| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0281/Э |
| Дугаар | 323 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 323
2021 03 12 2021/ШЦТ/323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0077 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1984 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, АПУ ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1-38 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунханы 1-38 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Баттуяагийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Д.Баттуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний 02 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунханы 1-38 тоотод байрлах гэртээ нөхөр *******, найз Аззаяа, Гансувд нарын хамт шинэ оноо тэмдэглэсэн. Би Этай хамтран амьдраад 6 жил гаруй болж байна. Тэгээд бүгдээрээ манай гэрт байж байтал Аззаяа бид хоёр хашааны гадна байсан хогийг ил тавьсан талаар ярьж байгаад маргалдсан. Би тэр хогийг нь хараагүй болохоор Аззаяад хараагүй талаараа хэлсэн. Ингээд тэр хогны талаар би Аззаяатай ярилцаж байгаад сүүлдээ хэрүүл болж эхэлсэн. Тэр үед би уурлаад Аззаяаг сууж байсан сандал дээр нь хоолойг нь гараараа шахаж боосон. Тэгтэл манай нөхөр Э намайг салгах гэхээр нь би Э руу дайрч цохиж байгаад өөрөө цохиулсан. Нэг мэдэхэд миний зүүн нүд хөхөрсөн, хамар хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Баттуяа Аззаяатай муудалцаж хэрүүл хийж эхэлсэн. Улмаар Д.Баттуяа нь Аззаяаг сууж байтал Д.Баттуяа над руу маш их ууртай дайраад байхаар нь гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №444 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Д.Баттуяагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын шарх, хамрын хажуу хэсэг, баруун бугалга, зүүн гарын шуу, сарвууны цус хуралт, завьжны зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунханы 1-38 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Баттуяагийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь
Хохирогч Д.Баттуяагийн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний 02 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунханы 1-38 тоотод байрлах гэртээ нөхөр *******, найз Аззаяа, Гансувд нарын хамт шинэ оноо тэмдэглэсэн. Би Этай хамтран амьдраад 6 жил гаруй болж байна. Тэгээд бүгдээрээ манай гэрт байж байтал Аззаяа бид хоёр хашааны гадна байсан хогийг ил тавьсан талаар ярьж байгаад маргалдсан. Би тэр хогийг нь хараагүй болохоор Аззаяад хараагүй талаараа хэлсэн. Ингээд тэр хогны талаар би Аззаяатай ярилцаж байгаад сүүлдээ хэрүүл болж эхэлсэн. Тэр үед би уурлаад Аззаяаг сууж байсан сандал дээр нь хоолойг нь гараараа шахаж боосон. Тэгтэл манай нөхөр Э намайг салгах гэхээр нь би Э руу дайрч цохиж байгаад өөрөө цохиулсан. Нэг мэдэхэд миний зүүн нүд хөхөрсөн, хамар хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Баттуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч *******т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР