гялс машинаасаа гараад зугатаачихсан, тэгсэн чинь араас тэр битонтой усыг шидсэн нь намайг оноогүй. Тэгээд би гараад гудамжаар гарч зугатаагаад араас Т.П машинаараа хөөсөн ба би хашааны буланд зогсоод нуугдахад Т.П машинтайгаа хажуугаар гараад явсан, тэгээд би түүнийг өнгөрөөд явчихаар нь эргэж хашаандаа орж ирээд хашааныхаа хойд талынх нь хаалгаар гараад явсан тэгээд нилээд явж байгаад араас хөөгөөгүй байхаар нь эргээд хашааныхаа ар талд ирсэн чинь машины цонхыг юмаар цохиод байгаа сонсогдсон тэгээд би хашааны завсараар харсан чинь Т.П машинаараа манай гэрийг зүүн урд талаас нь эхлээд нэг удаа дайраад дахиад ухарч байгаад дахиад нэг мөргөчихөөд машинтайгаа гараад яваад өгсөн. Тэгээд яваад өгөхөөр нь би хашаандаа орж ирсэн чинь манай хашаанд байсан цагаан өнгийн машины хойд урд талын цонхыг нь хагалаад, хойд талын копудны таган дээр нь янхан гээд юмаар зураад биччихсэн байсан. Мөн манай гэрийг зүүн урд талаас нь дайраад нураачихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 76-78-р тал/

“...нэгдсэн эмнэлгийн урд талд машин дотроо сууж байсан чинь Т.П машинтайгаа ирээд машинаа миний машины хойд талд зогсоогоод эхлээд намайг элдвээр хэлээд хашгичиж байгаад би машиныхаа цонх, хаалгыг түгжчихээд байж байсан чинь нэг чулуу аваад миний машины жолоочийн талын хаалганы шилийг хагалчихсан тэгээд намайг зодож гэмтэл учруулсан, тэгээд намайг ална гээд заналхийлсэн..., ...миний толгойн ар хэсэг дагзаар өвдөөд, чих рүү хатгаж өвдөөд байна, мөн цээж хэсэг рүү хөндүүрлэж, гарын тохой хэсэг хорсож өвдөж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 80-81-р тал/

“...Т.П байсан ба ална, янхан гичий, алж байж сална гэхээр нь би цагдаа руу өөрийн 99887939 гэсэн дугаараас дуудлага өгсөн ба машины баруун урд салхины шилний цонхыг чулуугаар цохиж байгаад хагалчихсан. Би нөгөө талын хаалгаар гараад зугатаасан чинь араас өшиглөж унагаагаад толгойны хоёр тал, чих, цээж хэсэг рүү газарт унасан байхад гараараа цохиод байсан, сүүлдээ миний дээр гараад суучихсан зодож байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 203-205 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч З.Нгийн “...өөрийнхөө эзэмшлийн 78-07 УНК улсын дугаартай цагаан өнгийн Тоёото королла маркийн автомашинаа дүү О.Оэд түр хэрэглүүлэхээр өгсөн байсан юм. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай дүү О.Оэ над руу утсаар яриад нэг хүн машиныг ирж мөргөөд цонхнуудыг нь хага цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд Би Улаанбаатар хотод авчирч засварлуулна гэсэн чинь О.Оэ машинд ачаад явуулсан байсан, тэгээд би хотод хүлээж аваад машинаа засварлуулсан. Миний автомашины хойд талын салхины шил хагарсан 250.000 төгрөг, хойд гүпер эвдэрсэн засварлах үнэ нь 500.000 төгрөг, хойд тээш дотогшоо цөмөрсөн 130.000 төгрөг, шилэн дээр наадаг тень 160.000 төгрөг, хаалганы шил 1 ширхэг 100.000 төгрөг зэрэг зүйл эвдэрсэн байгаа, хойд тээш дээр /гүперийн таг/ юм бичсэнийг будаж засварлах 120.000 төгрөг, урд талын салхины шил 250.000 төгрөг, Улаанбаатар хот руу ачиж тээвэрлэсэн үнэ 250.000 төгрөг зэргээр үнэлж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 86-87 дугаар тал/

Энх-Нахиа ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №01 дугаар “...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5-42 тоотод байрлалтай Axio Corolla маркийн 78-07 УНК улсын дугаартай суудлын автомашин, 5 ханатай гэр, гэр дотор байсан нэр бүхий цахилгаан бараа бусад эд зүйлсэд учирсан хохирлын нийт үнэ цэнэ 2942.2 /хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун төгрөг/ мянган төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 113-1114-р тал/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №098 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн 3 кадр гэрэл зураг нь дээрх тээврийн хэрэгслийн явсан чиглэлийн мөр болон масштабын шугам тавьж нарийвчлан авсан мөрүүд нь зах ирмэг тод дүрслэгдсэн хээний ерөнхий шинж тэмдэг дүрслэгдсэн тул оношлогооны болон харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.14-78 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед гэрэл зургаар авч бэхжүүлж авсан дугуйны гэрэл зурган мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул 14-78 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсгээр туршилтын мөр үүсгэж харьцуулах загвар болгон авсан.

