Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 *******   

Улсын яллагч                                   *******

Шүүгдэгч                                           *******- /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-ад холбогдох эрүүгийн 2104000000008 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт Нийслэлийн ... хороо, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* Э- /РД:........./,  

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 06 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 01 дүгээр гудамжны 16 тоотод хохирогч М.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нуруу болон баруун гарын бугалганд хутгаар зүсэж, нуруу болон баруун гарын бугалганд хатгагдаж зүссэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны оройн 22 цагийн орчимд О-, А- нарын хамт гэртээ орж ирэхэд эхнэрийн дүү Г- манай гэрт самарнаас ирчихсэн байсан. Удалгүй 0.75 граммын 1 шил архи “таньд авчирсан шүү” гээд надад өгсөн. Тэгээд архиа задалж ууж самарны талаар ярилцаж байсан. Би “самартай мод байвал надад хэл” гэж жаахан зандрангуй дуугаар хэлсэн ба бид хоорондоо маргалдсан. Би хадам дүү Г-ийг миний өөдөөс уураллаа гээд айлгах санаатай гал тогооны шүүгээнээс хутга авсан. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна. М.Г-ийг зүссэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 49-р хуудас/,

 М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 60, 62-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 012 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 50-59, 68-69-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 06 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 01 дүгээр гудамжны 16 тоотод хохирогч М.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нуруу болон баруун гарын бугалганд хутгаар зүсэж, нуруу болон баруун гарын бугалганд хатгагдаж зүссэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хохирогч М.Г-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн нуруу болон баруун гарын бугалганд хутгаар зүссэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

-М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур дүүрэг рүү 23 цагийн үед ирээд хамаатны эгч Нарангаравын гэрт очсон. Намайг тэднийд очиход түүний нөхөр Э-, найзууд нь гэх 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Надад 2 удаа архи хундагалаж өгөхөөр нь би уучихаад унтах гээд хэвттэл Э- ах намайг “босоод ир, хамт архи уу” гэсэн. Тэгээд Нарангарав эгчид хандан “танай хамаатанууд хүн хүндэлж мэддэггүй ийм арчаагүй” гэх мэтээр дайрч давшлаад байхаар нь би босоод Э- ахыг унт гээд ор руу түлхсэн. Тэгсэн чинь Э- ах уурлаад намайг “ална” гээд гал тогооны шүүгээнээс 1 хутга бариад ирэхээр нь би аваад нуусан. Тэгтэл дахиад  бор өнгийн иштэй 1 хутга бариад ирэхээр нь би авах гэж ноцолдож байхад миний баруун гарын булчин болон нурууны гол хэсэгт хутгаар зүссэн. Хамт байсан хүмүүс нь Э- ахыг дарж аваад удалгүй цагдаа нар ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

- Б.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... би Г- ахын таньдаг айлд байсан. Тухайн шөнө Г- ах тэднийд байсан хүмүүстэй архи уусан. Шөнө унтаж байхад гэнэт хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь хартал Г- ахын хамаатан эгчийн нөхөр  шардуу иштэй хутга барьчихсан Г- ах руу дайрч байсан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад Г- ах хувцсаа тайлж үзэхэд гар болон нуруунаас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

-Ц.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр Э- найз нь болох О-, А- нартай орж ирсэн. ....Г- “ахад авч ирсэн” гэж 1 шил архи өгөөд тэд хувааж уусан. Намайг гаднаас хашаан доторх зүйлс цэвэрлэж байгаад орж ирэхэд Г- Э- хоёр хоорондо маргалдаж байсан ба нөхөр Э- уурлаад шүүгээнээс хутга аваад тэд ноцолдож байхдаа Г-ийг гар болон нуруунд нь зүссэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай: “1. М.Г-ийн биед ар нуруу болон баруун гарын бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаартай: “1. *******-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04, 60, 62-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******- нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч М.Г- нь хохирол гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул /хх-ийн 12-13-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******-ыг  хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч *******- гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.

*******-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******-ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 7-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 16 см, бариул хэсэг нь 12 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* Э-ад 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-ад мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-ад тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.Г- нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн  ирүүлсэн ажлын хэсэг нь 16 см, бариул хэсэг нь 12 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН