Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 270

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: ”СХ” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар тушаалаар олгосон “СХ” ХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг Уул уурхайн компьютерын кадастрын системд хүчингүй гэж бүртгэснийг хүчингүй болгуулах, “СХ” ХХК-ийн уг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.
                                                  ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”СХ” ХХК нь Ашигт малтмалын газраас олгосон ХV-12012Х дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Тусгай зөвшөөрлийн хугацаанд тухайн талбайд геологи хайгуулын ажилд нийт 7 240 684 488 төгрөг зарцуулсан бөгөөд ажлын үр дүнд Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Сонин хангай-1 нэртэй МV-020598 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн а/63 тоот тушаалаар Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн а/41 тоот тушаалыг хүчингүй болгосон. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын а/63 дугаар тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ ... Дээрх 2016 оны а/63 дугаар тушаал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй бөгөөд харин урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хэрэглэх шаардлагагүй байна. Учир нь нэхэмжлэгч “СХ” ХХК-д МV-020598 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр олгосон... гэж дүгнээд,
Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 347 дугаар тогтоолоор ...Ашигт малтмалын газарт Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр “СХ” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосонтой нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй нотлох баримт цуглуулж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай хэмээн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь бурууюм гэж дүгнээд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр, тогтоолоор тус компанид олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байна гэж шийдвэрлэсэн байтал Ашигт малтмал, газрын тосны газар нь өөрийн цахим хуудасны Уул уурхайн компьютерын кадастрын систем (УУККС)-д бүртгэж оруулаагүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг дээрх шалтгаанаар хүлээж авахгүй байгааг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн. Гэвч танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэх хариу өгсөн.
Шүүхийн санаачлагаар 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн компьютерын кадастрын системд тухайн тусгай зөвшөөрлийн бүртгэлийн талаар талуудыг байлцуулан үзлэг хийсэн.
Үзлэгээр тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудас /cmcs.mrpam.gov.mn/cmcs/-т ямар төлөв байдалд байгаа нь мэдэгдэхгүй атлаа хариуцагчийн дотоод бүртгэлийн системд хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийн ангилалд бүртгэгдсэн нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн Кадастрын мэдээллийн санд бүртгэх гэсэн шаардлагыг ...тусгай зөвшөөрлийг Уул уурхайн компьютерын кадастрын системд хүчингүй гэж бүртгэснийг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/69 дүгээр тушаалд ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагуудад шилжүүлэн шалгах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, холбогдох албан хаагчид хариуцлага тооцох гэж заасан. Энэхүү шийдвэр гарснаас 14 хоногийн дараа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/63 дугаар тушаал гарч дээр дурдсан хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгүйгээр ... цуцалсан шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон гэж мэдээллийн санд бүртгэсэн нь буруу гэж үзэж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт хариуцагчийн хариу тайлбарууд болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар шийдвэр хүчинтэй, үүнийг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт гараагүй байна. Иймд нэхэмжлэлийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээх гэсэн шаардлагаасаа татгалзаж, зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй гэж бүртгэснийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх явц, талуудын байр суурь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шалтгаалан нэхэмжлэлийн нэг шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь өөрийн гаргасан тушаалыг хүчингүй болгох хэлбэрээр тус газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хүчингүй болгох боломжгүй. Кадастрын хэлтэс нь хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Кадастрын хэлтсийн дарга гаргах ёстой.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/63 дугаар тушаал нь энэхүү хуулийн зүйл заалтыг баримталсан гэж тайлбарлалаа. Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар шийдвэрээр “СХ” ХХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2046 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон. Иймд тус тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар дуусгавар болоогүй.
А/63 дугаар тушаал ч энэ заалтыг баримталж гараагүй. Тус тушаал нь А/41 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тушаал. А/41 дүгээр тушаал нь өргөдлийг Кадастрын хэлтсийн дарга шийдвэрлэх агуулга бүхий тушаал юм. Үүнийг хүчингүй болгосноор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар тушаал хүчингүй болох боломжгүй.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, журмыг заасан. Эдгээрийн аль ч үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Зөвхөн тус газрын мэдээллийн системд манай тусгай зөвшөөрлийг хүчингүй гэж бүртгэсэн байна. Энэ бүртгэлийг хүчингүй болж системд хүчинтэй гэж бүртгэгдсэн тохиолдолд бидний эрх ашиг сэргэнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү. гэжээ.
            Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ”СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-н 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа кадастрын мэдээллийн санд бүртгэх гэсэн шаардлагыг ...тусгай зөвшөөрлийг уул уурхайн компьютерын кадастрын системд хүчингүй гэж бүртгэснийг хүчингүй болгуулах... гэж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.
       2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгогдсон Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Сонин хагай-1 нэртэй 9446 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын 6326Х тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн “АМ” ХХК-д шилжүүлэн өгснөөр хайгуулын 12012Х тоот тусгай зөвшөөрөл шинээр үүссэн байна.
    Адамсмайнинг ХХК нь ашигт малтмалын хайгуулын 12012Х тоот тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх өргөдлийг 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр “СХ” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.
             Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцож 2012 он 9 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
         Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 1292 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 12012Х тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 4104.46 гектар талбайг буцаан хүлээлгэн өгснийг бүртгэж үлдэж буй 5337.50 гектар талбайг 12012Х тоот тусгай зөвшөөрлийн /гэрчилгээ/ хавсралтад бичиж тэмдэглэсэн.
          Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны хэлтэстэй Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай АӨҮАГ-2012/20/90 тоот гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаагаар байгуулсан байна.
           Мөн ашигт малтмалын хайгуулын 12012Х тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн 350.56 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 17224А тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр олгож, ашигт малтмалын хайгуулын 12012Х тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 4986.94 гектар болсон.
          Ашигт малтмалын хайгуулын 12012Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг кадастрын мэдээллийн санд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн ба Ашигтмалтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 7 дугаар сарын 4-ний а/41 дүгээр тушаалаар хайгуулын 12012Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тус компанийн ашиглалтын өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
        “СХ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр кадастрын өргөдлийн NМ-025669 дугаарт бүртгүүлсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 506 дугаар шийдвэрээр 2954.41 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 20598А тоот тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн.
          Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж, улмаар холбогдох хуулийг зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн зөрчлийг арилгаж хуульд нийцүүлж ажиллахыг мэдэгдэн, шалгалтын дүнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай А/69 дүгээр тушаалын хамт ирүүлсэн.
Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын21-ний өдрийн а/41 дүгээр тушаалыг Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд а/63 дугаар тушаалын дагуу Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гаргаагүй болно. Гэтэл нэхэмжлэгч компани а/63 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2017/0331 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар "... Дээрх 2016 оны а/63 дугаар тушаал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй бөгөөд харин урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хэрэглэх шаардлагагүй байна. Учир нь нэхэмжлэгч “СХ” ХХК-д МV-020598 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр олгосон ... гэж дурдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт мөн л дээрх байдлаар дүгнэсэн байна.
     Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0484 магадлалаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
          Магадлалд хариуцагч байгууллага хяналтын шатны гомдол гаргаж Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангаж, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-н 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, кадастрын мэдээллийн санд бүртгэх гэсэн шаардлагыг ... тусгай зөвшөөрлийг уул уурхайн компьютерын кадастрын системд хүчингүй гэж бүртгэснийг хүчингүй болгуулах... гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/63 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын А/41 дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Гэхдээ дээрх тушаалаар Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар шийдвэрийг хүчингүй болгоогүй. 506 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт гараагүй. Мэдээллийн санд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг А/63 дугаар тушаалаар хүчингүй болгосон гэж бүртгэгдсэн байгаа.
         Бидний зүгээс Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар тушаал гарах үндэслэл болсон А/41 дүгээр тушаал хүчингүй болсон учраас 506 дугаар шийдвэр хүчингүй болсон гэж үзэн тайлбар хийсэн.
        Ашигт малтмалын газрын даргын А/41 дүгээр тушаалаар хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгасан. Энэхүү актыг Ашигт малтмал, газрын тосны газрындаргын А/63 дугаар тушаалаар хүчингүй болгосноор кадастрын мэдээллийн санд “СХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй гэсэн бүртгэл хийгдсэн... гэжээ.
                                                     ҮНДЭСЛЭХ НЬ
          Нэхэмжлэгч “СХ” ХХК нь анх тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар тушаалаар олгосон “СХ” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын мэдээллийн санд бүртгэх, “СХ” ХХК-ийн уг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч ”СХ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар тушаалаар олгосон “СХ” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг Уул уурхайн компьютерийн кадастрын системд хүчингүй гэж бүртгэснийг хүчингүй болгуулах, “СХ” ХХК-ийн уг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах гэж тодорхойлсон, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь “СХ” ХХК нь Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-дзааснаар нэхэмжлэгчийн татгалзлын энэхүү хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгчийн үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
         Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.
          Нэхэмжлэгч “СХ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... тус компанид олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байхад ... уг зөвшөөрлийг кадастрын системд хүчингүй гэж бүртгэсэн. Кадастрын хэлтэс нь ... тусгай зөвшөөрлийг олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Кадастрын хэлтсийн дарга гаргах ёстой. ... системд хүчинтэй гэж бүртгэгдсэн тохиолдолд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ. ... гэж,хариуцагч нь ... Мэдээллийн санд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны А/63 дугаар тушаалаар хүчингүй болсон гэж бүртгэсэн. А/41 дүгээр тушаал хүчингүй болсон учраас “СХ” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 506 дугаар шийдвэр хүчингүй болсон. ... гэж маргажээ.
         Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 506 дугаар шийдвэрээр “СХ” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосонтой нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй байна.
              Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг Сонин хангай-1 нэртэй газар орших 9446 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 12012Х дугаартай тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын 6326Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн “АМ” ХХК-д олгосон, улмаар “АМ” ХХК нь уг хайгуулын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх өргөдлийг 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, Геологи, уул уухайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр “СХ” ХХК-д шилжүүлсэн байна. Улмаар Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцож, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.
          Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалаар “СХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 12012Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тус компаний ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгаснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 506 дугаар шийдвэр гаргаж, Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь Сонин хангай-1 нэртэй 2954.41 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг “СХ” ХХК-д олгосон байна.
          Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх ...чиг үүргийг хэрэгжүүлэх-ээр, 26 дугаар зүйлийн 26.3.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг ... төлүүлэх гэж, 26.5-д ... төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж, 53 дугаар зүйлийн 53.1-д ... тусгай зөвшөөрөл дуусгавар болгох үндэслэлүүдийг , 56 дугаар зүйлийн 56.1-д ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүд-ийг тус тус тодорхойлон заажээ.
         Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан нь тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, буцаан өгөх, шилжүүлэх шийдвэр гарсан тохиолдол бүрт тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх үүрэгтэй байна.
           Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн сан болох Уул уурхайн компьютерийн кадастрын системд “СХ” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар хүчингүй болсон гэж бүртгэсэн болох нь тогтоогджээ.
         Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “СХ” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өөрийн мэдээллийн сан болох Уул уурхайн компьютерийн кадастрын системд маргаан бүхий”СХ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон гэж бүртгэсэн нь дээрх хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
         Тодруулбал Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах эрх хэмжээ олгогдоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч “СХ” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.
         Өөрөөр хэлбэл уг захиргааны актыг цуцалсан, хүчингүй болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй байна.
         Үүний зэрэгцээ хариуцагч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гэж тайлбарлаж байх боловч “СХ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 07 дугаар сарын 20-нийг дуустал хугацаагаар олгосон[1] байх тул хариуцагчийн энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
          Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалыг үндэслэлээ болгоогүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэлээ болгожээ.
        Иймд хариуцагчийн Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар шийдвэр гаргах үндэслэл болсон а/41 дүгээр тушаал хүчингүй болсон учраас 506 дугаар шийдвэр дагаад хүчингүй болсон гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
         Дээрх хэргийн нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Уул уурхайн компьютерийн кадастрын системд “СХ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй гэж бүртгэсэн нь холбогдох хууль журмыг зөрчсөн, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.


          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


       1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.5, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “СХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр олгосон “СХ” ХХК-ийн ашигт малтмалын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг Уул уурхайн компьютерийн кадастрын системд хүчингүй гэж бүртгэснийг хүчингүй болгосугай.
          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ”СХ” ХХК нь Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “СХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 70200 төгрөгийг гаргуулж “СХ” ХХК-д олгосугай.
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 
 

 

 


 
                                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.Б