3.Хэргийн газраас гэрэл зургийн аргаар илрүүлж бэхжүүлэн авсан 1 кадр дугуйн тал мөр нь 14-78 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр туршилтын мөр үүсгэж харьцуулах загвар болгон авсан мөртэй хээний дүрслэл болон ерөнхий шинж тэмдэгүүдээрээ өөр хоорондоо ижил төсөөтэй байх тул 14-78 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсэг болох дугуйгаар үүсгэгдсэн байж болно” гэх мөр судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 1-р хавтас 121-124-р тал/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №345 дугаар “...1.О.Оийн биед тархи доргилт, зүүн чамархай, чих, хүзүү, зүүн бугалга, дух, баруун чих, дал, шуунд зулгаралт, баруун дал, нуруу, мөр, гуяанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх хохирогч О.Оийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 211-212-р тал/

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болон 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус бүр хэргийн газруудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 1-р хавтас 8-17, 196-200-р тал/

Шүүгдэгч Т.П нь хохирогч О.Оийн эд зүйлийг дайрч гэмтээсэн болон иргэний нэхэмжлэгч З.Нгийн автомашиныг мөргөн гэмтээсэн 14-78 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 1-р хавтас 18-22-р тал/

Хохирогч О.Оийн гэр болон гэрт нь байсан эд зүйлүүд, иргэний нэхэмжлэгч З.Нгийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 31-40-р тал/, тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 228-230-р тал/, мөн шүүгдэгч Т.Пгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ийнхүү хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, уг нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалгаж тодруулан Т.Пгийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргүүдийн зүйлчлэл тохирсон байна.

Дээр дурдсан нотлох баримтууд болон прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсгээр хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс Т.Пгийн үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн нэмж нэгтгэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.П болон түүний өмгөөлөгч ******* нараас Т.Пгийн 2017 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 42 тоот хашаанд байх О.Оийн гэрийг автомашинаар дайрсан, иргэний нэхэмжлэгч З.Нгийн эзэмшлийн 78-07 УНК улсын дугаартай тоёота королла маркийн автотээврийн хэрэгслийн урд, хойд талын шилийг хагалж, өөрийн унаж явсан автотээврийн хэрэгслээр мөргөсөн, багажны таган дээр сийлсэн буюу прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхээс ял оногдуулсан хэргийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул тус хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар зүйлчлүүлэн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Т.П нь хэдийгээр эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө үйлдсэн, уг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хэдий ч хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжсэн, уг хуулиар Т.Пгийн үйлдсэн тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд болон доод хэмжээ багассан, мөн хорихоос өөр төрлийн ялыг хуульчилсан тул анхан шатны шүүхээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн шүүгдэгч Т.П нь 2017 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэнээс гадна 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Оийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, уг хэргүүдийг прокурорын шатанд нэгтгэн шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээс уг хоёр үйлдэлд нь нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулан шийдвэрлэсэн бөгөөд нэг этгээдийн үйлдсэн хэд хэдэн хэрэгт оногдуулсан ялын зарим хэсгийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон ялуудыг тус тусад нь эдлүүлэх хуулийн боломжгүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Т.П, түүний бага хүүхэд нар нь өвчтэй, эмчийн хяналтанд байдаг талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа хэдий ч энэ нь ялаас өвчний учир чөлөөлөх үндэслэлд хамаарах эсэх асуудлыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн прокурорын дүгнэлтээр шүүх шийдвэрлэх асуудал болно.

Иймд шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёог буруу хэрэглэсэн, үг үсгийн алдаа гаргасан, мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №75 дугаар шүүгчийн захирамжаар Т.Пд хохирогч О.Оэтэй уулзах, харилцах, дагаж мөшгих, эрүүл мэндэд заналхийлэх, халдах, бусад хэлбэрээр харилцахыг хориглож тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах хамгаалалтын арга хэмжээ авсан /хх-ийн 1-р хавтас 152-154-р тал/ байхад 10 дахь заалтад хохирогч О.Оэд авсан тодорхой үйлдлийг хязгаарлах хамгаалалтын арга хэмжээг хүчингүй болгож хэмээн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Т.П нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч П.Адъяасүрэн түүний гаргасан давж заалдах гомдлоос татгалзсан, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хувь хүний нууцтай холбоотой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан нөхцөл байдал тогтоогдсон тул мөн хуулийн 39.3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан зэргийг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн...” гэж, “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэн тогтоолыг...” гэснийг “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад “...хохирогч О.Оэд...” гэснийг “...шүүгдэгч Т.Пд...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Т.П түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.П нь хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                           Н.ЭНХМАА