Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ц.С,

Өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Ц.С-т холбогдох 2028001270113 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Г овгийн Ц С, регистрийн дугаар К0000000,

Шүүгдэгч Ц овогтой С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Ө аймгийн Н сумын Э багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.С-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Аын машиныг унаж нутаг үзэх гэж явсан. Хүмүүс бужигнаж байсан газар зүгээр явахаар гээд хайгчаа барьж явсан юм.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт газар газрын хэвлийн ашиглалт хамгаалалт нөхөн сэргээлт байгаль орчны үнэлгээ хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Өмнөговь аймгийн Номгон сумын Элстэй гэх газарт иргэд гар аргаар алт олборлож байгаа. Би энэ газарт очиж үзээгүй, гэхдээ мэдээлэл авч байгаа. Энэ хэрэгт шалгагдаж байгаа С-тай уулзахад С нь газрын хэвлийд халдаагүй өөр хүмүүсийн ил гаргасан шороон дээрээс нь алт олсон гэж байсан. Ц.Сын олборлосон гэх алтыг улсын орлого болгох юм бол нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Сын олборлосон гэх алтыг боломжтой бол орон нутгийн байгаль хамгаалах 100110051407 дугаартай дансанд хийлгүүлэх хүсэлтэй байна. /хх-ийн 24-25-р хуудас/

Иргэний  нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ц.С нь манай ээж Б-ийн төрсөн дүү болох Цгийн хүүхэд нь юм. 05-93 ӨМА улсын дугаартай Nissan X-trail маркийн авто машиныг би 2019 онд Улаанбаатар хотод техникийн зах дээрээс нэг өвгөн мөнгөний хэрэг гараад хямдхан зарлаа гэхээр нь 5.000.000 төгрөгөөр авч байсан. Би тээврийн хэрэгслээ авчихсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний авто машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн байсан. Ц.С нь 2020 оны 05 дугаар сард Номгон сум руу ногоо сайтай байна, явж малаа бэлчээх нутаг үзэх гэсэн юм түр авто машинаа өгчих гээд гуйгаад аваад явсан. /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч М.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хэдэн цагдаа нар ямар ямар авто машиныг барьсан талаар мэдэхгүй байна. Би эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Батзаяа, эдийн засгийн ахлах мөрдөгч Б.Билгүүн, жолооч цагдаа Ж.Мөнхмандах нарын хамт саарал өнгийн X-trail маркийн авто машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөн өнгийг нь сайн санахгүй байна нэг микробустай гурван залуу тэд нарын хажууд байсан Subaru Forester маркийн авто машинтай 2 залуу зэргийг л барьсан. Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш шиг санагдаж байна эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Б, эдийн засгийн ахлах мөрдөгч Б.Б, жолооч цагдаа Ж.М нарын хамт Өмнөговь аймгийн Номгон сумын Элстэй гэх газар очиж эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад олон тооны авто машин зогсчихсон хажуугаар нь явган хүмүүс гар аргаар алт олборлож байхад албаны авто машинтай яваад очиход тэнд байсан хүмүүс тал тал руу зугтаасан. Тэгээд нэг эрэгтэй хүн саарал өнгийн X-trail маркийн авто машин руу дөнгөж ороод суухаар нь урд нь очиж зогсоод тухайн авто машиныг шалгахад дотор нь нэг эрэгтэй жолооны хүрдэн дээр суучихсан, харин нэг эмэгтэй хүн зорчигчийн талын суудал дээр суучихсан байсан. Тэгээд уг авто машинд үзлэг хийхэд алт мэт шар өнгийн олон тооны жижиг металлтай жижиг хуванцар сав, алт хайгч зэрэг гарч ирсэн. Тэгээд бичиг баримтыг нь шалгахад Ц овогтой С гэдэг эрэгтэй байхаар нь эд зүйлсийг нь аваад араас дагаад сум руу явах шаардлага тавиад суман дээр очиж ахмад Батзаяа шалгасан... Хайгч байсан өөр ямар нэгэн багаж байгаагүй. /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө эрт шиг санагдаж байна. Намайг Ц сумын төвд байх гэртээ байж байхад манай ээжийн дүүгийн хүүхэд болох С саарал өнгийн дунд гарын жийптэй ирээд малын бэлчээр үзэх гэсэн юм хамт явчих гэхээр нь би хамт явсан. Тэгээд Ц сум, Д сум, Н сумын нутгуудаар бэлчээр хайж явж байгаад 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө нь нэг их олон нүх ухчихсан газар очсон. Тухайн үед С машинаасаа гараад явсан. Харин би машин дотор унтаад өгсөн. Тэгээд намайг нэлээн унтаж байхад С машиндаа орж ирээд тэр газраас хөдлөөд нэг овоо даваад хойд зүг рүү явж байгаад нэг уулын энгэрт хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед босоод өнгөрсөн шөнө очсон олон нүх ухчихсан газар очиход ойролцоогоор 100 орчим хүмүүс машинтай алт хайж байх шиг байсан. Тэгээд С машины араас нэг юм аваад буугаад явсан. Машин дотор хэвтээд байж байсан хүмүүс тараад яваад байтал С гэнэт машинд гүйгээд ороод ирсэн. Тэгтэл яг өмнө талд цагдаагийн машин ирж зогсоод үзлэг шалгалт хийж бичиг баримт хурааж аваад Номгон сумын төв дээр яваад оч гэхээр нь С бид хоёр Номгон сумын төвд очсон. Бэлчээрлэх шинэ газар хайх гэж явсан... Сүүлд цагдаа нар ирээд Сын цүнхнээс алт хайгч гээд нэг цайвар өнгийн урт эвхэгддэг зүйл гаргаж ирээд тэрийгээ алт хайгч гэж байсан. Би өмнө нь алт хайгч харж байгаагүй. Тэглээ ч тийм жижиг цүнхэнд багтдаг гэж ч бодоогүй. /хх-ийн 32-33-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №514 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Метал хайгч /Голд мастер-100/, 1 ш, нийт дүн 1.500.000 төгрөг” /хх-ийн 36-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №025 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Иргэн Б.Аын эзэмшлийн 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн Nissan X-trail маркийн автомашин нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр тогтов.” /хх-ийн 38-39-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №604 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Алт /байгалийн/ нийт дүн: 688.000 төгрөг” /хх-ийн 41-р хуудас/

Геологийн төв лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжилгээний дүн: “Au, сорьц 918.38, 918.05.” /хх-ийн 43-44-р хуудас/

Шинжээч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагад ирсэн шар өнгийн металлыг хэмжихэд 8602.2 мг буюу 8.6 грамм байсан. Тэгээд шинжилгээ хийхэд алт болох нь тогтоогдсон. Мөн шинжилгээний явцад бага зэргийн хорогдол гараад уг 8602.2 мг-аас бага зэрэг багасана гэсэн үг. Цэвэр алтны сорьц нь 999.99 байдаг. Харин шинжилгээнд ирсэн металлыг хоёр удаа сорьцолж үзэхэд эхний удаа дээр нь 918.38, дараачийн удаад нь 918.05 байсан. Уг гарсан 918.38, дараачийн удаад нь 918.05 гэдгийг тайлбарлавал уг металлын 91.8 хувь нь алт байна гэсэн үг. Манай байгууллагаас шинжээчийн дүгнэлт гэж гарах боломжгүй. Учир нь манай байгууллагат шинжээчийн дүгнэлт гаргах бланк байхгүй учраас шинжилгээний дүн л гэж гарна. Тэр дүнгээ шаардлагатай тохиолдолд мэдүүлгээр тайлбарлан өгөх боломжтой. /хх-ийн 45-46-р хуудас/

Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 06-ны орой үеэл Ааас 05-93 ӨМА улсын дугаартай “Nissan X-trail”маркийн авто машиныг нь Номгон сум руу явж мал бэлчээх газар үзчихээд ирье гэж хэлж аваад маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө эрт гэрээсээ гарахдаа Номгон алт гарч байгаа гэсэн учраас юмыг яаж мэдэх вэ гэж бодоод алт хайгчаа аваад гарсан. Тэгээд Ц сумын төвөөр дайраад Ж гэдэг үеэлтэйгээ хамт Н сум руу мал бэлчээх газар хайхаар гарсан. Тэгээд Ханхонгор сумаар мал бэлчээрлэх газар хайгаад олигтой газар олдохгүй болохоор нь Номгон сум руу явж мал бэлчээрлэх газар хайж байгаад тухайн өдрийнхөө орой нь алт гарч байгаа газар очиход олон тооны авто машинтай хүмүүс алт хайж байсан. Тэгээд би Жыг машиндаа үлдээгээд би машины араас хайгчаа аваад ухагдсан шороон дээгүүр алт хайгчаараа алт хайж байгаад бага хэмжээний алт олоод тэгээд буцаад машиндаа ирээд ойрхон явж байгаад нэг уулын энгэрт хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоод шөнө очсон газрын ойролцоо очиж Жыг машиндаа үлдээгээд би хайгчаа барьж гараад ухагдсан нүхэн дээгүүр сул шороогоор нь явж хайгчаа тавиад алт түүж байтал цагдаа нар ирээд тэгээд миний хайгч болон олсон алтыг хурааж аваад араас дагаад яв гэд би ч араас нь дагаж явсаар байгаад Номгон сумын төвд очсон. /хх-ийн 57-58-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-09-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20-р хуудас/

