Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 105

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Халиун, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002004890300 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлж, шүүгч С.Сэржмядагаас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие  эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Б-ийн М,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр, Үнэгт гэх газраас НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 18,29577 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн улмаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудлын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.М-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, урьд нь энэ өвсийг хэрэглэж үзээгүй, маш их харамсаж байгаа, Үнэгт гэх газар руу найзтайгаа уулзаж, амрах зорилгоор очсон, урьд нь интернэтээс энэ өвсний талаар харж байсан, тэгээд Үнэгт гэх газар руу явж байх замд тааралдахаар нь таниад түүсэн, энэ асуудал болсноос хойш тухайн өвсийг дахиж түүгээгүй, хэрэглээгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Б.Баяржавхлан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 26-ны орой барилга дээр хамт ажилладаг найз М-ийн хамт 120 мянгатын автобусны буудал руу найзыгаа гаргаж өгөх гээд явж байхад М- тамхи татаад явж байхад нь цагдаа дуудаад зогсоосон. Тэгээд цагдаа шалгахад М- юм нуугаад байх шиг байсан ба цагдаа нар шалгахад М-ийн цүнхнээс хар тамхи гарч ирсэн...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос өглөөний 10 цагийн галт тэргэнд суугаад өдөр 15 цагийн үед Сэлэнгийн Үнэгт гэдэг галт тэрэгний өртөө дээр буугаад тэндээсээ явганаар 2 км орчим алхаад найзындаа очих гэхэд найз байгаагүй. Тэгээд би тэр хавиар найзыгаа асууж сураглаж явж байгаад каннабис өвс ургасан байхыг хараад иш, үндсээр нь биш навчийг нь түүж уутаа дүүргээд цүнхэндээ хийгээд, буцаад галт тэргээр Улаанбаатар хотод ирсэн. Уг өвсөө Баянгол дүүргийн Модны хоёрын 67 дугаар байрны 46 тоотод авчирч хатаагаад, хатсан хойно нь өвснөөсөө тамхины Paper гэх цаасанд ороож тамхи шиг татаж хоёр удаа хэрэглэсэн. ...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажил тарсны дараа байрлаж байсан газартаа ганцаараа хүнээс далд газар очиж нөгөө өвснөөсөө тамхины цаасанд ороож нэг удаа татаж хэрэглэсэн. Тэгээд үлдсэн гялгар ууттай өвсөө цүнхэндээ хийгээд биедээ авч явж байгаад цагдаад баригдсан...” /хх-ийн 37-38, 62-63/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дугаар сарын 07-ны өдрийн №4757 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.3.4 Шинжилгээнд дээж нь тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.М- өвс гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ- Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамруулна.

2.5 Дээрх асуултууд нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” /хх-ийн 47-49/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №4756 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. М- СЮ00262110 2020.08.27 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” /хх-ийн 52-53/ гэсэн,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №969 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.  Б.М- нь нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2. Б.М- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.  

3. Б.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 

4. Б.М- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.  Б.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.М- нь мансуурах донтой эсхүл мансуурах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Б.М- нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” /хх-ийн 57-58/ гэсэн дүгнэлтүүд,

 

-  Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/,

- Илтгэх хуудас /хх-ийн 8/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 9-13/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/,

- Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28/,

- Эрүүгийн 200200489 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-30/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 31/,

- Улаанбаатар Сүхбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийн хуулбар /хх-ийн 79/,

- Зэрлэг олсны ургамлын тархацийн талаарх холбогдох судалгааны материал /хх-ийн 80-87/

- Шүүгдэгч Б.М-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Мөнхтуяа, Э.Баяржавхлан нарын мэдүүлэг /хх-ийн 42-45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/, нэр өөрчилсөн лавлагаа /хх-ийн 70/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72/, эцэг тогтоолгосон лавлагаа /хх-ийн 73/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Үнэгт гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 18,29577 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн улмаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудлын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Баяржавхлангийн “...2020 оны 8 дугаар сарын 26-ны орой барилга дээр хамт ажилладаг найз М-ийн хамт 120 мянгатын автобусны буудал руу найзыгаа гаргаж өгөх гээд явж байсан, найз М- тамхи татаад явж байхад цагдаа дуудаж зогсоосон. Тэгээд цагдаа шалгахад М- юм нуугаад байх шиг байсан ба цагдаа нар шалгахад М-ийн цүнхнээс хар тамхи гарч ирсэн...” /хх-ийн 39-40/ гэсэн, шүүгдэгч Б.М-ийн “...2020 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос өглөөний 10 цагийн галт тэргэнд суугаад өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Үнэгт гэдэг галт тэрэгний өртөө дээр буугаад тэндээсээ явганаар 2 км орчим алхаад найзындаа очих гэхэд найз байгаагүй. Тэгээд би тэр хавиар найзыгаа асууж сураглаж явж байгаад каннабис өвс ургасан байхыг хараад иш, үндсээр нь биш, навчийг нь түүж уутаа дүүргээд цүнхэндээ хийгээд, буцаад галт тэргээр Улаанбаатар хотод ирсэн. Уг өвсөө Баянгол дүүргийн Модны хоёрын 67 дугаар байрны 46 тоотод авчирч хатаагаад, хатсан хойно нь өвснөөсөө тамхины цаасанд ороож татаж хоёр удаа хэрэглэсэн. ...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажил тарсны дараа байрлаж байсан газартаа ганцаараа хүнээс далд газар очиж нөгөө өвснөөсөө тамхины цаасанд ороож нэг удаа татаж хэрэглэсэн. Тэгээд үлдсэн гялгар ууттай өвсөө цүнхэндээ хийгээд биедээ авч явж байгаад цагдаад баригдсан...” /хх-ийн 37-38, 62-63/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №4757 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: Шинжилгээнд дээж нь тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.М- өвс гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ- Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамруулна...” /хх-ийн 47-49/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны өдрийн №4756 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. М- СЮ00262110 2020.08.27 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” /хх-ийн 52-53/ гэсэн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №969 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/, илтгэх хуудас /хх-ийн 8/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 9-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28/, эрүүгийн 200200489 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-30/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 31/, Улаанбаатар Сүхбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийн хуулбар /хх-ийн 79/, зэрлэг олсны ургамлын тархацын талаарх холбогдох судалгааны материал /хх-ийн 80-87/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2002004890300 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн өвс мэт 18,2957 грамм дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                         

1. Шүүгдэгч Ч овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн М-ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2002004890300 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн өвс мэт 18,2957 грамм дельта-9 тетрагидроканнабинол /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

5. Эрүүгийн 2002004890300 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР