Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000009 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                        Ү нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн ___ дугаар хороо, ___ дүгээр гудамжны__ тоот хашаанд оршин суух, Ү.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Ү нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14-15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дугаар хороо, ___ гудамжны __ тоот хашаанд оршин суух Д-н гэрт шар айраг ууж байхдаа түүний “хоймор голлож суулаа” гэж дургүйцэж, гэрээсээ чирч гаргасан зүй бус үйлдэлд дургүйцэж, түүний барьж байсан галын дэгээ төмрийг булааж аваад толгойн тус газарт нь нэг удаа цохиж, Д-н эрүүл мэндэд зулайн оройн хэсэгт босоо чиглэлтэй 15х0.3 см мэс заслын 12 ширхэг оёдолтой шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс Ү-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д-н гэрт Б, П, Д нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгэхэд гэрийн эзэн Д тамхи авах гэж дэлгүүр явсан бөгөөд түүнийг гаднаас орж ирэхэд нь би гэрийнх нь хойморт байх буйдан дээр  арагш налаад сууж байсан. Гэтэл Д “манай Увсынхан хоймортоо гадны хүн суулгадаггүй, манайхаас яв зайл” гэж над руу уурласан. Би түүнд хандаж “юун сүртэй юм, манай гэрт чи хойморт сууж л байдаг биз дээ, би чамд эхнэрээсээ нуугаад хоол унд зөөж, хонины толгой шийр, гэдэс цувдайгаа хүртэл хувааж идэж байсан байх” гэж хэлэхэд Д миний өмссөн хувцаснаас чангааж намайг хоймрын орноосоо босгох гэж зууралдаж, улмаар бид хоёр давхралдан зуухан дээгүүр нь зуухтай хамт газарт унасан. Энэ үед хамт байсан Б, П хоёр ингэж айлд хөөгдөж суухаар явъя гээд ууж байсан 4 ширхэг том пивыг аваад гараад явсан. Д-н ах нь гэрийн зуухнаас унасан үнс нурам гэр шатаачихна гээд газарт унасан зүйлсийг цэвэрлэж байсан. Тэр үед Д бид хоёр маргалдаж зууралдсан хэвээрээ гэрээс гарсан бөгөөд Д гартаа галын дэгээ төмөр барьсан байсан. Тэгээд галын дэгээ төмрөөр миний толгой руу 1 удаа цохихоор нь би галын дэгээ төмрийг нь булааж аваад зөрүүлээд толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Гэтэл Д-н толгойноос цус гарч, духыг нь даган  урсаж байсан. Би галын дэгээ төмрийг нь газар хаячихаад Б, П хоёрын араас явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд түүний эрүүл мэндийн даатгалыг шимтгэлд 233.880 төгрөгийг төлсөн. Мөн өөрт нь бэлнээр 40.000 төгрөг өгч, хашаандаа байсан 1 тонн орчим нүүрсийг Д-н хашаанд буулгаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 80, 81-р хуудас/

              Хохирогч Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөөнөөс эхлэн гэртээ найз нарын хамт 6 ширхэг том пивийг орж гаран ууцгаасан. Тэгээд өдрийн 15 цагийн үед би Ү-г манай гэрийн хоймрыг голлож суугаад байхаар нь дургүйцэж түүнийг чирч баруун талын ор луу суулгах гэж ноцолдож байгаад бид хоёр зуухан дээгүүр давхралдаж унасан. Тэгээд зууралдсан чигээрээ гэрээс гарсан ба би гэрээс гарахдаа галын дэгээ төмрөө аваад гарсан. Үйтүмэн бид хоёр гадаа ноцолдож байхад Үйтүмэн миний барьж байсан галын дэгээ төмрийг булааж аваад миний толгойн оройн хэсэгт 1 удаа цохиж, миний толгойг хагалсан. Мөн зуухан дээр унахдаа гарынхаа 4 хурууг түлсэн байсан. Би Ү-ээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл 233.880 төгрөгийг төлүүлж, бэлнээр 40.000 төгрөг мөн хэрэглээний нүүрс зэргийг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 28, 29-р хуудас/

              Гэрч П-н мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн “...Ү-г, Д-н гэрийн хойморьт сууж байхад Д, Ү-д хандаж “манай Увсынхан гэрийн хойморт гэрийн эзнээс өөр хүн суулгадаггүй юм”  гэж хэлэхэд Ү “чи манай гэрт ороод манай гэрийн хойморт сууж л байдаг биз дээ” гэхэд Д дургүйцэж, улмаар тэр хоёр хоорондоо маргалдаж ноцолдоод байхаар нь би Б гэх найзынхаа хамт Д-н гэрээс гараад явчихсан. Маргааш өдөр нь Д над руу залгаад Ү миний толойг хагалсан, чи манайд ирж миний шарыг тайлж өг, өчигдөр чи пиво авчраагүй бол би толгойгоо хагалуулахгүй байсан гээд” надаас пиво нэхээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-р хуудас/

              Гэрч Д-н мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн “...манай дүү Д-н найзууд болох пиво авчихсан дүүгийн гэрт ирсэн. Тэгээд бид нар пивоноос ууж байх үед Д, Ү-г хоймор голлож суулаа гээд тоглоом, шоглоом нь мэдэгдэхгүй яриад байсан. Тэгэж байгаад Д, Ү хоёр хоорондоо зууралдаж ноцолдоод гэрийн голд байсан зуухны дээгүүр давхралдан зуухтай хамт унасан. Тэгээд зууралдсан чигээрээ гэрээс гарсан ба би зуухнаас унасан үнс нурамыг цэвэрлээд гэрт үлдсэн. Гэтэл удалгүй Д-н толгойноос цус гарчихсан гэртээ орж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-р хуудас/

              Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09шэ/032 дугаартай “Д-н биед зулайн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо биет зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2, 3-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан 62 см урттай үзүүр хэсэг нь тахир галын дэгээ төмрийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-н 23-р хуудас/

              Ү-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй гэх...” тэмдэглэл /хх-н 83-р хуудас/

              Шүүгдэгч Ү-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаан, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 86-93 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлдох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа ойлгож байна. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Ү нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14-15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дугаар хороо, __ гудамжны ___ тоот хашаанд оршин суух Д-н гэрт шар айраг ууж байхдаа түүний “хоймор голлож суулаа” гэж дургүйцэж, гэрээсээ чирч гаргасан зүй бус үйлдэлд дургүйцэж, түүний барьж байсан галын дэгээ төмрийг булаан авч толгойн тус газарт нь нэг удаа цохиж, Д-н толгойд зулайн оройн хэсэгт босоо чиглэлтэй 15х0.3 см шарх бүхий хохирол учруулсан  болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Ү нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж галын дэгээ төмрөөр толгойн тус газар нь 1 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Д-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 09шэ/032 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ү-н үйлдэл нь Д-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Хохирогч Д нь “...Би эмчилгээний зардалд бэлнээр 40.000 төгрөг авсан, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 233.880 төгрөгийг Үйтүмэнгээр төлүүлсэн, мөн хэрэглээний нүүрс авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-н 99-р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 Шүүгдэгч Ү нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Ү-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ү-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Ү-д мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 62 см урттай үзүүр хэсэг нь тахир галын дэгээ төмрийг Ү гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул устгах нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ү-д мэдэгдсүгэй

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ү нь хохирол 273.880 төгрөг хохирогч Г.Дагвадоржид төлсөн болохыг дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62 см урттай үзүүр хэсэг нь тахир галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Ү-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