Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц холбогдох эрүүгийн 1904001380016 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2021 оны 12 дугаар сарын  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга                                      Л.Отгончимэг

            Улсын яллагч                                                        Б.Буяндэлгэр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Л.Г

            Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын орчуулагч О.О

            Шүүгдэгч                                                            Г.Ц нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .оны .дугаар сарын .-ны өдөр .аймгийн .суманд төрсөн, .настай, ., .боловсролтой, . мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл ., .хамт .аймгийн . сумын .дугаар баг, .. дүгээр байрны .тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Г Ц /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Г.Ц .оны .дугаар сарын .-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Тоёота витс” маркийн 94-32 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг усргал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас үндэслэлтэй Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ж Ж жолоодож явсан “Лексус жи экс-470” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ю М биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хавирга, өвчүү ясны далд хугарал, баруун уушгины ар гадаргуугийн няцрал, баруун плеврийн хөндий дахь хий хуралдалт /1040 мл/, зүүн ташаа, баруун тохойн зулгаралт бүхий хүнд хохирол, Ж И биед баруун тавхайн эрхий хурууны хугарал, баруун хөмсөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Яагаад урсгал сөрснөө мэдэхгүй байна. Тухайн  үед өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгч буюу “Лексус жи экс-470” маркийн тээврийн хэрэгсэлд учруулсан 23.954.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өмнөх шүүх хуралдаанд зарим зүйлийг ойлгохгүй байсан. Би энэ ослын улмаас хүнд гэмтэл авч, 5 удаа хагалгаанд орсон байгаа. Тиймээс энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж / / шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай машинд 7 хүн сууж явсан. Аав, ээж болон үеэл дүү маань Монголд түр ирсэн байсан болохоор шууд Солонгос руу буцсан. Эхнэрийн маань уушигнаас хий авсан. Охин хөлөө гипсдүүлээд эмнэлгээс гарсан. Эхнэр маань 4 хоноод Солонгос руу явж 1 сар эмчлүүлээд ирсэн. Одоо эхнэрийн бие гайгүй байгаа. Эмчилгээний зардал 7 сая төгрөг нэхэмжилсөн бөгөөд шүүгдэгчтэй харилцан тохирч 5 сая төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ю М / / мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Багануур дүүргээс гараад замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал бид нарын өөдөөс цагаан өнгийн жижиг суудлын машин засмал замын тусгаарлах цагаан зураас даваад урсгал сөрөөд, өөдөөс яваад байсан. Манай нөхөр тэр машиныг хараад хурдаа сааруулаад замын хажуу талын хөвөө хэсэг рүү шахаад явж байсан чинь тэр машин яг өөдөөс ирээд мөргөсөн. ...Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж оношлуулахад нэг хавирга хугарч, уушгины шалчийлтын улмаас цээжинд хий хуралттай гэсэн онош гарсан. Монголд 3 хоног эмчилгээ хийлгэж байгаад Солонгос улсад очоод эмнэлэгт 4 хоног эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Тэрнээс хойш эмийн эмчилгээ гэрээрээ явж байгаа. Машины эвдрэл болон Монголд эмчилгээ хийлгэсэн төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Боломжтой бол мөн Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39/

Насанд хүрээгүй хохирогч Ж И / / мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн үед жолоочийн ар талын суудлын голд нь суугаад явж байхад өөдөөс цагаан өнгийн нэг машин урсгал сөрөөд яваад байсан. Энэ үед машин жолоодож явсан аав маань машинаа замын хажуу тал руу шахсан боловч яаж ч чадахгүй тэр машин манай машины өөдөөс ирээд мөргөчихсөн. ...Миний хөлийн эрхий хуруу хугарсан. Анхны тусламжийг Монголд аваад Солонгос улсад ээж, аавтайгаа хамт очиж эмчилгээ хийлгэсэн. Миний эмчилгээний зардал Монгол Улсад зураг авахуулахад 40.000 төгрөг, Солонгос Улсад болохоор 720.000 төгрөг болж, онгоцны тийз 1.129.800 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30/

Иргэний нэхэмжлэгч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ж Ж гэгч Багануур дүүргийн Христэд итгэгч иргэдийн чуулганы номлогч миний итгэмжлэн хариуцаж байгаа 65-25 СЭА улсын дугаартай Lexus-GX 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гэр бүлийн хамт Багануур дүүргээс Улаанбаатар хот руу явж байхад өөдөөс нь урсгал сөрж “Тоёота витз” маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч мөргөсөн байсан. Энэ тээврийн хэрэгсэл танил ах С.У нэр дээр бүртгэлтэй байдаг. Эхнэртэй эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу явахдаа надад итгэмжлэл хийж үлдээсэн. Албан ёсоор би эзэмшиж байсан. Жолоочийн хязгааргүйгээр нь бүртгүүлсэн болохоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодож болно. Ж Ж миний эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сараас хойш ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23/

Гэрч Ж Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Багануур дүүрэгт байдаг гэрээсээ 65-25 СЭА улсын дугаартай Lexus-GX 470 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн аав, ээж, гэр бүлийн хүн, 2 хүүхэд, ахынхаа хүүхэдтэй 7-уулаа явж байсан. Би жолоо бариад явж байсан, миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл зүүн талаараа жолооны хүрдтэй. Бид нарыг явж байтал өөдөөс ирж байсан цагаан машин цагаан шугам даваад ороод ирэхээр нь болгоомжлоод хурдаа хасаад харахад яг өөдөөс чиглээд яваад байсан болохоор нь замын хажуу тал руу шахсан тэгсэн чинь шууд өөдөөс ирээд мөргөсөн. Нүдээ нээгээд харахад яг машины урдаас ирээд мөргөсөн. Би хэдэн киломерт цагийн хурдтай явснаа тодорхой санахгүй байна. Ойролцоогоор 50 километр цагийн хурдтай явж байгаад тэр машин өөдөөс чиглээд ирэхээр нь хурдаа хасаад бараг зогссон. Уг тээврийн хэрэгсэл С.У гэж хүний нэр дээр байдаг одоо Ж Б гэж хүний нэр дээр итгэмжлэл хийлгэсэн байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №9029 дугаартай дүгнэлтэд: “Ю М-н биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хавирга, өвчүү ясны далд хугарал, баруун уушгины ар гадаргуугийн няцрал, баруун плеврийн хөндий дахь хий хуралдалт /1040 мл/, зүүн ташаа, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 115/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №9023 дугаартай дүгнэлтэд: “Ж И-н биед баруун тавхайн эрхий хурууны хугарал, баруун хөмсөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 61/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №9125 дугаартай дүгнэлтэд: “Г.Ц биед хэвлийд задарсан шарх, нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /500 мл/, цээжний зүүн талын 3, 4, 5, 6, 7, 9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины няцрал, зүүн шуу ясны далд хугарал, зүүн тойг ясны ил хугарал, тархи доргилт, нүүр, хүзүү, цээж, дээд доод мөчинд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” шинжээч эмч Т.Сэлэнгэ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 124-125/

           Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай дүгнэлтэд: “... 1. Г.Ц нь “тархи доргилтын дараах хам шинж”  хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. 2.  Г.Ц уг эмгэг нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр авто осолд орсны улмаас үүссэн байна. 3. Г.Ц нь тухайн үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. Г.Ц нь одоо хийж буй үйлдэл, эс үйлдэлийнхээ учир холбогдлыг ойлгох, тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай байна. Харин болсон хэргийн талаар одоогоор тодорхой санаж тайлбарлаж, мэдүүлэг өгөх чадваргүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 1/,

           Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтэд “...1. 65-25 СЭА улсын дугаартай Lexus-GX 470 маркийн тээврийн хэрэгслийг Солонгос улсын иргэн Ж Ж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үндэслэл тогтоогдсонгүй. 2. 94-32 ХЭА улсын дугаартай Т.Vitz маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Монгол улсын иргэн Г Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг усргал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Хэргийн газрын үзлэг, схем зураг, хэргийн газраас баримтжуулж авсан зураг зэрэгт тоормозны мөр тусгагдаагүй тул 65-25 СЭА, 94-32 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4. 94-32 ХЭА улсын дугаартай Т.Vitz маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Монгол улсын иргэн Г Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг усргал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна” техникийн шинжээч дэслэгч Ц.Ганзориг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 212/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5449 дугаартай дүгнэлтэд “...