Ө аймгийн Ц сум Бортээг багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 66-67-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 92-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц овогтой С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Ө аймгийн Н сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн, шүүгдэгч Ц.С нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй тул шүүгдэгч Ц.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.С нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 74-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум Бортээг багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтод: “Цгийн С нь 1985 онд төрсөн, эрэгтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ц.С нь КМ85061711 регистрийн дугаартай, тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов.” /хх-ийн 65-р хуудас/ гэснээр, С.Сайханбаярын төрсний гэрчилгээний хуулбарт “Овог Гүртэн, эцгийн нэр С, нэр Сайханбаяр, 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрснийг 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэв:” /хх-ийн 66-р хуудас/ гэснээр, С.СайханЖын төрсний гэрчилгээний хуулбарт “Овог Гүртэн, эцгийн нэр С, нэр СайханЖ, 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрснийг 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэв:” /хх-ийн 66-р хуудас/ гэснээр, С.Отгонтөгсийн төрсний гэрчилгээний хуулбарт “Овог Гүртэн, эцгийн нэр С, нэр Отгонтөгс, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрснийг 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэв:” /хх-ийн 67-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун  нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдал болон бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2–т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах  албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ст зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн тул “байгаль орчны тухай, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх талаар, хор хохирол учруулснаас үүсэж болох үр дагавар, хор уршиг, байгаль орчныг нөхөн сэргээх” агуулга бүхий зан үйлээ засах сургалтанд хамруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Эрдэнэсийн сан гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрдэнэсийн сан нь төрийн өмчлөлд байна гэж тодорхойлсны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 688.000 төгрөгийн үнэ бүхий (7.7) грамм 918,05 сорьц бүхий алтыг Монгол банкны эрдэнэсийн санд шилжүүлж, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Эрдэнэсийн санд авсан зүйлийн үнийг төлөх үүргийг Монгол банк хүлээхээр заасан тул алт болон алтны үлдэцийг Монгол банкинд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ц.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №514 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Метал хайгч /Голд мастер-100/, 1 ш, нийт дүн 1.500.000 төгрөг” /хх-ийн 36-р хуудас/ гэсний дагуу Gold monster 100 загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг тус тус Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь иргэн Аын 05-93 ӨМА улсын дугаартай “Nissan x-trial” маркийн автомашиныг гуйж, улмаар жолоодон малын бэлчээр бүхий нутаг үзэх зорилгоор Номгон сум руу явсан үйл баримт тогтоогдож байх боловч яллагдагч Ц.С нь уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурор тогтоол /хх-ийн 92-р хуудас/ гаргаж шийдвэрлэсэн байх ба прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот тогтоол хүчин төгөлдөр хэвээр төдийгүй улсын яллагч нь шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтдээ яллаагүй, шүүхийн хэлэцүүлэг болон дүгнэлтийн ажиллагааны явцад шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй тул үнийг гаргуулах, болон тээврийн хэрэгслийг хураах боломжгүй гэж үзэж дүгнэлт гаргаж байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцнэ гэж үзэв.

Өөрөөр хэлвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасан ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдсэн хэмжээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр гэм буруугийн дүгнэлтээ гаргах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Г овгийн Цгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2–т зааснаар шүүгдэгч Ц.С-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
  5. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 688.000 төгрөгийн үнэ бүхий (7.7) грамм 918,05 сорьц бүхий алтыг Монгол банкны эрдэнэсийн санд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Gold monster 100 загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
  6. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.Дэлгэрмаа