              1. Шинжилгээнд ирүүлсэн Lexus Gx 470 маркийн JTJBT20X560110508 тоот арлын, 65-25 СЭА улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

              2. Шинжилгээнд ирүүлсэн автомашины тоормосны эд ангиуд бүрэн, 4 дугуйн хавчигчууд ажиллана. Хөдөлгүүр асаж, автомашин явахгүй тул ABS системийн ажиллагааг шалгах боломжгүй. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийнг шалгах боломжгүй.

              3. Тоормосны системд эвдрэл гэмтэлгүй байна.

              4. Уг автомашины урд бамбай, урд хөндөл, баруун, зүүн их гэрэл, капот, урд нүүр, хөргөлтийн радиатор, сэнс, хүрээ, зай хураагуур, дуут дохио, дээд хөндөл, хөдөлгүүрийн таг, зүүн толь, салхиын шил, урд суудлын ард байрлах LED дэлгэц, жолооны хүчлүүрийн шингэн агуулах хувцанцар сав, гал хамгаалагчийн гэр зэрэг эд ангиуд ослын үед эвдэрсэн байна.

              5. Зориулалтын багажгүй тул жолооны хүрдний сул явалтыг шалгаж тогтоох боломжгүй.

              6. Хойд тэнхлэгийн хоёр дугуйн хийн даралт 250 кPа, урд тэнхлэгийн хоёр дугуйн хийн даралт 260 кPа тус бүр ижил жигд хэмжээтэй байна. Хийн даралт нь тухайн дугуйнд тохирсон даралттай тул осолд нөлөөлөх үндэслэлгүй.

              7. Зүүн их гэрэл, дохионы гэрлийн чийдэн ослын үед бүрэн хагарч эвдэрсэн. Ослын үед баруун их гэрлийн бүрхүүл, гэр хагарч эвдэрсэн, гэрлийн чийдэнгүүд асаж байна. Ар талд баруун хойд дохионы гэрэл, тоормосны гэрлүүд асна. Бусад гэрлүүд асахгүй байв. Бусад гэрлийн гэр бүрэн бүтэн ил харагдах гэмтэлгүй тул ашиглалтын явцад үүссэн байх үндэслэлтэй.

              8. Шинээр нөхцөл байдал илрээгүй” авто техникийн шинжээч ахлах дэслэгч Г.Цэндсүрэн гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 140-165/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг “Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр  Галуут-140 постноос 1 км 300 метр замын баруунаас зүүн тийш явах хэсгийн хөвөөнд болсон байна” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 8-16/

           Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгээстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 468 дугаартай дүгнэлтэд “...урд буфер 650.000 төгрөг, урд буфрын нэмэлт гэрэл 2 ширхэг 160.000 төгрөг, копут 1.800.000 төгрөг, нүүр, нүүр сетка 400.000 төгрөг, баруун болон зүүн их гэрэл 1.600.000 төгрөг, зүүн урд кырло 800.000 төгрөг, зүүн гадна толь 350.000 төгрөг, салхины шил 350.000 төгрөг, жолооч болон зорчигчийн аюулгүйн дэр, комьютер 6.155.000 төгрөг, жолооч болон зорчигчийн суудлын арын  LED дэлгэц 8.539.000 төгрөг, хөргөлтийн радиатор, сэнс хүрээ 700.000 төгрөг, Радиоторын дээд хөндөл 120.000 төгрөг, гал хамгаалагчийн хуванцар гэр 250.000 төгрөг, жолооны хүчлүүрийн шингэн сав 250.000 төгрөг, дуут дохио 60.000 төгрөг, урд панел 120.000  төгрөг, урд жааз 400.000 төгрөг, салон 450.000 төгрөг, туслах материал, лак 60.000 төгрөг нийт 23.214.000 төгрөгийн шууд зардал, эвдэрсэн эд анги солих, задлах зардал 380.000 төгрөг, будах зардал 360.000 төгрөг нийт 740.000 төгрөгийн шууд бус зардал, нийт дүн 23.954.000 төгрөг...” гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 223-225/

              2020 оны 7 сарын 6-ны өдрийн Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилгах тухай гэрээнд “2019 оны 7 сарын 22-ны өдөр Г.Цэцгээ нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо буюу Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын пост дөхөөд Хэнтий аймаг явах чиглэл рүү явж байхдаа эсрэг урсгалаар зорчиж явсан буюу БНСУ-ын иргэн JANG н JIHUN-ны жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас БНСУ-ын иргэн J н J-ны жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан БНСУ-ын иргэн Y н M-ийн биед хохирол учирсан. БНСУ-ын иргэн Y н M нь уг зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7.668.698 төгрөг нэхэмжилснээс 2.668.698 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Г.Ц нь уг 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 7 сарын 6-ны өдөр төлбөр авагчийн эзэмшлийн Хас банкны 5002805246 тоот дансны шилжүүлж бүрэн төлсөн болно. Иймд төлбөр авагч Y н M-нь Г.Ц эрүүл мэндийн хохирлын талаар цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болно. Гэрээнд Y.M, О.О, Г.Ц нар гарын үсэг зарсан байна. /2-р хх-н 229-230/

              Иргэний нэхэмжлэгч Ж.Б хүсэлтэд “машины хохиролд 23.950.000 төгрөг нэхэмжилснээс Цэцгээгээс 2020 оны 8 сарын 31-нд 5.000.000 төгрөг, 2020 оны 9 сарын 16-нд 7.000.000 төгрөг авсан” гэжээ. /3-р хх-н 70-73, 51/

              Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2020 оны 1 сарын 12-ны өдөр Ж Б 5057482323 дансанд Ц машины хохиролд 6.000.000 төгрөг, 2020 оны 1 сарын 13-ны өдөр 5.954.000 төгрөг шилжүүлэв” гэжээ. /3-р хх-н  74-75/

              Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Х.Хосжаргалын хийсэн 2018 оны 12 сарын 7-ны өдрийн бүртгэлийн дугаар 821 итгэмжлэлээр “төлөөлүүлэгч Т овогт С У төлөөлөгч Ц овогт Ж Б арлын дугаар JT JBT20X560110508, улсын дугаар 65-25 СЭА, LEXUS GX-470, 2006 онд үйлдвэрлэсэн саарал өнгийн, гэрчилгээний дугаар №01869406 бүхий тээврийн хэрэгслийг 3 жилээр олгов” гэжээ. /2-р хх-н 184/,

          Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “...65-25 СЭА улсын дугаартай, марк LEXUS, модель GX-470, арал дугаар JT JBT20X560110508, үйлдвэрлэсэн огноо 2006 он, саарал өнгийн, С У, хаяг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, 6 Орхон 2-р хэсгийн 1 26 тоот, утас 99030916, 99408822...” гэжээ. /2 хх-ийн 27/

         Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “...64-32 ХЭА улсын дугаартай, марк Toyota, модель Vitz, арал дугаар NSP1352026699, үйлдвэрлэсэн огноо 2013 он, цагаан өнгийн, Г Ц, хаяг Хэнтий аймгийн Дархан 5-р баг, Бор өндөр 2 хэсэг, 51-35 тоот, утас 98989785...” гэжээ. /2 хх-ийн 28/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Г Ц...” гэжээ.  /2 дугаар хавтаст хэргийн 23/,

Шүүгдэгч Г.Ц нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 151/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ц холбогдох хэргийн гэм буруу, хохирлын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Ц нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Ю М эрүүл мэндэд хүнд, Ж И эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Ц нь .оны .дугаар сарын .-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн “Тоёота витс” маркийн 94-32 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг усргал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ж Ж жолоодож явсан “Лексус жи экс-470” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ю М биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хавирга, өвчүү ясны далд хугарал, баруун уушгины ар гадаргуугийн няцрал, баруун плеврийн хөндий дахь хий хуралдалт /1040 мл/, зүүн ташаа, баруун тохойн зулгаралт бүхий хүнд хохирол, насанд хүрээгүй Ж И биед баруун тавхайн эрхий хурууны хугарал, баруун хөмсөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би өөрийгөө яагаад урсгал сөрснөө мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ю МБагануур дүүргээс гараад замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал бид нарын өөдөөс цагаан өнгийн жижиг суудлын машин засмал замын тусгаарлах цагаан зураас даваад урсгал сөрөөд манай нөхрийн жолоодож явсан машиныг яг өөдөөс нь мөргөсөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/, насанд хүрээгүй хохирогч Ж И “...Би тухайн үед жолоочийн ар талын суудлын голд нь суугаад явж байхад өөдөөс цагаан өнгийн нэг машин урсгал сөрөөд яваад байсан. Энэ үед машин жолоодож явсан аав маань машинаа замын хажуу тал руу шахсан боловч яаж ч чадахгүй тэр машин манай машины өөдөөс ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 30/, гэрч Ж Ж “...Би жолоо бариад явж байсан. Бид нарыг явж байтал өөдөөс ирж байсан цагаан машин цагаан шугам даваад ороод ирэхээр нь болгоомжлоод хурдаа хасаад харахад яг өөдөөс чиглээд яваад байсан болохоор нь замын хажуу тал руу шахсан тэгсэн чинь шууд өөдөөс ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 45-46/, иргэний нэхэмжлэгч Ж.Б “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ж Ж гэгч Багануур дүүргийн Христэд итгэгч иргэдийн чуулганы номлогч миний итгэмжлэн хариуцаж байгаа 65-25 СЭА улсын дугаартай Lexus-GX 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гэр бүлийн хамт Багануур дүүргээс Улаанбаатар хот руу явж байхад нь өөдөөс нь урсгал сөрж Тоёота витз маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 22-23/, Г.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тогтоосон техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт /1-р хх-н 212/, хохирогч Ю М биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №9029 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 115/, насанд хүрээгүй хохирогч Ж И биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №9023 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 61/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл Г.Ц нь Замын хөдөлгөөний холбогдох дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл болон цаашид учрах хор уршигт хайхрамжгүй ханджээ.

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь замын хөдөлгөөний талаарх тогтоосон дүрмийг зөрчсөнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ц үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ю М эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй Ж И эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ю М болон насанд хүрээгүй хохирогч Ж И нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 7.668.698 төгрөг нэхэмжилснээс 2.668.698 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ц хүлээн авч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. /2-р хх-н 229-230/

           Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 65-25 СЭА улсын дугаартай, LEXUS GX-470 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С У байх боловч 2 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр талд авагдсан итгэмжлэлээр уг тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 3 жилийн хугацаатай Ж Б эзэмшилд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Ц нь иргэний нэхэмжлэгч Ж.Б 23.954.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Б хүсэлт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /3-р хх-н 51-52, 70-75/ Иймд Г.Ц хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Ц “ би уг ослын улмаас хүнд гэмтэл авч, 5 удаа хагалгаанд орсон тул миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү” гэжээ.  

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Г.Ц гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж,  1 жил 8 сарын хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Г.Ц нь ослын улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 23.954.000 төгрөгийг төлсөн бөгөөд уг ослын улмаас өөрөө хүнд гэмтэл авч, 5 удаа хагалгаанд орсон. Түүний 65 настай болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хуульд заасан доод хэмжээгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Жанг Жихүнь “Г.Ц ял оногдуулахгүйгээр хөнгөн шийдэж өгнө үү” гэсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Г.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Шүүгдэгч Г.Ц “ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, 65 настай тэтгэвэрт байдаг, дээрх ослын улмаас түүний биед хэвлийд задарсан шарх, нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /500 мл/, цээжний зүүн талын 3, 4, 5, 6, 7, 9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины няцрал, зүүн шуу ясны далд хугарал, зүүн тойг ясны ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч улмаар мэс засал хийлгэсэн” зэрэг хувийн байдал тогтоогдов.

Иймд Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний дээр дурдсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэвэл зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Г Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б овгийн Г Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Г.Ц “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Г.Ц нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Г.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Ц нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 5.000.000 төгрөгийг хохирогч Ю М-д  төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ж.Б 23.954.000 /хорин гурван сая есөн зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг төлснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Г.Ц холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ц авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА